Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 61

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01577/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 20.4 дүгээр байрны 85 тоотод оршин суух, наран овогт Бямбын Ганболд /РД: АЕ77041498/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Ширээ нурууны 24-1 тоотод оршин суух, Түмэн овогт Дашбаасангийн Сайнжаргал /РД: ИЦ77112117/-д холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэг болох 1,355,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч миний бие хариуцагч Д.Сайнжаргал, түүний гэр бүлийн хүн болох Д.Тэсийнчулуун нартай 1,400,000 төгрөгийн зээлийн гэрээг иргэний хуулийн дагуу өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тусгаж, гэрээгээ байгуулсан. Дээрх төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлөх хугацаатай байсан. Хариуцагч нар нь энэ хугацаанаас хойш 3 удаагийн гүйлгээгээр нийт 955,000 төгрөгийг дансаар шижлүүлэн өгсөн. Яг хэзээ хийснийг би санахгүй байгаа бөгөөд энэхүү 955,000 төгрөгийг хүүгийн төлбөр 210,000 төгрөг, алданги 700,000 төгрөг гэж тооцож, нийт 910,000 төгрөгийг  хасаад үлдэх 45,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс төлсөн гэж тооцож байна. Ингээд энэхүү 45,000 төгрөгөө үндсэн зээлийн төлбөр болох 1,400,000 төгрөгөөс хасаж тооцоход 1,355,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Сайнжаргалаас гаргуулж өгнө үү.

Өөрөөр хэлбэл Д.Сайнжаргалаас алданги, хүү нэхэмжлээгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,355,000 төгрөгөө нэхэмжилж байна. 

Миний бие Д.Сайнжаргал, Д.Тэсийнчулуун нараас мөнгөө гаргуулахаар 2015 оны 7 сарын 25-ны өдөр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж, өргөдөл өгч байсан боловч Д.Тэсийнчулуун нь Солонгос улс руу гарсан гэдэг шалтгаанаар ирээгүй учраас шийдвэрлэгдээгүй. Д.Тэсийнчулуун нь одоог хүртэл Солонгос улсад байгаа гээд шүүхэд ирэхгүй байгаа учраас миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчийн алинаас нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж Д.Сайнжаргалаас бүх төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймээс 1,355,000 төгрөгийг хариуцагч Д.Сайнжаргалаас гаргуулж өгнө үү” гэв.

 

 

D:\Bvv ustga\Shiidver\Tugrug garguulah\Ganbold Sainjargal.docx

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ нь нөхөн хийгдсэн гэрээ байдаг. Учир нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг Д.Сайнжаргал, Д.Тэсийнчулуун нар Б.Ганболдоос зээлсэн хууль ёсны зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь 1 сарын хугацаатай өдрийн 0,5 хувийн хүүтэй. Энэ хооронд Д.Тэсийнчулуун, Д.Сайнжаргал нар нь Б.Ганболдод бэлнээр болон дансаар зээлсэн төлбөрөө өгч дуусгасан. Гэтэл Б.Ганболд нь зээлийн үлдэгдэл төлбөр, хүү нэхэж, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1,400,000 төгрөг зээлүүлсэн гэж гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. Энэхүү 1,400,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн баримт байхгүй. Харин мөнгө хүлээлгэн өгсөн баримт гэдэг зүйл л байдаг. 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 310,000 төгрөг, 2012 оны 11 сарын 26-ны өдөр 195,000 төгрөг, 2012 оны 12 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2012 оны 12 сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, нийт 955,000 төгрөг дансаар шилжүүлсэн байдаг. Орлогын ордероор 2012 оны 2 дугаар сард 225,000 төгрөг, 3 дугаар сард 225,000 төгрөг, 4 дүгээр сард 225,000 төгрөг, 5 дугаар сард 225,000 төгрөг, 6 дугаар сард 225,000 төгрөг, 7 дугаар сард 225,000 төгрөг, 8 дугаар сард 225,000 төгрөг, 9 дүгээр сард 325,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийг Б.Ганболдод бэлнээр тушаасан байдаг. Ингээд нийт 2,855,000 төгрөгийг Б.Ганболдод төлсөн байна. Тэгэхээр Б.Ганболдод төлөх төлбөрийн асуудал дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Д.Сайнжаргалаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,355,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Сайнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдаагүй нөхөж хийсэн гэрээ бөгөөд 2012 оны 01 сарын 19-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр хүү, алданги тооцож, нийт 1,400,000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж хийсэн бөгөөд энэхүү 1,400,000 төгрөгийг Б.Ганболд нь зээлдэгч нарт шилжүүлэн өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн 2012 оны 01 сарын 19-ний өдрийн гэрээний дагуу нийт 2,855,000 төгрөгийг буцаан төлсөн байдаг тул одоо төлөх төлбөр байхгүй” гэж маргадаг болно.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд болон Д.Тэсийнчулуун, Д.Сайнжаргал нарын хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 1,400,000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар өдрийн 0,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохирч гэрээг байгуулсан бөгөөд 2012 оны 09 сарын 24-ний өдөр 1,400,000 төгрөгийг Д.Тэсийнчулуун, Д.Сайнжаргал нарт хүлээлгэн өгсөн болох нь  хэрэгт авагдсан зээлийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус тогтоогдож байна. /хх 3-4 дүгээр хуудас/

Дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Ганболд нь дээрх гэрээний дагуу 1,400,000 төгрөгийг зээлдэгч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн байна.

 

Мөн хэрэгт 2012 оны 01 сарын 19-ний өдрийн Б.Ганболд, Д.Тэсийнчулуун нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ авагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Ганболд нь “энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон тул энэ гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд: “талуудын хооронд байгуулагдсан жинхэнэ үүрэг үүсгэсэн гэрээ бол энэ гэрээ бөгөөд гэрээнд заасан 1,500,000 төгрөгийн үлдэгдэл дээр хүү, алданги тооцож, 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээг нөхөж хийсэн” гэж тус тус тайлбарладаг болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1,400,000 төгрөг Д.Сайнжаргал, Д.Тэсийнчулуун нарт хүлээлгэн өгсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримтаар энэхүү тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан гэрээний үүрэг үүссэн байна гэж дүгнэж байна.  

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.Сайнжаргал болон хамтран зээлдэгч Д.Тэсийнчулуун нар нь нийт 955,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд нь 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 310,000 төгрөг, 2012 оны 11 сарын 26-ны өдөр 195,000 төгрөг, 2012 оны 12 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2012 оны 12 сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, нийт 955,000 төгрөг дансаар шилжүүлсэн, мөн орлогын ордероор бэлнээр 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл нийт 1,900,000 төгрөгийг Б.Ганболдод тушаасан байдаг. Ингээд нийт 2,855,000 төгрөгийг Б.Ганболдод буцаан төлсөн байна” гэж тайлбарладаг боловч дээрх бэлнээр төлсөн гэх 1900,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлсөн байх тул энэ нь талуудын хооронд байгуулагдсан энэхүү зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Ганболдын энэхүү төлбөр нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу төлөгдсөн төлбөр бөгөөд энэ гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Сайнжаргал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээс 955,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна гэж үзэх нь зүйтэй юм.

 

2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Д.Тэсийнчулуун, Д.Сайнжаргал нар нь хамтран үүрэг хүлээхээр зааж, хэн аль нь гэрээнд гарын үсэг зурсан байгаа бөгөөд тэдгээр нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т: “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Б.Ганболд нь хариуцагч Д.Сайнжаргалаас гэрээний үүрэг болох  үндсэн төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргасан нь дээрх хуульд заасантай нийцэж байна.

            Иймд нэхэмжлэгч Б.Ганболд нь Д.Сайнжаргалаас гэрээний үүргийн үлдэгдлийг  бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд нь 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийн талаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл, түүний ард дарагдсан өргөдлийг хүлээн авсан тэмдэглэгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд энэхүү хугацаа мөн хуулийн 79 дугаар зүйлийн 79.1-т зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол тасалдахаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ганболд нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж байсныг дээрх хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай адилтган үзэх үндэслэлтэй юм.

Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д:  “талууд эвлэрүүлэн зуучлалыг сонгосон, уг ажиллагаанд оролцсон байдал нь шүүхээс Иргэний хуулийн 79.1, 82.4-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл болно” гэж заасан байна.  

Иймд  Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу Б.Ганболдын дээрх гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг түүний өргөдлийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч хүлээн авсан хугацаа болох 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож үзэхэд түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний зүйл нь 1,400,000 төгрөг бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл гэж заасан боловч гэрээний зүйл болох 1,400,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар  тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар зээлийн гэрээг гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр байгуулагдсанд тооцох тул гэрээний хугацааг мөнгө  өдрөөс эхлэн тооцож, нийт 26 хоногийн хугацаатай байгуулсан гэж үзнэ.

Зээлийн гэрээнд зээлийн хүүг өдрийн 0,5 хувь байхаар талууд тохирсон байгаа бөгөөд энэхүү хүүгийн хэмжээний талаар талууд маргаагүй байна.

 

Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,400,000 төгрөг, 26 хоногийн хүү 182,000 төгрөг, нийт 1,582,000 төгрөгийн төлбөр төлөх гэрээний үүргээс хариуцагчийн буцаан төлсөн 955,000 төгрөгийг хасаж, үлдэх 627,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Д.Сайнжаргал нэхэмжлэгч Б.Ганболдод төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлсөн 955,000 төгрөгийг хүү, алдангид тооцож, хасаад үлдэгдэл 1,355,000 төгрөгийг үндсэн төлбөрийн үлдэгдэл гэж нэхэмжилж байгаа бөгөөд хүү, алданги нэхэмжлэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарладаг болно.

 

Зээлийн гэрээний 3-т зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч Б.Ганболдын тайлбараас үзэхэд алданги гаргуулах шаардлага шүүхэд гаргаагүй байна гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нь  хугацаа хэтрүүлсэн буруутай талд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог гэрээний хариуцлага бөгөөд гэрээний үндсэн үүрэг биш тул хариуцагчаас буцаан төлсөн 955,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ганболд нь урьдчилан алдангид тооцож хасах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Сайнжаргалаас 627,000 төгрөг гаргуулж, Б.Ганболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 728,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Сайнжаргалаас 627,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 728,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,630 төгрөгөөс 36,560 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 төгрөгийг Төрийн сангийн данснаас, улсын тэмдэгтийн хураамжид 19,460 төгрөгийг хариуцагч Д.Сайнжаргалаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Ганболдод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ