Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 421

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        06          02                                2020/ШЦТ/421

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,  

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Насанбуянгийн Дт холбогдох эрүүгийн 2011 00676 0383 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, боловсрол, мэргэжилгүй, хувиараа “Теди” худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоотод оршин суух хаягтай,

урьд бусад шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуурлийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, 1231 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих шийтгэж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйл, Улсын Дээд шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр тогтоолын 9 дүгээр зүйлд зааснаар Н.Дт Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 сарын хорих ялаас өршөөн хэлтрүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйл, Улсын Дээд шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлд зааснаар Н.Дт Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялын 30 хувь буюу 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, эдэлбэл зохих 3 жил, 6 сарын хорих ялаас биеэр эдэлсэн 2 жил, 5 сар, 17 хоногийн хорих ялыг хасаж, нийт 1 жил 13 хоног хорьж шийтгэсэн, 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогтой Насанбуянгийн Д /РД: _____/,

Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-т  заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Д нь 2 хүнийг буюу 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 6-83 тоотод “гар утсанд дураараа хүрлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хохирогч Я.Алтантөгсийн хацарлуу 1 удаа алгадаж, гараараа духны 2 тал руу цохиж, баруун хөл рүү 2-3 удаа өшиглөж, 2 гуяны гадна хэсэг рүү гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зовхи, дух, зүүн, баруун гуя, шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Номинтой маргалдан, улмаар түүнийг гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн завжинд шарх, хүзүүнд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2019 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёлын төвийн орчим нийтийн байранд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө, 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 6-83 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Я.Алтантөгсийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би Э.Номин гэдэг хүнийг зодсон зүйл байхгүй. Э.Номин нь тухайн үед нөхөртэйгөө л зодолдсон. Э.Номинтой холбоотой хэрэгт үнэн зөвийг олж тогтоож өгнө үү. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 166-167х/,

Нэг: Хохирогч Я.Алтантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Д “Чи яагаад утсанд дураараа хүрээд юм уншаад ээж рүүгээ явуулаад хүн доромжлоод байгаа юм бэ гэж уурлаад миний хацар руу 1 удаа алгадаж, гараа зангидаж байгаад духны 2 тал руу олон удаа цохиод, баруун хөл рүү 2-3 удаа өшиглөж, 2 гуяны гадар хэсэг рүү гараараа нилээн хэдэн удаа цохиод байсан...”, “...2019 оны 12 сарын дундуур би ажлаасаа шөнө 04 цагт тараад гэртээ харьж амжаагүй байтал Д ажил дээр ирээд “Соёл” караокений орчим гудамжинд намайг хөл рүү хөлөөрөө олон удаа өшиглөж, толгой руу гараараа олон удаа цохиж зодож байгаад хамт гэртээ ирсэн бөгөөд энэ үед манай гэрт манай 4 хүүхэд болон найз Номиндарь болон 4 сараас, 6 насны 3 хүүхэд байсан. Гэрт ороод Д намайг өшиглөж цохиж зодож байгаад хуванцар сандлаар миний толгой руу цохих үед нь би гараараа хамгаалснаас болж миний зүүн гарын шуу орчим хөхөрч хавдаж байсан. Энэ талаар Номиндариас өөр хэн нэгэнд хэлж яриагүй тул мэдэхгүй...”, “...2019 оны 12 дугаар сарын 31-нд шөнө 23 цаг өнгөрч байхад намайг Д гар утасныхаа СИМ картыг алга болголоо гэж уурлаад хацар руу 2-3 удаа алгадаж, толгой руу гараараа 3-4 удаа цохиж, хамт байсан найз Номиндарийн үснээс татаж унагааж байсан...” гэх /хх-ийн 17-18х/,

Гэрч Р.Номиндарь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө харснаар гэвэл тэдний гэрт хамт байх хугацаанд буюу 2019 оны 12 сард гэртээ орой хоол идэж байтал хүү Отгонгэрэл нь хоолоо халбагаар биш сэрээгээр иднэ гэснээс болж Д уурлаж Алтантөгсийг “хүүхдээ зөв хүмүүжүүл л дээ” гэж уурлаад Алтантөгсийн бөөр нуруу руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, толгой руу нь хуванцар сандлаар нэг удаа цохиж байсан...” гэх /хх-ийн 29х/,

Гэрч Д.Мөнхдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хамт амьдарч байсан Номин гэдэг найз нь над руу 2020 оны 1 дүгээр сарын эхээр утсаар залгаж “Д Алтантөгсийг ажил дээр нь очиж зодоод гэртээ ирээд бас зодоод байна. Мөн 2019 оны 12 дугаар сард Алтантөгсийг Д зодоод байсан” гэж хэлж байсан. Тухайн үед үүрийн 06 цаг болж байсан. Би ажилтай байсан болохоор “та нар маргалдаж муудалцахаараа л над руу ярих юм, би ажилтай байна” гээд төвөгшөөгөөд нэг их тоогоогүй. Маргааш нь охин руугаа очиж уулзаж амжаагүй. Түүнээс хойш гайгүй байж байтал 2020 оны 2 дугаар сарын 26-ны шөнө над руу охин маань утсаар мессэж бичээд нөхөртөө зодуулсан талаар мэдэж, цагдаад би хандсан юм...” гэх /хх-ийн 34х/,

Хоёр: хохирогч Э.Номин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2020 оны 02 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед “Нарантуул” зах дээр байдаг байсан Баагий гэх залуу манай нөхөр рүү залгаад “Дарь эх”-эд байна ирээд гэр рүү хүргээд өгчих гэж хэлсэн бөгөөд нөхөр бид 2 Баагийтай уулзах гээд явж байтал Д ах манай нөхөр рүү залгаад “хаана байна 32 дээрээс ирээд авчих” гэж хэлсэн бөгөөд “эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрээ хэд алгадтал хадам ээж өргөдөл бичээд өгчихөж” гэж хэлсэн. Энэ үед манай нөхөр жолоо барьж байсан бөгөөд чанга яригч дээр нь тавиад ярьсан юм. Ингээд Баагийг авах гээд очтол нэг найзтайгаа хамт байж байсан бөгөөд уулзаад Баагий, Нямка гэх хоёр залуутай би нэг том пиво хувааж уусан юм. Тэгээд Дархаа ах залгаад байхаар нь очиж авья гээд 32-с очиж автал эхнэр хүүхдийг хадам ээж аваад явсан. Гэрт цагдаа ирсэн байна уу үзээд өг гээд намайг барьж авах гээд байгаа юм гэж хэлсэн бөгөөд ингээд би хашаа руу нь ороод гэр рүү дөхөөд хартал үүдний амбаарынх нь хаалга цоожтой байсан. Ингээд хаашаа явах юм гэхэд очих газар байхгүй та хэдтэй явж байгаад буудалд хононо гээд ярьж байсан бөгөөд Дын гэрээс манай гэр рүү очоод хүүхдүүдээ харчихаад нүүрс буулгачихаад эргээд бөхийн өргөө ороод дэлгүүр ороод 2 том пиво авсан. Тэгээд тэнд би нөхөртэйгөө маргалдаад хэрэлдэж байтал манай нөхөр буугаад явсан бөгөөд би машинаа унаад сансарын колонк орж газ хийчихээд эргээд ирсэн бөгөөд Дархаа ах надтай хэрэлдээд байсан бөгөөд би эхнэртэйгээ очиж хэрэлд гэсэн бөгөөд намайг Д алгадаад авсан юм. Би алгадаад авахаар нь ах, дүү нараараа нийлээд барьж идлээ гээд би хэрэлдсэн бөгөөд тэндээ маргалдаж байгаад Дыг хүргэж өгөхөөр Чингэлтэй дүүрэг 32-н автобусны буудалын урд талд руу нэг гудамж руу ороод зогссон. Хамт байсан Баагий, Нямка 2 бөхийн өргөөнөөс яваад өгсөн юм. Тэгээд би Дтай маргалдтал манай нөхөр машинаасаа буугаад явсан. Машин дотор Д миний нүүр рүү 2-3 удаа алгадаад миний нүүр хавдсан бөгөөд, миний хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Ингээд байж байтал манай нөхөр Адъяахүү ирсэн бөгөөд би ах чинь намайг зодсон цагдаа дуудна гэж хэлтэл та 2-н асуудал надад хамаагүй би ямар хамт байсан биш гэж хэлсэн. Би дуудлага өгтөл хаягаа хэлж мэдэхгүй байсан бөгөөд намайг ирэх боломж байна уу гэж хэлсэн. Би нөхөртэйгөө хамт ирсэн...’’ гэх /хх-ийн 137-138х/,

Гэрч Н.Адъяахүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оын 02 оны 27-ны өдөр би эхнэртэйгээ таксинд явж байтал миний төрсөн ах Н.Д орой 22 цагийн үед надруу залгаад 32-ын буудал дээр хүрээд ирээч эхнэртэйгээ маргалдаад гэртээ орж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би явж байгаад 2 таньдаг дүүгээ аваад эхнэр бид 4 Д ахыг 32-ын тойргоос очиж авсан. Д ахыг аваад гэр рүү нь явсан бөгөөд гэрт хүн байна уу хараад өг гээд манай эхнэрийг таньдаг 2 дүүгийн хамтаар оруулсан. Тэд нар үзчихээд хүн байхгүй байна гээд машинд сууцгаагаад манай эхнэр манай ахад пиво хийж өгсөн. Ах нэг уусан бөгөөд үлдсэн пивийг нь манай эхнэр танил 2 дүүтэй хувааж уусан. Ингээд би эхнэртэй пиво уулаа гэж маргаад машинаасаа буугаад явсан. Энэ үед би танил 2 дүүгийн хамтаар явсан. Манай эхнэр, ах хоёр машинд үлдсэн бөгөөд 10 минут яваад ирэхэд манай эхнэр ах чинь намайг зодсон гээд орилоод байсан. Би эхнэрээ хартал нүүр, ам нь улайгаад уйлчихсан байсан юунаас болж хэрүүл зодоон болсон юм гэхэд надад юм хэлээгүй юм...Би өөрийн нүдээр цохиж зодож байхыг нь хараагүй бөгөөд манай эхнэр намайг машинаас буухад зүгээр байсан бөгөөд Дархаа ахтай үлдээгээд эргээд ирэхэд нүүр ам нь улайгаад хавдсан байсан...” гэх /хх-ийн 145-146х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 3115 дугаартай дүгнэлтэд:

Э.Номингийн биед дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн завжинд шарх, хүзүүнд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 148-149х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Н.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байдлыг далимдуулан хохирогч Я.Алтантөгсийг 2019 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёлын төвийн орчим нийтийн байранд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны шөнө, 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 6-83 тоотод байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял, 11.7 дугаар зүйлтийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 6 сарын хорих ял дээр 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялыг 1 хоногт шилжүүлэн 30 хоног буюу 1 сар хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс тоолов.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Н.Даас хохирогч Я.Алтантөгс, Э.Номин нар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогтой Насанбуянгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 6 сарын хугацаагаар хорих ял дээр 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн 30 хоног /1 сар/ хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД