Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

               Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух ...... нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдох,

              Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46,  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гэрч *******, нарийн бичгийн дарга Н.Хэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны Б/03 дугаар захирамжаар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогдон ажиллаж, хуульд  заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан. Гэтэл аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/46 дугаар захирамжаар  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг зөрчин харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр болох аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдааны 2017 оны 08 дугаар хуралдааны 2.2-т заасан ажил эрчимжүүлэх тухай, 10 дугаар хуралдааны 1.19-т заасан хотын өнгө үзэмж сайжруулах иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай, 34 дүгээр хуралдааны 1.16-д заасан байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах асуудлыг судлан танилцуулах тухай зэрэг өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан, 

             Мөн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчин, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон, зөрчил давтан үйлдсэн”  гэх үндэслэлээр албан тушаалын цалинг  2 сарын  хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

             Миний бие дээрхи сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь үндэслэлгүй бөгөөд яригдаж буй асуудлууд нь *******антулга миний буруутай үйлдэл үйл ажиллагаа, ажлын хариуцлага алдсантай огт холбоогүй юм. Би дээрхи сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс “Өргөдөл шилжүүлэх тухай”  2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 173 тоот албан бичгээр “... *******антулгын өргөдөлд дурдсан асуудлыг судлан, зохих ёсоор хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, 2018.02.25-ны өдрийн дотор хариуг иргэн *******антулгад өгөх нь зүйтэй” гэж үүрэг болгон шилжүүлсэн боловч  Дорнод аймаг дахь салбар зөвлөл одоог хүртэл ямар нэг хариу өгөөгүй учир шүүхэд хандсан. ...Матад сумын нутагт байрлах 19 дүгээр талбай  “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г  хангалтгүй буюу 74 хувиар дүгнэгдэж тэнцээгүй  шалтгаан нь техникийн нөхцөл байдлыг хангалтгүй хийгдсэн байсан. Эдгээр ажлуудын урьдчилсан дүнг аймгийн удирдлагуудад танилцуулж эхэлснээс дээрх маргаан эхэлсэн гэж үзэж байна. Учир нь: “******* *******” ХХК болон 21 дүгээр талбайн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний биелэлтийг 80 хувиас дээш тэнцүүлснийг аймгийн удирдлагын зүгээс “хүлээн зөвшөөрөхгүй” гэж үзсэн. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уул уурхай, газрын тосны чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г шалгасан дүгнэлтийг дотоод аудит томилж холбогдох материалыг татаж авч шалгаснаас хойш  Засаг дарга намайг дуудан “чөлөөлөгдөх хүсэлтээ өг” гэж удаа дараа хэлсэн.

               Аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дүгнэх, шалгах, ажлын хэсгийн бүрэлдэхүүний үнэлэлт дүгнэлтийг хангалтгүй гэж дотоод хяналтын аудитын дүгнэлт зөвлөмжид дурдагдсаныг  үндэслэн Б/02 дугаар захирамжаар сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

             Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  Б/46 дугаар захирамж,  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  Б/02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэргийн нотлох баримтыг цуглуулах явцад маргаан хянан шийдвэрлэх комисс томилоод Төрийн албаны зөвлөлийн 38 дугаар тогтоол, баримтуудыг хариуцагч талаас гарган өгсөн байна. Маргаан бүхий захиргааны акт болох хоёр захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэд хэдэн шалтгаан байна. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийн хувьд, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасныг зөрчин харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр болох “Удирдах ажилтны шуурхай хуралдааны тэмдэглэл”-ээр өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр гаргасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчсөн байна. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийн хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчин, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон гэжээ. Үүнээс үзэхэд “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гаргасан журмыг зөрчсөн байна, А/402 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, мөн эдгээр нь нотлогдсон” гэх үндэслээр сахилгын шийтгэл ногдуулсан байна.

             Төрийн албаны тухай хуулийн 26.1.-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон  албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчсөн гэж үзнэ.  Албан үүргээ биелүүлээгүй гэдэг нь огт ажил эрхлээгүй, хийх ёстой ажлаа хийгээгүй эс үйлдлийг ойлгоно гэж үзэж байгаа.  Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40  дүгээр зүйлд заасан заалтын аль хэсэгт заасан ямар зөрчлийг хэрхэн гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна. Дээрх зөрчлийг гаргасан гэдэг нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон гэж үзжээ. Засаг даргад танилцуулсан байх ёстой. Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас санхүүгийн хяналт дотоод аудит хийсэн танилцуулга гаргаж өгсөн. Энэ Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байна гэв.

           Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа аймгийн Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжуудаар надад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд яригдаж буй асуудлууд нь миний гэм буруутай үйл ажиллагаа, ажлын хариуцлага алдсантай огт холбоогүй асуудлууд гэж дурдсан байна.

           1. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ******* нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг зөрчин харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр болон үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаагүй тул аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Учир нь нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүргээ зөрчсөн, хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй болох нь дараах байдлаар тогтоогддог. Тодруулбал: Төр, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хуралдааны журмыг аймгийн Засаг даргын 2014 оны А/02 дугаар захирамжаар баталсан бөгөөд тус журмаар хуралдааны үйл ажиллагаа нь аймаг орон нутгийн хөгжил болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэж байгаа аливаа асуудлыг тодорхойлон, шуурхай шийдвэрлэхэд чиглэнэ гэж заасан.

               Иймд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга *******-д хууль болон ажлын байрны тодорхойлолт, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь хүрээнд аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны 2017 оны 08 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2.2-т “Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын хэтийн төлөвлөгөө, зорилго, зорилт, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж ажлын арга барилаа өөрчлөн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, төр иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран идэвх, санаачилгатай ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад” даалгасан боловч энэ чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулах, идэвх санаачилга гаргаагүй, салбарын хэтийн зорилт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төлөвлөлт хийгээгүй.

                Мөн аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй уул уурхай, газрын тосны ашиглалтаас үүссэн нөхөн сэргээлтийг хийлгэх, хүлээн авах зэрэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажил арга хэмжээний саналыг аймгийн Засаг дарга болон салбар хариуцсан хэлтэст танилцуулаагүй энэ чиглэлээр ажил зохион байгуулаагүй. Аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны 2017 оны 10 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1.19-т “Хэрлэн сумын Багийн ажлын албадтай хамтран хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нурсан балгасын харьяалах эздийн талаарх судалгаа гарган холбогдох хүмүүст чиглэл хүргүүлж тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх ... Байгаль орчин, аялал жуулчлалын газарт... даалгасан бөгөөд дээрх чиглэлийн хүрээнд аймгийн хэмжээнд нурсан балгасын эвдэрсэн газрын судалгааг хийн, нийт талбайг “га” хэмжээгээр гаргаж, байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хохирлын тооцооллыг хийлгүүлэх ажлыг одоог хүртэл зохион байгуулаагүй байна.

               Аймгийн Удирдах ажилтны шуурхай 34 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 1.16-д “Уул уурхайн компанийн байгаль орчны дүйцүүлэн хамгаалах асуудлыг судлан танилцуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газарт” даалгасан. Орон нутгийн хэмжээнд  уул уурхай, газрын тос, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээ буюу дүйцүүлэн хамгаалал түүний хэрэгжилт, явц, үр дүн, одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг танилцуулаагүй. *******-д дээрх сахилгын шийтгэлийг ногдуулахдаа шуурхай хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, зөрчлийн шинж байдлыг харгалзан албан тушаалын цалинг 1 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

             Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолд “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон  албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно, “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэдгийг “хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” гэж тус тус тайлбарласан байдаг.

                Иймд ******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлын байрны тодорхойлолт, аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээ болон аймгийн Засаг даргын 2012 оны А/64 дүгээр захирамжаар баталсан “аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны дүрэмд заасан байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл болон салбарын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагдаж байна.

               2. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ******* нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын /хуучнаар/ 2014 оны 05 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг зөрчин, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй болох нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон тул аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

             Байгаль орчин, ногоон хөгжлийн /хуучин нэрээр/ сайдын 2014 оны А-05 тушаалаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах” журмыг баталсан. Тус журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны /хуучин нэрээр/ Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газар, аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт /Одоогийн аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газар/ тус тус үүрэг болгосон байдаг бөгөөд тус журмыг үндэслэн аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар  “Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, газрын тос, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шалгаж хүлээн авах, дүгнэлт гаргах” ажлын хэсгийг байгуулсан. Мөн аж ахуйн нэгжүүдийн дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний асуудлын хүрээнд гаргасан төлөвлөлт түүнд өгсөн ажлын хэсгийн үнэлгээ нь ойлголтын зөрүүтэй байдлыг бий болгосон, зарим аж ахуйн нэгжийн менежментийн төлөвлөгөөг  дүгнэхдээ  оруулах  шаардлагагүй  албан  тушаалтныг  оролцуулсан, төлөвлөгөө дүгнэх зарим үйл ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч болон иргэний төлөөллийг оролцуулаагүй зэрэг нөхцөл үүссэн байх тул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн,  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг дарга “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, түүний дүгнэлтэд дотоод аудит хийх удирдамжийг баталсан.

             Аймгийн Засаг даргын удирдамжаар байгуулагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, түүний дүгнэлтэд дотоод аудит хийсэн ажлын хэсгээс тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэлт гаргах аймгийн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд “Хангалтгүй” үнэлгээ өгсөн ба тус ажлын хэсгийг шинэчлэх, үнэлгээг дахин хийх, төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулах аливаа гэрээнд “Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ”, “Түүх соёлын өвийг хамгаалах арга хэмжээ, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олгох арга хэмжээ”-ний талаар зайлшгүй тусган хэрэгжилтийг бүрэн хангуулах зөвлөмж гаргасан.

       Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дотоод аудит хийсэн ажлын хэсгийн танилцуулга дүгнэлтийг хэлэлцээд тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэлт гаргах аймгийн ажлын хэсэгт холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцон ажиллахаар шийдвэрлэсэн.

          Дээрх үүссэн асуудлууд нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн /хуучин нэрээр/ сайдын 2014 оны А/05 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2012 оны А/64, 2014 оны А/02, 2014 оны А/402 дугаар захирамж, аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан “Үр дүнгийн гэрээ” болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргийн хэрэгжилттэй холбоотой үүссэн зөрчлүүд байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад шууд хамааралтай зөрчлүүд юм.     

          Мөн  Нэхэмжлэгч ******* нь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гардан авснаас хойш дээд шатны байгууллага, албан тушаалтан болох аймгийн Засаг дарга, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар өргөдөл гомдол гаргаагүй.

           Харин  Монгол улсын  Төрийн албаны зөвлөлд  2018 оны 02 дугаар сарын  12-ны өдөр өргөдөл гомдол гаргасан бөгөөд тус гомдолд дээрх 2 сахилгын шийтгэл ногдуулсан Засаг даргын захирамжийн талаар дурдсан хэдий ч өргөдлийн үндсэн шаардлага нь Байгаль орчин, аяллын жуулчлалын газрын даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтын талаарх шийдвэрийг эргэн харахыг хүссэн өргөдлийг Монгол улсын Төрийн албаны зөвлөл 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаар албан бичгээр Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шилжүүлэн ирүүлсэн байдаг. Өргөдөлд дурдсан асуудлууд нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолоор даалгасны дагуу Дорнод аймаг дахь салбар зөвлөл зохион байгуулсан ажил тул тус салбар зөвлөл Монгол улсын Төрийн албаны зөвлөлд буцаан хүргүүлсэн болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурьдсан асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

         Мөн нэхэмжлэгч *******-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан ...Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэн аймгийн Засаг дарга  2017 оны Б/46,  2018 оны Б/02 дугаар захирамжуудаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд эдгээр шийдвэрүүд нь хууль ёсны ба үндэслэл бүхий захиргааны акт юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах эсхүл холбогдох хуулийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа аймгийн Засаг даргын 2017 оны Б/46, 2018 оны Б/02 дугаар захирамжуудаар надад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд яригдаж буй асуудлууд нь миний гэм буруутай үйл ажиллагаа, ажлын хариуцлага алдсантай огт холбоогүй гэсэн. Үүнээс үзэхэд “миний буруутай үйл ажиллагаа, ажлын хариуцлага алдсантай огт холбоогүй” гэсэн нь ямар нэгэн зөрчил байна гэж ойлгогдож байна. 2017 оны Б/46 дугаар захирамжаар яагаад сахилгын шийтгэл ногдуулсан гэвэл 3 шуурхай хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, түүнийг хангалтгүй биелүүлсэн, Засаг даргад тайлагнаагүйтэй холбоотойгоор сахилгын шийтгэл ногдуулсан.

           Өмгөөлөгчийн тайлбарласнаар эс үйлдэхүйгээр илэрсэн байж шуурхай хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг зөрчсөн байдал үүснэ гэж байна. Өнөөдөр шинээр гаргаж өгсөн нотлох баримтад 2017 оны аймгийн Засаг даргын Тамгын газарт Байгаль орчин аялал жуулчлалын газраас ирсэн албан бичгийн бүртгэлүүдийг шүүлгэж үзэхэд шуурхай хуралдааны тэмдэглэлтэй холбоотойгоор аймгийн Засаг даргад хаяглаж ирүүлсэн баримт байхгүй байна. Мөн өмгөөлөгчийн зүгээс шуурхай хуралдааны журам байхгүй гэж байсан. Шуурхай хуралдаанаар  ...аймаг орон нутгийн ард иргэдийн эрх ашгийн асуудлуудаар өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр үүрэг, чиглэл өгөх эрхтэй, өгсөн үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх, буцаагаад заавал тайлагнана. 2017 оны 8 дугаар хуралдааны тэмдэглэлээр Байгаль орчин аялал жуулчлалын чиглэлийн хэтийн төлөвлөгөө, зорилго, зорилт тулгамдаж буй асуудлаа тодорхойлж ажлын арга барилаа өөрчлөн үйл ажиллагаа эрчимжүүлэн, төр, бусад байгууллагатай хамтран ажиллахаар тусгасан. *******-ыг аймгийн Засаг дарга томилсон. Тиймээс Гантулгын албан үүргээ эхнээсээ зөв хийгээсэй гэсэндээ 8 дугаар хуралдаан дээр үүрэг даалгавар өгсөн. Гэвч харамсалтай нь идэвхи санаачлага гаргаагүй. Салбарын хэтийн зорилго тулгамдсан асуудлыг одоо хүртэл танилцуулаагүй, биелэлт нь аймгийн Засаг даргын Тамгын газар албажиж ирээгүй байна.

         Мөн 2017 оны 10 дугаар хуралдаанаар нурсан балгасны харьяалах эздийн талаарх судалгаа гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай холбогдон мэргэжлийн хяналт, газрын албатай хамтран га талбайг гаргаж өгнө үү гэхэд энэ талаарх ажил хийгдээгүй. Мөн 34 дүгээр хуралдаанаар уул уурхайн компанийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах асуудлыг судлан танилцуулахтай холбоотой үүрэг чиглэл өгсөн. Дорнод аймгийн хувьд уул уурхайн байгууллага болон хятад ажилчдын талаарх асуудлаар буруу ташаа ойлголтууд нэлээдгүй явагддаг. Уул уурхайн байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр дүйцүүлэн хамгаалах асуудлуудыг зайлшгүй хийх шаардлагатай нь жил жилийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгагдсан. Орон нутгийн хэмжээнд уул уурхай, газрын тос, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгууль олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  аж  ахуй нэгжүүдийн төслийн ажиллагаанд өртөгдөн унаган шинж, дүр төрх, амьдрах орчноо алдсан байдлыг нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ хийгдээгүй зэрэг нь нотлох баримтаар авагдсан. Эдгээр зөрчлүүд байгаа болохоор 12 дугаар сарын цалингийн сангаас 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

          Санхүүгийн хяналтын танилцуулга дээр *******-ын хариуцлагын талаар тоочиж арга хэмжээ аваагүй гэж байна. 2014 оны А/402 дугаар захирамжид  Г нь өөрөө нарийн бичиг нь байсан. Нарийн бичиг ямар чиг үүрэгтэй вэ гэхээр “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г дүгнэх, ажлын хэсгийг зохион байгуулах,  гишүүдийн уялдаа холбоог хангах, гишүүдийг бусад байгууллагатай холбох ажиллагааг зохион байгуулах, мэргэжил удирдлага арга зүйгээр хангах зэрэг гишүүдтэй холбоотой бүхий л арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй. Мөн маргаан болоод байгаа аж ахуй нэгжүүдэд очиж дүгнэсэн ажлын хэсэг нь 402 дугаар захирамжийн хүрээнд удирдамжтай явсан. Уг ажлын хэсгийг ******* өөрөө ахлаж байсан. Ажлын хэсгийн гол зорилго нь дүнг бодитой, үнэн зөв, дүгнэх, удирдлага арга зүйгээр хангах ёстой. Энэ ажил нь бас хангалтгүй хийгдсэн. Сайдын 05 дугаар тушаалаар баталсан журам дээр маш тодорхой заасан. Уг тушаалын 2 дугаар хавсралтад “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг, нийслэлийн байгаль орчны газарт үүрэг болгосугай” гэж заасан байдаг. Ажлын байрны тодорхойлолтод Байгаль орчны газрын дарга нь гадагшаа болон дотогшоо чиглэсэн бүх арга хэмжээнд байгууллагаа төлөөлж оролцоно гэсэн чиг үүрэгтэй тул энэ бүгд нэхэмжлэгч *******-тай хамааралтай юм гэв.

             Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” захирамж гарсан. Уг захирамж нь даваа гариг бүр “Удирдах ажилтны шуурхай хуралдааныг хуралдуулах”  асуудлыг журмаар зохицуулж өгсөн. Журмын 3.1.1-д аймаг орон нутгийн хэмжээнд тулгамдсан шуурхай шийдэх шаардлагатай асуудлыг хэлэлцэж гарцыг тодорхойлж ажлын чиглэл өгөхөөр тодорхой заасан байдаг. Мөн 6.3-д чиглэл өгөөд, тухайн чиглэлийн дагуу албан үүргээ хангалтгүй 50-иас доош хувиар биелүүлсэн тохиолдолд холбогдох хууль журмын дагуу сахилгын шийтгэл оногдуулна гэсэн” захиргааны акт байна. Тэгэхээр нэг талын хурлын тэмдэглэл үндэслэж захирамж гаргасан гэдэг нь үүгээр няцаагдаж байна. Мөн аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжийг үндэслэн *******-д сахилгын шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй, тухайн захирамжийг шинэчлээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэллээ. Аймгийн Засаг дарга 2014 онд А/402 дугаартай захирамжийг гаргасан. Хэрвээ энэ захирамж хуульд нийцээгүй илт алдаатай захирамж байсан бол Засаг дарга өөрөө болон дээд шатны албан тушаалтан хүчингүй болгох ёстой. Гэтэл энэ захирамж одоо болтол хүчин төгөлдөр хэвээр байна. Тухайн үед Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нь өөр хүн байсан байж болно. Гэвч энэ үүргийг “Байгаль орчин аялал жуулчлалын газарт” даалгаж байгаа учраас хүчин төгөлдөр гэж ойлгож болно. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжууд нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

             Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 9.8-д зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нарийвчилсан үнэлгээ хийсэн байгууллага боловсруулна гэж заасан байдаг. Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн зорилт нь Монгол  Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хууль эрх зүйн  зохицуулалттай. Байгаль орчны тухай хуулийн 15.1-д Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх буюу аймаг, нийслэлийн хэмжээнд дагаж мөрдөх, нөхөн сэргээх, байгаль орчныг хамгаалах журам боловсруулна” гэж  заасан байдаг. Үүний үр дүнд 2014 оны Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А/05 дугаар тушаалаар “Байгаль орчны төлөвлөгөө боловсруулах, хянан боловсруулах, тайлагнах журмыг” баталсан. Энэ журмын хэрэгжилтийг хангах үүргийг аймаг, нийслэлийн Байгаль орчны алба буюу аймгийн Засаг даргын  хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт үүрэг болгосон. Аймгийн Үасаг даргын А/402 захирамжаар аймгийн хэмжээний газрын тос, уул уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээж авах ажлын хэсгийг байгуулсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 10 зүйл заалтуудыг төлөвлөсний дагуу яам тухайн жилийнхээ төлөвлөгөөг баталдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь дотроо нөхөн сэргээлтийг агуулж байдаг бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй байна гэдэг нь газрын тос, уул уурхай, холимог металл олборлолтын процесст байгаль орчны сөрөг нөлөө маш ихээр үүснэ. Үүнийг байгаль орчны менежмент төлөвлөгөөний 10 заалтын 1-рт нь оруулж өгсөн. Сөрөг нөлөөллийг буруулахын тулд ямар арга хэмжээ авах, нөхөн сэргээлтийн, биологийн болон техникийн аргаар ямар ажиллагаа хийх зэргийг байгаль орчны төлөвлөгөөгөөр хууль эрх зүйн үүднээс хангаж өгсөн байдаг. Уг менежментийн төлөвлөгөөнд хог хаягдлын тухай хууль гээд бүх л холбоотой хуулиуд ордог. Гэтэл байгаль орчны менежментийн тухай хууль нь үр дүнгүй дүгнэгдэж байна гэдэг нь тухайн бүс нутагт байгаль орчны сөрөг нөлөөлөл, хор уршиг болж байна гэж үзэж болно гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ:

            Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно[1].

         Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судалж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

              Дорнод аймгийн Засаг даргын  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

            Хариуцагч аймгийн Засаг дарга нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 46 дугаар захирамжаар[2], *******-ыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар ...харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр болох аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаалын цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

             Энэхүү ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэлээ … аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдааны 2.2-т заасан “...ажил эрчимжүүлэх  тухай”, 10 дугаар хуралдааны 1.19-д “...хотын өнгө үзэмж сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай”, 34 дүгээр хуралдааны 1.16-д “...байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах  асуудлыг судлан танилцуулах тухай” зэрэг үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй” зэргийг үндэслэл болгожээ.

             Тодруулбал: “Байгаль орчин аялал жуулчлалын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын хэтийн төлөвлөгөө, зорилго зорилт, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж ажлын арга барилаа өөрчлөн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, төр иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран идэвхи санаачлагатай ажиллах”[3], “...хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдлын хангах зорилгоор нурсан балгасын харьяалах эздийн талаархи судалгаа гарган, холбогдох хүмүүст тодорхой чиглэл хүргүүлж тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хэрлэн сумын Засаг дарга нарт”[4], “...уул уурхайн компанийн байгаль орчны дүйцүүлэн хамгаалах асуудлыг судлан танилцуулах”[5]-ыг тус тус даалгажээ.

          Нэхэмжлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын газарт ...аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн байдлыг, ...төр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөө гаргах, аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос хамтын гэрээний талаар зөвлөгөө авч  холбогдох байгууллагуудын гэрээтэй танилцаж, хамтын гэрээ байгуулах төсөл боловсруулж байгаа, байгалийн нөөц ашиглагч байгууллагуудаас нөөц ашигласны төлбөрийг бүрэн хэмжээгээр төвлөрүүлэх талаар хэлэлцүүлгийг аймгийн татварын хэлтэстэй хамтран зохион байгуулж, сав газруудын захиргаанд өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу ... биелэлтийн явц байдлын талаархи нотлох баримтыг хавсралтаар ирүүлсэн болно.[6]

           Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.3-т  “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”,  26.4-т “сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш  6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан. Гэтэл 2017 оны  02, 03, 10 дугаар саруудад  үүрэг өгсөн болох нь аймгийн шуурхай хуралдааны тэмдэглэлээс харагдаж байгаа хэдий  ч “үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” эсэхийг  шалгаж  илрүүлсэн хугацаа нь тодорхой бус байна.

       Хариуцагч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчид энэхүү сахилгын шийтгэлийг ногдуулахдаа, ...зарим үүрэг даалгаврыг хэд хэдэн албан газрыг хамруулсан байдлыг анхаарч, биелэлтийн хугацааг тогтоож, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг шалгаж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т заасан тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах ажиллагааг хэрэгжүүлээгүй сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг гаргасан байх тул  аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

          Аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар  захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

          Хариуцагч нь  нэхэмжлэгч  *******-ыг  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар[7] Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, ...зөрчил давтан үйлдсэнийг харгалзан албан тушаалын цалинг хоёр сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

         Энэхүү ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэлээ “...Байгаль орчин  ногоон хөгжлийн /хуучин нэрээр/ сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчин, аймгийн Засаг даргын 2014 оны А/402 дугаар захирамжаар өгөгдсөн үүргийг биелүүлээгүй нь дотоод аудитын шалгалтаар нотлогдсон гэжээ.

           Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/05 дугаар тушаалаар[8] батлагдсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам нь ...байгаль орчны талаар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, ...журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д төсөл хэрэгжүүлэгч нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг 11 дүгээр сарын 01-ний дотор журмын хавсралтын дагуу гаргаж, аймаг нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлэх талаар зохицуулжээ.

          Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, аж ахуйн нэгжид дотоодын хяналт, шалгалтыг зохион байгуулах журмыг баталж, мөрдүүлэх” талаар хуульчилсан байна. Тэрээр аймгийн Засаг дарга нь энэхүү “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг үндэслэн, “Ажлын хэсэг байгуулах тухай”[9] захирамж гарган аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, газрын тос, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шалгаж хүлээн авах, дүгнэлт гаргах үүргийн дагуу ... нөхөн сэргээлтийн ажлаа хүлээлгэн өгч буй аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хэрэгжилтийг шалгах, хяналт тавих, хүлээж авах, дүгнэлт гаргах ажлыг гүйцэтгэж, тайлан мэдээг тухайн оны 11 дүгээр сард багтаан аймгийн Засаг даргад танилцуулж ажиллахыг даалгасан байна.

            Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 9.12 дахь заалт, байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар журмын дагуу, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу[10] ...аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, газрын тос түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилтийг хяналт тавин хүлээн авах, нөхөн сэргээлтийн ажлаа хүлээлгэн өгч буй аж ахуйн нэгжүүдийн менежментийг шалгахад,  ...зөрчлүүд илэрч “хангалтгүй” үнэлгээ авсан болох нь Санхүүгийн хяналт, аудитын алба, дотоод аудитын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25-01-10 дугаар  дүгнэлт танилцуулгаар[11] нотлогдож байна.

          Тухайлбал: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 5 төсөл хэрэгжүүлэгчийн тайланг 11 дүгээр сарын 27-нд, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19, 21 дүгээр талбайн тайланг 12 дугаар сарын 05-ны өдөр баталгаажуулж тайланг удирдлагад тогтоосон хугацаанд тайлагнаагүй[12], Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/2102 тоот албан бичиг, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06/3138 тоот албан бичгээр тус аймгийн Засаг даргын захирамжаар  байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас баталсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгээгүй, журам гараагүй шалтгаанаар хамааралгүй хэмээн  үзэж,  дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсгээс хассан, 2017 онд “Петрочайна дайчин тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбай нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө “дүйцүүлэн хамгаалах 4 арга хэмжээ”-г төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 арга хэмжээг хэрэгжүүлсэн атлаа тайлагнаагүй, “Түүх соёлын өвийг хамгаалах 6 арга хэмжээг  төлөвлөснөөс хэрэгжилт байхгүй”, “Улаан холимог металлын орд”-ны төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд “дүйцүүлэн хамгаалах 5 арга хэмжээ”-г төлөвлөснийг огт хийгээгүй, ...15,0 сая төгрөгийг суманд  хандивласан  бусдыг хэрэгжүүлэх боломжгүй гэх,  ...түүх соёлын өвийг хамгаалах, “нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээ”-ний талаар төлөвлөгөө гаргаагүй, Байгаль орчин менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах тайлагнах журам”-ын 4.6-д заасан ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хоёр жил тутамд  хийлгэсэн байгаль орчны аудитын тайланг тухайн жилийн байгаль орчны төлөвлөгөөний хамт ерөнхий үнэлгээ хийлгэсэн байгууллагад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд хавсаргаж ирүүлээгүй байхад “хангалттай” гэж үнэлсэн, ...нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалал, аюултай хог хаягдал устгасан, хүлээж авсан акт хавсаргаагүй нийтлэг зөрчил, нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан актыг бүрэлдэхүүн дутуу, хүлээн авах үед байгаагүй гишүүнээр гарын үсэг зуруулсан, ...химийн бодисын эрсдэлийн менежментийн  төлөвлөгөөний биелэлтийг Мэргэжлийн хяналтын газраас шалгаад 22 зөрчил илрүүлсний дагуу албан шаардлага хүргүүлснийг биелүүлээгүй байхад “хангалттай” гэж үнэлсэн, ...хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний дагуу  хог хаях цэгийг сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоох ёстой байтал тогтоогоогүй байхад үнэлсэн,  ...удирдлага зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт төлөвлөсөн ажил хийгдээгүй аудитын тайлан байхгүй  байхад  хангалттай гэж үнэлсэн...  зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

             Нэхэмжлэгч  нь  дээрхи яригдаж буй асуудлууд миний  буруутай үйлдэл үйл ажиллагаа ажлын хариуцлага алдсантай огт холбоогүй хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд шүүх нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, зөрчлийн хэр хэмжээ шинж байдалд хамааралтай болон сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг шалгаж үзэхэд: хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод[13]:...байгаль орчноо хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчин аялал жуулчлалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ...байгаль орчин аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг хангах, ...газрыг төлөөлөн бусад байгууллагатай харьцах, ...байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, ...байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглуулах, нөхөн сэргээх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт, байгаль хамгаалагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, ... иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх...  зэрэг   ажлын байрны  чиг үүрэг, үндсэн зорилт, үйл ажиллагаа зэргийг тодорхойлсон байна. Төсвийн  ерөнхийлөн  захирагчаас төсвийн шууд захирагчтай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ”,[14] болон ажлын байрны тодорхойлолтод[15] тусгагдсан чиг үүрэг нь нэхэмжлэгчийн хашиж байсан албан тушаалын чиг үүрэг, ажлын хариуцлагатай хамааралтай байна.

           Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан.

              Хариуцагч аймгийн Засаг дарга нь энэхүү сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн шийдвэрт хамааралтай үйл явдлыг шалган тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоосны дагуу, Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан албан тушаалын цалингийн хэмжээг хоёр сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.

             Хариуцагч тал нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж тайлбарласны тухайд:  Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл, болон төрийн албаны төв байгууллагад нэг сарын дотор гаргана гэжээ.

           Нэхэмжлэгч ******* нь аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46,  2018 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай захирамжийн үндэслэлийн талаар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсаныг[16], Төрийн албаны зөвлөлөөс 02 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаар албан тоотоор[17] өргөдлийг Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шилжүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь  2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолоор[18] Маргаан хянан шалгах хугацааг сунгаж, Дүгнэлт гаргах тухай тогтоолыг[19] ирүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч А-ийн Г-ын, Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  Б/46,  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                                                                                                              

                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 25-р хуудас

[4] Хавтаст хэргийн 28-р хуудас

[5] Хавтаст хэргийн 32-р хуудас

[6] Хавтаст хэргийн 42-58-р хуудас

[7] Хавтас хэргийн 6-р хуудас

[8] Хавтас хэргийн 60-63-р хуудас

[9] Хавтаст хэргийн 78-79-р хуудас

[10] Хавтаст хэргийн 38-39-р хуудас

[11] Хавтаст хэргийн 65-72-р хуудас

[12] Хавтаст хэргийн 61-р хуудас

[13] Хавтаст хэргийн 103-105-р хуудас

[14] Хавтаст хэргийн 109-115-р хуудас

[15] Хавтаст хэргийн 116-117-р хуудас

[16] Хавтаст хэргийн 86-87-р хуудас

[17] Хавтаст хэргийн 7-р хуудас

[18] Хавтаст хэргийн 134-р хуудас

[19]  Хавтас хэргийн 88-91-р хуудас