Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0604

 

 

Б.Л-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, өмгөөлөгч Ч.Д, А.Б нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123/ШШ2021/0024 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гуравдагч этгээд Г.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Л-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0024  дүгээр шийдвэрээр: “Захиргааны  ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, тус сумын хурлын даргын албан тушаалд нэхэмжлэгч Б.Л-ыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 716,610 төгрөгийг Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, 1 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалган” шийдвэрлэжээ.

Хариуцагч Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гуравдагч этгээд Г.Ч давж заалдах гомдолдоо: “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батлана” гэж заасны дагуу Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4 жилийн хугацаатай дэг баталсан уг дэгийн 3.3.1-д “Хуралдаанаар хэлэлцүүлэхээр эрх бүхий этгээдээс ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч төлөөлөгчид танилцуулан хэлэлцэх эсэхийг олонхийн саналаар шийдвэрлэнэ, 3.2-т “Хэлэлцэх асуудлаа батлагдсаны дараа хуралдаанаар асуудлыг батлагдсан дарааллаар хэлэлцэнэ гэж зохицуулсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх асуудлын дарааллыг дэгийн дагуу 11 байхаар баталж хуралдаанаа эхлүүлсэн бөгөөд хурал даргалж байсан Б.Л-ыг өөрийг нь огцруулах асуудал буюу 11 дэх бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үед хурлын орхиж гарсан. Энэ үед хурал 12 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хурлыг цааш нь үргэлжлүүлсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэсэн зохицуулалттай буюу хурлын олонхи дэгийн дагуу 11 асуудлаа хэлэлцэж дууссан.

Харин хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлыг санаатайгаар орхин гарсан байхад шүүх тухайн хурлыг дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл болон видео бичлэгт хэлэлцэх асуудлын жагсаалтыг 11 байхаар санал хурааж иргэдийн хурлын даргыг солих талаар 11 дугаарт хэлэлцээр оруулсан нотлох баримтыг шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гаргасан 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус байсныг тогтоолгох гэж тодруулсан байхад анхан шатны шүүх тогтоох хэсэгт Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн тухайн өдрийн хурлаар хэлэлцэхээр оруулсан асуудал хэлэлцэж дууссан, хуралдааны үйл ажиллагаа дуусгавар болсон гэж дүгнэсэн хэрнээ хуулийн шаардлага хангаагүй хурлын дарга өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр санал оруулсныг буруу гэж үзэн хурлыг орхин гарсан Б.Л-ын үйлдэл хууль ёсны гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, хурал дууссан ч юм шиг  дуусаагүй ч юм шиг дүгнэж байгаа нь учир зүйн алдаа гарсан байна.

Анхан шатны шүүх хурал дуусгавар болсон байхад хурлын тэргүүлэгч Ч.Я-ээр хурлыг удирдуулж явуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн гэтэл Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ч.Я-ийн удирдсан хуралдаан илт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны акт биш учраас захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан боловч үндэслэх хэсэгтээ Ч.Я-ээр удирдуулсан нь хууль бус гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Б.Л-ыг хурлын даргаас чөлөөлсөн үндэслэлийг хариуцагч намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс чөлөөлсөн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн шүүхийн эрх мэдлээс хальсан дүгнэлт гэж үзэж байна. Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дээрх тогтоолыг хүчингүй болгоогүй хувийн үйл ажиллагаа явуулж байгааг дурдах нь зүйтэй. Хэрэв хууль бус гэж үзсэн бол олонхоороо хуралдаж хүчингүй болгох эрхтэй юм.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлийг бүрэн эхээр нь биш зөвхөн зарим хэсгийг буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтыг бүрдүүлж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход нөлөөлсөн гэж үзэхээр байна. Тухайн цаг хугацаанд ковид цар тахлын дэглэмтэй байсан учраас цахим хаягаар явуулсан боловч хавтаст хэрэгт зөвхөн хэсэгчилсэн хэсэг нь авагдсан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг хангасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 төлөөлөгч зөвшилцөн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу 14 цагийн өмнө бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх талаар гарын үсэг зурж тухайн үеийн хурлын дарга Б.Л-т өгөх гэсэн боловч намайг огцруулах асуудал байна би авахгүй маргааш хуралд өгөөрэй гэж хэлсэн. Энэ талаар хариуцагч шүүх хуралдаан болон хариу тайлбартаа тайлбарласан боловч шүүх дээрх нотлох баримтыг гаргуулан авалгүй 1 хоногийн өмнө тараасангүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг дутуу цуглуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 төлөөлөгч зөвшилцөн бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх талаар тухайн үеийн хурлын даргад албан бичиг өгч байсан талаар нотлох баримтыг хэрэгт аваагүй мөн тухайн хуралд оролцсон төлөөлөгч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг бүрэн эхээр нь шүүгчийн туслахад явуулсан боловч зөвхөн хэсэгчлэн хавтаст хэрэгт авсан. Мөн тухайн хурлын видео бичлэгийг аваагүй зэрэг нотлох баримтуудыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь бодит байдлаас зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гуравдагч этгээд Г.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид Хурал гэх/-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хурлын 2 дугаар хуралдааны товыг тогтоож, 10 асуудал хэлэлцэхээр тогтоосны дотор Б.Л-ыг Хурлын дарга болон Тэргүүлэгчээс нь чөлөөлөх талаар тусгагдаагүй байна.

Гэтэл Хурлын 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаар хуралдаанаас гарсан 12 дугаар тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Л-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж”, 13 дугаар тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Г.Ч-ийг сонгож”, 14 дүгээр тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Б.Л-ыг чөлөөлж, Д.О-ыг сонгосон” шийдвэрүүдийг тус тус гаргажээ.  

Нэхэмжлэгч Б.Л нь Хурлын анхдугаар хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хамгийн олон буюу 52,3 хувийн саналаар дэмжигдэж даргаар сонгогдсон байна.

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж, Б.Л-ын нэхэмжлэлийг ханган, дээрх тогтоолуудыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Зохион байгуулалтын асуудлыг хэлэлцүүлэхээр 1 биш хэд хоногийн өмнө хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй” гэжээ.

Хуульд зааснаар хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд танилцуулахаар байх боловч бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэд хоногийн өмнө танилцуулсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй, харин хуралдаан болох өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Б.Л-тай хамтран ажиллах боломжгүй, улс төрийн сөрөг байр суурьнаас хардаг, сумын үйл ажиллагааг гацааж байгаа” гэх боловч энэ нь Б.Л-ыг Хурлын дарга болон Тэргүүлэгчээс чөлөөлөх асуудлыг дээрх хуулийн 24.3-д заасан шаардлагыг хангахгүй байх үндэслэл биш юм.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь Хурлын даргаар сонгогдсоноосоо хойш нэг сарын дараа хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд сумын үйл ажиллагаатай холбоотой 10 асуудал хэлэлцэхээр энэхүү 2 дугаар хуралдааны товыг тогтоож хуралдсанаас үзэхэд тухайн тайлбар үндэслэлгүй байна.

Маргаан бүхий Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 10 байхаар тогтоосон боловч бүтэц, зохион байгуулалтын асуудал буюу Б.Л-г чөлөөлөх талаар хэлэлцсэн нь хууль бус, 12, 13, 14 дүгээр тогтоолыг хуралдаанаас гаргасан нь дээрх хуулийн 24.3-д заасныг зөрчсөн, үүний улмаас өмнө хуулийн дагуу Хурлын дарга, Тэргүүлэгчээр сонгогдсон нэхэмжлэгч Б.Л-ын ямар шалтгаанаар чөлөөлөгдөх болсноо мэдэх, түүнд тайлбар гаргах ... эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хэдийгээр улс төрийн албан тушаалтан боловч орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад зохих шалтгаан, үндэслэл байхгүйгээр, дээрх хуулийг зөрчих эрхгүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... улсын төрийн шийдэл” түүнийг тайлбарлах шаардлагагүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 зааснаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн 10 асуудлыг хэлэлцэн дуусгаж, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх үед хуралдааныг орхин гарсан Б.Л-ын үйлдлийг буруутгах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан.

Хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ч “... анхан шатны шүүхийг нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хуралдааны тэмдэглэлийг бүрэн эхээр нь хэрэгт аваагүй, хуралд оролцсон төлөөлөгч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй, бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр албан бичгээр хандаж байсан” гэж давж заалдах гомдол гаргасан боловч тухайн баримтууд хэрэгт ач холбогдолгүй, хариуцагчийн дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөх баримт гэж үзэхээргүй байх тул  гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 123/ШШ2021/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ