Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2017/02611/И |
Дугаар | 001/ХТ2018/00887 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2018/00887
П.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02924 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2018/00322 дүгээр магадлалтай,
П.Б-ын нэхэмжлэлтэй,
“С” ХХК-д холбогдох,
900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч П.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр unegui.mn сайтаас гар утас зарна гэх зарын дагуу Сийн 96209194 гэх дугаар бүхий утастай үл таних нөхрөөс 900.000 төгрөгөөр Эс-7 загварын гар утас худалдан авч хэрэглэж байтал 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж уг худалдан авсан утас нь хулгайд алдагдсан тухай надад мэдэгдэж, гэрчээр байцаасан. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх гар утсыг хураан авч, хохирогч Ц.Энхтуулд хүлээлгэн өгсөн. Миний бие хохирлоо барагдуулахын тулд хулгайн утас худалдсан үл таних хүнийг олж, хохирол барагдуулах хүсэлт гаргасан боловч Сийн 96209194 тоот дугаар нь тус компанид эзэмшигчийн ямар нэгэн бүртгэлгүй болохыг олж мэдлээ. Улмаар Цагдаагийн байгууллагын зүгээс 6 сар өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг шалгах ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч П.Б- би С ХХК буюу түүний эрх бүхий албан хаагч эзэмшигчийн бүртгэлгүй дугаар олгосон улмаас өөрийн мөнгөн хөрөнгөөрөө хохирсон. Иймд С ХХК-иас 900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: П.Б- нь гар утас худалдан авахдаа хэн болох нь тодорхойгүй этгээдээс хулгайн гэмт хэргийн замаар олж авсан зүйлийг өөрийн хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас авсан. Тэрээр нэхэмжлэлдээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр худалдан авсан гэх боловч хэрэгт авагдсан Үнэгүй групп ХХК-иас ирүүлсэн хариунд зарыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн дараа тавьсан байна. Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гарсан боловч түүнийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага олж тогтоож чадалгүй хугацаа алдаж улмаар хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Энэхүү маргаанд нэхэмжлэгч П.Б- болон Үл таних этгээдийн хооронд үүссэн гар утас худалдах, худалдан авах асуудалд С ХХК-ийг ямар ч холбогдолгүй. Хулгайн гар утас худалдан авсны хариу төлбөр болгон үл таних этгээдэд төлсөн гэх 900.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 96209194 дугаарын хувьд энэ нь урьдчилсан төлбөрт дугаар тул компанийн зүгээс бүртгэх үүргийг Харилцаа холбооны тухай хуулиар хүлээдэггүй. Харин дараа төлбөрт хэрэглэгчдийн бүртгэлийг хөтөлдөг. Нөгөөтэйгүүр худалдаанд байгаа урьдчилсан төлбөрт дугаар бүрийг бүртгэх боломж хязгаарлагдмал, иргэд шууд цэнэглэх байдлаар ашиглаад явдаг. С ХХК нь уг хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02924 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан С ХХК-иас эд хөрөнгөд учирсан хохиролд 900.000 төгрөг гаргуулах тухай П.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2018/00322 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.650 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 17-ний өдрийн 181/ШШ2017/02294 дугаар бүхий иргэний хэргийн шүүхийн шийдвэр, 2018 оны 01-р сарын 29-ны өдрийн нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00322 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Аль ч үүрэн телефоны дугаар худалдан авахад Санамж гэж бичээд “Энэхүү карт нь С ХХК-ийн өмч бөгөөд карт эзэмшигчээс бусад этгээд эзэмших, ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг бөгөөд энэ санамж бичгээс үзвэл дугаарын өмчлөгч нь С ХХК болж байгаа юм. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг бусдад гэм хор учруулахгүйгээр ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй бөгөөд бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч нь хариуцах үүрэгтэй гэдгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн боловч анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь С ХХК өөрийн өмчлөлийн 96209194 дугаарын эзэмшигчийн мэдээлэл бүртгэж аваагүй эс үйлдэхүйгээс болж иргэн П.Б-д 900,000 төгрөгийн гэм хор учраад байна. Хэрэв С ХХК нь дугаар эзэмшигч нарынхаа мэдээллийг бүртгэж авсан бол П.Б- тус мэдээллийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Скайтал ХХК-ний эс үйлдэхүйн улмаас гэм хор учирч байгаа тул С ХХК Иргэний хуулийн 497.1-т зааснаар гэм хорыг арилгах үндэслэл болж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй нь үнэн боловч нэхэмжлэгч талд учирсан гэм хор нь хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас бий болсон. Тус үйлдэл нь өмчлөлийн зүйлээ бусдад гэм хор учруулахгүйгээр чөлөөтэй ашиглах эрхтэй бөгөөд бусдад гэм хор учирвал өмчлөгч нь хариуцна гэсэн хуулийн ерөнхий үзэл санааг анхан болон давж заалдах шатны иргэний хэргийн шүүхээс үнэлж үзээгүйд гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч С ХХК-аас 900.000 төгрөг нэхэмжлэхдээ дугаар олгохдоо эзэмшигчийг бүртгээгүйгээс хохирол учирсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа урьдчилсан төлбөрт дугаар эзэмшигчийг бүртгэх үүрэггүй гэжээ.
Нэхэмжлэгч нь 96209194 дугаараас 2016 оны 12 дугаар сарын 22-ний өдөр үнэгүй.мн сайтад байрлуулсан зарын дагуу Самсунг эс-7 маркийн гар утсыг 900.000 төгрөгөөр худалдан авсан боловч уг утас хулгайд алдагдсан байсан тул Цагдаагийн байгууллагаас хураан авсан нь тогтоогджээ.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан. Ийнхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай болно.
Нэхэмжлэгч нь хулгайд алдагдсан утсыг худалдан авсан, үүнд хариуцагч С ХХК-ийн хууль бус үйлдэл, гэм буруу тогтоогдоогүй, энэ тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар түүнд гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч өөрийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 210/МА2018/00322 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 26.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
“