Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0601/з |
Дугаар | 221/МА2021/0603 |
Огноо | 2021-11-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0603
Д.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 590 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 590 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3, 66.4-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргатай байгуулсан эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах, “М А” ХХК нь “Д” зуслангийн өмчлөгч мөн эсэх, энэ компанийн эзэмшил газрыг тодруулах, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг эсэхийг эцэслэн тогтоолгох, Нийтийн эзэмшлийн орц гарцыг хааж хашаа, хаалга барьсныг нээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа нэхэмжлэгч Д.Э татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Шүүхийн тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/225 дугаар захирамжийн Д.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, бичмэл нотлох баримт буюу шүүгчийн захирамжийг буруу, дутуу үнэлсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
... Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” 982 дугаар захирамжид заагаагүй асуудлаар захирамж гаргаж, 2012 онд иргэнд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөөгүй.
... Нэхэмжлэгч Д.Э-т газар эзэмших эрх олгосон захирамж нь шүүхийн шийдвэр албадан биелүүлэх захирамжаас даруй 2 сарын дараа гарсан зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэх ёстой байжээ.
... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй.
... Шүүх актын хууль зүйн үндэслэлд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа актад үндэслээгүй хууль, үйл баримтаар зөвтгөж гүйцээсэн байдаг.
... Мөн дүүргийн Газрын албанаас 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 669 дугаар албан бичгээр Захиргааны хэргийн 20 дугаар шүүхэд “...М А Х” ХХК-д 0.04 га газар эзэмших эрх олгосон, мэдээллийн санд бүртгэлгүй, эргэн тойрны 500 м газарт 384 айл газар эзэмших эрх авч оршин сууж байгаа... “ үндэслэлээр 2007 оны 235 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргасан байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн эзэмшиж байсан гэх газрын хэмжээг хэрхэн тогтоож, шүүхийн шийдвэр биелүүлж захиргааны акт гаргасан нь ойлгомжгүй бөгөөд 11 га хэмжээтэй бүртгэгдсэн байхад 26 га, түүний эргэн тойронд нэхэмжлэгчийн газар багтсан гэх үндэслэлээр маргаан бүхий акт гарсан нь бодит байдлаас илтэд зөрүүтэй байна.
... Маргаан бүхий акт гарах үед талуудын газрын хилийн зурвас, эргэлтийн цэгүүд, давхцлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч ч 2015 онд акт гаргахдаа энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй. Нэхэмжлэгч 2015 оны актыг хүчингүй болгуулахаар маргаж байхад тухайн үеийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан түүхчилсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнээгүй.
... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож, эрх зөрчигдсөн байдлыг огт анхаарч үзээгүй. Хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, талуудын маргаж буй үндэслэлийг хууль тайлбарлах замаар няцаалт, зөвтгөлийн алийг нь ч хийгээгүй. 2012 онд хууль ёсны гэж үзэж, нэхэмжлэгчид газар олгосон захиргааны актыг бусдын газарт давхцуулан олгосон гэж хэтрүүлэн дүгнэж. 2021 онд 26 га талбайгаар анх удаа нэгж талбараа баталгаажуулсан үеийг үндэслэл болгон эдүгээчилж дүгнэсэн нь логик, учир холбогдлын илэрхий алдаатай.
... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамж нь 25 дугаар суваг телевизийн мэдээ болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн гарсан байдаг бөгөөд, шүүхийн шийдвэр биелүүлсэн гэх агуулгатай, хариуцагч татгалзлаа мөн ингэж тайлбарладаг.
... Газрын тухай хуулийн хүрээ хязгаар, зарчимд нийцсэн эсэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх акт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод үндэслэсэн эсэхийг огт шалгаагүй, эерэг нөлөөлөл бүхий актыг цуцалсны үр дагавар болох нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хэрхэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд давж заалдах шатны шүүх дээрх асуудлыг магадлаж өгөхийг хүсч байна.
... Газрын тухай хууль хэвээр мөрдөгдөж байсан бөгөөд захиргааны байгууллагын алдаатай шийдвэрийн үр дагаврыг иргэн хариуцах үндэслэлгүй.
... Хариуцагч эрх цуцалсан захиргааны актыг нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, гардуулаагүй, нэхэмжлэгч сүүлд өөрөө хувийг нь олж авсныг, акт гаргахдаа нөхцөл байдлыг тогтоосон, нотлох баримт цуглуулсан, сонсох ажиллагаа хийсэн ямар ч баримт захиргааны актын хувийн хэрэгт байхгүй, ийм ажиллагаа хийгээгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг.
Эндээс үзвэл шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд иргэн захиргааны байгууллагад итгэх хууль ёсны итгэл, шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн гэж үзнэ.
... Шүүх 3 зурагны нэг л зургийг буюу маргааны үйл баримтад цаг хугацааны хувьд огт хамааралгүй 2021 оны 06 дугаар сарын зургийг нотлох баримтаар үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. ... Шүүх нотлох баримтыг буруу үнэлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлдог боловч тодорхой тохиолдолд шүүх захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргахыг даалгах шийдвэр гаргах боломжтой байдаг.
... Эвлэрлийн ... гэрээг хэрэгжүүлэх талаар талууд тохиролцоогүй тул хариуцагч эвлэрлийн гэрээг буруугаар тайлбарлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, цаг хугацааны хувьд 2007 оны эвлэрлийн гэрээний дараа буюу 2012 онд нэхэмжлэгчид газар олгосон нь хариуцагчийн гаргасан шийдвэр бөгөөд үүнд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох ... нөхцөл үүсээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Маргаан бүхий актад газрын харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийг үндэслэл болгохын оронд телевизийн мэдээг урьдач нөхцөл болгосон байдаг.
... Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх 2007 оны шүүгчийн захирамжийг буруу тайлбарлаж. нотлох баримтыг буруу үнэлсэн, газруудын нэгж талбарын давхцал, байршлыг харуулсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ш-д зуслангийн зориулалтаар 26 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Газар эзэмших эрхийн 0046464 дугаартай гэрчилгээг олгож, гэрээ байгуулснаар “М А” ХХК-д тухайн газрыг эзэмших эрх үүсжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “М А” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ш-ын амны төгсгөлд байрлах О-ын хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын бүсэд хамаарах хариуцан хамгаалах 40 га хүртэл газрыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ойн сан бүхий газрыг “М А” ХХК хариуцан хамгаалах, эзэмшүүлэхээр “Ойн сан бүхий газрын байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний 2.6-д “ ... хамгаалж буй ойн сан бүхий хүүхдийн “Д” зуслангийн баталгаажсан газрын эргэн тойронд 500 метр газарт бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр газар олгохгүй байх үүргийг Сүхбаатар дүүргийг Засаг дарга хүлээх”-ээр тусгасан.
Дээрх гэрээтэй холбогдуулан “М А” ХХК-аас “О-ын хүүхдийн “Д” зуслангийн эзэмшил газар болон ойн сан бүхий эргэн тойрон эрүүл ахуйн халдвар хамгааллын 500 метр хүртэл газарт газар олгож буй Сүхбаатар дүүргийн Засаг даргад цаашид шинээр газар олгохгүй байх талаар зохих акт гаргахыг даалгах, ойн сан бүхий газарт хашаа, сууц барьсан иргэдэд зуслангийн газар хувьчлах талаарх асуудлыг зогсоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар “Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ш-ын амны төгсгөлд орших “М А” ХХК-ийн “Д” зуслангийн эзэмшил 26 га газар болон түүний эргэн тойрон эрүүл ахуй, халдвар хамгааллын 500 метр хүртэл ойн сан бүхий газарт 2007 оны 05 дугаар сарын 01-нээс хойш бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй, эзэмшүүлж, ашиглуулахгүй байх, Энэхүү ойн сан бүхий газарт болон “Д” зуслангийн цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжийн дэргэд хашаа, сууц барьсан иргэд байгууллагад зуслангийн газар өмчлүүлэхгүй байх, Зөвшөөрөлгүй газар эзэмших, ашигласан талаарх асуудлыг тухай бүр хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж байх” үүргийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
“Монгол Улсын Байгаль хамгаалах болон Ойн тухай хуулиуд, нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах, Тухайн газарт зөвшөөрөлгүй газар эзэмших, ашиглах талаарх хууль бус үйлдлийн талаар дүүргийн Засаг даргад тухай бүр түргэн шуурхай мэдэгдэж, шийдвэрлүүлж байх, Дээрх газартай холбогдон гарсан зөрчлийн талаар мэргэжлийн хяналтын байгууллагад нэн даруй мэдээлж зохих арга хэмжээ авч байх” үүргийг “М А” ХХК тус тус хүлээхээр харилцан тохиролцон “Эвлэрлийн гэрээ”[1] байгуулсныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжаар[2] эвлэрснийг баталж, “М А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар[3] Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Ш-од тус бүр 700 м.кв талбай бүхий 2 газрыг Д.Э-т олгосон бөгөөд нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2014 оны 06 дугаар сарын архивын зурган мэдээлэлд “М А” ХХК-ийн нэгж талбарын 18645329339814 дугаар бүхий 117289 м.кв газартай Д.Э-ийн нэгж талбарын 18645329581767, 18645329554760 дугаарууд бүхий тус бүр 700 м.кв талбай бүхий газрууд нь давхцалгүй[4] байдлаар тус тус бүртгэгджээ.
Гэвч “М А” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 235 дугаар захирамжийг албадан биелүүлэх тухай” хүсэлт гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 982 дугаар захирамжаар хангаж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” А/225 дугаар захирамжаар “2012 оны 260 дугаар захирамжийн Д.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон”-ыг хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Учир нь “М А” ХХК-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжаар эзэмшиж эхэлсэн 26 га газарт давхцуулан нэхэмжлэгчид хожим газар олгосон нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтны маргаан бүхий 2015 оны А/225 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 406 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М А” ХХК-ийн ““М А” ХХК-ийн эзэмших “Д” хүүхдийн зуслангийн зориулалттай газрыг 2004 оны Газар эзэмших гэрээ, 0046464 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын баталгаат хэмжээг тогтоосон актад заасан 26 га хэмжээгээр зөвтгөн газрын мэдээллийн санд оруулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хуулийн хүчин төгөлдөр болсон,
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2/1188 дугаар албан бичиг, түүний хавсралт зургууд[5]-аар “2014 оны 06 дугаар сарын архивын мэдээлэлд анх нэгж талбарын 18645329581767, 18645329554760 дугаарууд бүхий тус бүр 700 м.кв талбай бүхий газрууд нь Д.Э-ийн нэр дээр бүртгэгдэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/225 дугаар захирамжаар хүчингүй болгосныг,
2021 оны 06 дугаар сарын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын 18645329339814 дугаар болон талбайн хэмжээ, эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж, нэгж талбарын 1462006270 дугаар бүхий 260000 м.кв талбайтайгаар “М А” ХХК-ийн нэр дээр бүртгэснээс үзвэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга анх гуравдагч этгээд “М А” ХХК-д эзэмшүүлсэн 26 га газартай давхцуулан нэхэмжлэгч Д.Э-т газар олгосон болох нь тогтоогдсон байна.
Үүнээс үзвэл ““М А” ХХК-ийг Ш-од зуслангийн зориулалтаар 26 га газар эзэмшдэггүй”, “Газрын кадастрын мэдээллийн санд Д.Э-т газар эзэмшүүлэх үед уг компанийн эзэмшил газар 26 га хэмжээтэй бус 117289 м.кв хэмжээгээр тусгасан байсныг үндэслэн Д.Э-т газар эзэмшүүлэх эрх хууль ёсоор үүссэн” гэж дүгнэх боломжгүй.
Нөгөөтээгүүр, хариуцагч албан тушаалтан “телевизийн мэдээний бичлэгээр газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдсэн” талаар дурдсан нь тухайн мэдээг үндэслэн маргаан бүхий захиргааны акт гаргасныг шууд нотлохгүй бөгөөд энэ талаарх болон “зөвхөн нэг зургийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон“ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Эдгээр нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 590 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Шүүхийн тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1” гэснийг хасаж, “31.3” гэсний дараа “61 дүгээр зүйлийн 61.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР