Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2017/00026

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төв /РД: 4611918, улсын бүртгэлийн дугаар: 3270327011, утас: 70543261/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, малчин, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 6 дугаар баг, Гүн жалга гэх газар оршин суух, Шаазган овогт Нямаагийн Эрдэнэбилэг /РД: ЕЙ86012834, утас: 80321113/-т холбогдох

Хохирол 11 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лүнгэрэгжанцан, Б.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мандахнаран, хариуцагч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа, гэрч Д.Дэлгэрмөнх, Х.Баярцэнгэл, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лүнгэрэгжанцан, Б.Хишигжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэсэн нь энэ хэрэгт хэрэглэгдэнэ гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах саналыг Н.Эрдэнэбилэгт тавьсаныг Н.Эрдэнэбилэг хүлээн авч,  хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тус төвийн гэрээт малчнаар ажилласан ба 639 малыг хүлээн авч, 1 малыг 1 000 төгрөгөөр бодож, сарын хариулгын хөлсөө авдаг байсан. Хөдөлмөрийн гэрээний 4.4-т мал өвчилсөн болон хорогдсон тохиолдолд Цөм сүргийн үржлийн төвийн мэргэжилтэн, гэрээт малын эмчийг дуудаж үзүүлнэ гэсэн байна. Гэтэл гэрээт малын эмчид мал үхсэн талаар нэг ч удаа дуудлага өгөөгүй.

Зуны эхэн сарууд буюу намрын эхэн үед цаг агаар дулаахан, сайхан байдаг учраас малын хорогдлын хэмжээ маш бага байсан. Энэ хугацаанд малчин ажилдаа хариуцлагагүй хандаж, арчилгаа, маллагаа муу хийсний улмаас хариуцсан хонин сууриас 2015 оны 12 дугаар сард 18, 2016 оны 01 дүгээр сард 24 мал хорогдуулсан нь хөдөлмөрийн гэрээний зүй бус хорогдлын 10 хувьд багтсан учраас дахиж мал хорогдуулахгүй байх тал дээр анхааруулсан. Ингээд 02 дугаар сард очиход 86 мал хорогдсон байсан. Сэг, зэмийг нь тоолоход 55 байсан учраас өөрөөс нь тодруулахад хээрээр осгож үхсэн гэж тайлбарласан. Ингээд Хөдөө аж ахуйн газрын дарга мал зүйч болон мэргэжилтэн Б.Хишигжаргал нарыг 7 хоногийн томилолтоор ажиллуулж, яагаад мал хорогдоод байгаа шалтгааныг тогтоолгохоор явуулсан. Энэ хугацаанд 51 хурга, 4 хуц, нийт 55 малыг тэжээхэд усаар гачигдсан байсан. Худаг нь 500 метр хүрэхгүй газар байдаг. Малыг технологийн дагуу өдөрт 1 удаа усалж тэжээж байгаад ирэхэд мал огт хорогдоогүй байсан. Мал үхэх үндсэн шалтгаан нь усаар болон бэлчээрээр дутагдуулсан гэж тогтоогдсон. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд Иргэний хуулийн ерөнхий ангийг хэрэглэнэ гэсэн учраас үүрэг гүйцэтгэх зарчим үйлчлэх ёстой. Үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу шударгаар, тогтсон хугацаанд нь биелүүлэх ёстой. Гэтэл малчин Н.Эрдэнэбилэг нь энэ үүргээ билүүлээгүй. Малыг услахгүй удах тусам өвс идэж чадахгүй, тууварт явж чаддаггүй учраас татаж унадаг. Ус уугаагүй, дотроо хэвлэггүй болсон мал тураалаар болон чацга алдалтаар үхдэг.

Хөдөлмөрийн гэрээнд зааснаар малчин нь хүлээж авсан суурийн 10 хувиас хэтрүүлээгүй хорогдол үүссэн тохиолдолд хохиролд тооцохгүй. Гэтэл хүлээж авсан 639 толгой малаас 131 нь үрэгдэж, хорогдол нь 20 хувиас давсан. Тийм учраас хөдөлмөрийн гэрээний 5.5-д заасан  ноцтой зөрчил үүсч, зүй бус хорогдол буюу 131 толгой малыг ажилдаа хариуцлагагүй хандаж, арчилгаа, маллагаа муу хийсний улмаас хорогдуулсан тул Н.Эрдэнэбилэгийн малыг өөр малчинд шилжүүлэх Хөдөө аж ахуйн газрын даргын шийдвэр гарсан. Ингээд Бөөрөнхий гэх хүнд үлдэгдэл малыг нас, хүйсээр нь нэг бүрчлэн тоолж, хүлээлгэн өгсөн. 8 сарын турш Бөөрөнхий гэх хүн Н.Эрдэнэбилэгийн бууцан дээр мал малласан ба энэ хугацаанд хорогдол гараагүй учраас малын хариулга, маллагаа муу байсны улмаас их хэмжээний мал хорогдуулсан гэж үзэж байна. Н.Эрдэнэбилэгийн цагаан зуд болсон гэх газарт өвөлжиж, зунжиж, намаржаад одоо дахин өвөлжиж байгаа учраас бэлчээрээс болж мал үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Эрдэнэбилэг нь өвс, тэжээлээр хангаагүй гэсэн ба бид 09 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр өвс буулгадаг. Өвс авах боломж байна уу гэхэд манайх дээврээ хадаагүй, өвс хүлээн авах боломжгүй гэсэн. Ингээд малчин Ганбатынд 200 боодол өвс нөөцлүүлсэн. Түүнээс 150 боодол өвс, 10 уут тэжээлээр хангасан. 7 хоногийн томилолтоор очиход өвс, тэжээл хороон дээр нь хангалттай байсан бөгөөд тус өвс, тэжээлээр үргэлжлүүлэн тэжээж, 7 хоногийн дотор ганц ч хорогдолгүй Бөөрөнхий гэх айлд хүлээлгэн өгсөн. Цагаан зудтай байсан гэх газар нь 3 сумын нутаг юм. Гүн жалга гэдэг газар цас 15-35 см-ын зузаан байгаагүй, алаг цоог байсан. Гуу, жалгадаа бага хэмжээний цастай байсан учраас малын бэлчээр хангалттай. Отрын адуу нь хойноос Банзарын хоолойд их талхалсан. Учир нь бид сард 1 удаа очиход Гүн жалгад отрын адуу байгаагүй. Харин өөрийнх нь дүүгийн адуу худаг дээр шавсан байдаг. Иймд бэлчээр талхалсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Сүмбэр үйлдрийн мал нь зөвхөн Говьсүмбэр аймагт үржүүлдэг үнэ бүхий мал. Үүнээс арьсыг нь авч ашигладаг. Каракуль хонь үрэгдсэн тохиолдолд жишиг үнэ буюу хөдөлмөрийн гэрээний 5.5-д зааснаар үрэгдүүлсэн 131 толгой малыг нас, хүйсээр нь тодорхойлж бодоод, аймгийн үнэ тогтоох комиссын үнэлгээгээр 11 100 000 төгрөг болж байгаа. Нэгэнт хөдөлмөрийн гэрээнд зааснаар зохих ёсоор үүргээ биелүүлээгүй учраас зүй бус хорогдлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн сар бүр акт үйлддэг ба зүй бус хорогдлын шалтгааны актын ард Н.Эрдэнэбилэгийн гарын үсэг байгаа.

   Ус, цаг уурын албанаас цагаан зудтай байгаагүй, хүйтний эрч хасах 30 хэмээс даваагүй гэсэн тодорхойлолт гарсан учраас цагаан зудтай байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзээд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар 131 толгой малын төлбөр болох 11 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны зун зуншлага их муу байсан ба улсын баяр наадам болсоноос хойш бороошиж, мал ногоо идсэн. 08 дугаар сарын 01-нд ногоонд цадаагүй хургануудыг ялгасан. Мөн надад хурга өгөхдөө стандарт бусаар хиллэж өгсөн. Бусад малчдын хөдөлмөрийн гэрээнээс харахад доод жингийн хургыг 22 килограмаас доош байна гэж заасан байна. Гэтэл надад тийм зүйл танилцуулаагүй. Ялгаж өгсөн хурганы 50 хувь нь 15 килограмаас доош жинтэй байсан. 22 килограмаас дээш жинтэй хурга 10, 20-иос хэтрээгүй. 8-12 хилтэй туувар гүйцэхгүй хурганууд ч байсан. Замдаа явахгүйг нь айлд үлдээгээд дараа нь машинд ачиж авсан. 2015 оноос 2016 онд шилжих намар, өвөл цас ихтэй, хүйтний градус өндөртэй, цагаан зудтай байсан болон Төв аймгийн адууны оторчид зөвшөөрөлгүй орж ирсэнээс мал бэлчээргүйдүүлж, өвс ногоогүй болгосон.

Миний бие 638 хонь хүлээн авахад танай өвөлжөө чинь Гүн жалга гэх газар шүү тэнд хашаа хорооны мод буулгачихсан байгаа түүнийг бариад өвөлжөөрэй гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл би өөрөө саравч барьсан. Дан банзтай саравч байсан болохоор хашаа, хорооны нөхцөл муу, нүүрэвч хийх хэрэгцээ, шаардлагатай байна нүүрэвч хийх юм өгөөч гэж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш удаа дараа Т.Отгонтөгс даргад хүсэлт тавьсан боловч тэр болно, унаа явуулахаар олж явуулна гэсээр өвлийг өнгөрөөсөн. Б.Хишигжаргал хэрэггүй зүйл нэхлээ гэж загнаж байсан. Нүүрэвч нь вакум орчин үүсгэдэг учраас чухал хэрэгцээтэй юм. Хүйтэн салхитай байсан учраас нүүрэвчтэй айлууд малаа онд мэнд оруулсан. Хэрэв хашааны нүүрэвч, өвс тэжээл графикт хугацаандаа ирсэн бол малын хорогдол ийм хэмжээнд гарахгүй байсан. 12 сарын мал тооллого болсоны дараа хяналтын тооллого болж байхад Хөдөө аж ахуйн газар надад өвс тэжээл өгөөгүй байсан. 12 сарын 20-ны үед айлууд цагаан сарын бэлтгэл хийж эхэлцгээж байхад надад өвс, тэжээл ирсэн. Цаг хугацааны хувьд оройтсон учраас өвс тэжээлгүйдэж, хэт доройтсон хонинд тэжээл өгөөд амжилт олоогүй. Тийм учраас их хэмжээний хорогдол гарах болсон. Цаг агаарын хувьд өдөртөө 25 хэмээс дээш, шөнөдөө хасах 30 хэмээс дээш хүрч байсан. Намайг мал хариулах унаа, мотор, бензин зэрэг зүйлсээр хангадаггүй байсан учир намар, өвлийн цагт Хар ухаагийн ард нутаглаж байсан Сайннэмэх гэх айлын моторыг гуйж Гүн жалгад байх гүний худгаас малаа усалдаг байсан. Энэ бүгдийг би хувиасаа гаргаж, тэмцэж хөдөлмөрлөсний хүчинд малын хорогдол бага гарсан. Хэрвээ би явган мал хариулдаг байсан бол малын хорогдлын тоо үүнээс үлэмж ихээр гарна.

Мөн их хэмжээний отор, нүүдлийн адуу орж ирсэн учраас бэлчээр ихээр талхалсан. Адуу нэг удаа дайраад өнгөрөхөд бэлчээрийн цас их хэмжээгээр хатуу болдог. Дараа нь бог мал бэлчээрлэхэд тэр цасыг малтаж, ухаж идэхэд хүндрэлтэй болдог. Харин Бөөрөнхий гэдэг малчин нь 2 сард цас ханзарч, дулаарсан байхад мал авсан болохоор хорогдолгүй мал хариулах боломжтой байсан гэж үзэж байна.

Иргэний хуульд хөдөлмөрийн харилцааг дэлгэрэнгүй зохицуулаагүй, тусгай эрх зүйн зохицуулалттай гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй гэсэн байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн нь харьцангуй өөр юм. Хавтаст хэргийн 22 дугаар талд малын үнийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай аймгийн Иргэдийн хурлын тогтоолоос үзэхэд бүртгэлийн үнэ болон худалдан борлуулах гэсэн хоёр үнэлгээтэй байна. Үүнийг бүртгэлийн үнээр нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэсэн байна. Иймд үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангах үүднээс хашаа, хороо, уналгын морь, мотоцикль зэрэг шаардлагтай зүйлсийг гэрээ ёсоор нэхэмжлэгч тал хариуцах ёстой боловч нэхэмжлэгч тал дээрх шаардлагатай зүйлсийг хангаж өгөөгүй.

Иймд зүй бус хорогдол гэхээс илүү цаг зудын байдал, нэхэмжлэгч талын гэрээний үүргийг биелүүлээгүй байдал зэргээс нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төв нь хариуцагч Н.Эрдэнэбилэгт холбогдуулан 131 толгой малын төлбөр 11 100 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч Н.Эрдэнэбилэг нь 2015 оны өвөл цагаан зудтай, отрын адуу ихтэй байснаас бэлчээргүйдсэн, хашаа, хорооны нүүрэвч ирүүлээгүй, өвс тэжээл хугацаандаа ирээгүйгээс 131 мал хорогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Цөм сүргийн үржлийн төв болон Н.Эрдэнэбилэг нарын хооронд Сүмбэр үүлдрийн хуц, эр хонь, эр хурга маллах малчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч тал шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан №1, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан №2 дугаартай гэрээнүүдийг нотлох баримтаар хэрэгт өгчээ.

 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан №2 дугаартай хөдөлмөрийн гэрээг /хх 5-11/ хариуцагч эс зөвшөөрч, би уг гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргаж, шинжээч томилуулсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 007/105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 96-101/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 476 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 154-155/ зэргээр хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг Н.Эрдэнэбилэгийн гарын үсэг биш гэжээ.

Харин 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан №1 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж хариуцагч маргаж байгаа хэдий ч түүнд  зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй, Цөм сүргийн үржлийн төвийн малыг хүлээж авч, маллаж байсан талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т  “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ гэжээ. 

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар “ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэсэн ба ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй боловч түүнтэй 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №1 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10, 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар малчны хариуцлагагүй ажиллагааны улмаас байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тохирсон байна. Иймд нэхэмжлэгчийг өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.    

Хариуцагч нь нийт 639 хонь хүлээн авч /хх-122/, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа нийт 131 мал үүнээс 1 настай 86 эр хонь, 1 настай хуц 1, 2 настай эр хонь 38, нас гүйцсэн хуц 6-г тус тус хорогдуулсан болох нь зохигчийн маргаангүй тайлбар, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн малын тооцоо бодсон актын тооцоо /хх 121/, 2015 оны 09 дүгээр сарын 24, 2015 оны 10 дугаар сарын 21, 2015 оны 11 дүгээр сарын 23, 2015 оны 12 дугаар сарын 09, 2016 оны 01 дүгээр сарын 20, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мал амьтдын тооцоо бодсон акт /хх 123, 125, 127, 130, 134, 137/, малын зарлагын баримт /хх 124, 126, 128, 131, 138/, 2015 оны 12 дугаар сарын 09, 2016 оны 01 дүгээр сарын 20, 2016 оны 01 дүгээр сарын 19, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зүй бусаар хорогдсон малыг малчны малын тоо, толгой хамгааллаас хасах хуудас /хх 132, 133, 135, 136, 139, 140/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тус тус нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх үйл баримтыг үгүйсгээгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй юм. 

Хариуцагч өөрийн буруугаас малын хорогдол үүсээгүй, цагаан зудтай, отрын адуу ихтэй байснаас мал бэлчээргүйдсэн, ажил олгогч хашаа, хорооны нүүрэвч, өвс, тэжээлийг цаг хугацаанд нь өгөөгүйгээс их хэмжээний мал хорогдсон гэж тайлбарласан бөгөөд гэрч Т.Баяржаргал, Н.Эрдэнэбаатар, Д.Мандахбаяр нар цагаан зудтай, отрын адуу их байсан гэдгийг нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн /хх 84-88/. 

Мөн шүүх хуралдааны явцад гэрч Д.Дэлгэрмөнх, Х.Баярцэнгэл нар малчны буруутай үйл ажиллагаа, арчилгаа маллагааны муугаас хонь үхсэн, Н.Эрдэнэбилэгийн өвөлжиж байсан газар цагаан зудтай байгаагүй, алаг цоохор байсан гэх мэдүүлгээс үзэхэд цагаан зудтай байсан гэх гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байна. Түүнчлэн Цас, зудтай байсныг нотлохоор Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичгийг хавсралтын хамт /хх61-64/, Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/03 тоот албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан боловч энэ нь тухайн газарт цас, зудтай байсан гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан бичигт “цагаан зудархуу гэж үнэлгээ хийсэн” гэх боловч хэзээ цагаан зудтай байсан нь тодорхойгүй байна.    

Нөгөөтэйгүүр малын зүй бус хорогдлыг тооцож, энэ талаар ажил олгогч тал нь малчинтай акт үйлдэж, малчны тоо толгой хамгааллаас хасдаг байх ба уг актыг малчин хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, гэрч Д.Дэлгэрмөнх, Х.Баярцэнгэл нар малчны буруутай үйл ажиллагаа, арчилгаа маллагааны муугаас хонь үхсэн гэж мэдүүлсэнийг үндэслэн хариуцагч Н.Эрдэнэбилэг нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.  

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй, нэхэмжлэгч орох байсан орлогыг тооцож, нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж Үнэ тогтоох комиссын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг /хх 120/ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй, Говьсүмбэр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай Үнийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар  үнийг тооцох ёстой гэсэн боловч уг хавсралт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Үнэ тогтоох комиссын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шийдвэрт 131 толгой малыг 11 100 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээ нь орон нутгийн дундаж үнэ гэсэн байх бөгөөд үнэлгээнээс харахад нэхэмжлэгчид орох байсан орлого болох нь тодорхойгүй, тухайн мал ийм үнэлгээтэй гэж тогтоосон байх тул үүнийг үндэслэн хариуцагчаас 11 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 192 550 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар Шаазган овогт Нямаагийн Эрдэнэбилэгээс 131 толгой малын үнэ 11 100 000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төвд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 192 550 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ