Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00886

 

Д.Ц, Ч.Б, Б.Я  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03291 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 353 дугаар магадлалтай,

Д.Ц, Ч.Б, Б.Я  нарын нэхэмжлэлтэй,

Т.Б, Л.Г нарт холбогдох,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Т.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч түүний өмгөөлөгч Л.Г, Д.Очирваань,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Г нь Д.Цтай 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн. Л.Г, Д.Ц нар 1996 онд гэр бүл болсноос хойш Л.Гын өмчлөлийн Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот хаягт байрлах орон сууцанд дагавар охин Ч.Б, Б.Я , зээ хүү Г.Сайнхүү нарын хамт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тус орон сууцны өмчлөгчөөр Л.Г ганцаар 2010 оныг хүртэл явсан бөгөөд 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Б гэх эмэгтэй гадаад явах нэрээр хөрөнгийн баталгаа хэрэгтэй байна хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд өгөөч гэсэн тул түүнийг тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр оруулсан. Улмаар Л.Г, Д.Ц нарыг гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын орон сууцанд нэхэмжлэгч нар хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч хамтран өмчлөгч Г.Бат-Эрдэнийн зөвшөөрөл хэрэгтэй гээд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Г.Сайнхүү насанд хүрээгүй бага насны хүүхэд ба эх Ч.Бгийн асрамжид байдаг. Гэр бүлийн гишүүн гэдэг утгаар гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Иймд Д.Ц, Ч.Б, Б.Я , Г.Сайнхүү нарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ байр ганц миний мэдлийнх биш. Эхнэр Д.Ц болон бид бүгдийн болон эцэг эхийн дэм тусаар бий болсон бидний дундын өмч. Бид энэ байранд ам бүл 5-уул амьдардаг. 1972-1975 он хүртэл Л.Лхамтай амьдарч байх хугацаанд Бат-Эрдэнэ төрсөн. Миний үр биш мөн дээр маргаагүй. 1996 онд би ганцаараа амьдардаг байсан. Тэр үеэс Д.Ц 9 настай Баянтогоогийн хамт манайд ирсэн. Д.Ц бид хоёр 1996-2017 оны хооронд үргэлж хамтдаа байгаагүй нь үнэн. Баянтогоо төрөөд Д.Ц 2011 оноос хотод охины хамт байсан. Д.Ц бид хоёр 2017 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Байрныхаа гэрчилгээнд Бат-Эрдэний нэрийг оруулахыг зөвшөөрч өөрөө явалгүй гэрчилгээгээ өгч явуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байрны гэрчилгээ барьцаалж мөнгө авахаар Бат-Эрдэнийд очиход миний гуйлтыг ойлгоогүй. Бат-Эрдэнэ 2010 онд гадагшаа гарахад хөрөнгийн баталгаа хэрэгтэй гэхээр нь гэрчилгээнд нэрээ оруулахыг зөвшөөрсөн нь хожим гай болж байна. Иймд хамтран өмчлөгчөөр Д.Ц, охин Ч.Б, ач хүү, зээ охин нарыг хамтран өмчлөгчөөр орох ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Г нь миний төрсөн эцэг. Намайг 1 ой гарантай байхад эцэг эх маань салж тусдаа амьдарч би ээж дээрээ өссөн. Л.Г тэр үед намайг эргэж тойрч эцгийн үүргээ биелүүлдэг байсан бөгөөд дээрх байранд миний төрсөн эгч н.Батжаргалын хамт 1995-1997 онд амьдарч байсан. Миний эцэг Л.Г миний мэдэхийн 2 эмэгтэйтэй гэр бүл болж салж байсан. 2016 онд н.Оюунчимэгтэй амьдарч байсанг нь Д.Ц янз бүрийн юм ярьж салгасан гэж надад ярьж байсан. Түүнээс Д.Цтай 1996 оноос эхэлж хамт амьдарсан гэдэг нь үндэслэлгүй. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д.Цтай гэрлэлтээ батлуулсан нь байнгын хамт амьдарч байсныг илэрхийлэхгүй. 2010 онд эцэг маань намайг нас барвал энэ орон сууц чиний өв хөрөнгө болох хэрэгтэй гэж хэлээд хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хийсэн. 2016 оны 08 дугаар сард Д.Цгийн том охин Уранхолбоо манай гэрт ирж уулзаад 33-8 тоот орон сууцын өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээнд бэлэглэгч намайг төлөөлөн гарын үсэг зурах эрхийн итгэмжлэл олгож байна гэсэн агуулгатай итгэмжлэлд надаар гарын үсэг зуруулахаар уулзаж би татгалзсан. Л.Г, Д.Ц нарын гэрлэлт батлуулахаас өмнөх Л.Г, Т.Б нарын хуваарьт хөрөнгө байсан тул нэр бүхий 4 хүнийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03291 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар хариуцагч Т.Б, Л.Г нарт холбогдох Д.Ц, Ч.Б, Б.Я , Г.Сайнхүү нарыг Багануур дүүрэг 3 дугаар хороо 33 дугаар байр 8 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгнөөс 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 97.600 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 353 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/03291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2018/01/31-ны өдрийн 353 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл явдлыг бодиттой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь эрхзүйн дүгнэлт өгч шийдвэрлэх үндсэн зарчмыг мөрдлөгө болгож хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж дээрх хяналтын гомдол гаргасан болно. Нэхэмжпэгч Д.Ц, Ч.Б, Б.Я  нар нь миний аавтай 1997 оноос хойш үргэлж хамтын амьдралтай байгаагүй, тус тусдаа гэр бүлтэй байсан хүмүүс бөгөөд Д.Ц нь 1997 онд миний аав Гонгортой түр хугацаанд хамт амьдарч байгаад салж өөр хүнтэй суусан ба дараа нь 2010-2017 оныг хүртэл Багануур дүүргийн 3-р багт амьдрах Тайванбаяр гэх хүнтэй гэр бүл болон амьдарч байгаад түүнээсээ дахин сальж, 2017 оны 4-н сард миний аавыг орон сууцтай болохоор нь өндөр настай хүний тархи толгойг эргүүлж байгаад гэрлэлтээ батлуулсны дараа өөрийн далд шунахай зорилгоо биелүүлэхийн тулд нэхэмжлэх гаргасан байна. Дээрх нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я  нар нь удаа дараагийн шүүх хурлуудад өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараараа дамжуулан огт худал зүйлүүдийг яриулж, намайг хүртэл өөрийнхөө эцэгт “Та миний амьдралд тус болооч, 5 жил гадагшаа явна” гэх мэт огт болоогүй худал зүйлүүдийг зохион ярьж байгаад их гомдолтой байна. Би тухайн цаг хугацаанд ямар ч гадагшаа явах ажил, амьдралын шаардлага байхгүй байсныг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иймд нийслэлийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 353 тоот магадлалыг хүчингүй болгож БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017/12/06-ны өдрийн 102/ШШ2017/03291 дүгээр тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Д.Ц, Ч.Б, Б.Я  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...байрны хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ. Хариуцагч Т.Б нэхэмжлэлээс татгалзахдаа “...орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш” гэжээ. Харин хариуцагч Л.Г нэхэмжлэлийг зөвшөөрөхдөө “...Д.Цтай 1996 онд гэр бүл болсон, түүний эцэг эхийн тусламжаар уг орон сууцыг авсан...” гэсэн тайлбар гаргажээ.

Маргааны зүйл болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны 8 тоотын 29 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Л.Г, Т.Б нар бүртгэгдсэн, Д.Ц, Л.Г нар гэрлэлтээ 2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр бүртгүүлжээ /хэргийн 7-8 дугаар тал/.

Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-т заасан ба дээрх орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн эсэх нь маргааны зүйл болжээ. 

Хариуцагч Л.Г нь нэхэмжлэгч Д.Цтай 1996 оноос хойш хамтран амьдарсан, түүний тусламжаар тухайн орон сууцыг авсан талаар тайлбар гаргасан байх боловч тэрээр орон сууцны өмчлөгчөөр хэдийд бүртгэгдсэн, уг хөрөнгийг бий болгоход нэхэмжлэгч Д.Цгийн ямар оролцоо байсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн гэрлэгчдийн гэрлэлтээ бүртгүүлсэн цаг хугацааг голчилж, харин уг орон сууц хэний хөрөнгөөр  бий болсон талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1.-г зөрчөөгүй байна.

Иймд “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаар гаргасан хариуцагч Т.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 353 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ