Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 085

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 11-33 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО69050176, Тайж овогтой Чираабалын Баттогтохын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны  12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Баттогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Ч.Баттогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2013 оны 1 дүгээр сард аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст няравын ажилд орсон. Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сар хүртэл тухайн ажилд ажиллаж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Манай байгууллага Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагын бүх ажилчдад 45 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл зөвхөн надад хамааралтай биш. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 тоот Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар намайг бүтцийн өөрчлөлтөд оруулж, ажлаас чөлөөлөгдлөө гэж тэтгэмж олгох тушаал гаргасан нь үндэслэлгүй байна. Намайг ажлаас чөлөөлөхдөө бүтцийн өөрчлөлт нэрээр, намын үзэл бодлоор чөлөөлсөн гэж үзэж байна. Миний ажиллаж байсан няравын орон тоо хэвээр байгаа бөгөөд тухайн орон тоонд өөр хүнийг авч ажиллуулж байна. Миний орон тоо хасагдсан бол 30 хоногийн өмнө  мэдэгдэл өгч чөлөөлөх ёстой байх. Тэгтэл шууд тэтгэмж олгоод ажлаас чөлөөлсөн нь учир дутагдалтай байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалаар тэтгэмж олгоод ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/102 дугаартай албан тоотоор татан буугдсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгөд тооллого хийж хөрөнгө нэгтгэх, тооллогын дүнг актын хамт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлэх, өр төлбөр, авлагын тооцоог нийлж барагдуулах, татан буугдсан хэлтсүүдийн хаалтын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргах зэрэг үүрэг чиглэл, өгөгдсөн. Энэ үүрэг даалгаврын хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны А/21 дүгээр тушаалаар Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын А/41 дугаар тушаалаар үндсэн болон эргэлтийн эд хөрөнгөд тооллого хийх комиссыг томилон ажиллуулсан. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авч данс бүртгэлд тусгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Ажил хүлээж авах үед няраваар ажиллаж байсан Ч.Баттогтохтой холбоотой дараах зөрчил, дутагдал илэрсэн. Байгууллагын эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт хангалтгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандаж, гадны нөлөөгөөр эд хөрөнгийн чанар, бүрэн бүтэн байдалд гэмтэл учруулж, ашиглалтын чанар муутгасан. Эд хөрөнгө хадгалах, хамгаалах зориулалт бүхий 3 агуулах байгаа хэдий ч дусаал гоождог нэрийдлээр хадгалж хамгаалах ёстой эд хөрөнгийг биш, эвдэлж гэмтсэн акталсан эд хөрөнгөөр дүүргэж, жинхэнэ ашиглах эд хөрөнгийн хадгалалтын горим зөрчсөн. Тухайлбал асруулагчдын зуны нөхцөлд ашигладаг 3, ахмадын сувиллын 2 гэрийг асруулагчдын байрны дэргэд хурааж хамгаалалтын горим алдагдснаас цас бороонд норж, дээвэр, туурга, гэрийн мод, шал хөгзөрч, зарим нь дахин ашиглагдах боломжгүй болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зуйл, 132.1-д заасан хариуцлага хулээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. /Тооллогын комиссын тодорхойлолт хавсаргав/. Эд хөрөнгийн тооллого хийж, хөрөнгө нэгтгэх явцад складны дээврийн дусаал гоождог хэсгийг засах талаар үүрэг чиглэл өгсөн боловч биелүүлээгүй. Хэдэн хүрз шороо асгахад хангалттай, зөвхөн санаачлага, сэтгэл дутсан. Няраваар ажиллах 3 жилийн хугацаанд няравын тайланг нэг ч удаа бие даан гаргаж үзээгүй, олон дахин шаардуулж, шахуулж байж нягтлан бодогч үлдэгдлийг нь шахаж няравын тайлан гаргадаг зэрэг зөрчил гаргаж байсан. /Нягтлан бодогч М.Янжиндуламын тодорхойлолт хавсаргав/. Байгууллагын тохижилт, ногоон байгууламж, нийтийг хамарсан бусад төрлийн ажилд биеийн эрүүл мэндийн шалтгаанаас гар бие оролцдоггүй, нийгмийн идэвхи муутай. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, санаачлагагүй, аж ахуйн сэтгэлгээгүй, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй. Бүтцийн өөрчлөлтөөр 2 хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж үйл ажиллагааны хүрээ өргөжиж, няравын хийх ажлын чиглэл, ачаалал ихэссэн. Урьд нь ажил үүрэг гүйцэтгэж байсан явцаас харахад Ч.Баттогтохыг ажлын ачаалал дааж, хурдан шуурхай ажиллах, тайлан тооцоог цаг хугацаанд нь гаргах чадваргүй гэж үзсэн. Байгууллагын 3 агуулах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хулгана, хорхой, шавьж үүрлэж, улмаар конторын нэг давхар, асруулагчдын байр хулганаар дүүрсэн. Хулгана устгах, ариутгал хийх талаар нэг ч удаа санал санаачлага гаргаж ажиллаагүй. Энд амьдарч буй асруулагчид, ажиллаж буй ажилтнуудын эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс “Ариусахуй” зохион байгуулалттай нөхөрлөлөөр шавьжгүйтэл, мэрэгчгүйтэл, халдваргүйтлийг 1200 м.кв талбайд хийлгэлээ. /Холбогдох материалыг хавсаргав/ Ч.Баттогтох нь няраваар ажиллах хугацаандаа зөвхөн асруулагчдын өдөр тутмын хоолны материал татах, олгохоос өөрөөр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байсан. Дээрх зөрчил, дутагдлын улмаас Ч.Баттогтохыг мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзэн няравын үүрэгт ажилд дахин томилохоос татгалзсан. Ч.Баттогтох нь намайг ажилд томилогдох үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан болно. /Тушаалын хуулбар болон холбогдох материалыг хавсаргав/. Иймд хуулийн хүрээнд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар олгосон. Дээрх шалтгаанаар Ч.Баттогтохын нэхэмжлэлд дурдсан шаардлагыг байгууллагын зүгээс хангах боломжгүй гэж үзлээ” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Баттогтох нь хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт        Нэхэмжлэгч Ч.Баттогтох нь 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст няраваар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тухайн хэлтсийн няравын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн нь хэрэгт авагдсан Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/08 тоот тушаал, мөн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

       Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэн Увс аймгийн Засаг даргын дэргэдэх “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”-ыг бий болгосон байх бөгөөд тухайн 2 хэлтсийн ажилчдыг тус газарт нэгтгэжээ.

            Ингээд дээрх тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог нийт 52 байхаар тогтоосон байна.

            Үүний дагуу Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ч.Баттогтоход ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад мэдэгдэл хүлээлгэн өгсөн тухай” баримтаар тогтоогдож байгаа бөгөөд мөн даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалаар “Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн нярав Чираабал овогтой Баттогтоход 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгохоор, мөн 3 дахь заалтаар Ч.Баттогтоход ажилласан хугацааны ээлжийн амралтын болох холбогдох тооцоо хийхийг үйл ажиллагааны нягтлан бодогч М.Янжиндулам, Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа нарт даалгаж” шийдвэрлэжээ.

            Уг Б/55 тоот тушаалыг гаргахдаа ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаал зэргийг тус тус үндэслэсэн байна.

            Шүүх төрийн үйлчилгээний албан хаагч буюу няраваар ажиллаж байсан Ч.Баттогтохын хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэж байгаа тул ажил олгогчийн 2016 оны Б/55 тоот тушаалыг агуулга, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан асуудалд дүгнэлт хийж, дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

             Хариуцагч тайлбартаа “Ч.Баттогтохыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн байсан, харин Б/55 тоот тушаал нь зөвхөн түүнд тэтгэмж олгох тухай тушаал юм” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2016 оны 9, 10 дугаар сард түүнд цалин бодож олгон, нийгмийн даатгалын шимтгэлийн төлсөн тухай бичилт хийгдсэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд урьд ажлаас чөлөөлөгдсөн иргэнд 2 сарын хугацаанд цалин олгогдсон байна.

            Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/55 тоот тушаал гарснаас хойш Ч.Баттогтохын ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байгаа нь тухайн тушаалаар Ч.Баттогтохыг няравын ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Нөгөө талаар, нэхэмжлэгчийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаалаар байгууллагын эд хөрөнгөд тооллого хийх комиссын бүрэлдэхүүнд томилохдоо “нярав” хэмээн тэмдэглэсэн /хх-26/ байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэдийгээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн бүтэц орон тоонд тусгайлан няравын орон тоо ирүүлээгүй ч манай байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нярав шаардлагатай байгаа тул “Үйлчилгээний 4 ажилтан” гэх орон тоонд няравыг багтаан, няраваар шаардлага хангах өөр хүнийг авч ажиллуулж байгаа” гэсэн тайлбар гаргасан болно.

             Иймд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны хувьд няравын орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй байх ба хариуцагчийн “орон тоо хасагдсан” гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож тогтоогдогдохгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Баттогтохыг урьд эрхэлж байсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

            Харин хариуцагч нь Ч.Баттогтохыг ажилдаа хайнга хандаж, алдаа дутагдал гаргаж байсан, үүний улмаас байгууллагын эд хөрөнгөд хохирол учирч, төсвийн хөрөнгөөр халдваргүйжүүлэлт, шавьжгүйтлийн ажлыг гүйцэтгүүлсэн хэмээн хариу тайлбартаа дурдаж, нягтлан бодогч М.Янжиндуламын тодорхойлолт, “Ариусахуй” ЗНБ-ын халдвар судлагч Ж.Памаагийн тодорхойлолт,  “Ариусахуй” ЗНБ-иас ажлын хөлс 498.600 төгрөг нэхэмжилсэн “Нэхэмжлэл”, тухайн төлбөрийг Төрийн сангаар дамжуулан шилжүүлсэн тухай “Төлбөрийн хүсэлт”, “Санхүүгийн ажилтнуудын хариуцаж гаргах мэдээ тайлангийн жагсаалт” гэх баримт, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны А/21 тоот тушаалаар байгуулагдсан Тооллогын комиссын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн тодорхойлолт зэргийг тус тус хавсарган ирүүлсэн боловч нэхэмжлэгч Ч.Баттогтохыг энэхүү үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул тухайн баримтад шүүх дүгнэлт хийгээгүй болно.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ч.Баттогтох нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Баттогтохыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу няравын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баттогтох нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА