Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00796

 

 “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дүгээр магадлалтай,

            “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             “Ж” ХХК-д холбогдох

       Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,482,757,472.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жамъяансүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхтайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

      Нэхэмжлэгч “К” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ж” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 22-нд 348 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4,000,000,000 төгрөгийг жилийн 5,5 хувь, сарын 0,46 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 9 хороо, 3 хороолол, 35-3 тоот Ү-2205047931 улсын бүртгэлийн дугаартай 1470 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягийн 35-б тоот Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай 726 м.кв бүхий 1, 2 давхар, тус хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037501 улсын дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 9 хороонд байрлах 226 м.кв талбайтай газар, мөн 860 м.кв талбайтай газрыг барьцаалсан. Энэ хугацаанд үндсэн зээлээс 190,000,000 төгрөг, хүү 360,901,156 төгрөг, нийт 550,901,156 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан. Сүүлийн байдлаар үндсэн зээл 3,810,000,000 төгрөг, хүү 560,631,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,126,245 төгрөг, нийт 4,482,757,472 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хүүг гэрээнд зааснаар тооцсон. Хариуцагч төлбөрийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

           Хариуцагч “Ж” ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ж” ХХК нь Ктай зээл, барьцааны гэрээ байгуулсан талаар маргаангүй. Нэхэмжлэгч анх 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3-т заасны дагуу гэрээг цуцалсан гэсэн зүйл бичсэн. Одоо нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 4,482,757,472 төгрөг, энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн.  Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмсэн. Анх 4,150,742,719.00  төгрөгийг нэхэмжилсэн, шинжээчийн дүгнэлтэд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 3 сарын дараагийн байдлаар тооцоход бүх зээлийн төлбөр 4,103,680,840 төгрөг байхаар гарсан. Энэ тооцоололд нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 16,103,378 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2016 оны 08 дугаар сарын 01-ний байдлаар 4,466,654,093 төгрөг нэхэмжилсэн бол шинжээч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 4,103,680,840.21 төгрөг гэж дүгнэлт гаргасан нь 363,000,000 төгрөгөөр зөрж байгаа. Шинжээч 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тооцоолол гаргасан. Ингэхдээ 4,318,627,470 төгрөг гэж тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн нэхэмжлэл гаргаснаар хүү тооцох асуудал зогссон гэж үзэж байна. Учир нь гэрээний 8.3-т заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид гэрээнээс татгалзахад цуцалсан өдрөөр үндсэн болон нэмэгдэл бүх үүрэг дуусгавар болох, гэрээг цуцлах шаардлага гаргасан тохиолдолд шүүхэд хүү тооцох эрхтэй гэсэн байгаа. Иймд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр нэхэмжлэл гаргасан бол тухайн өдөр хүртэл хүүг нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсэн боловч шинжээчийн дүгнэлтээр 4,103,680,840 төгрөгөөс хэтрэхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг бодитойгоор тогтоож шийдэж өгнө үү гэжээ.            

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас 4,482,757,472 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "К" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч “Ж” ХХК-иас нэхэмжлэгч “К” ХХК-д төлөх  4,482,757,472  төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар, Ү-2205047941 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35б тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар, Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037500 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 860 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5078 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газраас хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч “Ж” ХХК-иас 2,692,800 төгрөг гаргуулж “Есөн хангай аудит” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,957,838 төгрөгөөс 22,571,737 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 386,100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Ж” ХХК-иас  22,571,737 төгрөгийг  тус тус  гаргуулж нэхэмжлэгч "К" ХХК-д олгож шийдвэрлэжээ.                   

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч Ж ХХК-иас 4,482,757,472 төгрөг” гэснийг “4,342,462,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 140,294,636 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтын “22,571,737” гэснийг “21,870,264” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг буюу нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгээс 222,678,617.79 төгрөгийг нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч К нь 2016 оны 05 дугаар саоын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,150,742,719 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 315,911,374 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөн нэхэмжлэлийн шаардлагаа 16,103,378 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж нийт 4,482,757,472 төгрөгийг нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 140,294,636 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож 4,342,462,830 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Уг нь 362,973,253.79 төгрөгийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан тул магадлалаас 222,678,617.79 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, нэхэмжлэгч К нь 2016.08.01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 315,911,374 төгрөгөөр нэмэгдүүлж 4,466.654,093 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс хүсэлт гаргаж шинжээч томилуулан шинжилгээ хийлгэхэд “... жилийн хүүг 5.5 хувиар, зээлийн гэрээ дуусгавар болох хугацаагаар буюу 2016 оны 08 дугаар сарын 22-ноор тооцоход нийт 4,103.680.840.21 төгрөг ... төлөхөөр байна” гэж дүгнэлт гарсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч 2016 оны 08 сарын 01-ний өдрийн байдлаар /21 хоногийн хүүг хасахгүйгээр тооцоход/ 4,466,654,093 төгрөг шаардах эрхгүй, харин 4,103,680,840.21 төгрөгийг л шаардах эрхтэй болох нь тогтоогдсон. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээс хойш жилийн дараа буюу 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны хүү гэж 16,103,378 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бодитой дүн буюу шаардах эрхтэй нэхэмжлэлийн шаардлагын дүн нь 4,119,784,218.21 төгрөг болно. /4,103,680,840.21+16,103,378/ Иймд шүүх 4,342,462,830 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах биш 4,119,784,218.21 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байсан тул зөрүү болох 222,678,617.79 төгрөг нь үндэслэлгүй юм. Хариуцагч талаас 2016.08.22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах шинжээчийн дүгнэлтээр гаргасан 4.103.680.840.21 төгрөг, 2017.08.04-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлага болох 16.103.378 төгрөг, нийт 4,119,784,218.21 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 69 дүгээр магадлалд нэхэмжлэлийн шаардлага хангасан дүнгээс 222,678,617.79 төгрөгийг хасаж багасгасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

              Нэхэмжлэгч “К” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 202/МА2017/00069 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 172.1-д заасныг удирдлага болгож 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Тус банк нь “Ж” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 348 тоот зээлийн болон барьцааны гэрээг 4,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 5,5 хувь буюу сарын 0,45 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зээлийн график зөрчигдөж хугацаа хэтэрч эхэлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэрээр хариуцагч “Ж” ХХК-иас 4,482,757,472 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02803 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч Ж ХХК-иас 4,482,757,472 төгрөг” гэснийг “4,342,462,830 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 140,294,636 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч К нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардагаа 315,911,374 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 4,466,654,093 төгрөгийг дараа хүсэлт гаргаж шинжээч томилж, “Есөнхангай аудит” ХХК-ийн шинжээчийн дугнэлтээр жилийн хүүг 5.5 хувиар тооцон зээлийн гэрээ дуусгавар болох хугацаагаар буюу 2016 оын 08 дугаар сарын 22-ноор тооцоход нийт 4,103,680,840.21 төгрөг, зээлийн гэрээ дуусгавар болоогүй байх тул 2017 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал хугацаагаар тооцоход нийт 4,318,627,470.35 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “Ж” ХХК төлөхөөр байна гэж дүгнэлт гарсан. Хариуцагч анх “Есөн Хангай аудит” ХХК-ийн дүгнэлт гаргуулахдаа зээлийн хүүг Монголбанкнаас заасан хүү тооцох аргачлалын дагуу үнэн зөв тооцож байгаа эсэхийг шалгуулахаар хүсэлт гаргасан. Тус компаниас хийгдсэн шалгалтаар холбогдох журмын дагуу тооцсон нь үнэн зөв байна гэж гарсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл зээлийн хүү үргэлжлэн тооцогдож байх тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал тухайн аудитын компанийн дүгнэлтийг үндэслэн алдаатай дүгнэж, тооцооллын илт алдаатай шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 202/МА2017/00069 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “К" ХХК нь хариуцагч “Ж” ХХК-иас 348 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,150,742,719 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 3,810,000,000 төгрөг, хүү 560,631,226.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,126,245.29 төгрөг, нийт 4,482,757,472 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг, хариуцагч “Ж” ХХК нь эс зөвшөөрч, зээлийн тооцоолол буруу, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

         Хоёр шатны шүүх зохигчдын хооронд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 348 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 4,000,000,000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хариуцагч компанид зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3, 35б, 35 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг, газрын хамт барьцаалсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ гэж тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

         Зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл 190,000,000 төгрөг, хүү 360,901,156.52 төгрөг, нийт 550,901,156.52 төгрөгийг зээлдэгч төлсөн ба талууд энэ тооцоололд маргаагүй байна. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, түүнийг буцаан төлөх хуваарь, зохигчдын тайлбар, холбогдох бусад нотлох баримтаас үзвэл, хариуцагчийг зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх бөгөөд зээлдүүлэгч нь     зээлийн гэрээ болон хуульд зааснаар үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй юм.

            Хэрэгт авагдсан “Есөнхангай аудит” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих гэрээний үүргийг тооцоход үндсэн зээл 3,810,000,000 төгрөг, хүү 458,548,237 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,079,232 төгрөг, нийт 4,318,627,470.35 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК төлөх үүрэгтэйг тогтоожээ.

            Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэхдээ зээлийн хүүг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр тооцож үндсэн зээл 3,810,000,000 төгрөг, зээлийн хүү 560,631,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,126,245 төгрөг, нийт 4,482,757,472 төгрөгийг хариуцагчийн төлвөл зохих үүрэг гэж тодорхойлсон боловч шинжээчийн дүгнэлтэд зааснаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04 хүртэл 34 хоногт зээлийн хүүг тооцвол 19,862,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,972,564 төгрөг, нийт 23,835,360 төгрөгийг нэмж, нийт /4,318,627,470+23,835,360/ 4,342,462,830 төгрөг зээлдэгч “Ж” ХХК төлөх  үүрэгтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэрэгт авагдсан баримтанд үндэслэсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ гэрээнд зааснаар зээлдэгч талын төлвөл зохих үндсэн үүргийг нарийвчлан тооцож, дүгнэлт хийгээгүй байх тул 140,294,642 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үүргээс хасч шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.   

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч “Ж” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,271,400 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг, нэхэмжлэгч “К” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 859,423 /найман зуун тавин есөн мянга, дөрвөн зуун хорин гурав/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН