Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 123/ШШ2021/0024

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 26 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2021/0024

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Л,

Хариуцагч: Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Гуравдагч этгээд: Г.Ч, Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд Б.Лыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагч Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л нь сумын Иргэдийн Төлөөлөгдчийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаанаас Монгол Улсын Засаг Захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар “дөрвөн жилийн хугацаагаар” Хурлын даргаар сонгогдсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болон товыг тогтоох тухай 70 дугаар тогтоолыг Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаас гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар хуралдааны өмнө нь МАН-ын бүлгийн ахлагч “Зохион байгуулалтад өөрчлөлт оруулах” саналыг намын хороогоороо дамжуулан, Хурлын ажлын албанд өгч, 11 төлөөлөгчийн хамт танхимд орж ирснээр хуралдаан эхэлсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын хувьд “зохион байгуулалтын асуудлыг шууд хэлэлцэх нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан “.. хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчинө гэдгийг хэлж, түүнийхээ үндэслэлийг тайлбарласан. Хуралдаан ихээхэн маргаантай явагдсан ч товлосон асуудлаа бүрэн хэлэлцэж шийдвэрлэсэн ба төгсгөлд нь “зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх боломжгүй”, “намайг байхад өөр хүн хуралдааныг даргалахгүй” гэдгийг тайлбарласан. Гэтэл тэргүүлэгч Г.Ч нь төлөөлөгч Ч.Ядамсүрэнг даргалагчаар санал болгож, хуралдааныг Ч.Ядамсүрэн удирдсанаар дараах эрх зүйн үр дагавар үүсч байна. 1. Ч.Ядамсүрэнгээр хуралдаан удирдуулсан үйл ажиллагаа нь Хурлын дарга миний ажлаа чөлөөтэй сонгох эрхээ алдаж байгаа илт хууль бус ЗА болох тухайд:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6”д “..бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд даргын санал болгосноор Тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” хэмээн заасан. Тухайн хуралдааныг миний бие удирдан явуулж байсан тул намайг түр эзгүй хэмээн үзэх боломжгүй учир үргэлжилж байгаа хуралдаан нь миний эрхэд халдан, удирдах эрх Ч.Ядамсүрэнд хуулиар олгогдоогүй байна. Миний бие хуралдаан даргалагчаар санал болгоогүй Ч.Ядамсүрэн хуралдааныг удирдах нь мөн л дээрх шаардлагыг зөрчиж байна.

2. Намайг албан тушаалаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлдээ Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б-г иш татсан. Гэтэл уг дэд заалт нь Хурлын даргыг ажлаас нь чөлөөлөх харилцааг зохицуулахгүй байна. Өөрөөр хэлбэл Хурлын дарга өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдлыг үндэслэн 4 жилийн хугацаатай сонгогдсон хүнийг өөр хүнээр өөрчлөхөд уг дэд заалтыг хэрэглэхээр байна. Тэгэхээр өмнө маань хуралдааныг удирдаж, анхдугаар хуралдаанаас Хурлын даргаар сонгогдсон миний эрхэд халдаж, намайг албан тушаалаас маань чөлөөлсөн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болж байна. 2. 12, 13, 14 дүгээр тогтоол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тухайд: 2.1.  Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан процедурыг зөрчиж, 3 асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл тухай тогтоолуудын төсөлтэй төлөөлөгчид урьдчилан огт танилцаагүйгээс гадна тэдгээрт холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа зэргийг огт хавсаргаагүй байна. 2.2 Хувь хүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн бол санал хураалтыг нууцаар явуулдаг байхад санал хураалтыг илээр явуулж, журмын заалт зөрчсөн байна. 2.3 Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаас өөр этгээд буюу Хуралд асуудал оруулах эрхгүй этгээд буюу сумын Монгол Ардын Намын хорооноос 2020 оны 12 дугаар сарын 17-нд гаргасан саналыг тухай хуралдааныг удирдах эрхгүй этгээд хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулсан нь хуульд нийцэхгүй юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан “ажлаа чөлөөтэй сонгох, цалин хөлс авах” эрх зөрчигдсөнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааныг Б.Л даргалан 2 дугаар хуралдааны товыг тогтоосон. Хуулийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаан нь 12 дугаар сарын 17-ны өдөр 21 төлөөлөгч ирснээр 100%-ийн ирцтэйгээр хуралдаж, 10 асуудал хэлэлцэхээс хуралдааны явцад Монгол Улсын Засаг захиргааны нутагт дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч В.Оюунбаатар санал оруулж, зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр төлөөлөгчдийн 57.1%-ийн саналаар дэмжиж хэлэлцэх асуудалд оруулж баталсан. Хэлэлцэж буй асуудлаа дуусгалгүй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Л үүнээс хойших асуудалд би хурал даргалахгүй гэж хэлээд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалтыг зөрчиж хуралдааныг зориудаар орхин 8 төлөөлөгчийн хамт танхимаас гарсан. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын Ц сумын Иргэдийн чөлөөт сонголтоор байгуулсан хурлын байгууллага гацаанд орж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хуралдааныг Монгол Улсын Засаг захиргааны нутагт дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.8 дахь заалтыг зөрчин, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль бусаар хуралдааныг хаяж гарсан үйлдэл нь нутгийн өөрөө удирдах байгууллагын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хэвийн явуулах үйл ажиллагааг алдагдуулж, хуралдааны товд оруулсан хэлэлцэх асуудлыг хэлэлцэж дуусгалгүй хуралдааныг хаалгүйгээр орхиж гарсан нь илтэд хууль зөрчсөн асуудал болно. Хуралдааныг хэвийн явуулах үйл ажиллагаа алдагдсан учир төлөөлөгчид зөвлөлдөөд тухайн өдрийн хуралдааныг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “б” заалтыг үндэслэн хурлын Тэргүүлэгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хийж байсан туршлагатай төлөөлөгч Ч.Ядамсүрэнгээр удирдуулахаар олонхын /57.1%/ саналаар шийдвэрлэн хурал үргэлжлэн баталсан асуудлаа хэлэлцэн дуусгаж, хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтад нийцүүлэн 12, 13, 14 дүгээр тогтоолыг батлан хуралдааныг албан ёсоор хаасан юм. Төлөөлөгч В.Оюунбаатарын санал оруулснаар төлөөлөгч Г.Ч миний биеийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлж 12 төлөөлөгч буюу 57.1%-ийн саналаар дэмжиж, 13 дугаар тогтоол гарган баталж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон нь хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтад нийцүүлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 1 хүний нэр дэвшүүлсэн учир илээр санал хурааж шийдвэрлэн, дээрхи тогтоолыг хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг үндэс болгон ёсчилсон. Б.Лыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөнтэй холбогдуулан төлөөлөгчдийн 57.1%-ийн саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээс чөлөөлж, Д.Оыг нөхөн сонгож, хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг тус тус үндэслэн 14 дүгээр тогтоолыг гарган баталсан болно. Иймд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны 12, 13, 14 дүгээр тогтоол нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтад нийцүүлэн төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан учир хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ч миний бие нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны 2 дугаар хуралдаанаас сонгогдож ажиллах үед Б.Л дарга нь 12 дугаар сарын цалингаа бүтэн авсан байсан. Мөн 11 дүгээр сарын 03-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон Б.Л нь 11 дүгээр сард Ерөнхий Боловсролын Сургууль, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоёр байгууллагаас цалин авсан нь өөрийн төрсөн дүү болох Ж.Гандулам нь санхүү албаны даргаа ажилладаг тул төсвийн тухай хуулийг зөрчин төрсөн ахдуу давуу байдал олгож, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж харж байсан. Б.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 25-нд дунд сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар ажилд орж 319018 төгрөгийн цалин хөлсөөр хохироогүй гэж үзэж байна. Төлөөлөгч Б.Лын гаргасан гомдол нь хуулийн үндэслэлгүй болно.

Жич: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Б.Л нь хурлын хуралдааныг санаатайгаар хаяж гарсан, төрийн тамгыг албан ёсоор хүлээлгэж өгөлгүй 6 өдөр болж энэ хугацаанд нутгийн өөрөө удирдах ёсны хамтын шийдвэр гаргадаг хурлын байгууллагын нэрийн өмнөөс өөрийн эрх ашигт нийцүүлэн ганцаар шийдэж, албаны хэвлэмэл хуудас төрийн тамгыг хууль бусаар ашиглаж, 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 тоот албан бичгийг Ц сумын иргэд, сонгогчийн итгэлийг авч сонгогдсон 12 төлөөлөгчийн бүрэн эрх, нэр төрд бүдүүлгээр халдан сумын цахим хуудас, өөрийн фэйсбүүк хуудсанд миний байр суурь гэж нийтлэн тавьсан нь хууль зөрчсөн,  нэг талыг баримталсан ёс зүйгүй үйлдэл болно. Бид энэ үйлдлийг нь холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулах болно гэжээ.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар хуралдаа нь 12 дугаар сарын 17-ны өдөр 21 төлөөлөгч ирснээр 100%-ийн ирцтэйгээр хуралдаж, 10 асуудал хэлэлцэхээс хуралдааны явцад Монгол Улсын Засаг захиргаа нутагт дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Тэргүүлэгч В.Оюунбаатар санал оруулж, зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр төлөөлөгчдийн 57.1%-ийн саналаар дэмжиж хэлэлцэх асуудалд оруулж батлагдсан. Асуудал хэлэлцэх явцад сүүлчийн асуудал буюу зохион байгуулалтын асуудал дээр маргаан болж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Л нь энэ асуудал дээр миний хувьд хуралдаан даргалахгүй гэж хэлээд Монгол Улсын Засаг захиргааны нутагт дэвсгэр, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23.7 дахь хэсгийг зөрчин хурлыг хаяж гарсан. Б.Лыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулсантай холбогдуулан Тэргүүлэгчээс нь мөн чөлөөлөх асуудал яригдаж олонхын саналаа чөлөөлсөн. Дараагийн Тэргүүлэгчийн нөхөн сонгох болж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ч миний нэрийг дэвшүүлж 11 төлөөлөгчдийн /53.8%-ийн/ саналаар намайг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгож, тогтоолоор баталсан нь нэгжийн хуульд нийцсэн шийдвэр гэж миний хувьд үзэж байгаа. Би Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч болсноороо Ц сумын иргэд сонгогчдын эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй сар бүр Тэргүүлэгчдийн хуралдаан, цаг үеийн төлөвлөгөөт ажлуудад идэвхтэй оролцож ирсэн... гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Лоос Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд Б.Лыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б” заалтыг үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Лыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.[1]

Мөн Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тогтоолоор[2] Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Ганболдын Чингисийг сонгож, мөн өдрийн 14 дугаар тогтоолоор[3] сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээс Б.Лыг чөлөөлж, Д.Оыг тэргүүлэгчээр сонгосон байна.

Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Лыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож баталгаажуулжээ.[4]

Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны товыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт Соёлын төвийн А зааланд хуралдуулахаар тогтоож, хуралдаанаар хэлэлцэх 10 асуудлын төлөвлөгөөг баталжээ.[5]

Энэхүү хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд хурлын даргыг өөрчлөх, тэргүүлэгчийг сонгох асуудал буюу бүтэц зохион байгуулалтын асуудал ороогүй байна. Улмаар хурал болох өдөр Төв аймгийн Ц сумын Монгол Ардын намын хорооны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20/24 дугаар албан тоотоор 2020 оны жилийн эцсийн хуралдааны хэлэлцэх асуудалд Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “б”, 22.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн намын бүлгийн олонхын саналаар хурлын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах саналыг Иргэдийн төлөөлөгчдийн ажлын албанд хүргүүлсэн байна.[6]

Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдааны 02 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 3 дугаар бүлгийн 3.1 дэх хэсэгт “Хуралдаанаар хэлэлцүүлэхээр эрх бүхий этгээдээс ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч төлөөлөгчдөд танилцуулан хэлэлцэх эсэхийг олонхын саналаар /50+1/ шийдвэрлүүлж, илтгэгчийг тогтоолгон батлуулна гэж заажээ.[7]

Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчиж тухайн өдөр хуралд хэлэлцэх асуудалд санал оруулж ирүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан байхад намын хороо асуудал хэлэлцүүлэхээр санал оруулсан нь хууль бус гэж маргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй.

Түүнчлэн Б.Лыг хурлын даргаас чөлөөлсөн үндэслэлийг хариуцагч “намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс чөлөөлсөн”, тэргүүлэгчээс чөлөөлсөн үндэслэлээ “хурлыг орхисон, эзгүй байсан учир” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хуулийн шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл хуралдаан болохоос 1 хоногийн өмнө оруулж ирээгүй хурлын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэхээр санал оруулсныг  буруу гэж үзэн хурлыг орхин гарсан Б.Лын үйлдэл хууль ёсны байна.

Учир нь тухайн өдрийн хурлаар хэлэлцэхээр оруулсан асуудал хэлэлцэж дууссан, хуралдааны үйл ажиллагаа дуусгавар болсон байхад хурлын тэргүүлэгч Ч.Ядамсүрэнгээр хурлыг удирдуулж явуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоол болон түүнийг даган гарсан 13, 14 дүгээр тогтоолууд нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажилласан болох нь Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Бумдарийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар албан тоот[8], 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Б/01 дугаар захирлын тушаал[9] зэргээр тогтоогдож байна.

Төв аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч Д.Т-гийн цалингийн хүснэгт, Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогч Б.А-ын гаргасан цалингийн хүснэгт зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Лт олгох цалингийн зөрүү байхгүй. Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 12 дугаар сард бүтэн ажилласнаар ажлын 22 хоногоор тооцон цалингаа авсан байна.

Харин 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан ажлын 15 хоногийн цалин хөлс болох 955.481/20*15=716.610 /долоон зуун арван зургаа зургаан зуун арван/ төгрөгийг Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, ажилгүй байсан 1-р сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12, 13, 14 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож, тус сумын хурлын даргын албан тушаалд нэхэмжлэгч Б.Лыг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс  716.610 төгрөгийг Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулж, 1-р сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лт олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

   

 

ШҮҮГЧ                                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5-р хуудас

[2] Хавтаст хэргийн 6-р хуудас

[3] Хавтаст хэргийн 7-р хуудас

[4] Хавтаст хэргийн 8-р хуудас

[5] Хавтаст хэргийн 9-р хуудас

[6] Хавтаст хэргийн 11-р хуудас

[7] Хавтаст хэргийн 96-р хуудас

[8] Хавтаст хэргийн 36-р хуудас,

[9] Хавтаст хэргийн 40-р хуудас