Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 045

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 14-8Б тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ73060571, Бөөгүүд овогтой Амирдагвын Содномын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

       Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны  12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Содном, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч А.Содном шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2013 оны 7 дугаар сард аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сахиулын ажилд орсон. Давхар слесарийн ажил хийдэг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус байгууллага нь дулааны шугамд холбогдож, 4 харуулын орон тоо гарч, би харуулаар ажиллах болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн хэрэг зөрчил, сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Ингээд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон бөгөөд дарга Д.Цогт-Очир 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр надад мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд миний орон тоо цөөрсөн учраас 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл байсан. Ингээд намайг ажлаас халж, миний ажлын байранд Цэдэн-Иш гэдэг хүнийг авч ажиллуулсан. Намайг буцааж ажилд авахыг удаа дараа орж, гуйсан боловч ажилд авсангүй. Иймд Хөдөлмөрийн хууль зөрчиж, өөр ажилтан авсан учир Д.Цогт-Очир даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаал зэргийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Содномын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст харуулаар ажиллаж байсан А.Содном нь намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдон ирж ажиллахаас өмнө 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. 2. А.Содном нь тус хэлтэс татан буугдаж, ажлаас чөлөөлөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3-т зааснаар А.Содномтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. 3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаал нь А.Содномыг ажлаас чөлөөлсөн тушаал биш, ажлаас чөлөөлөгдсөн байсан тул тэтгэмж олгох тухай тушаал болно. Учир нь намайг ажил авах үед Нийгмийн хадамж үйлчилгээний хэлтэс татан буугдаж, олон хүн ажлаас чөлөөлөгдөөд 25 гаруй хоног өнгөрсөн байсан. Эдгээр хүмүүст ажлаас чөлөөлөгдсөний болон ажилгүйдлийн тэтгэмж олгох хоног хугацаа өнгөрсөн байсан тул олон ажилтнуудын эрх ашгийн үүднээс 45 хоногийн өмнө мэдэгдэл өгч, мэдэгдлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгуулах асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яаманд тавьж нэмэлт санхүүжилт олгуулахаар шийдвэрлэсэн. Цаашид нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгуулах эрх үүсгэх зэрэг шалтгааны улмаас Б/21 тоот тушаал гаргасан. Нөгөө талаар, А.Содном сахиулаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын хашаа дотор тарьсан 50 гаруй модыг үндэстэй нь ухуулж, хулгайд алдсан. Мэдээж гадны хүн байгууллагын хашаа дотор байгаа модыг орж ирээд үндэстэй нь ухаж авахад нэлээд цаг хугацаа, хөдөлмөр шаардана. Үүнийг мэдэхгүй байна гэдэг нь хэр зэрэг ажилдаа хариуцлагатай хандаж байсныг харуулж байна. Мөн байгууллагын гагнуур, засварын үед ашигладаг 70 метрийн урттай дамартай цахилгаан утас гадагш гаргаж, 50 метрийг тайрч алга болгосон байсан. Дээрх 2 үйлдлийн талаар хамт олны хурал зөвлөгөөн дээр ярьж, сануулж, үүрэг даалгавар өгч байсныг хамт олон ярьж байгаа. Акталж нураасан уурын зуух, нүүрсний сөр, ногооны зоорьноос гарсан модыг өөрийг машинаар удаа дараа ачиж гарч байсан зэрэг зөрчил гаргаж байсан байна. Эд хөрөнгө хадгалж, хамгаалах үүргийг хүлээсэн ажилчны дээрх үйлдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчиж байсныг нотлох ба харуулын үүрэгт ажилд тэнцэхгүй гэж үзэж ажилд томилохоос татгалзсан. Дээрх шалтгаан, нөхцөл, хуульд заасан үндэслэлийн хүрээнд А.Содномын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ” гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Содном нь хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан тус газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч А.Содном нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст сахиул, слесариар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн харуулаар тус тус ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тухайн хэлтсийн харуулын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн нь хэргийн 2, 23-25 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлстийн даргын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Харин Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдлийг А.Содномд өгөхдөө “... таны албан тушаалын орон тоо цөөрсөн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д зааснаар 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байна” хэмээж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалаар “Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн харуул Амирдагва овогтой Содномд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлгийг олгох”-оор шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаал зэргийг үндэслэжээ.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч  “орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлүүдийн аль заалтаар А.Содномтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байгаагаас гадна хариуцагчаас “А.Содномыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн байсан, харин Б/51 тоот тушаалаар зөвхөн тэтгэмж олгосон” гэх тайлбар гаргасан атлаа урьд өмнө нь ажлаас чөлөөлөгдсөн иргэнд юуны учир дахин ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн, тухайн мэдэгдлийн хугацаа дуусмагц “ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлэг”, ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг даалгасан шийдвэр гаргасан нь ойлгомжгүй болжээ.

            Мөн тухайн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримтлан гаргасан нь өөрөө А.Содномыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн харуулын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байх тул энэ өдрөөс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Түүнчлэн “Нэхэмжлэгч А.Содном Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаагүй, түүний ажлын байр хасагдаж ирсэн” гэх мөртлөө А.Содномын нийгмийн даатгалын дэвтэрт “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харуулын үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалаар чөлөөлөв” гэсэн бичилт хийж, мөн 2016 оны 9, 10 дугаар сарын цалинг олгожээ.

            Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар А.Содномын оронд Цэдэн-Иш гэдэг хүнийг авч, харуулаар ажиллуулж байгаа талаар шүүх хуралдааны явцад мэдүүлсэн бөгөөд ажил олгогч орон тоо хасагдсан гэх боловч дахин тухайн орон тоонд өөр хүнийг авч ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг зөрчжээ.

            Хариуцагч нь мөн А.Содном урьд өмнө нь ажилдаа хайнга хандаж, алдаа дутагдал гаргаж байсан хэмээн хариу тайлбартаа дурдсан боловч энэхүү үндэслэлээр А.Содномыг ажлаас чөлөөлөөгүй байх тул уг тайлбарт шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

            Дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч А.Содномыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн бус харин 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харуулын орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдаж байгаа, нөгөө талаар, ажил олгогч буюу Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 219 тоот мэдэгдэл, 2016 оны Б/51 тоот тушаал нь хууль зүйн болон агуулгын хувьд зөрчилтэй гарсан нь нотлогдож, тогтоогдож байна.

             Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Содномыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу харуулын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар А.Содном нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Содномыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу харуулын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Содном нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА