Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 785

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суух, утас:95968401, РД:ФА66041216 Найман саржомарт овогт Хавдрашын Тогталханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 багт орших, Хотгор ХХК /гүйцэтгэх захирал З.Кадирхан, утас 99425313/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч З.Кадирхан, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрт 12589588 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Тогталхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус Хайнар ХХК-ны харьяа болох Хотгор нүүрсний уурхайд анх 1993 он гагнуурчин, цахилгаанчнаар ажилд орсон бөгөөд уурхайн нүүрсний тоосонцор миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж би 2007 онд мэргэжлээс шалтгаалах өвчин гэсэн оношоор 7 дугаар сард өвчний групп буюу тэтгэвэрт гарсан. Анх группд гарахад байгууллагаас нөхөн төлбөрийг авсан юм. Дараа нь 2010 онд миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөн үед байгууллага буу Хайнар ХХК-аас мөн тэтгэмж болох нөхөн төлбөрийг байгууллагатай харилцан тохирч авсан минь үнэн. Гэтэл улсын мэргэжлийн даатгалын Ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох мэргэжлийн эмч нарын комиссын шийдвэрээр миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 2011 оны 11 дүгээр сарын 12-нд 71% гэж тооцож, дараа нь 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 75% гэж тооцож, сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа нь дуусна гэж тус тус хөдөлмөрийн чадвар алдалтын акт 2 удаа гараад байхад тус Хайнар ХХК-ны захирал, удирдлагууд нь нөхөн төлбөрийг өгөхгүй болохоор нь шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа юм. Миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2011 оны 11 дүгээр сарын 12-нд 71% болж, тэтгэвэр, тэтгэмж авах мөнгө ч өөрчлөгдсөн 217284 төгрөг болсон бөгөөд би энэ мөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 75% болтол өөрчлөгдөх өдрийг хүртэл бүгд 3 жил 3 сар 2 хоногоор нийт сард 217284 төгрөг тэтгэвэр тэтгэмж болгон авч ирсэн. Энэ 217284 төгрөгийг хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар 18 сарын турш авч байсан тэтгэврийн мөнгөний хэмжээгээр нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь 217284 төгрөгийг 36 сараар /2011.11.12-оос 2014.11.12/ үржүүлэхэд 7822116 төгрөг болж байх тул энэ мөнгийг Хайнар ХХК-аас нэхэмжилж байна. Дараа нь миний хөдөлмөрийн чадвар алдалт 2014 оны 11 дүгээр сарын 03-д 5510 дугаартай актаар 75% гэж өсөж тогтсон бөгөөд энэ үеэс эхлэн би сар бүр 297967 төгрөг авч байгаа ба энэ 297967 төгрөгийг 16 сараар үржүүлж 4767472 төгрөг /2014.11.03-аас 2016.05.01-ний хооронд/ гарч байна. Энэ 4767472 төгрөг, 7822116 төгрөг, нийт 12589588 төгрөг болж байна. Би тус Хайнар ХХК-аас 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх нийт 5 жил 5 сарын хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөний нөхөн төлбөр болох бүгд 12589588 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжилж байгаа тул тус компаниас энэ мөнгийг гаргуулж өгнө үү.

Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэмж болон хохирол төлүүлэх тухай хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-ээр Х.Тогтолхан нь Хайнар ХХК-ний харьяа Хотгор ХХК-наас хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан юм. Уг нэхэмжлэлд хариуцагчаар Хайнар ХХК-ыг гэж тогтоолгож өгөхийг хүссэн боловч Хотгор ХХК нь Хайнар ХХК-ний охин компани бөгөөд Хотгор ХХК-ний тайлан тооцоо, судалгаа, төлөвлөлтийг гаргадаг болохоор энэ байдлыг үндэслэж Хайнар ХХК-ыг хариуцагчаар тогтоохын тулд нэхэмжлэлд бичсэн юм. Гэхдээ Х.Тогтолхан буюу нэхэмжлэгч нь Хотгор ХХК-ний нүүрсийг уурхайд ажиллаж байхдаа мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болсон бөгөөд ажил олгогч нь Хотгор ХХКомпани тул хохирлоо Хотгор ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Иймд Хотгор ХХК-аас 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх нийт 5 жил 5 сарын хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдсөний нөхөн төлбөр болох бүгд 12589588 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжилж байгаа тул тус компаниас энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Х.Тогталхан 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хотгор ХХК-д ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэрт гарсан, өнөөдөр хүртэл тахир дутуугийн тэтгэвэрт байгаа. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас олгох нөхөн төлбөрийг хэд хэдэн удаа авч байсныг нэхэмжлэлдээ тодорхой дурдаж бичсэн. Анх шүүхэд 12589588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч одоо нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдэхдээ цалингийн дунджаар бодоогүй байна гэсэн шийдвэр гарч байсан. Цалингийн дунджийг яаж гаргах вэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудтай зөвлөөд дараах байдлаар бодож гаргасан. Нэхэмжлэгч Х.Тогталхан нь анх буюу 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр тэтгэвэрт гарах үед сард 120124 төгрөг авдаг. Энэ мөнгийг индексээр өсгөсөн дундаж цалинг нийгмийн даатгалын хэлтсээс нотлох баримт болгож өгсөн. Цалингийн дундаж одоогийн байдлаар 310966 төгрөг байгаа. Энэ мөнгийг 18 сараар үржүүлээд 5600000 гаруй төгрөг байгаа. Энэ мөнгө бол нэхэмжлэгч Х.Тогталханы Хотгор ХХК-аас нэхэмжилж байгаа цалингийн дундаж хэмжээ. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 91.1.1-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгон гэж заасан. Х.Тогталханы хувьд 71 хувиас дээшхөдөлмөрийн чадвар алдалттай байгаа тул 11 сараар үржүүлээд дээрх тоо гарсан байгаа. Нэг ба түүнээс дээш удаа олгоно гэсэн хуулийн заалт байгаа. Хамгийн сүүлд буюу 2014 оны гарсан мэргэжлийн өвчин тогтоох эмчийн комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувь гэж тогтоосон. Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 25.1-д Ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно гэж тайлбарласан. Энэ заалтыг үндэслэж нэхэмжлэгч Хотгор ХХК-аас цалингийн дунджийг 18 сараар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа. Урьд нь нэхэмжлэгч болон хариуцагч талаас янз бүрийн тайлбар гаргасан. Бид нар ч гэсэн өмнөх тайлбар, нэхэмжлэлээс татгалзаад ийм байдлаар 5597774 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Энэ тооцоо бол хамгийн сүүлийн тооцоо. Энэ тооцоогоор гаргуулж өгөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Хотгор ХХК-ний гүйцэтгэх захирал З.Кадирхан шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Хотгор ХХК-ны гүйцэтгэх захирал би З.Кадирхан би Өлгий сумын 7 дугаар Хотгор багт оршин суудаг, Х.Тогталханы нэхэмжлэлийн нэг хувийг тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гардан хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа учраас тайлбараа гаргав.

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-т зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь зохих хувиар үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг ба түүнээс дээш удаа олгох ёстой юм. Хотгор ХХК-ны ажилчин Х.Тогталхан нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн учраас ажил олгогчоос 2007, 2011, 2013 онуудад 3 удаа нөхөн олговруудыг олгосон юм. Тухайлбал Х.Тогталхан нь 2011 оны 01, 02 дугаар сард тус байгууллагын захиргаа, санхүүд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа урьд 55 хувиар алдсан нь 65 хувь болж өссөн тул 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг авах тухай хүсэлт гаргасан юм. Байгууллагаас Х.Тогталханы хүсэлтэд дурдсан 9 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу төлбөрт 675000 төгрөгийг 2011 оны 02 дугаар сард бэлнээр олгосон юм. Үүний дараа Х.Тогталхан нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа шинээр 71 хувь болгон тогтоолгосон учраас 18 сарын тэтгэмжийг олгож өгөхийг хүсэж дахин хүсэлт гаргасан юм. Ингээд Х.Тогталханд компаниас 650000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр олгосон юм. Ажилчин Х.Тогталханаас тухайн үед байгууллагын захиргаанд хандаж гаргасан хүсэлтэд ...Хотгор компаниас МШӨ-ний нөхөн төлбөрийг 2007 онд эхний удаа, 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хоёр дахь удаа авсан юм. 2012 оны МШӨСТ-ийн эмч нарын үзлэгээр миний хөдөлмөр чадвар алдалтын хэмжээг нэмэгдүүлсэн тогтоосон боловч компанийн санхүүгийн хувьд 3 удаа нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг ухамсарлан ойлгож байгаа болно. УБ хот орж эрүүл мэндийн талаар шинжилгээ хийлгэж эмчлүүлэх хүсэлтэй байгаа тул 650000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно уу. Тусламж үзүүлсэн тохиолдолд миний бие компаниас нэхэмжлэх 3 дахь удаагийн нөхөн төлбөрийн талаар харилцан тохиролцоонд хүрлээ гэж бодож дахин төлбөр нэхэмжлэхгүй болно гэжээ. Иймээс ажилчин Х.Тогталхан нь тухайн үед тус компаниас 3 дахь удаагийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэж бичгээр хүсэлт гаргасан учраас нөхөн төлбөр төлүүлэхийг шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Х.Тогталханы энэхүү байр суурь нь тус байгууллагаас мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр буюу хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсаны нөхөн олговрыг олгох боломжгүй гэдгийг нотолж байна..

2.Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан гэх Х.Тогталхан нь одоо СС Монголия ХХК-д гагнуурчны ажлыг хийж байна. Гагнуурчны ажил бол хүнд, хортой ажлын жагсаалтад багтдаг юм. Х.Тогталхан нь тус байгууллагад ажиллаж байгаад 2007 онд гагнуурчны ажлаас чөлөөлөгдсөн ба үүнээс хойш өөр байгууллага болон хувь хүмүүст гагнуурчнаар ажиллаж байсан нь нотлогдсон гэж үзэж байна. Иймд Х.Тогталханы хөдөлмөр чадвар алдалтын хувь нэмэгдсэн асуудалд тус компаниас гарснаас хойш ажиллаж байсан байгууллагууд ч буруутай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл А.Тогталхан нь тус байгууллагаас ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш эдүгээ 9 дэх жил болж байна. Иймд А.Тогталхан нь зөвхөн Хотгор ХХК-нд гагнуурчнаар ажиллаж байсны улмаас хөдөлмөрийн чадварыг 75 хувиар алдсан нь гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж байна. Хэрвээ Х.Тогталхан нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хөнгөн ажилд шилжих ёстой. Энэ нь 2007 оноос эхэлнэ гэсэн үг юм. Тэр үед Х.Тогталхан нь хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан гэдгийг эмч нарын комиссын шийдвэрээр тогтоогдсон юм. Асуудлыг энэ өнцгөөс авч үзвэл Х.Тогталхан нь хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол мэргэжлээс шалтгаалах өвчин авсан гагнуурчны ажил хийх ёсгүй ба харин өөр төрлийн хөнгөн ажил хийх ёстой юм. Иймд нэхэмжлэгч Х.Тогталханы нэхэмжилж буй 12589588 \Арван хоёр сая таван зуун наян есөн мянга таван зуун наян найман мянга\ төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хотгор ХХК-ний гүйцэтгэх захирал З.Кадирхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Тогталхан нь тус компанид гагнуурчнаар ажиллаж байгаад Хотгор ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1. Х.Тогталхан нь 2007 онд Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группд гарсан байна. Хотгор ХХК-аас Мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрийг 2007 онд эхний удаа авсан тухай 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн гарын баримтад бичсэн байна. 2. 2010 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар тогтоолгожээ. Дараа нь Х.Тогталхан нь 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хотгор ХХК-ний захиргаа ба санхүүд дараах хүсэлтийг гаргажээ. Хөдөлмөрийн чадвар алдалт 55 хувь байснаас 10 хувь нэмэгдэж 65 хувь болж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэмэгдсэн учраас хуулийн дагуу 9 сарын нөхөн олговрыг олгож өгөхийг хүсэж байна гэжээ. Компанийн удирдлага энэхүү хүсэлтийг хүлээн авч Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад танилцуулж, 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын 2 дахь удаагийн нөхөн төлбөрт 675000 төгрөг олгосон нь Х.Тогталханы тухайн үеийн гарын баримт болон Хотгор ХХК-ийн мөнгө олгохыг зөвшөөрсөн бичгээр нотлогдож байна. За ингээд Хотгор ХХК нь Х.Тогталханд нэгээс дээш удаа буюу 2 удаа нөхөн төлбөр олгосон байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг 2 удаа авсан тухай Х.Тогталханы гарын баримтад бичсэн байна. 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 71 хувиар тогтоолгосон байна. Х.Тогталхан нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 65 хувь байснаас 71 хувь болж нэмэгдсэний дараа буюу 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр компанийн захиргаа ба санхүүд дараах хүсэлт гаргажээ. Миний бие Хавдраш овогтой Тогталхан нь Хотгор ХХК-д ажиллаж байгаад 2007 онд Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группд гарсан. 2012 онд тус группийн хувь 71 хувь болсон тулхуулийн дагуу олгох ёстой 18 сарын тэтгэмжийг олгоно уу гэжээ. Энэхүү өргөдлийг компанийн дүрмийн дагуу Хотгор ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад танилцуулсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бид өмнө нь нэгээс дээш удаа буюу 2 удаа мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийг олгож байсан. 3 дахь удаа олгох боломжгүй юм. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд зориулан буцалтгүй тусламж олгохыг зөвшөөрсөн юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын энэхүү шийдвэрийг тухайн үед Х.Тогталханд танилцуулсан. Х.Тогталхан үүнийг зөвшөөрч 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эмчилгээнд зориулан 650000 төгрөгийн буцалтгүй тусламж хүлээн авсан нь талуудын баримтаар нотлогдож байна. Х.Тогталхан 650000 төгрөгийн буцалтгүй тусламж хүлээн авсан гарын баримтад ...миний бие компаниас нэхэмжлэх 3 дахь удаагийн нөхөн төлбөрийг талаар харилцан тохиролцоонд хүрлээ гэж бодож дахин төлбөр нэхэмжлэхгүй болно гэжээ. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан байдаг. Хотгор ХХК нь нэхэмжлэгч Х.Тогталханд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрийг нэгээс дээш удаа буюу 2 удаа олгосон юм. Х.Тогталхан нь 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эмчилгээнд зориулан 650000 төгрөг авсан үед 3 дахь удаа нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэж тухайн үед гарын баримт өгч байсан. Гарын баримтад Миний бие компаниас нэхэмжлэх 3 дахь удаагийн нөхөн төлбөрийн талаар харилцан тохиролцоонд хүрлээ гэж бодож дахин төлбөр нэхэмжлэхгүй болно гэжээ. 2. Гагнуурын ажил бол хортой нөхцөлд хамрагддаг. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүс өөрт тохирох хөнгөн ажилд шилжих ёстой байдаг. Жишээлбэл Мэргэжлийн өвчин судлалын төвийн эмч нарын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад ... хөдөлмөрийн чадвар алдалтыг 71 хувиар сунгав. Тохирч тэнцэх хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрөв гэжээ. Х.Тогталхан нь 2007 онд тус компаниас өөрийн хүсэлтээр гагнуурчны ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өөр байгууллага болон хувь хүмүүст гагнуурчнаар ажиллаж байсан нь нотлогдсон гэж үзэж байна. Тийм учраас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөр компанид ажиллаж байхдаа нэмэгдсэн байж магадгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Тогталхан нь анх тус шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Хотгор ХХК-аас ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний хохирол буюу нөхөн төлбөрт 12589588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагчаас 5597748 төгрөг гаргуулахыг хүссэн болно.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, нэхэмжлэгч Х.Тогталхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь Хотгор ХХК-ний гүйцэтгэх захирлын 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ажлаас чөлөөлөх ба томилох тухай 14 дугаар тушаал, мөн 2013 оны 07-10 дугаар саруудад Хотгор зам ХХК-нд ажиллаж байсан нь гэрч А.Талгат, Б.Намжилхүү, Б.Сайннэргүндэг нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр, мөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс СС Монголиа ХХК-нд гагнуурчнаар ажиллаж байгаа болох нь тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Үндсэн ажилтнаар томилох тухай 228/02 дугаар тушаал болон Нийгмийн даатгалын улсын байцаагчийн гаргаж өгсөн Х.Тогталханы цалингийн жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Тогталханы гагнуурчны ажил үүрэгтэй холбоотойгоор химийн бодис, хий утаа, уур амьсгалснаас үүсэх амьсгалын эрхтний эмгэг мэргэжлийн өвчтэй тул Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн ЭХМК-ийн шийдвэрээр 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 55%, 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 65%, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 71%, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөдөлмөр чадварын алдалт 75%-иар тус тус тогтоон сунгаж байсан ба 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5510 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Хотгор ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тогталханд 2007 онд эхний удаа, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 дахь удаа 675000 төгрөг буюу 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг, мөн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 650000 төгрөгийг эмчилгээнд зориулан буцалтгүй тусламжийн зорилгоор тус тус олгож байсан нь нэхэмжлэгч Х.Тогталханы тухайн үеийн гарын баримт, хариуцагч Хотгор ХХК-ний захирлын санхүүд бичсэн мөнгө олгохыг зөвшөөрсөн бичгээр тус тус нотлогдож байгаа ба зохигчид энэ талаар маргахгүй байна.

Иймээс нэхэмжлэгч Х.Тогталхан нь хариуцагч Хотгор ХХК-аас хөдөлмөр чадвар алдалтын хувь нэмэгдсэнээр нэгээс дээш удаа буюу 2 удаа нөхөн төлбөрийг гаргуулж авсан, гурав дахь удаа нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэж тухайн үед гарын баримт өгч байсан, мөн 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хариуцагч Хотгор ХХК-аас үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд өөр компанид мэргэжлээр /гагнуурчнаар/ ажиллаж байгаад хөдөлмөр чадвар алдалтын хувь нэмэгдсэнээр хариуцагч Хотгор ХХК-наас 3 дахь удаагаа нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Тогталханы нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Тогталханы үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрт 5597748 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэл нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой гаргасан маргаан тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4, 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-ийг тус тус баримтлан хариуцагч Хотгор ХХК-аас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрт 5597748 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч Х.Тогталханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ