Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 18

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                        Д.Сүрэнхор                                            

         Нарийн бичгийн дарга                  Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар захирамжтай Б.Н д холбогдох 1915003480224 дугаартай эрүүгийн хэргийг прокурор М.Сайнзаяагийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “И”-д гаалийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Н .

Шүүгдэгч Б.Н  нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-нд шилжих шөнө Булган аймгийн ... үйл ажиллагаа явуулдаг “Ө” амралтын газарт хохирогч Б.Б гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар захирамжаар:

1. Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н д холбогдох 1915003480224 дугаартай хэргийг Прокурорын газарт буцааж,

2. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

3. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

4. Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сайнзаяа эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ц.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол... гэж дурьдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин ялтны зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, шүүх торгуулийг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэхь хэсэгт зааснаар 90 хоног буюу 3 сарын дотор ялтан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "торгох ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тогтоох нь зүйтэй" гэж дүгнэсэн байх бөгөөд хуульд тодорхойлон заасан хугацааг шүүхээс дахин тогтоох шаардлагагүй. Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Т ын үйлдсэн гэмт хэргийн талаар шүүхээс дүгнэлт хийхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг "2019 он, 2020 он' гэж 2 өөр байдлаар дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд зохих өөрчлөлтийг оруулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Д.Сүрэнхор дүгнэлтэндээ: ”...Прокурорын эсэргүүйцлийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагааг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/197 дугаартай прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч Б.Н ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх захирамждаа таван үндэслэлээр буюу “яллагдагчийн мэдүүлэгт усан бороо орсон байсан гэж байх ба 2019 оны 7 дугаар сарын 03-04-ний өдрийн шилжих шөнө цаг агаарын байдал ямар байсан талаар Ус цаг уурын үндэсний хүрээлэнгээс тодруулах шаардлагатай”, “гэрч А.Х  мэдүүлэгтээ Б  манай нөхрийн биеийн байдлыг асуугаад эвлэрэх үү гомдлоо татаад авчих гэж хэлсэн талаар мэдүүлэг өгсөн тул гэрч А.Х , Б.Н , Б.Б , Г.Б  нарын утасны жагсаалтыг авах нь зүйтэй байна”, “амралтын газрын манаач Х  гэрчээр асуух”, “гэрч Т.О , хохирогч Б.Б , Н  нарыг нүүрэлдүүлэн байцаах”, “хэргийн газарт ирсэн 2 цагдаагийн алба хаагч”, “2 цэргийн алба хаагчийг гэрчээр асуух” зэрэг мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж буцааж шийдвэрлэжээ.

Захирамжийн үндэслэлийн 1. “яллагдагчийн мэдүүлэгт усан бороо орсон байсан гэх бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 03-04 шилжих шөнө цаг агаарын байдал ямар байсан талаар Ус цаг уурын үндэсний хүрээлэнгээс тодруулах шаардлагатай” гэжээ.

Тухайн үйл явдал болох үед хохирогч Б.Б , хохирогчийн гэр бүлийн гишүүн Г.Б , Г.М , Х.Б , Б.Ө , Б.Ш , Д.А нар байсан бөгөөд гэрч нарын мэдүүлгүүдээр “бороо орсон, сэрүүн байсан” талаар дурьдаагүй байна.

Яллагдагч Б.Н  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэгт “23 цаг өнгөрч байхад сэртэл гадаа их бороо орчихсон сэрүүн байсан болохоор нь би амралтанд орж унтахаар очсон.” гэжээ. Тухайн үед бороо орчихсон сэрүүн байсан нь яллагдагч Б.Н д холбогдох хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.”-ийг мөрдөн байцаалтын үед нотлох хэдий ч прокурорын эсэргүүцэлд дурьдсан “Б.Н  нь бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн нь гэмт үйлдэл хийхэд нөлөөлсөн шалтгаант холбоотой гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн нь зөв бөгөөд Ус цаг уурын үндэсний хүрээлэнгээс тухайн өдрийн цаг агаарын байдлын талаар тодруулах шаардлагагүй юм. 

2. Гэрч А.Х  мэдүүлэгтээ “Б.Б  манай нөхрийн биеийн байдлыг асуугаад эвлэрэх үү гомдлоо татаад авчих” гэж хэлсэн талаар мэдүүлэг өгсөн тул гэрч А.Х , Б.Н , Б.Б , Г.Б  нарын утасны жагсаалтыг авах нь зүйтэй байна гэжээ.

Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд А.Х  “...мөн Б.Б  болон тогоочийн нөхөр нь өргөдлөө авчих гэсэн утгатай юм хэлсэн. ...Б.Н ыг унтуулаад байж байтал 89-тэй дугаараас нөхрийн утас руу залгаж Б  байна, Н той яриулаад өгөөч гэхээр нь үгүй, чи манай нөхөртэй ярьж яах гэж байгаан юм гэтэл үгүй ээ би биеийг нь асуух гэсэн юм зүгээр үү гайгүй юу гэсэн. Тэгэхээр нь чамд ямар хамаатай юм гэтэл тэрээр чи надтай ингэж харьцаж болохгүй би ч гэсэн адилхан зодуулсан шүү дээ гэхээр нь би хохь чинь нөхөртөө зодуулсан биз дээ гэсэн. Иймээс би бодохдоо Б.Н  нь түүнийг хүчиндэхийг оролдсон бол маргааш нь биеийг нь асууна гэж байхгүй гэж бодож байна“ гэсэн мэдүүлэг өгчээ.

Гэрч А.Х  дээрх мэдүүлгээрээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа талаараа хангалттай мэдүүлэг өгсөн дахин энэ талаар тодруулах шаардлагагүй бөгөөд гэрч А.Х , Б.Б  нарын утасны жагсаалтыг авах шаардлагагүй /утсаар ярьсан дугаарын сүүлийн 3 сар хадаглагддаг/, жагсаалтыг авсан ч яллагдагч Б.Н ы хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм.

Харин мөрдөгч нь гэрч А.Х гаас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг авахдаа “гэрчийн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу?” гэж асууж, “Би түүний эхнэр нь бөгөөд хамт амьдраад 2 жил болж байна” гэж хариулахад мэдүүлэг авахаас өмнө гэрчид сэжигтэний гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг урьдчилан сануулахгүйгээр мэдүүлэг авчээ.

Хүний эрх нь Монгол улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрхийн хэрэгжилтээр тодорхойлогддог бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчил нь хүний эрхийн зөрчил болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэсэн заалтын 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”  гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх нь хуулиар хамгаалагдсан ба энэ эрхийг зөвхөн хуульд заасны дагуу хязгаарлах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар мэдүүлэг авсан нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох” бөгөөд хүний халдашгүй байх эрхийг хангаж чадаагүй, хуульд заасан хуулиар хамгаалагдсан эрхийг  хязгаарласан байна гэж үзлээ.

3. Амралтын газрын манаач Х  гэрчээр асуух гэжээ. Хохирогч Б.Б гийн “амралтын газарт тогооч Т.О , түүний нөхөр Н  нарын хамт бид 3 байж байсан” гэсэн, С.Н гийн “ирэхэд амралтан дээр манай эхнэр О , зохион байгуулагч Б  нар байсан” гэсэн мэдүүлэг тус тус өгсөн бөгөөд амралтын газрын манаач Х   гэрчээр асуух нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй юм.

4. Хохирогч Б.Б , гэрч Т.О , Б.Н  нарыг нүүрэлдүүлэн байцаах гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд “мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болохоор”, “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болохоор” хуульчилжээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэгт “яллагдагч дэлгүүрээс архи авсан” гэсэн бол яллагдагчийн мэдүүлэгт “хохирогч, гэрч нар дэлгүүр орж архи авч ирсэн гэж” өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлжээ.

Хохирогч Б.Б гийн “амралтын өдөр байсан бөгөөд Б.Н  нь ирэхдээ та 2-т авчирлаа гээд архи гаргахаар нь уусан” гэж, гэрч Т.О ийн “бид нарт баярлалаа их сайхан амарсан гээд 1 ширхэг Болор архи гаргасан би, Б , Н  бид 3 хувааж уусан” гэж тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд яллагдагч Б.Н ы “тэгэхээр нь би зөвшөөрөөд Орхон аймгийн Говил багийн тэнд дэлгүүр орсон. Тэгээд тэр хоёр дэлгүүр орж юм аа авсан.  Тэгээд буцаад явахдаа Б  тэр 2 архи архи задалчих уу гэхээр би зөвшөөрөөд тэр хоёр 0.75 литрийн савалгаатай Болор нэртэй архи гаргаж ирсэн.” гэсэн мэдүүлэг нь гэрч нарын өгсөн мэдүүлэгтэй зөрөө байгаа боловч “яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байхгүй”, “яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлт хэзээ гаргасан, энэхүү хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан, нэгжийн дарга хэрхэн шийдвэрлэсэн” нь тодорхойгүй байх тул нүүрэлдүүлэн байцаах боломжгүй юм.

5.  Хэргийн газарт ирсэн “2 цагдаагийн алба хаагч, 2 цэргийн алба хаагчийг гэрчээр асуух” гэжээ.

Хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд гэрчээр Б.Н оос мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.  Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэгт холбогдуулан хүнийг баривчлах үед ...өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” байх эрхийг мөрдөгч заавал сануулахаас гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.6-д заасны дагуу өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогчоос гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн заалтыг зөрчиж яллагдагч Б.Н оос гэрчээр мэдүүлэг авсан тул өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд гэрчийн мэдүүлэг өгөхдөө дурьдсан дээрх асуудлыг нэмж шалгах шаардлагагүй байна.           

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцсэн хэргийн үйл баримттад тулгуурлаж нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж ажиллах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтын шатанд зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарч болно. Мөрдөн байцаалтаар “хийгдсэн ажиллагаа” зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон ажиллагаанууд хамаарах бөгөөд уг үндэслэл нь тодорхой, ойлгомжтой байна.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгчийн захирамжинд заасан үндэслэлүүд нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулах боломжтойгоос гадна “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна. 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Үүнээс дүгнэвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүнд заасан үндэслэлүүд хууль ёсны байх зарчимд нийцээгүй бөгөөд яллагдагч Б.Н д холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн 65 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Н д холбогдох эрүүгийн 1915003480224 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч Б.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                   ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР  

                                                                                        Д.МӨНХӨӨ