Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/02803

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ““К” банк”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ж” ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гурвдагч этгээд: Т.Г,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,482,757,472 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгч ““К” банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т, А.Ж, хариуцагч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ““К” банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь “Ж” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 348 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 5,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар, Ү-2205047941 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35Б тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар, Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037500 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай худалдаа, үйлчилгээний зориулалттай, 860 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5078 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан. Тус компанитай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан ч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 8.3 дах заалтыг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “Ж” ХХК нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 190,000,000 төгрөг, зээлийн хүүнд 360,901,156.52 төгрөг буюу нийт 550,901,156.52 төгрөг төлсөн байна. Иймд "Ж” ХХК-аас зээл, зээлийн хүүний үлдэгдэл төлбөр болох 4,150,742,719 төгрөгийг барьцаа хөрөнгүүд болон бусад орлогоос гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч ““К” банк” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ““К” банк нь 2016 оны 05 сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд “Ж” ХХК-иас 4,150,742,719 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш шүүх хурал зарлагдаагүй удсан тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Үндсэн зээл 3,810,000,000.00 төгрөг, Үндсэн хүү 283,952,265.85 төгрөг байсныг 547,211,744.20 болгож 263,259,478.35 төгрөгөөр, Нэмэгдүүлсэн хүү 56,790,453.15 төгрөг байсныг 109,442,348.84 болгож 52,651,895.69 төгрөгөөр нийт 315,911,374.0 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 4,466,654,093 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч ““К” банк” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ““К” банк нь 2016 оны 05 сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд “Ж” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөр 4,150,742,719.00  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016.08.01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 315,911,374.0 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа 4,466,654,093 төгрөг болгосон. Хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрөөс хойш жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 16,103,378.69 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас үндсэн зээл 3,810,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 560,631,226.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 112,126,245.29 төгрөг, нийт 4,482,757,472 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч ““К” банк” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Тус дүүргийн шүүхэд "“К” банк” ХХК-ний зүгээс “Ж” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт нийт 4,482,757,472 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна үүнд хариуцагчаас зээлийн төлбөрт нийт 4,482,757,472 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Т, Ч.Л нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2013 оны 08 сарын 22-нд 348 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээний дагуу 4,000,000,000 жилийн 5,5 хувийн хүүтэй, сарын 0,46 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 9 хороо, 3 хороолол, 35-3 тоотод байрлах Ү-2205047931 улсын бүртгэлийн дугаартай 1470 м.кв үл хөдлөх хөрөнгө. Мөн тус хаягийн 35-б тоотод байрлах Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай 726 м/кв бүхий 1, 2 давхар. Мөн тус хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037501 улсын дугаартай үл хөдлөх хөрөнгө. Баянгол дүүргийн 9 хороонд байрлах 226 м.кв талбайтай газар. Мөн 860 м.кв талбайтай газрыг барьцаалан зээл авсан. Энэ хугацаанд “Ж” ХХК нь үндсэн зээлээс 190,000,000 төгрөг, зээлийн хүү 360,901,156.52 төгрөг нийт 550,901,156.52 төгрөгийг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийг шаардлагаа нэмсэн. Хамгийн сүүлийн байдлаар үндсэн зээл 3,810,000,000 төгрөг, хүү 560,631,226.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,126,245.29 төгрөг нийт 4,482,757,472 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хүүгийн тооцооллыг гэрээнд зааснаар тооцсон. Хариуцагч “Ж” ХХК нь дээрх төлбөрийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “К” банкнаас “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, дараах агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан гэдэг хариу тайлбар өгөх боломжгүй бөгөөд хариуцагчийн зүгээс мэтгэлцэх зарчмаа хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь хязгаарлагдаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Ж” ХХК-аас зээлийн хүүний үлдэгдэл төлбөр болох 4,150,742,719 төгрөгийг барьцаа хөрөнгүүд болон орлогоос гаргуулж өгнө үү..” гэж тодорхойлсон байна. “Ж” ХХК нь “К” банктай 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 348 тай “Зээлийн гэрээ”-г байгуулж, улмаар мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 348 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээ зээлдэгч “Ж” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нь барьцааны гэрээнд заасан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулах ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь барьцаа хөрөнгүүд болон бусад орлогоос гаргуулах болохоор дараах тодорхойгүй асуудлууд үүсч байна. Үүнд: Нэхэмжилж буй 4,150,742,719 төгрөгийн хэдийг нь барьцаа хөрөнгөөс, хэдийг нь орлогоос гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал нэхэмжилж буй мөнгөнийхөө хэдийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулна гэж шаардаж буйгаас хариуцагчаас тэрхүү шаардлагыг зөвшөөрөх, татгалзах эсэх нь шууд шалтгаална. Нөгөө талаас бусад орлогоос хэдийг нь гаргуулна гэж шаардаж байгаагаас тэрхүү шаардлагыг нь зөвшөөрөх үү, татгалзах эсэх нь хамаарна. Түүнчлэн бусад орлого гэдгийг юу гэж ойлгох эсэх, бусад орлогод юу юу хамаарч байгаа, хэмжээ нь ямар эсэх нь тодорхойгүй байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой буюу тодорхой байж гэмээнэ, зохигчдын эрх, хууль ёсны эрх ашгийг нь хангадаг. Дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж үзэхэд, нэхэмжлэгчийн нэхэж буй 4,150,742,719 төгрөгийг бүрэн барьцаа хөрөнгөөс гаргуулчихсан тохиолдолд бусад орлогоос гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн заалт нь яах эсэх нь тодорхойгүй үлдэнэ, эсхүл барьцаа хөрөнгөөс гаргуулж хүрч байсан ч гэсэн заавал барьцаа хөрөнгө, бусад орлогоос тэнцүү хэмжээгээр гаргуулна гэж ойлгох уу гээд тодорхойгүй олон асуудлууд үүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго бүхий барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шаардаж буй эсэх нь тодорхойгүй байна. Учир нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах гээд байгаа ч юм шиг, эсхүл бусад орлогоос гаргуулах гээд ч байгаа юм шиг нэхэмжлэлийн шаардлагатай. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүйг илэрхийлж байна. Иймд хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бодитой, үр дүнтэй байх, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсны дараа хуульд заасан эрхийн дагуу тодорхой нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах болно” гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ““К” банкны зүгээс 2016.08.01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 315,911,374 төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй танилцсан бөгөөд энэхүү нэмэгдүүлсэн шаардлага нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү гэжээ. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл болон дээрх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай албан бичигт үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон, хэд хэддүгээр сарын хүү нь хэдэн төгрөг болсон талаар огт дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн нийт үнийн дүнгийн задаргаа байхгүй байна. Нэхэмжлэгч нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны А/236 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байдаг. Гэтэл ямар аргачлалаар хэрхэн тооцсон нь тодорхойгүй ийм нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчээс нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн задаргааг гаргуулах шаардлагатай гэж үзэж байна” гэжээ.

 

Хариуцагч “Ж” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь ““К” банк”-тай зээл, барьцааны гэрээ байгуулсанд маргаан байхгүй. Нэхэмжлэгч анх 2016 оны 05 сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3-т заасны дагуу гэрээг цуцалсан гэсэн зүйл бичсэн. Одоо нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь 4,482,757,472 төгрөг байгаа бөгөөд энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч маань 2016 оны 05 сарын 26-наас хойш нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлд 2017 оны 08 сарын 16-ны өдрийн байдлаар нэмсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа 4,150,742,719 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд аудитын байгууллагаар шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд тус шинжээчийн дүгнэлтэд 2016 оны 08 сарын 22-ны өдрөөр тооцох буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 3 сарын дараагийн байдлаар тооцоход бүх зээлийн төлбөр нийлээд 4,103,680,840.21 төгрөг байхаар байна гэсэн дүгнэлт гарсан. Иймд нэгт тооцоолол нь зөрж байгаа бөгөөд анхны нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болсон. Энэ тооцоололд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй. Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2017 оны 08 сарын 04-ний өдрийн байдлаар 16,103,378 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 08 сарын 01-ний байдлаар 4,466,654,093 төгрөг нэхэмжилсэн боловч 2016 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар шинжээч нь дүгнэлт гаргахад 4,103,680,840.21 төгрөг байна гэж гарсан нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 363,000,000 төгрөгөөр зөрж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Дараа нь нэхэмжлэгч 2017 оны 08 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 16,103,378 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шинжээч 2017 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл тооцоолол гаргасан. Ингэхдээ 4,318,627,470.35 төгрөг гэж тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэл гаргаснаар хүү тооцох асуудал зогссон гэж үзэж байгаа. Учир нь гэрээний 8.3-т заасан байгаа бөгөөд Улсын дээд шүүхээс 2016 оны 09 сарын 05-ны өдөр 3 дугаартай зөвлөмж гаргасан бөгөөд 2 хэсэгт гэрээнээс татгалзахад цуцалсан өдрөөр үндсэн болон нэмэгдэл бүх үүрэг дуусгавар болно. Харин гэрээг цуцлах шаардлага гаргасан тохиолдолд шүүхэд хүү тооцох эрхтэй гэсэн зөвлөмж гаргасан байгаа. Иймд 2016 оны 05 сарын 25-ны өдрөөр нэхэмжлэл гаргасан бол тухайн өдөр хүртэл хүүг нэхэмжлэх эрхтэй. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтээр 4,103,680,840.21 төгрөгөөс хэтрэхгүй байгаа нь харагдаж байгаа. Иймд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, холбогдох хуулийг үндэслэж зээлийн гэрээний үүргийг бодитойгоор тогтоож шийдэж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ““К” банк" ХХК нь хариуцагч “Ж” ХХК-иас 348 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4,150,742,719 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж үндсэн зээл 3,810,000,000 төгрөг, хүү 560,631,226.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,126,245.29 төгрөг нийт 4,482,757,472 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч “Ж” ХХК нь эс зөвшөөрч зээлийн тооцоолол буруу, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч ““К” банк" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 

Нэхэмжлэгч ““К” банк” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-тай 4,000,000,000 төгрөгийг жилийн 5,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай төлөх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, 2013 оны 08 сарын 22-ны өдөр 348 дугаартай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 4,000,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгджээ.

 

Хариуцагч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс үндсэн зээл 190,000,000 төгрөг, зээлийн хүүнд 360,901,156.52 төгрөг нийт 550,901,156.52 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн хэдий ч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

 

Хариуцагч нь үндсэн зээл 3,810,000,000 төгрөгийн хүү 560,631,226.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,126,245.29 төгрөг шаардсаныг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон гэж маргасан боловч нэхэмжлэгч зээлийн тооцооллыг гэрээгээр тохирсон хуваарь, хүүгийн дагуу тооцсон, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг зөрчөөгүй байна.

 

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд талууд 2013 оны 08 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ, мөн 348 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд тус гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 153, 154, 156,  дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.

 

Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч ““К” банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ билүүлээгүй байх тул барьцааны гэрээний дагуу 4,482,757,472 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар, Ү-2205047941 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35б тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар, Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037500 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 860 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5078 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газраас хангуулах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч “Ж” ХХК-иас 4,482,757,472 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ““К” банк” ХХК-д олгож, 4,482,757,472 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэл бүрэн хангагдсан тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн зардал 2,692,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “Есөн хангай аудит” ХХК-д олгож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 22,957,838 төгрөгийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагчаас 22,957,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн , 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Ж” ХХК-иас 4,482,757,472 /Дөрвөн тэрбум дөрвөн зуун наян хоёр сая долоон зуун тавин долоон мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч "“К” банк" ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч “Ж” ХХК-иас нэхэмжлэгч ““К” банк” ХХК-д төлөх 4,482,757,472 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35/3 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 1470 м.кв талбайтай зоорьтой 5 давхар, Ү-2205047941 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35б тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 726 м.кв талбайтай 1-2 давхар, Ү-2205037658 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороо 3 дугаар хороолол /16093/, Ард Аюушийн өргөн чөлөө 35 тоот хаягт байрлалтай, үйлчилгээний зориулалттай 408 м.кв талбайтай, Ү-2205037500 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай, 216 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5084 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг 9 хороонд байрлалтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 860 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай, 22/5078 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газраас хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч “Ж” ХХК-иас 2,692,800 төгрөг гаргуулж “Есөн шижир” ХХК-д олгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,957,838 төгрөгөөс 22,571,737 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 386,100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Ж” ХХК-иас 22,571,737 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "“К” банк" ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР