Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 883

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ч, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Д.Ч /цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Д.Ч, Б.Г нарын өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Ч, Б.Г нарт холбогдох 1706000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .............. овогт ..............ын .............., 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

2. .............. цагаан овогт ..............гийн .............., 1998 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр тээш зөөгч ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

1. Д.Ч нь Б.Г, Н.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 122 дугаар цэцэрлэгийн хашаанд насанд хүрээгүй иргэн Б.А, Г.Т нарын “корекс” загварын 2 ширхэг унадаг дугуйг булааж зугтаан 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Мөнхбат, Н.Анхлхагва нартай бүлэглэн 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6-н буудалд байх Элбэг хүнсний дэлгүүрийн худалдагчийн анхаарлыг сарниулан лангууны ард байсан бэлэн мөнгө 280.000 төгрөг хулгайлсан,

Б.Г, Н.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор иргэн Т.Тгийн гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн.

2. Б.Г нь Д.Ч, Н.Мөнхбат нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор иргэн Т.Тгийн гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Чийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Б.Гын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: ............. овогт .............ын .............ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, ............. овогт .............гийн .............ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Чээс эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар Д.Чийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Д.Ч, Б.Г нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ч, Б.Г нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Чийн 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 15 хоног, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоног, нийт 28 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ч, Б.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Чээс 40.000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 8-43 тоотод оршин суух Т.Жаргаланд, 300.000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 75Б-16 тоотод оршин суух Г.Тт, 93.333 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-537 тоотод оршин суух Б.Амарсанаад, Б.Гаас 40.000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 8-43 тоотод оршин суух Т.Жаргаланд тус тус олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ч гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч О.Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Жаргаланг нэгжихэд Жаргалангийн халааснаас гар утас, хумсны хутга, хуурай гарч ирсэн” мөн “та нар 20 тоолоод явж болно, утсаа орой 20 цагт ирж аваарай”, хохирогч Т.Жаргалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...энэ хумсны хутгаар хумсаа авна өөр юу хийж болох вэ” мөн “гар утсаа орой 20 цагт ирж аваарай” гэх мэдүүлгүүдээр зэвсэг тусгайлан бэлдээгүй, бусдын амь насанд аюултайгаар хүч хэрэглээгүй гэдгийг нотлож байна. Яллагдагч Б.Г нь уг хэрэг үйлдсэнээс 2 жилийн дараа мэдүүлэг өгсөн. Үүнд болсон явдлыг бүрэн сандаггүй тул Б.Гын өгсөн мэдүүлгээс эрс татгалзаж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрт оногдсон 40.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан, уг хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Ч, Б.Г нарын өмгөөлөгч Ц.Мандал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байгаа. Энэ үедээ гэдэг үгийг 14, 15 настай байсан үеийг гэж ойлгож байгаа. 2002 оны Эрүүгийн хуульд анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд ял хойшлуулах тухай үг байдаггүй. Гэмт хэрэг үйлдэхдээ гэдэг бол 14 нас өнгөрсөн үеийг зааж байгаа. Гэмт хэрэг үйлдэж байсан, үйлдэхдээ гэвэл одоо цагийг заасан. Ийм болохоор энэ зүйл заалтыг үндэслэж, түүнийг насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан. Шүүгдэгч нар нь хэдийгээр одоо 18 насанд хүрсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан. Тэр цаг үеэс хойш энэ хүүхдүүд гэмт хэрэгт холбогдоогүй. А.Ганбатын тухайд нэг удаагийн дээрмийн гэмт хэрэгт оролцсон. Чингис давж заалдах гомдолдоо халааснаас нь гарч ирсэн хумсны хутга байсан, тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл биш гэсэн. Хэрвээ шүүх гэм буруутай гэж үзвэл 18 насанд хүрсэн ч гэсэн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, хохирлоо нөхөн төлсөн учраас эдлэх ялын доод хэмжээг 2 дахин багасгаж өгнө үү. 14-15 настай байх хугацаанаасаа хойш дахин шинээр гэмт хэрэг үйлдээгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд үндэслэл шинэ хуульд заасан өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Г, Д.Ч нарт холбогдох хэрэг нь 2014 оны анхны хэрэг нь байгаа. Одоо болохоор нийт 26 холбогдогчтой хэрэг болсон. Хамгийн анх Б.Г хаана байгаа нь тогтоогдохгүй явсаар байгаад 2017 онд олж эхний хэргийг нь тусгаарлаж шийдвэрлэсэн. Есөн-Эрдэнэ нарт холбогдох 7 хүүхдийн хэргийн шүүх хуралдаанд өнөөдөр болно. Надад 26 хүүхдийн хэрэг байгаа. Сүхбаатар дүүрэгт 26 хүүхдийн хэрэг байгаа. Нийтдээ 50 гаруй хүүхдүүдийн бүлэглэл юм шиг дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Б.Гын хувьд анхны үйлдэл нь насанд хүрээгүй байхдаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэнээсээ хойш олдохгүй байж байгаад сая олдсон. Үлдсэн хугацаанд Нарантуул зах дээр ажил хөдөлмөр хийгээд явж байгаа зэргийг нь харгалзвал ял хөнгөрч шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Д.Чийн хувьд хулгай, дээрэм, булаалтын гэмт хэрэг үйлдсэн. Дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэнийг шалгаж үзэхэд гэмт хэрэг үйлдсэн талаар лавлагаа гарч ирээгүй. Тийм болохоор Д.Чийн ял шийтгэлийг хэвээр үлдээх саналтай байна. Б.Гын хувьд анхны үйлдэл. Урьд нь ял шийтгэл эдлэж байгаагүй гэдэг үндэслэлээр хөнгөрүүлэх боломж байгаа байх.” гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Д.Ч, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг бий болгожээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ч, Б.Г нарын “2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 129 дүгээр цэцэрлэгийн хашаан дотор иргэн Т.Тгийн гар утсыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн” үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд ийм хэргийг анхан шатны журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэх байтал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1030 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Пүрэвсүрэнг томилж, шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ч, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /147 дугаар зүйлийн 147.2/ гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасахаар хуульчилжээ.

            Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Чт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас өршөөн хасах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ч, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Ч, Б.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Ц.ОЧ