Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 106

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Ц.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т д холбогдох эрүүгийн 2015000110015 дугаартай, 163/2020/0036/Э индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ц.Т.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000110015 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т  нь архи, согтууруулах ундаа хэрэлэсэн үедээ Булган аймгийн Б  сумын 1 дүгээр багийн Б  гэх газар гэртээ 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө эхнэр Б.Т ийг “хонь тасаллаа” гэх шалтгаанаар зодож биед нь тархи доргилт, уруул амны шарх, хамрын таславчийн урагдал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Б.Т ийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 02 цагийн үед Б  сумын 1 дүгээр багийн Б  гэдэг газарт байрлах хөдөө гэртээ манай нөхөр Ц.Т  нь намайг хонио хариулж чадаагүй, хоёр хэсэг болгож тасаллаа гэж миний биед халдаж, миний хамар болон ам руу гар, хөлөөрөө цохиж зодсон. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өглөө эрт намайг машинтайгаа Орхон аймгийн морь бариа хүртэл хүргэж өгөөд манай нөхрийн найз Т  намайг тосож аваад Орхон аймгийн Бүсийн оношлогооны төвд хүргэж өгсөн. Тэгээд би гэмтлийн тасагт хоёр хоног хэвтсэн. Тухайн өдөр нөхөр маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд нилээн согтолттой байсан. Ц.Т  бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүлийн амьдрал дотор хоорондоо маргалдах зүйл зөндөө байдаг. Биед халдаад цохиж зоддог зүйл байхгүй. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-16-20 тал/,

Гэрч Б.З ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай ээж утсаар “дүү чинь нөхөр Т д зодуулаад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг дээр 16 цаг өнгөрч байхад ирсэн. Гэмтлийн тасагт ороод дүүгийнхээ биеийн байдлыг хараад Булган аймгийн Цагдаагийн газрын 7034102 дугаар утас руу залгаж дуудлага өгсөн юм. ...Манай дүү Т ийн биед нь дусал залгаад урууландаа оёдол тавиулсан, нүд, хамар, уруул битүү хавдартай байсан. Орноосоо босож чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

Гэрч Л.Т ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад Б  сумаас Т  над руу утсаар залгаж “чиний машин байгаа юу, чи наашаа гараач. Би өчигдөр эхнэрээ цохиод уруул нь сэтэрчихлээ, яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Би хоёр хүүхдээ хөдөө гэрт үлдээчихсэн, буцахгүй бол болохгүй” гэж хэлэхээр нь Орхон аймгийн морь барианы газар дээр очиж Т ийг аваад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай “хохирогч Б.Т ийн биед тархи доргилт, уруул амны шарх, хамрын таславчийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-32-33 тал/,

Шүүгдэгч Ц.Т ын мөрдөн шалгах ажиллагаан шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Б  сумын төв ороод Орхон аймаг орчихоод ирье, чи малаа харж байгаарай” гэж эхнэртээ хэлчихээд би яваад ...орой 18 цагийн үед гэртээ ирэхэд хонины хагас тасраад алга болсон байсан. Би хонио хайгаад явтал тэр өдрөө олоогүй, ...гэртээ ирээд эхнэр Т т “хонио сайн харж байхгүй яасан юм, амьдралын эх үүсвэр болсон малаа алдчихлаа” гэж уурласандаа нүүр лүү 4-5 удаа цохьсон. ...Б.Т т учирсан гэмтлийг би учруулсан, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-46 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Ц.Т ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэг үйл баримт болсон шалтгаан, нөхцөлийн талаар хохирогч Б.Т , гэрч Б.З , Л.Т  нарын өгсөн мэдүүлгээр нотлогдсон, “хохирогч Б.Т ийг Орхон аймгийн морь барианы газраас тосож авч Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн тухай” гэрч Л.Т ын мэдүүлэг, “гэмтлийн тасагт Б.Т  нь дусал залгаатай, урууландаа оёдол тавиулсан, нүд, хамар, уруул битүү хавдартай, …орноосоо босож чадахгүй байсан тухай” гэрч Б.З ын мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч Ц.Т ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд болж байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Т ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Т ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Т ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Т ийн “Ц.Т  бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүлийн амьдрал дотор хоорондоо маргалдах зүйл зөндөө байдаг. Биед халдаад цохиж зоддог зүйл байхгүй. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй” гэх мэдүүлэг болон тухайн хэрэг, үйл баримт гарсан шалтгаан нөхцлөөс дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Т ын эхнэр Б.Т ийг зодсон үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “байнга үйлдсэн” шинж тогтоогдоогүй байх бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй тохиолдолд тухайн хэргийн хохирогч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг агуулгаар хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж/ зааснаар хүндрүүлэн зүйлчлэхгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлт болон үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Ц.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Т  гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Т ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Т ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Т  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Т  нь ял шийтгүүлж байгаагүй, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Б  сумын 1 дүгээр багт мал аж ахуй эрхлэн амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 36-41 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, малын “А” дансны хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т  болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин Т  болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин Т  болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин Т  болтол шүүгдэгч Ц.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЦЭРЭНХАНД