Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00751

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

               Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

               2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03073 дугаар шийдвэр

               Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

               2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 288 дугаар магадлалтай,                                                                                                           

               “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               М.З, У.Б нарт холбогдох

             Зээлийн гэрээний үүрэгт 610,644,190 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

              Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

              Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Б.Баясгалан, хариуцагч М.З, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

          Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлд: М.З нь тус ББСБ-тай 2013 оны 12 сарын 09-ний өдөр доорх үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалан 380,000,000 төгрөг, 70,000 ам,долларыг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан. A) У.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхон, Зайсан гудамж 18 дугаар байрны 4 тоот хаягт байрлах, Ү-2206015484 дугаарт бүртгэлтэй, 000284108 тоот гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Б) Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, Ү-2206028521 дугаарт бүртгэлтэй, 000285946 тоот гэрчилгээтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болно. 2013 оны 12 сарын 12-ны өдөр 380,000,000 төгрөг, 45,000 ам.доллар, мөн сарын 18-ны өдөр 25,000 ам.долларыг тус тус М.З-д гэрээний дагуу олгосон. Зээлийн болон барьцааны гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. М.З нь 380,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт бүрэн төлсөн. Харин 70,000 ам.долларыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхгүй хүндрэл учруулж байгаа. Иймд М.З-оос үндсэн зээл 70,000 ам.доллар буюу 173,810,000 төгрөг, хүү 132,483 ам.доллар буюу 328,955,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,147 ам.доллар буюу 57,474,001 төгрөг, нийт 225,630 ам.доллар буюу 560,239,290 төгрөгийг, нотариатын зардал 17,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,959,234 төгрөгийн хамт гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.

              Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагад: Тус ББСБ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 03 сарын 14-ний өдрөөс мөн оны 08 сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны буюу 145 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд хүүг 16,917 ам.доллароор буюу 42,004,911 төгрөгөөр нэмэгдүүлэн 370,960,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 3,383 ам.доллароор буюу 8,399,989 төгрөгөөр нэмэгдүүлж 65,873,990 төгрөг буюу 50,404,900 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 245,930 ам.доллар буюу 610,644,190 төгрөгийг М.З-оос нотариатын зардал 17,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3,369,209 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

              Хариуцагч М.З-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “Ориент Инвест” ББСБ-аас 2013 оны 12 сард 500,000,000 төгрөгийн зээл авсан. Ингээд 380,000,000 төгрөгийг нь урьдчилж авч үлдэгдэл мөнгө нь байхгүй байсан учраас хэд хоногийн дараа 70,000 доллароор авсан байдаг. Зээлийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулж, гэрээний дагуу зээлээ төлж байсан. Зээлийн зориулалт бол худалдааны төвийнхөө дотоод заслын ажлыг дуусгах гэж яаралтай зээл авсан. 2013 онд Нийслэлийн удирдлагаас автомашины захуудыг нүүлгэх шийдвэр гарч манай үйл ажиллагааг зогсоосон. Энэ асуудал нь одоо Захиргааны хэргийн шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа. Би авсан 380,000,000 төгрөгийн зээлээ хүү, торгуультай нь бүрэн төлсөн. Харин 70,000 ам.доллароос 7,000-8,000 долларыг төлсөн байдаг. Долларын ханш өссөн учраас сүүлдээ зээлээ төлж чадаагүй. Манай эхнэрийн бие муудаж, эмчилгээнд нь маш их мөнгө шаардлагатай болж, зээлээ төлж чадаагүй. Ингээд би зээлдүүлэгчид удаа дараа аргагүй байдлаас болж зээлийн гэрээг сунгаж өгнө үү, зээлийг төгрөг рүү шилжүүлж, У.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийг 6 сарын хугацаанд зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд барьцаа хөрөнгийг сольж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан. Гэтэл хүлээж аваагүй, ядаж хүүг нь зогсоох боломж байна уу гэхэд огт хүлээж аваагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би зээлээ төлнө. Нэгэнт авсан нь үнэн, зээлийн хүүгийн хувьд тухайн үед авч байсан үеийн ханшаар бодуулж, Иргэний хуулийн дагуу зээлийн хүүгээс тодорхой хэсгийг хасаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч У.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд: М.З нь 2013 оны 12 сарын 09-нд 70,000 долларыг 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж “Ориент Инвест” ББСБ-аас зээлж авсан байдаг. У.Б нь 6 сарын хугацаанд өөрийн хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн. Тухайн үед долларын ханш 1,327 төгрөг байсан боловч нэхэмжлэл гаргах үед 2,300 төгрөг болсон. Хариуцагч М.З нь Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандсан байдаг. Ингээд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас М.Зын нөхцөл байдлыг хүнд нөхцөл байдал гэж үзэж сертификатыг олгосон. Шүүх эрх хэмжээнийхээ дагуу хэргийг шийдэж өгнө үү. Зээлийн гэрээг харвал хэт нэг талыг барьсан гэрээ байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүг багасгаж болно гэж заасан учраас 50,000,000 төгрөгийг хасаж өгнө үү, үндсэн нэхэмжлэлийн хувьд У.Б нь гарын үсэг зураагүй, нэхэмжлэлийн шаардлагаас У.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: У.Б нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхон, Зайсан гудамж 18 дугаар байрны 4 тоот хаягт байрлах, Ү-2206015484 дугаарт бүртгэлтэй, 000284108 тоот гэрчилгээтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, Ү-2206028521 дугаарт бүртгэлтэй, 000285946 тоот гэрчилгээтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөнүүдийг 6 сарын хугацаатай итгэмжлэлийг М.Зод олгож тус ББСБ-ийн барьцаанд тавьсан. М.Зод одоо 70,000 ам.долларын өр үлдсэн юм байна. У.Бгаас М.Зод олгосон итгэмжлэлийн хугацаа 2014 оны 05 сарын 09-ний өдөр дуусгавар болсон, У.Б нь дээрх зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг авч ашиглаагүй, зээлийг М.З бүгдийг нь захиран зарцуулсан. У.Бгийн орон сууц, гражийг барьцаанаас чөлөөлж, М.З нь өөрийн хөрөнгийг оронд нь барьцаалах хүсэлттэй байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.5, 67.2.6, 67.4, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар У.Бгийн үл хөдлөх хөрөнгийг “О” ХХК-иас чөлөөлж өгнө үү гэжээ.

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03073 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч М.Зоос 95,200 ам.доллартой тэнцэх 164,050,544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446,593,646 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 сарын 09-ний өдрийн 13/4127 тоот хөрөнгө барьцаалах гэрээний 1.3, 1.6-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхон, Зайсан гудамж 18 дугаар байрны 4 тоот хаягт байрлах, Ү-2206015484 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхон /17029/, Зайсан гудамж Г5 тоот хаягт байрлах, Ү-2206028521 дугаарт бүртгэлтэй 380 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,369,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 978,203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 288 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03073 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “164,050,544” гэснийг “236,381,600” гэж, “446,593,646” гэснийг “374,262,590” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч У.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 18 дугаар хорооны 4 тоотод байрлах 380 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн хорооны Дрийм лэнд хотхоны Г5 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулан, 3 дахь заалтын “978,203” гэснийг “1,339,858” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч /захирал/ Б.Баярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/03073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 288 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж.

1. ИХ-ийн 451.1, мөн хуулийн 453.1 дүгээр заалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 тоот тогтоолоор “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласнаас үзвэл тус ББСБ болон М.З нарын хороонд байгуулсан зээлийн гэрээний 2.3-т “М.З нь 2.1.1-д заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 2.1.2 заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.2-т заасан зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө” Зээлийн гэрээний 2.1.2-т “Зээлийг ашиглах хугацаанд сар тутам зээлээс тооцох хүүний хувь 5 хувь” гэж тус тус зааснаас үзвэл тус ББСБ-ын нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зөв зүйтэй нь нотлогдож байна.

ИХ-ийн 282.2-т зааснаас үзвэл шүүх зээлийн гэрээнд тусгасан нэг сарын 5 хувийн хүүг багасгаж болох нь нотлогдож байна. Гэтэл шүүх ашигласан хугацаан дах зээлийн хүүний дүнг багасгаж шийдвэрлэсэн нь анхан болон Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн нь нотлогдож байна. Мөн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсныг шүүх тогтоогоогүй, үндэслэлийг нь шийдвэр, магадлалд тусгаагүй нь ИХШХШТХуулийн 116.2-т заасныг зөрчсөн нь нотлогдож байна. Тус ББСБ-ыг шүүхэд нэхэмжлэл гаргалгүй хэт их удсан гэж буруутгасан байна. М.З нь тус ББСБ-д тогтмол ирж уулзахдаа олон улсын ЖАИКА байгууллагаас хөнгөлөлттэй зээл авч байгаа, Да Хүрээ Авто захыг хотоос гаргах захиргааны хэрэг нь нааштай шийдэгдэж бизнест нь таатай орчин үүссэн тул удахгүй төлбөрөө төлнө, Банкнаас бага хүүтэй мөнгө зээлэхээр болсон гэх тайлбарыг удаа дараа өгч байсан тул тус ББСБ нь харилцагчаа хүндэтгэн үзэж, хүлээцтэй хандаж ирсэн болно. Хэрэв М.З нь өөрөө зээлийг төлж чадахгүйд хүрсэнээ мэдсэн даруйдаа гэрээг дуусгавар болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл М.З нь энэ эрхээ эдлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргалгүй хэт их удсан гэх нь үндэслэлгүй байна. Зээлийн хүү нь нэг сарын 5 хувь гэдэг нь зээл олголтын салшгүй санхүүгийн ойлголт юм. Гэтэл шүүх зээлийн хүүний 1 сарын 5 хувь М.Зын эрх ашгийг хохироосон гэдгийг тогтоолгүйгээр 1 сарын 5 хувийн хүүг ашигласан 44 сард оногдох үнийн дүнг 70 орчим хувиар бууруулсан нь үндэслэлгүй. Зээлийн хүүг 1 сарын 5 хувь гэдэг нь М.Зын эрх ашгийг хохироосон гэдгийг үндэслэх хэсэгт заагаагүй нь анхан болон давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 116.2, 167.2-т заасныг зөрчиж байна. ИХ-ийн 453.1 дүгээр заалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 53 тоот тогтоолоор “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан байна. Хуулиар оноосон үүргийг ИХ-ийн 282.2 зүйл заалтыг үндэслэн өөрчилсөн шийдвэр, магадлал хуулийг буруу хэрэглэсэн гэж тус ББСБ нь үзэж байна. М.З нь анхан шатны шийдвэр 2017 оны 11 сарын 15-ны өдөр гарснаас хойш өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд тус ББСБ-д зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй зээлийг ашиглаж байгаа болно. Хариуцагч нь санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт шүүхэд гаргаж энэхүү хүсэлтийн дагуу шүүхээс Монгол банкыг шинжээчээр томилсон. Монгол банкнаас 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Нб/47 тоот шинжээчийн дүгнэлтээр тус ББСБ-ыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үнэн зөв тооцоолсон болохыг тогтоосон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс мэргэжлийн байгууллага буюу Монгол банкны дүгнэлтийг огт үнэлж, тайлбарлалгүйгээр шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой байна.

Мөн ИХШХШТХуулийн 116.2, 167.2-т зааснаас үзвэл шинжээчийн дүгнэлтийг яагаад тайлбарлаж дүгнээгүй талаар үндэслэлийг тусгах ёстой байсан нь нотлогдож байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгаагүй.

ИХ-ийн 1.2, 13.1-д зааснаас үзвэл М.З нь зээлийн гэрээнд заасан үүргээ шудрагаар биелүүлэх ёстой. Хэрэв биелүүлэхгүй бол тус ББСБ нь зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгуулах ёстой нь нотлогдож байхад тус ББСБ-ын зөрчигдсөн эрхийг хамгаалах бус нэхэмжлэлийн үнийн дүнг шүүх ямар үндэслэлээр хариуцагчийн эрх, ашиг хууль ёсны сонирхол зөрчигдсөн талаар огт заалгүйгээр өөрийн хүчин төгөлдөр гэж тогтоосон зээлийн гэрээнээс өөрөөр шийдсэн. Тус ББСБ-ын нэхэмжилсэн 70,000 ам.доллароос нэг сарын 5 хувийн хүүг 44 сарын ашигласан хугацаанд оногдох 149,400 ам.долларыг үндэслэлгүйгээр багасгаж 21,000 ам.доллар буюу ашигласан 44 сард хуваавал нэг сарын 0,6818 хувийн хүүтэй болгосон нь ойлгомжгүй байна. Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкны хадгаламжийн хүү нэг сарын 1,3 хувиас 1,42 хувь, зээлийн хүү нь нэг сарын 1,7 хувиас 2,5 хувьтай байна. Гэтэл тус ББСБ-ын зээлийн хүүг арилжааны банкны хадгаламжийн хүүнээс 2,5 дахин бага, зээлийн хүүнээс 4 дахин багаар тогтоож шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тус ББСБ-ын эрх ашгийг хамгаалах бус харин ч илт хохироож байна. Шүүх зээлийн гэрээнд нэг сарын 5 хувийн хүүтэй гэсэн нь талуудын эрх ашиг, сонирхолд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Гэтэл 44 сар ашигласан хугацааг нэг сарын хувиар үржүүлэн 220 хувь гэж санхүүгийн бус ойлголтыг гаргаж, энэ 220 хувь нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн байна хэмээн тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. ББСБ-ын үзэж байгаагаар тухайн зээлдэгч нэг сарынхаа хүүг төлөхгүй гэрээгээ биелүүлэхгүй байвал хүү нь нийлбэр дүнгээрээ хэдэн ч хувь болох талтай. Магадгүй нэг сарын 1 хувийн хүүтэйгээр олгосон зээл, хугацаандаа төлөгдөөгүйгээс болж зээлийн хүү нь төлөгдөөгүй сараар үржүүлбэл 100 хувь, 1000 хувь ч болох боломжтой. Шүүх гэрээгээ биелүүлэхгүй байх нь зөв мэтээр үзэж тус ББСБ-ын нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр бууруулсан. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаас үзвэл Монгол Улсад хэрэгжиж байгаа Ипотекийн 30 жилийн хугацаатай жилийн 8 хувийн зээлийн хүүний нийлбэр 240 хувь болж байгаа нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэрээ болохоор харагдаж байна. Мөн Шүүх М.З нь зээлийг нэг сарын хэдэн хувиар ашиглахад эрх ашиг нь хөндөгдсөн, хэдэн хувиар ашиглахад эрх ашигт нь нийцэж байгаагаа үндэслэх хэсэгт заагаагүй. Жишээ нь: нэг хүн нэг дэлгүүрээс өдөр болгон хэрэглэдэг нэг зүйлийг 10 жил тасралтгүй 1 ширхэгийн авсан, тэр зүйл нь 1 000 төгрөгний үнэтэй гэж үзвэл 10 жил х 365 хоног х 1 000 төгрөг = 3,650,000 төгрөгөөр ганцхан зүйлийг авсан гэж тэр хүнийг дэлгүүр хохироосон гэж үзэхээр байна. Гэтэл тэр хүний ганцхан зүйлийг 10 жил тасралтгүй авсан дүн нь өндөр гарсан болохоос 1 ширхэгийн үнэ биш юм. Нэг ширхэгийн үнээс хамаарч хохирлыг тогтоож болохоос нийт дүнгээр хохирол гэж үзэх боломжгүй юм. Үүнтэй адил тус ББСБ-ын нэг сарын 5 хувийн хүүтэй гэдгийг зөв гэж үзсэн атлаа ашигласан хугацаагаар үржүүлэн 220 хувь болгож хохироосон гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд 2017 оны 102/ШШ2017/03073 дугаар шийдвэр, 2018 оны 288 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, тус ББСБ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК хариуцагч М.З, У.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 610,644,910 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч У.Б барьцаа хөрөнгөө нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

          Анхан шатны шүүх хариуцагч М.Зоос 95,200 ам.доллартой тэнцэх 164,050,544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 446,593,646 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

         Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 236,381,600 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч У.Бгийн өмчлөлийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, хариуцагч У.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

            Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн 13/2133 тоот гэрээгээр хариуцагч М.Зод 380,000,000 төгрөг, 70,000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэхээр тохиролцон мөн өдрийн хөрөнгө барьцаалах 13/4127 тоот гэрээгээр хариуцагч У.Бгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм лэнд хотхон, 18 дугаар хорооны 4 тоотод байрлах 380 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хотхоны Г5 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг тус тус барьцаалж, гэрээг эрх бүхий газарт бүртгүүлжээ.

             Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлдэгч мөнгө хүлээн авсан, төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй байх бөгөөд “Ориент-Инвест ББСБ” ХХК болон М.З нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүссэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

          Харин нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК, хариуцагч М.Зыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр түүнээс үндсэн зээлийн 70,000 ам.доллар, зээлийн хүүд 149,400 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 26,530 ам.доллар, нийт 245,930 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон гаргуулахаар шаардсан ба хариуцагч М.З нь ам.долларын зээлийн гэрээний үүргийг гүйцэд биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч хүүгийн хэмжээг багасгуулах үндэслэлтэй гэжээ.

          Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нь сар бүрийн 09-ний өдөр зээлийн хүүд 3500 ам.доллар төлөх, гэрээний хугацаа дуусах өдөр үндсэн зээл 70,000 ам.долларыг сарын хүү 3500 ам.долларын хамт төлж барагдуулахаар тохирсон байна.

          Талуудын байгуулсан гэрээ 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Энэ өдрийн байдлаар хариуцагч нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1600 ам.доллар, мөн сарын 25-ны өдөр 1100 ам.доллар, нийт 4000 ам.долларыг зээлийн хүүд төлсөн, үүргийн зөрчлийн хэмжээг “ноцтой” гэж үзэхээр байхад гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар дуусгавар болгоогүй, нэхэмжлэгч 2016 оны 12 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөрийн чадвар доройтсоныг мэдсэн буюу ам.долларын ханш огцом өссөн байдлаас буцаан төлөгдөх зээлийн хэмжээ ихэссэн, гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй байтал уг эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн нөхцөл байдлыг илтэд дордуулан, 70,000 ам.долларын хүүг 3 жил гаруй хугацаа хэтрүүлж, зөвхөн зээлийн хүүд 132,483 ам.доллар төлөх хэмжээтэй болсон нь авсан зээлтэй нь харьцуулбал 2 дахин нэмэгдэх хүртэл хугацаанд нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгчийг үнэнч шударгаар үүрэгт хандаагүй тул гэрээний хэтэрсэн хугацааны зээлийн хүүг шаардах эрхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зарчмыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

           Хариуцагч М.З нь зээлийн гэрээний дагуу 6 сарын хугацаанд зээлийн хүүд нийт 21,000 ам.доллар төлөхөөс 4000 ам.доллар төлсөн, талууд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд үндсэн зээл 70,000 ам.доллар, зээлийн хүүд 17,000 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 3400 ам.доллар, нийт 90,400 ам.доллар төлөх үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх тооцсон боловч нэхэмжлэлийн шаардлагыг 95,200 ам.доллараар анхан шатны шүүх хангасан хэмжээг хэвээр үлдээснийг буруутгах боломжгүй юм.

         Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир уг алдааг залруулан 1 ам.долларыг 2483 төгрөгөөр тооцон, хариуцагч М.Зоос 95,200 ам.доллар буюу 236,381,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 374,262,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

           2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр У.Б нь М.Зод өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гэрээ хэлцэл хийх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг 6 сарын хугацаатай итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2.5 дахь хэсэгт заасанд нийцсэн,  хариуцагч М.З энэ итгэмжлэлээр  нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт нийцсэн байна.   

            Анхан шатны шүүх барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулжээ.

           Хариуцагч М.Зын У.Бгаас авсан итгэмжлэлээр эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь уг эрхийн үндсэн дээр байгуулсан гэрээний хугацаагаар тодорхойлогдохгүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ дуусгавар болох тохиолдолд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, шийдвэрт нэмэлт оруулсан байна.

           Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 288 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Нэхэмжлэгч “Ориент-Инвест ББСБ” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,029,265 /хоёр сая хорин есөн мянга, хоёр зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН