Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00789

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2016/00789

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, утас 000000000, РД:00000000 Т овогт Ж А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, утас 000000000, 0000000000 М овогт Б А холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Газар өмчлүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бусаар барьсан хашаа, хувийн сууц, зуны байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 3 дугаар сард С.М Өлгий сумын 4-р багт байрлалтай /Тирлик захын хажууд/ 000000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрыг худалдаж авч улмаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-00000000 дугаарт бүртгүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээ авсан. Дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрыг Х К нь Өлгий сумын Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамж-аар Х.А шилжүүлжээ. Х.А нь уг 356 м.кв газрыг 2013 онд С.М худалдаж, улмаар С.М би 2015 онд худалдаж авсан юм. Би уг газарт Авто угаалын төв барихаар болж, барилгын зураг төслийг хийх явцад миний өмчлөлийн газар нь 365 м.кв-д хүрэхгүй, түүнээс бага хэмжээтэй буюу 218 м.кв талбай надад оногдсон болохыг мэдсэн. Учрыг нь лавлаж Өлгий сумын газрын даамал, аймгийн ГХБХБГазраас кадастрын зургийг гаргуулж үзэхэд хөрш айл буюу миний газартай хил залгаа газар эзэмшигч Б А нь дур мэдэн зөвшөөрөлгүйгээр /миний газарт/ хашаа татаж байшин барьсан болох нь илэрсэн. Энэ талаар Б.А удаа дараа мэдэгдэж, хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлөлгүй өдий хүрлээ. Б.А нь өөрт хуулиар олгогдсон газартай залгаа орших миний өмчлөлийн газраас урт нь 21 м өргөн нь 7 м, нийт 147 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь газрын албаны холбогдох албан тушаалтнуудын хэмжилт, кадастрын зураг бусад нотлох баримтуудаар нотлогдсон болно. Энэ талаар Өлгий сумын Засаг даргад хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Иймд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б.А-ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний барьсан хашаа, байшинг албадан нүүлгэж, миний өмчлөлийн газрыг Б.А-аас чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие Ж.А нэхэмжлэлтэй Б.А холбогдох тухай иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатнаас эхэлж оролцож байгаа. Нэхэмжлэгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдэж өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн байгаа. Нэхэмжлэгч Ж.А нь тус шүүхэд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б.Аын хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний барьсан хашаа байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015 оны 3 дугаар сард иргэн М Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 мк.в газрыг худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Дээрх газрыг Х К гэдэг хүн 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр А гэгчид худалдаж, улмаар А нь М, 2015 онд М А худалдаж авсан байдаг. Нэхэмжлэгч Ж.А нь тухайн газарт авто угаалгын төв барихаар газрын хөрсний шинжилгээ хийлгэх явцад өөрт нь худалдсан газар нь 365 мк.в газарт хүрэхгүй, түүнээс бага хэмжээтэй болох нь илэрсэн байдаг. Энэ талаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус тус мэргэжилтнүүдийг урьж авчирч хэмжилт хийлгэсэн. Энэхүү хэмжилт хийлгэх явцад анх худалдаж авсан газар нь 365 мк.в газарт хүрэхгүй болох нь илэрсэн. Энэ талаар Өлгий сумын Засаг даргад гомдол гаргасан боловч гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Ингээд нэхэмжлэгч Ж.А нь шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тухайн газарт үзлэг хийсэн. Үзлэгийн явцад Ж.А өмчлөлийн газраас урт нь 34 мк.в, нийтдээ 60 мк.в газар Б.А-ын газартай давхацсан байдалтай маргаан бүхий газар болох нь тодорхойлогдсон байдаг. Энэхүү үзлэгээр 338 мк.в газар өөрт нь ногдсон болохыг шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Мөн үзлэгээр Б.А нь 2010 оны Засаг даргын захирамжаар өөрт нь олгосон 558 мк.в газраас 180 мк.в газрыг илүү буюу 739 м.кв газар эзэмшиж байгаа нь тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т Газар өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхдээ хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэж заасан бөгөөд Б.Аын энэхүү үйлдэл нь иргэн Ж.А өөрийн өмчлөлийн газарт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Б.Аын хууль бус үйлдлийг таслан зогсоож, түүний барьсан хашаа байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх шийдвэр гаргуулж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч Б.А-ын шүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Миний бие эцэг эхийн эрүүл мэндтэй холбоотой Казахстан улсаас нүүж ирээд 1998 онд Өлгий сумын 4 дүгээр багт одоо оршин сууж байгаа газарт байшин барьсан юм. 1.Өөрөө энэ хашааны нэг талд 2005 онд авто засвар хийх 50 м.кв хэмжээтэй засварын газар барьсан. 2. 2010 онд өөртөө 6 өрөө бүхий байшин барьсан.Уг барилгууд бүгд улсын бүртгэлд бүртгэгдэж, 2010 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, баримт бичиг нь хуулийн дагуу, бэлэн байгаа. Аав, манайх хоёр газар хувааж, кадастр авч байгаагүй. 2012 онд ээж Х.К 9 дүгээр багт газар авч нүүх болоод миний өмчлөлийн байшин ба дугуйн засварын газар хоорондын газрыг надад өгөөд өөрийн байшингийн бууриа мөнгө шаардлагатай байсан учраас Р.А кадастргүй, зөвхөн чөлөөтэй байсан газрыг худалдсан юм.2013 онд өөрийн авсан чөлөөтэй газрыг М гэдэг хүнд худалдсан. М 2015 онд зөвхөн худалдаж авсан газраа Ат худалдсан. Ат миний байшингийн өнцгөөс С байшингийн өнцөг хүртэл гэдгийг сайн зааж өгсөн гэсэн. Надтай газрын талаар маргавал ээж К маргах ёстой. А өөрийн шаардлагад нийцэх авъя гэсэн таалагдсан газраа аваад, үйлдвэрийн газраа бариад, өчнөөн хугацаа өнгөрсний дараа, бүтэн 1 жилийн дараа миний 10-18 жил амьдарсан, миний барьсан байшингийн газрыг оруулж 2012 онд зурагдсан зургийг авчраад байшинг чинь нураана, газар чөлөөлж өг гэж байгааг эсэргүүцэж байна. А 2015 онд М газар авахдаа миний байшингийн нэг талын хааныг оруулж өг, үгүй бол авахгүй гэдгээ тухайн үед М, эсвэл надад яагаад хэлээгүй вэ? Тэр газар авахгүй гэсэн бол хэн ч хүчээр худалдахгүй шүү дээ.Уг газрыг худалдаж авсан 3 хүн надад холбоотой ямар ч маргаан гаргаагүй. Би жинхэнэ эзэнтэй нь газар хувааж кадастрын зураг аваагүй байхад 2012 онд уг кадастрын зургийг хэн гаргаж өгсөн бол? Газар дээр нь ирж нүдээрээ харж зурагт байшин байна уу, газар байна уу гэдгийг харж эзэнтэй нь яагаад яриагүй вэ? Казахын ард түмэн өвөг дээдсээс уламжлагдсан үр хүүхдэдээ гэр бүрж өгч, өрх тусгаарлаж, инж хуваарилан өгдөг заншилтай биз дээ. Бид нэг хашаанд кадастрын зураггүй амьдарч байсан учраас ямар газар кадастрт орсон, аль газар кадастрын шугам байгаа эсэхийг мэдээгүй. Би Аийг сайн танихгүй. А эд хөрөнгөтэй бизнесмен, ард түмний сонгосон төлөөлөгч, залуу боловсон хүчин, байгууллагын дарга өсөх ирээдүйтэй залуу гэж сонссон. Би түүнд газар худалдаагүй, ямар нэгэн авлага, өглөг байхгүй. Бидний ингэж маргаж байгаа нь газар худалдсан хүний буруу юу? Кадастрын зураг олгогчийн буруу юу? Гэдгийг мэдэхгүй байна. Хууль шүүх учир байдлыг тогтоож, тал бүрээс нь шалгана гэдэгт итгэж байна гэжээ.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбарт:Энэ газраас аав маань 1998 онд тус газраас газар өмчилж авсан. 2010 онд аавын хашаанд би нүүж ирээд байшин барьж гэрчилгээ авсан. Тэрнээс хойш тэнд байгаа, өөр газар нүүж байшингаа өөрчилж бариагүй. 2010 онд байшин барихдаа газрын албаны хүмүүсээр газраа заалгаж авсан. Тэр үед кадастрын зураг зуруулаагүй байсан. Би Ж.Аийг танихгүй. Миний амьдарч байгаа байшинг оруулж кадастрын зураг зуруулсны ойлгохгүй байна. Би Ж.Атэй наймаа хийгээгүй. Ээж маань А гэдэг хүн зарсан. А нь М зарсан. М нь Ат зарсан байна. Тэр хүмүүс худалдаж авах үед ийм маргаан гаргаагүй. А нь миний байшингийн цонхыг хаагаад кантнейр тавьсан байсан. Тэрийгээ аваарай гээд удаа дараа шаардлага тавихад хүлээн зөвшөөрөөгүй учраас кран авч ирээд угаалгын газрын тэнд аваачиж буулгасан. Тэнд өс санаж ийм асуудал гаргаж байна гэж ойлгож байна. Хэрвээ газар нь дутуу байгаа бол худалдсан Мэй маргах ёстой. Ээж маань 2010 онд нүүж явахдаа А гэдэг хүнд худалдсан. Тэр талаар А, М нарын гарын баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ж.А нь 2015 оны 3 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р баг Их булан-д /Тирлик захын хажууд/ байршилтай 011304403 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрыг С.М худалдаж авсан болох нь С.Мийн гарын баримтаар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр олгосон №000324613 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р баг Их булан-д байршилтай 031304403 нэгж талбарын дугаартай эрхийн бүртгэлийн Г-0213003881 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 365 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч Ж.А худалдан авсан газар нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой буюу газрын хэмжээ 365 м.кв-т хүрэхгүй бага хэмжээтэй буюу 336 м.кв хэмжээтэй болох нь зохигчдын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ж.А нь худалдаж авсан газрын хэмжээ 365 м.кв эсэхийг газрыг худалдан авахаас өмнө, худалдан авах үед хэмжилт хийлгэх замаар шалгаж мэдэх боломжтой байхад шалгаагүй, мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх үүргээ биелүүлээгүй мөртлөө шууд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №00000000 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичүүлж авсан нь буруу болжээ.

Нэхэмжлэгч Ж.А тухайн газрыг худалдан авахаас 5 жилийн өмнөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар хариуцагч Б.А нь 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдөр олгосон №00000000 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р баг Их булан-д байршилтай 0000000 нэгж талбарын дугаартай, эрхийн бүртгэлийн Г-0000000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 558 м.кв газрын хууль ёсны өмчлөгч байсан нь, улмаар хариуцагч Б.А нь өөрийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, зургаан өрөө, эрхийн бүртгэлийн Ү-0000000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө барьсан болох нь 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр олгосон №000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, мөн зуны амбаар болон хашаа барьсан болох нь үзлэгийн тэмдэглэл зохигчдын мэдүүлгээр нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан газрын албаны холбогдох албан тушаалтнуудын хэмжилт, кадастрын зураг бусад нотлох баримтуудаар хариуцагч Б.А өөрийн өмчлөлийн газраас зүүн урагшаагаа уртасгаж хашаа татан бүгд 739 м.кв болгож газраа томсгосон нь тогтоогдож байгаа боловч энэ нь нэхэмжлэгч Ж.А маргаж буй Б.Аын өвлийн сууц, зуны байшин болон хашаа барьсан гэх газарт хамааралгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ж.А анх өмчлөлийн газраа худалдан авахад 365 м.кв биш бодит байдалд 336 м.кв хэмжээтэй газар худалдан авсан нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан хариуцагч БЮ0000000 М овогт Б Аын хууль бусаар барьсан хашаа, хувийн сууц, зуны байшинг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч РД:БЭ000000 Т овогт Ж А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК