Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0585

 

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0585

Улаанбаатар хот

 

 

 

                                                К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

                                                                                                                                                                       

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 544 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 544 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.540.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 544 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Тус тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг , 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/374 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд “К” ХХК-д 0.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” эрхийг зааж өгсөн бөгөөд 40.1.5-д “ ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, ... 40.1.6-д “ ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэж заасны дагуу газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бий болсон.

Шүүх нэхэмжлэгч “К” ХХК-ийн газар төлбөрийн байдлыг эцсийн байдлаар төлж барагдуулсан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Гэтэл талуудын хооронд байгуулж буй гурвалсан гэрээгээр нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийн хуульд болон гэрээнд зааснаар тогтоосон хугацаанд төлж байхаар зохицуулсан байдаг. Гэтэл “К” ХХК нь гэрээнд заасан улирал бүр төлбөрөө төлөөгүй бөгөөд тухайн төлбөрийн баримт дээрээс харахад төлбөрийн үлдэгдэлтэй явж байсан болох нь харагдах болно.

Хэдий эцсийн байдлаар төлбөрийн үлдэгдэл тэг болж байгаа ч тухайн жилүүдэд гаргаж байсан зөрчил нь арилах үндэслэл болохгүй. Тиймээс нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “ ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...” үзнэ. Миний бие энэ талаар шүүх хуралдаанд тодорхой тайлбар гаргаж байсан боловч шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан мэтээр тайлбарласан байна. Шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “ ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэх үндэслэлийг шүүх үзэхдээ нэхэмжлэгч компани нь бүтэн 2 жилийн хугацаанд гурвалсан гэрээг байгуулаагүй явж байсан бөгөөд тухайн хугацаа алдсан нөхцөл байдлаар төрийн байгууллагууд руу чихэж байгаа нь үндэслэлгүй байна.

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасныг зөрчсөн.

Дээр заасан хугацаанд гэрээг байгуулж газрын зориулалтын дагуу ашиглах ёстой байсан. Гэтэл төрийн байгууллагад бурууг өгч, хугацаа хожин газрыг ашиглахгүйгээр өдийг хүрсэн. Нэхэмжлэгч компанийн Нүхтийн аманд байрлах газарт ямар нэгэн зүйл бариагүй бөгөөд газраа огт ашиглаагүй. Үүнийг шүүхийн зүгээс үзлэг хийх журмаар нотолж болох байсан боловч шүүх тус ажиллагааг хийгээгүй.

Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д заасныг огт хэрэгжүүлээгүй байхад “архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан” гэх үндэслэлээр хэт нэг талыг барьж шүүх судалж үзээгүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “К” ХХК “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Маргаан бүхий А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч “К” ХХК багтжээ.

“К” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайд 0.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0171044 дүгээр гэрчилгээг олгосон, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга нартай 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2019/36 дугаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар байх бөгөөд хариуцагч энэ үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь дээр дурдсан зөрчлийг гаргасан болох нь баттай баримтаар нотлогдохгүй, хариуцагч дээр дурдсан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь холбогдох хуульд нийцсэн байна.

Хэдийгээр хариуцагчаас  “... Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3 /5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан” гэж тайлбарлах боловч тухайн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргаж байгаа тул албан бичгүүдэд дурдсан зөрчлүүдийг тухайн хуулийн этгээд тус бүрээр нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д мөн хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэхээр, 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэхээр тус тус хуульчилсан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгох бөгөөд “К” ХХК-ийн хувьд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2019/36 дугаар гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул маргаан бүхий актыг гаргах үед буюу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 364 дүгээр албан бичигт “... тус компани нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 820190296 дугаар бүхий газрын төлбөр 8,205,675 төгрөг төлсөн, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01122-2017/00330 дугаар бүхий газрын төлбөрийн 8,460,000 төгрөг төлсөн актуудтай” гэсэн, хэрэгт авагдсан төлбөрийн тооцоо нийлсэн акт, Монголын татварын албаны газрын төлбөр төлсөн 1201000460694, 1201000460686 дугаар төлбөрийн баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, захиргааны үйл ажиллагаа хууль дээдлэх, хуульд үндэслэсэн байх зарчмын хувьд гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул эрх зүйн зөрчилтэй хариуцагчийн  А/50 дугаар тушаалын “К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... шүүхийн зүгээс үзлэг хийх журмаар маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг нотолж болох байсан боловч шүүх тус ажиллагааг хийгээгүй” гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.2-т тус тус зааснаар хариуцагчид шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах зэрэг хүсэлт гаргах эрхийг хуулиар олгосон бөгөөд 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлт гаргах эрхийг анхан шатны шүүх хязгаарлаагүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий А/50 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ

 

               ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН