Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 55 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Отгонжаргалд холбогдох

“22.080.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэцэгмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч Д.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Отгонжаргалд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 000 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хоёулаа тооцоо нийлье гээд авсан өгсөн мөнгөө тооцоод үлдэгдэл 33 000 000 төгрөг байна гэж нийлсэн. Ингээд бид харилцан тохиролцож үлдэх мөнгө болох 33 000 000 төгрөгийг тухайн өдрөөс эхлэн 10 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар бичгэн гэрээ байгуулсан.Отгонжаргал ч хүлээн зөвшөөрч энэ өдрөөс хойш нийт 2 250 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 13 удаагийн үйлдлээр 100,000-200,000 төгрөгөөр төлсөн байна. Мөн өмнө нь би Д.Отгонжаргалын эгч Д.Өсөхжаргалд 6 500 000 төгрөг 7 хувийн хүүтэй зээлсэн байсныг Д.Отгонжаргал төлж байна гэж нийт 8 670 000 төгрөгийг цувуулан байж төлсөн байдаг ба үүнийг дээрх зээлийн төлөлтөд оруулж тооцьё гэж бодож байна. Би 33 000 000 төгрөгөнд хүү тооцохгүй. Иймээс Д.Отгонжаргалд зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 33 000 000 төгрөгөөс дээрх 2 250 000 төгрөг болон 8 670 000 төгрөгийг хасч нийт 22 080 000 төгрөгийг Д.Отгонжаргалаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие иргэн М.Цэцэгмаагаас нийт 49 000 000 төгрөг увуулж, цувуулж авсан байдаг. Мөнгө авсан цагаас эхэлж би хүү үндсэн мөнгийг тухайн үед өдөр болгон хасалт хийж явдаг байсан. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр М.Цэцэгмаа эгчид тооцоо дуусгахаар очиж бид 2 миний машинд орж ирж нийт хүү үндсэн мөнгийг бодож 31 500 000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 11 000 000 төгрөгний тооцоотой байсан. Энэ мөнгийг анх би хүнд авч өгөөд хүүг нь өгч яваад өөрийн мөнгөнүүдийг дарж дуусаад өөрөөр нь өгөхөөр тохирч дансаар өгч дуусгасан. Би Цэцэгмаагаас анх 2014 оны 12 дугаар сарын 03-нд 10 000 000 төгрөг,12 дугаар сарын 31-нд 12 000 000 төгрөг,2015 оны 1 дүгээр сарын 20-нд 6 000 000 төгрөг,2015 оны 2 дугаар сарын 26-нд 8 000 000 төгрөг авсан.Нийт 36 сая төгрөг зээлж авсан.21 050 000 төгрөг бэлнээр,дансаар 11 000 000 төгрөг,1250 000 төгрөг,1650 000 төгрөг,8 670 000 төгрөг төлсөн.Мөн 2015 оны 3 сарын 31-нд бэлнээр 31 500 000 төгрөг өгсөн.Нийт 74 сая төгрөг төлөөд байгаа. Нэхэмжлэгч надаас хүү нэхээд байгаа Мөн эгчийн зээлсэн мөнгийг төл гэж хэлсэн.Эгчийн мөнгийг тусад нь тооцмоор байна.Би өөрөө 36 сая төгрөг,найздаа 10 сая төгрөг зээлж авч өгсөн.Нийт 46 сая төгрөг авсан.Надад мөнгө авсан,өгсөн баримт байхгүй.Энэ хүний дэвтэрт тэмдэглэж байсан байгаа гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 55 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Д.Отгонжаргалаас 22 080 000 төгрөг гаргуулах тухай М.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 268 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа давж заалдсан гомдолдоо: Д.Отгонжаргалд зээлдүүлсэн мөнгийг хүүгийн хамт өдөр өдөрт нь төлүүлж байхаар бид тохирсон тул 12 хуудастай дэвтэр дээр би өөрт ойлгомжтой байдлаар, өдөр өдөрт ногдох мөнгөн дүнгээр нь нэг бүр бичиж тооцоогоо боддог байсан тул зарим тохиолдолд түүний дансаар шилжүүлсэн мөнгө дэвтэр дээр бичигдсэн дүнтэй давхардаж байгаа. Энэ нь би давхардуулж мөнгө авсан гэсэн үг биш бөгөөд тооцоо бодоход ойлгомжтой гэж өдөр өдрөөр нь тооцож бичиж байсан нь ийнхүү давхардуулж мөнгө төлсөн гэж ойлгох үндэслэл болохгүй юм. Учир нь өдөрт нь төлөх ёстой мөнгөө бэлнээр төлсөн хүн дахин дансаар давхардуулж мөнгө шилжүүлэхгүй. Эсхүл дансаар хэд хэдэн өдрийн мөнгө шилжүүлсэн бол дахин өдөр өдрөөр нь давхардуулж бэлнээр мөнгө төлөхгүй нь тодорхой билээ. Д.Отгонжаргалаас бэлнээр 13.730.000 төгрөг, дансаар 11.260.000 төгрөг, нийт 24.990.000 төгрөгийг надад төлсөн. Үүн дээр эгч Д.Өсөхжаргалын өмнөөс төлсөн 8.670.000 төгрөгийг нэмэхэд 33.660.000 төгрөг болно. Д.Отгонжаргалд зээлдүүлсэн 38.000.000 төгрөгөөс түүний надад төлсөн 33.660.000 төгрөгийг хасахад би түүнээс 4.340.000 төгрөг авахаар тооцоо гарч байна.

Иймд ХААН банкний дансны хуулга болон 12 хуудастай дэвтрийг нэг бүр судлан үзэж Д.Отгонжаргалаас 4.340.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь хариуцагч Д.Отгонжаргалаас зээлийн төлбөрт 22.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Д.Отгонжаргал нь зээлийг буцаан төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь Д.Отгонжаргалд 2014.12.03-ны өдөр 10.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2014.12.31-ний өдөр 12.000.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 2015.01.20-ны өдөр 6.000.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 2015.02.26-ны өдөр 10.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн 2015.06.09-ний өдрийн зээлийн гэрээнд үндэслэн 22.080.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Зохигчид зээлийн гэрээг амаар байгуулсан. Хариуцагч Д.Отгонжаргал нь нэхэмжлэгч М.Цэцэгмаагаас 2014.12.03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014.12.31-ний өдөр 12.000.000 төгрөг, 2015.01.20-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015.02.26-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 38.000.000 төгрөг зээлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Энэ талаар зохигчид маргаагүй байна.

Харин зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, зээлийн төлбөрийг өдөр өдөрт нь тооцож хийж байхаар амаар тохиролцсон, гэрээ бичгээр хийсэн гэх 2015.06.09-ний өдөр нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь хариуцагч Д.Отгонжаргалд 33.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлж өгөөгүй, зохигчид урьд нь авсан өгсөн мөнгөө тооцож үлдэгдэл 33.000.000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох зохигчдын тайлбар, банкны дансны хуулга, хувийн тооцооны дэвтэр, 2015.06.09-ний өдрйин гэрээ зэргээр тогтоогдсон байна.

2015.06.09-ний өдөр зохигчдын хооронд 33.000.000 төгрөг зээлэх зээлийн гэрээ байгуулагдаагүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно” гэж зааснаар 33.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Отгонжаргал нь М.Цэцэгмаагаас зээлж авсан 38.000.000 төгрөгөө эргүүлэн төлсөн болохыг нэхэмжлэгчийн тооцооны дэвтэр, ХААН банкны хуулга зэрэг нотлох баримтанд үндэслэн тооцоход тооцооны дэвтэрт тэмдэглэснээр 18.340.000 төгрөг төлсөн, дансаар 19.685.000 төгрөг нийт 38.325.000 төгрөг төлсөн гэсэн тооцоо хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь хариуцагч Д.Отгонжаргалын төлсөн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй болон 4.340.000 төгрөг төлүүлэхээр шаардаж буй шаардлагын үндэслэлээ тодорхой нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэнд /гомдол гэх хх-177/ дурдсан 1 үндэслэлийг шийдвэрлээгүй гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байх ба гомдол гэх баримтанд дурдсан хүсэлтээ шүүх хуралдаан дээр дахин гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 55 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М.Цэцэгмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.390 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ