Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 216/МА2017/00007

 

 Г аймгийн Х, х а а

 г д Ц с ү т

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00026 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г аймгийн Х, х а а г д Ц с ү  /РД: , улсын бүртгэлийн дугаар: 

 

Хариуцагч: Н Э /РД: /-т холбогдох

 

Хохирол 11 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Э гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лүнгэрэгжанцан, Б.Хишигжаргал,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мандахнаран,

хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа

нарийн бичгийн даргад А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч  Г аймгийн Х, х а а г д Ц с ү т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лүнгэрэгжанцан, Б.Хишигжаргал нар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэсэн нь энэ хэрэгт хэрэглэгдэнэ гэж ойлгогдож байна. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах саналыг Н.Э тавьсныг Н.Э хүлээн авч, хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тус төвийн гэрээт малчнаар ажилласан ба 639 малыг хүлээн авч, 1 малыг 1000 төгрөгөөр бодож, сарын хариулгын хөлсөө авдаг байсан. Хөдөлмөрийн гэрээний 4.4-т мал өвчилсөн болон хорогдсон тохиолдолд Ц с ү т мэргэжилтэн, гэрээт малын эмчийг дуудаж үзүүлнэ гэсэн байна. Гэтэл гэрээт малын эмчид мал үхсэн талаар нэг ч удаа дуудлага өгөөгүй. Зуны эхэн сарууд буюу намрын эхэн үед цаг агаар дулаахан, сайхан байдаг учраас малын хорогдлын хэмжээ маш бага байсан.

Энэ хугацаанд малчин ажилдаа хариуцлагагүй хандаж, арчилгаа, маллагаа муу хийсний улмаас хариуцсан хонин сууриас 2015 оны 12 дугаар сард 18, 2016 оны 01 дүгээр сард 24 мал хорогдуулсан нь хөдөлмөрийн гэрээний зүй бус хорогдлын 10 хувьд багтсан учраас дахиж мал хорогдуулахгүй байх тал дээр анхааруулсан. Ингээд 02 дугаар сард очиход 86 мал хорогдсон байсан. Сэг, зэмийг нь тоолоход 55 байсан учраас өөрөөс нь тодруулахад хээрээр осгож үхсэн гэж тайлбарласан. Ингээд Хөдөө аж ахуйн газрын дарга мал зүйч болон мэргэжилтэн Б.Хишигжаргал нарыг 7 хоногийн томилолтоор ажиллуулж, яагаад мал хорогдоод байгаа шалтгааныг тогтоолгохоор явуулсан. Энэ хугацаанд 51 хурга, 4 хуц, нийт 55 малыг тэжээхэд усаар гачигдсан байсан. Худаг нь 500 метр хүрэхгүй газар байдаг.

Малыг технологийн дагуу өдөрт 1 удаа усалж тэжээж байгаад ирэхэд мал огт хорогдоогүй байсан. Мал үхэх үндсэн шалтгаан нь усаар болон бэлчээрээр дутагдуулсан гэж тогтоогдсон. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд Иргэний хуулийн ерөнхий ангийг хэрэглэнэ гэсэн учраас үүрэг гүйцэтгэх зарчим үйлчлэх ёстой. Үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу шударгаар, тогтсон хугацаанд нь биелүүлэх ёстой. Гэтэл малчин Н.Э нь энэ үүргээ биелүүлээгүй. Малыг услахгүй удах тусам өвс идэж чадахгүй, тууварт явж чаддаггүй учраас татаж унадаг. Ус уугаагүй, дотроо хэвлэггүй болсон мал тураалаар болон чацга алдалтаар үхдэг.

Хөдөлмөрийн гэрээнд зааснаар малчин нь хүлээж авсан суурийн 10 хувиас хэтрүүлээгүй хорогдол үүссэн тохиолдолд хохиролд тооцохгүй. Гэтэл хүлээж авсан 639 толгой малаас 131 нь үрэгдэж, хорогдол нь 20 хувиас давсан. Тийм учраас хөдөлмөрийн гэрээний 5.5-д заасан  ноцтой зөрчил үүсч, зүй бус хорогдол буюу 131 толгой малыг ажилдаа хариуцлагагүй хандаж, арчилгаа, маллагаа муу хийсний улмаас хорогдуулсан тул Н.Э малыг өөр малчинд шилжүүлэх Хөдөө аж ахуйн газрын даргын шийдвэр гарсан. Ингээд Бөөрөнхий гэх хүнд үлдэгдэл малыг нас, хүйсээр нь нэг бүрчлэн тоолж, хүлээлгэн өгсөн. 8 сарын турш Бөөрөнхий гэх хүн Н.Э бууцан дээр мал малласан ба энэ хугацаанд хорогдол гараагүй учраас малын хариулга, маллагаа муу байсны улмаас их хэмжээний мал хорогдуулсан гэж үзэж байна. Н.Э цагаан зуд болсон гэх газарт өвөлжиж, зунжиж, намаржаад одоо дахин өвөлжиж байгаа учраас бэлчээрээс болж мал үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Э нь өвс, тэжээлээр хангаагүй гэсэн ба бид 09 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр өвс буулгадаг. Өвс авах боломж байна уу гэхэд манайх дээврээ хадаагүй, өвс хүлээн авах боломжгүй гэсэн. Ингээд малчин Г 200 боодол өвс нөөцлүүлсэн. Түүнээс 150 боодол өвс, 10 уут тэжээлээр хангасан. 7 хоногийн томилолтоор очиход өвс, тэжээл хороон дээр нь хангалттай байсан бөгөөд тус өвс, тэжээлээр үргэлжлүүлэн тэжээж, 7 хоногийн дотор ганц ч хорогдолгүй Бөөрөнхий гэх айлд хүлээлгэн өгсөн. Цагаан зудтай байсан гэх газар нь 3 сумын нутаг юм. Гүн жалга гэдэг газар цас 15-35 см-ын зузаан байгаагүй, алаг цоог байсан. Гуу, жалгандаа бага хэмжээний цастай байсан учраас малын бэлчээр хангалттай. Отрын адуу нь хойноос Банзарын хоолойд их талхалсан. Учир нь бид сард 1 удаа очиход Гүн жалгад отрын адуу байгаагүй. Харин өөрийнх нь дүүгийн адуу худаг дээр шавсан байдаг. Иймд бэлчээр талхалсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Сүмбэр үүлдрийн мал нь зөвхөн Говьсүмбэр аймагт үржүүлдэг үнэ бүхий мал. Үүнээс арьсыг нь авч ашигладаг. Каракуль хонь үрэгдсэн тохиолдолд жишиг үнэ буюу хөдөлмөрийн гэрээний 5.5-д зааснаар үрэгдүүлсэн 131 толгой малыг нас, хүйсээр нь тодорхойлж бодоод, аймгийн үнэ тогтоох комиссын үнэлгээгээр 11 100 000 төгрөг болж байгаа. Нэгэнт хөдөлмөрийн гэрээнд зааснаар зохих ёсоор үүргээ биелүүлээгүй учраас зүй бус хорогдлыг хүлээн зөвшөөрсөн. Мөн сар бүр акт үйлддэг ба зүй бус хорогдлын шалтгааны актын ард Н.Э гарын үсэг байгаа.  Ус, цаг уурын албанаас цагаан зудтай байгаагүй, хүйтний эрч хасах 30 хэмээс даваагүй гэсэн тодорхойлолт гарсан учраас цагаан зудтай байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзээд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар 131 толгой малын төлбөр болох 11 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны зун зуншлага их муу байсан ба улсын баяр наадам болсноос хойш бороошиж, мал ногоо идсэн. 08 дугаар сарын 01-нд ногоонд цадаагүй хургануудыг ялгасан. Мөн надад хурга өгөхдөө стандарт бусаар хиллэж өгсөн. Бусад малчдын хөдөлмөрийн гэрээнээс харахад доод жингийн хургыг 22 килограммаас доош байна гэж заасан байна. Гэтэл надад тийм зүйл танилцуулаагүй. Ялгаж өгсөн хурганы 50 хувь нь 15 килограммаас доош жинтэй байсан. 22 килограммаас дээш жинтэй хурга 10, 20-иос хэтрээгүй. 8-12 хилтэй туувар гүйцэхгүй хурганууд ч байсан. Замдаа явахгүйг нь айлд үлдээгээд дараа нь машинд ачиж авсан. 2015 оноос 2016 онд шилжих намар, өвөл цас ихтэй, хүйтний градус өндөртэй, цагаан зудтай байсан болон Төв аймгийн адууны оторчид зөвшөөрөлгүй орж ирснээс мал бэлчээргүйдүүлж, өвс ногоогүй болгосон. Миний бие 638 хонь хүлээн авахад танай өвөлжөө чинь Гүн жалга гэх газар шүү тэнд хашаа хорооны мод буулгачихсан байгаа түүнийг бариад өвөлжөөрэй гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл би өөрөө саравч барьсан. Дан банзтай саравч байсан болохоор хашаа, хорооны нөхцөл муу, нүүрэвч хийх хэрэгцээ, шаардлагатай байна нүүрэвч хийх юм өгөөч гэж 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш удаа дараа Т.О даргад хүсэлт тавьсан боловч тэр болно, унаа явуулахаар олж явуулна гэсээр өвлийг өнгөрөөсөн. Б.Х хэрэггүй зүйл нэхлээ гэж загнаж байсан. Нүүрэвч нь вакум орчин үүсгэдэг учраас чухал хэрэгцээтэй юм. Хүйтэн салхитай байсан учраас нүүрэвчтэй айлууд малаа онд мэнд оруулсан. Хэрэв хашааны нүүрэвч, өвс тэжээл графикт хугацаандаа ирсэн бол малын хорогдол ийм хэмжээнд гарахгүй байсан. 12 сарын мал тооллого болсны дараа хяналтын тооллого болж байхад Хөдөө аж ахуйн газар надад өвс тэжээл өгөөгүй байсан. 12 сарын 20-ны үед айлууд цагаан сарын бэлтгэл хийж эхэлцгээж байхад надад өвс, тэжээл ирсэн. Цаг хугацааны хувьд оройтсон учраас өвс тэжээлгүйдэж, хэт доройтсон хонинд тэжээл өгөөд амжилт олоогүй. Тийм учраас их хэмжээний хорогдол гарах болсон. Цаг агаарын хувьд өдөртөө 25 хэмээс дээш, шөнөдөө хасах 30 хэмээс дээш хүрч байсан. Намайг мал хариулах унаа, мотор, бензин зэрэг зүйлсээр хангадаггүй байсан учир намар, өвлийн цагт Хар ухаагийн ард нутаглаж байсан С гэх айлын моторыг гуйж Гүн жалганд байх гүний худгаас малаа усалдаг байсан. Энэ бүгдийг би хувиасаа гаргаж, тэмцэж хөдөлмөрлөсний хүчинд малын хорогдол бага гарсан. Хэрвээ би явган мал хариулдаг байсан бол малын хорогдлын тоо үүнээс үлэмж ихээр гарна. Мөн их хэмжээний отор, нүүдлийн адуу орж ирсэн учраас бэлчээр ихээр талхалсан. Адуу нэг удаа дайраад өнгөрөхөд бэлчээрийн цас их хэмжээгээр хатуу болдог. Дараа нь бог мал бэлчээрлэхэд тэр цасыг малтаж, ухаж идэхэд хүндрэлтэй болдог. Харин Бөөрөнхий гэдэг малчин нь 2 сард цас ханзарч, дулаарсан байхад мал авсан болохоор хорогдолгүй мал хариулах боломжтой байсан гэж үзэж байна. Иргэний хуульд хөдөлмөрийн харилцааг дэлгэрэнгүй зохицуулаагүй, тусгай эрх зүйн зохицуулалттай гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй гэсэн байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн нь харьцангуй өөр юм. Хавтаст хэргийн 22 дугаар талд малын үнийн доод хэмжээг шинэчлэн батлах тухай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай аймгийн Иргэдийн хурлын тогтоолоос үзэхэд бүртгэлийн үнэ болон худалдан борлуулах гэсэн хоёр үнэлгээтэй байна. Үүнийг бүртгэлийн үнээр нэхэмжлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй гэсэн байна. Иймд үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангах үүднээс хашаа, хороо, уналгын морь, мотоцикл зэрэг шаардлагтай зүйлсийг гэрээ ёсоор нэхэмжлэгч тал хариуцах ёстой боловч нэхэмжлэгч тал дээрх шаардлагатай зүйлсийг хангаж өгөөгүй.

Иймд зүй бус хорогдол гэхээс илүү цаг зудын байдал, нэхэмжлэгч талын гэрээний үүргийг биелүүлээгүй байдал зэргээс нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар Ш овогт Н Э 131 толгой малын үнэ 11 100 000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулж, Х, х а а г д Ц с ү төвд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 192 550 /нэг зуун ерэн хоёр мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагч Н.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт малын зүй бус хорогдлыг тооцож, энэ талаар ажил олгогч тал нь малчинтай акт үйлдэж, малчны тоо толгой хамгааллаас хасдаг байх ба уг актыг малчин хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, гэрч Д.Д, Х.Б нар малчны буруутай үйл ажиллагаа, арчилгаа маллагааны муугаас хонь үхсэн гэж мэдүүлснийг үндэслэн хариуцагч Н.Э нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ гэжээ.

1. Нэхэмжлэгч намайг 131 толгой хонь арчилгаа маллагааны муугаас болж хорогдуулсан гэж үздэг ч хавтаст хэргийн 133, 135-р талуудад чацга алдаж үхсэн тус бүр 3 хурга осгож үхсэн 21 хонь гэсэн тооцооноос үзэхэд хариуцагчийн буруугаас зүй бусаар хорогдуулсан хонины тооцоо нь бүрэн нотлогдоогүй байна. Энэ нь миний хариуцлагагүй байдлаас биш хашаа хорооны дутагдалтай байдал мөн хашааны нүүрэвч өгөөгүй зэрэг байдлаас шалтгаалсан. Шүүх гэрч Д.Д, Х.Б нарын “хариуцагчийн арчилгаа маллагааны муугаас болж хонь үхсэн. Хариуцагч Н.Энутаглаж байсан газраар цагаан зудтай байгаагүй, алаг цоохор байсан” гэсэн мэдүүлгийн үнэлсэн атлаа миний өөрийн татгалзлаа нотолсон гэрч Д.М, Б.Б, Н.Э, Т.О нарын их цастай цагаан зудтай, отрын адуу хэдэн мянгаараа орж ирээд хөөж дийлэхгүй, малын бэлчээр талхалж, бэлчээрийн хомсдол үүсгэсэн. Хашаа хороогоор хангаагүй. Өвс тэжээл оройтож ирсэн гэх мэдүүлэг. Мөн 2016 оны өвөл цагаан зудтай гэсэн сэрэмжлүүлгийг Сүмбэр сумын засаг дарга Б.Б 2016.01.08-ны өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын 03/03 тоот албан бичгээр Сүмбэр сумын нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй, цасны зузаан 15-45 см, ...бэлчээрээс малд идэх өвсгүй болсноос өвөлжилт хүндэрч цагаан зудархуу гэж үнэлгээ хийсэн” гэсэн бичгийг нотлох баримтыг он, сар, өдөр тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүх үнэлээгүй талаараа эрх зүйн дүгнэлт хийж дурдаагүй байна.

2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч орох байсан орлогыг тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж үнэ тогтоох комиссын 2016.02.09-ний өдрийн 203 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. ...үнэ тогтоох комиссын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шийдвэрт 131 толгой малыг 11 100 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээ нь орон нутгийн дундаж үнэ гэсэн байх бөгөөд үнэлгээнээс харахад нэхэмжлэгчид орох байсан орлого болох нь тодорхойгүй, тухайн мал ийм үнэлгээтэй гэж тогтоосон байх тул үүнийг үндэслэн хариуцагчаас 11 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ гэжээ.

- үнэ тогтоох комиссын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 203 дугаартай эд зүйлийн үнэлгээгээрээ нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг орон нутгийн дундаж үнэ гэж үнэлсэн байх ба энэ үнэлгээг шүүх үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд үл нийцнэ.

- хх-124, 126, 128, 131, 138-р талуудад “нэг толгой малын өртөг” гэж хохирлын хэмжээг “учирсан шууд хохирлоор тодорхойлсон. Үнэлгээг шүүх анзаарч үзээгүй. Тухайлбал хх-138 дугаар талд хариуцагч Н.Э миний биетэй малын зүй бус хорогдлын тооцоог 2016.02.17-ны өдөр хийхдээ хурга 30000 төгрөг гэж үнэлсэн байх авч үнэ тогтоох комиссын үнэлгээнд хурганы үнэ байхгүй бүх малын үнэлгээг хонь гэж үнэлсэн байна.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй юм гэжээ. Миний бие нэхэмжлэгч талыг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс хонь хорогдох болсон гэж өөрийн татгалзлаа нотолж байгаа нөхцөлд нэхэмжлэгч тал мөн хуулийн хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасан үүргээ биелүүлсэн нь нотлогдсоноор шаардах эрх үүсэх шалтгаант холбоо бий болно.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хөдөлмөрийн гэрээний 2.5 дахь заалтыг удирдлага болгон “...малчин ажилдаа хариуцлагагүй хандан арчилгаа маллагаа муу хийсний улмаас хариуцсан хонин сууриас 2015.12.18-2016.01 дүгээр сард 24 мал хорогдуулсан нь Хөдөлмөрийн гэрээний зүй бус хорогдлын 10 хувьд багтсан учраас дахиж мал хорогдуулахгүй байх тал дээр анхааруулсан гэжээ. Хөдөлмөрийн гэрээний 2.5-д малчин гэрээний эцэст маллаж буй малынхаа хорогдлыг 10 хувиас хэтрүүлээгүй, ...тохиолдолд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ гэснээс үзэхэд надад гэрээ ёсоор 639 толгой хонины 10 хувь буюу 64 толгой мал хорогдсон байхад малын толгой хамгаалалтыг хэвийн буюу гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ гэжээ. Үүнээс үзэхэд би 131 хонь зүй бусаар хорогдуулсан бус 67 мал зүй бусаар хорогдуулсан байж болохоор байгаа дээрх 67 хонь хорогдсонд нөлөөлөх хүчин зүйл болох ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс шалтгаалсан. Энэ нь цаг агаар, цас зуданд хийсэн үнэлгээ бэлчээрийн хомсдол ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний 3.4, 3.9, 3.10 заасан үүргээ биелүүлээгүй нь гэрч нарны мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа болно.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 131 толгой хонь зүй бусаар хорогдуулсан түүний үнэ 11 100 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж маргасан.    Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хх-125, 126, 128-р талууд дахь маргааны зүйлд үл хамаарах нэхэмжлэгч тал өөрийн орлого бүрдүүлэхээр хариуцагч Н.Э сууриас авсан малын зарлагын тооцоог хольж хутган зүй бусаар хорогдуулсан гэх хонины тооцоонд хамтатган нотлох баримтаар үнэлж нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй байдлаас  үнэлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Учир нь Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216 дугаар тогтоолоор “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтны жагсаалт”-ыг баталсан байх бөгөөд уг жагсаалтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ажил гэсэн жагсаалтын 15-д “мал, бусад тэжээвэр амьтдыг хариулах, өсгөх, үржүүлэх, тэжээж бордох ажил”  гэж орсон байдлаас үзвэл нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдах ёстой атал байгуулаагүй хэдий боловч зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-173/, түүнд тусгагдсан эд хөрөнгийн хариуцлагын талаарх холбогдох заалтуудыг үндэслэн талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсаны дагуу хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт зөв  байна.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх үнэ тогтоох комиссийн тогтоосон үнэлгээгээр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг хуульд нийцээгүй гэх боловч шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу  малын хариулаг маллагааны муугаас болж малын зүй бус хорогдол гаргасан, малын зүй бус хорогдолд тухайн цаг үеийн цаг агаарын нөхцөл байдал, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдэг нь нотлогдоогүй гэж үзсэний үндсэн дээр хохирлыг төлүүлэхдээ үнэ тогтоох комиссийн үнэлгээгээр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасан “ Эд хөрөнгө,үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг  тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно” гэсэн, мөн Хөдөлмөрийн гэрээний  5.5-д заасан “малчны хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас бүртгэл бүхий малыг хорогдуулсан, алдаж үрэгдүүлсэн, зориудаар нуун дарагдуулсан, өөр малаар сольсон тохиолдолд хохирлыг зах зээлийн үнээр ... төлүүлэх ...” гэсэн заалтын агуулгад тус тус нийцсэн  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь зүй бусаар хорогдуулсан гэх 131 толгой малын 64-ийг /хариуцан маллаж буй малын тоо толгойн 10 хувиар тооцож/ Хөдөлмөрийн гэрээний 2.5-д зааснаар хэвийн хорогдлоор тооцох боломжтой гэх боловч гэрээний энэ заалт нь гэрээг эцэслэн дүгнэх үед хорогдол 10 хувиас хэтрээгүй тохиолдолд хэрэгжих боломжтой байсан ба нэгэнт хэтрүүлсэн учраас гэрээний энэ заалт хэрэгжих боломжгүй болсон, тухайн үед хорогдсон малын хорогдлын шалтгааныг  хариуцагч буюу малчин Н.Э хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байсан байх тул давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 273 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Э нь  давж заалдах гомдол гаргахдаа төлөх  ёстой 192550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ