Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 41

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01577/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Наран овогтой Б-ын Г-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Түмэн овогтой Д-гийн С-д холбогдох,

            “1.355.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г-  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч миний бие хариуцагч Д.С-, түүний гэр бүлийн хүн болох Д.Тэсийнчулуун нартай 1.400.000 төгрөгийн зээлийг өдрийн 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тусгаж, гэрээгээ байгуулсан. Дээрх төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлөх хугацаатай байсан. Хариуцагч нар нь энэ хугацаанаас хойш 3 удаагийн гүйлгээгээр нийт 955.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Яг хэзээ хийснийг би санахгүй байгаа бөгөөд энэхүү 955.000 төгрөгийг хүүгийн төлбөр 210.000 төгрөг, алданги 700.000 төгрөг гэж тооцож, нийт 910.000 төгрөгийг хасаад үлдэх 45.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс төлсөн гэж тооцож байна. Ингээд энэхүү 45.000 төгрөгөө үндсэн зээлийн төлбөр болох 1.400.000 төгрөгөөс хасаж тооцоход 1.355.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрийг хариуцагч Д.С-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ нь нөхөн хийгдсэн гэрээ байдаг. Учир нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг Д.С-, Д.Тэсийнчулуун нар Б.Г-оос зээлсэн хууль ёсны зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь 1 сарын хугацаатай өдрийн 0,5 хувийн хүүтэй. Энэ хооронд Д.Тэсийнчулуун, Д.С- нар нь Б.Г-од бэлнээр болон дансаар зээлсэн төлбөрөө өгч дуусгасан. Гэтэл Б.Г- нь зээлийн үлдэгдэл төлбөр, хүү нэхэж, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1.400.000 төгрөг зээлүүлсэн гэж гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 310.000 төгрөг, 2012 оны 11 сарын 26-ны өдөр 195.000 төгрөг, 2012 оны 12 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2012 оны 12 сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, нийт 955.000 төгрөг дансаар шилжүүлсэн байдаг. Орлогын ордероор 2012 оны 2 дугаар сард 225.000 төгрөг, 3 дугаар сард 225.000 төгрөг, 4 дүгээр сард 225.000 төгрөг, 5 дугаар сард 225.000 төгрөг, 6 дугаар сард 225.000 төгрөг, 7 дугаар сард 225.000 төгрөг, 8 дугаар сард 225.000 төгрөг, 9 дүгээр сард 325.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөгийг Б.Г-од бэлнээр тушаасан байдаг. Ингээд нийт 2.855.000 төгрөгийг Б.Г-од төлсөн байна. Тэгэхээр Б.Г-од төлөх төлбөрийн асуудал дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.С-аас 627.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 728.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.630 төгрөгөөс 36.560 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 төгрөгийг Төрийн сангийн данснаас, улсын тэмдэгтийн хураамжид 19.460 төгрөгийг хариуцагч Д.С-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

            Б.Г-ын бидэнтэй хийсэн 2012 оны 9-р сарын 24-ний өдрийн 1.400.000 төгрөгийн зээлийн гэрээ нь дүр эсгэсэн гэрээ байсан бөгөөд энэ гэрээгээр нэг ч төгрөг бидэнд олгоогүй. Мөнгө олгосон баримт нь хуурамч баримт байсан. Бидэнд байнга дарамт шахалт үзүүлж байсан учир аргагүйн эрхэнд гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн Б.Г- нь бэлнээр мөнгө тушаасан орлогын баримт нэг хувь бичиж гарын үсэг зуруулж зөвхөн өөртөө аваад бидэнд хувь гаргаж өгдөггүй байсан. Энэ талаар баримтыг гаргуулахаар шүүхэд болон Б.Г-од өөрт нь хандсан боловч гаргаж өгөөгүй. 2012 оны 2 дугаар сараас эхлэн 2012 оны 12 дугаар сарыг хүртэл сар бүр бэлнээр болон дансаар нийт 2.855.000 төгрөг төлж барагдуулсан ба энэ нь зөвхөн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний төлбөр гэдэг нь сар бүр тасралтгүй бэлнээр болон дансаар төлж байсан баримтаар нотлогдож байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй. 2012 оны 01 дүгээр сарын 19-ний үндсэн гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр сүүлд хүү алданги тооцуулахаар нөхөж хийсэн гэрээг үндсэлэн 627.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн   итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангах   хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул  шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Б.Г-  хариуцагч  Д.С-д холбогдуулан  зээлийн гэрээний  үүрэгт   1.355.000  төгрөг  гаргуулах  шаардлага гаргасан  байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,  2012 оны 9 дүгээр сарын  24-ний өдрийн зээлийн гэрээ нь  нөхөж хийсэн,  2012 оны 01 дүгээр сарын 19-ний  өдөр  Д.С-, Д.Тэсийнчулуун  нар 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай,  өдрийн 0,5 хувийн хүүтэй  зээлж  Б.Г-од   бэлэн болон дансаар  төлж  дуусгасан, нийт  2.855.000  төгрөг  төлсөн, гэтэл  Б.Г-  зээлийн  үлдэгдэл төлбөр, хүү нэхэж  2012 оны  9 дүгээр сарын 24-ний өдөр  1.400.000 төгрөг зээлсэн гэж гэрээнд гарын үсэг  зуруулсан  гэж  маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагын  үндэслэлийг нотолж  зээлийн гэрээ \хх-4 дүгээр  тал\, бэлэн мөнгөний   зарлагын баримт \хх-3 дугаар тал\ -ыг  тус тус  шүүхэд  нотлох баримтаар  ирүүлсэнийг  шалгаж үзэхэд зохигчдын  дунд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч  Д.Тэсийнчулуун, Д.С-  нар  зээлдүүлэгч Д.Г-оос   2012 оны 09 дүгээр сарын 19-нд      1.400.000  төгрөгийг өдрийн  0,5 хувийн хүүтэй  зээлж  2012 оны 10 дугаар сарын 19-нд  буцааж   өгөхөөр   тохирсон  байх бөгөөд   уг гэрээ   Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт  нийцсэн  байна.

            Гэрээнд  зааснаар  зээлдүүлэгч Б.Г-  1.400.000 төгрөгийг  Д.Тэсийнчулуунд  шилжүүлсэн нь  бэлэн мөнгө  хүлээлгэн өгсөн  баримтаар  харин  зээлдэгч нар   955.000 төгрөг  буцааж төлсөн нь  нэхэмжлэгчийн  тайлбараар  нотлогдож байна.

            Зээлийн  гэрээний дагуу  Д.Тэсийнчулуун, Д.С-  нар  нь   зээл, хүү  нийт  1.582.000 төгрөг  төлөх  ёстой ба  үүрэг гүйцэтгэгч  үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй  учир  зээлийн гэрээний  үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Б.Г- нь  хариуцагч нараас  шаардах  эрхтэй.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар   нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлагын зарим  хэсэг буюу  зээл, хүү 1.582.000 төгрөг-955.000 төгрөг= 627.000 төгрөг төлөөгүй нь  нотлогдсоныг   шүүх  зөв  шийдвэрлэжээ.

            Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай   хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-д  зааснаар  зохигч нь  өөрийн татгалзлын үндэс болж байгаа  байдлын талаарх  нотлох баримтаа өөрөө  гаргаж өгөх,  цуглуулах  үүрэгтэй.

            Харин хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэхдээ    татгалзлалын  үндэслэлийн талаарх нотлох баримтыг  шүүхэд   ирүүлээгүй   байна.

            Шүүх  хэрэг маргааныг  зохигчдоос  гаргасан нотлох баримтыг  үнэлэх журмаар  шийдвэрлэдэг  ба хэрэгт авагдсан нотлох баримтаар  зохигчдын хооронд болсон үйл баримтыг  хуульд нийцүүлэн  тогтоож,  үүргийн гүйцэтгэлийг зөв  тодорхойлсон   гэж үзнэ.

            Анхан шатны  шүүх  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн  40.1, 40.2-т  заасныг, шийдвэрийг  шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн  нотлох баримтын  үндсэн дээр  гаргасан  нь  хуулийн  116 дугаар зүйлийн  116.3-т  заасныг  тус тус зөрчөөгүй  байх тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг  хангах  үндэслэлгүй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч   давж заалдах шатны  шүүхэд  улсын тэмдэгтийн хураамжид 20.000 төгрөг төлснийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                         С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ