Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Жад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нархажид,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 591 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Жад холбогдох 201625013529 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн .................ийн ................. /.................ийн ................. гэж нэртэй байсныг Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар захирамжаар нэр өөрчилсөн/, 1961 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

Д.Ж нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ хувцсаа тайлж нүцэглэж бүжиглэх гэхээр нь гэрийн эзэн Ц.А “найз нөхдөө хүндлээч” гэсэн шаардлага тавихад түүнийг түлхэн унагаж, иргэн С.У, Л.С нар түүнийг салгаж гэрээс гаргасны дараа гадаа С.Уянгыг түлхэн унагаж, Л.Сгийн нүүр рүү нь гараараа цохиж зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүдийг унагасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэсэн, мөн Ц.Агийн баруун нүд рүү цохиж тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт үүсгэж 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Жын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт .................ийн .................д холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон өөрчилж,

................. овогт .................ийн .................г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Жыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Жын цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар буюу 48 цагийг Д.Жад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч нийт эдлэх ялыг 252 цагийн хугацаагаар тогтоож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Жаас 7.046.050 төгрөг гаргуулж хохирогч Боржигон овогт Лхагваагийн Сарантуяад олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Жад авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцааны 300.000 төгрөгийг Харагчин овогт Дэмбэрэлийн Жамуухад буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Б.Даваасүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэн талаар:

1. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар: Д.Ж мэдүүлэхдээ Ц.Агийн архи ууж байсан өрөөнд Л.С нарт хөөгдөн тайлсан байсан майкаа уруулан гаднах куртикээ өмсөөд гарах гэтэл С.У өмдний тэлээг нь суга татан авч ороологсноор зугтаан шат руу буусан байдаг. Ц.А мэдүүлэхдээ Уянгын өмдний тэлээг авсан, Д.Жыг ороологсоор шат руу буусан, Л.Стай хамт дулаан хувцасаа өмсөөд Д.Жыг үгсэн зодохоор гурвуулаа гарсанаа талаараа нуудаг. Л.С, Ц.А нар үгсэн хаана болсон үйлдлээ тодорхой хэлээгүй байдаг, яллах дүгнэлт шийдвэрүүдэд гэрт, гудамжинд, мухлагын дэргэд мэтээр зөрүүтэй зохиомлоор бичсэн байдаг. Бодит байдал бол Л.С нар өрөөнөөс тэлээгээр ороолгон хувцасыг дутуу өмсгөн гадагш байрны үүдэнд гаргаад гурвуулаа бүлэглэн зодож байснаас Д.Ж бие, нүүр, шүдээ хамгаалан хоёр гараараа савчихад хэрэг гарч үйлдэгдсэн талаар тогтоогоогүй ялласан.

2. Цаг хугацаа: Ялын дүгнэлт шийдвэрүүдэд энэ талаар нэг ч ойлгомжтой дүгнэлт байхгүй байдаг, шатаар ураадахад хэдэн минут, гадагш хаалгаар гарахад хэдэн минут болсоныг асууж тогтоосон бол хэн нь хаана яаж байсныг тодруулах байв. Ц.Агийн “...гарсан чинь Л.Сгийн охин газар ойччихсон байсан. ...Л.С газар ойчсон”, Уянгын “...гэтэл жамуух миний араас 2 хөлөөрөө өшиглөөд гар утсыг минь эвдэлсэн.”, Л.Сгийн “..Төмөрсүх ардаас гүйж ирээд миний охин Уянгыг өшиглөж унагахаар нь Ц.А боль гээд салгасан” мэт худал мэдүүлгүүдээр нотлогдож байна.

3. Арга: Нийгэмд аюултай арга хэрэглээгүй бүлэг үгсэн, хүнийг зодоод архи уулгаад хохирол нэхэж сурсан гурван эмэгтэйгээс биеэ хамгаалсан.

4. Гэмт хэргийн сэдэлт: Ц.А, Л.С, С.У нар Д.Жаар архи авахуулан уудаг зуршилаа хэрэгжүүлэн, мөнгө авах сэдэлт зорилгоо хэрэгжүүлэхээр оролдоод байна.

5. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан: Д.Жын Ц.Аг “нэг казак залуутай “тийм” гэж ярьж байсан” мэтээр цагаан цайлган тусархуу сэтгэлтэй хүнлэг байдлыг далимдуулан өөрсдийнхөө муу муухайг нуух гэсэн байдаг.

6. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл: Д.Жыг дуудаад ирэхгүй болохоор Үржинханд ирнэ, Ангийн дарга байна гэж ирүүлсэн, ирэхэд нь архи авчихсан байсан, Д.Жад архи пиво авахуулсан, өрөөндөө согтоосон, өрөөнөөсөө хөөсөн, С.Уар тэлээг нь сугалуулсан, ороолгосон, мак урсан, гадагш гаргаад зодож танхайрсан, гурвуулаа дохио зангаагаар хүнийг зодож заншсан үйлдэл нөхцөл нь удаа дараагийн зөрүүтэй мэдүүлгүүдээр илэрдэг.

7. Гэм буруугийн хэлбэр: Д.Жын хувьд болгоомжгүй, Л.С нарын хувьд санаатай, үгссэн, бүлэглэсэн, үйлдлээ нуух гэсэн.

8. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ: Д.Ж тэлээгүй, макгүй болж эрүүлжүүлэхэд хоносон, С.Уар утасны мөнгийг хохирогчоор тогтоогоогүй байхад сайхан сэтгэлээр өгч 6 хоног хоригдсон, гэр бүл салсан, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өдий хүртэл 15 сар сэтгэл санаа эд материал, өмгөөлөгчийн мөнгө мэтээр хохирсоор байна. Ц.А сүүлдээ буруугаа хүлээгээд хохирол нэхээгүй, С.У худлаа хэлж мөнгө авсанаа ойлгоод чимээгүй болсон, Л.С энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаагүй шүдний эмнэлгийн тодруулгыг шинжлэн судлаагүй, шинжээч томилоогүй, шинжээчийн мэдүүлэг аваагүй зэрэг бэхжүүлээгүй нотлох баримтыг яах эсэхийг шүүх хурал дээр шийдвэрлээгүй, хувийн сонирхлоор тогтоолд 2 мөрөөр оруулан шийдвэрлэсэн. 7.046.050 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүх хурал дээр илэрхийлээгүй байна.

9. 36.7.2.3-ийн өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосныг няцаан үгүйсгэснээ дурдаагүй.

10. Өмдний тэлээ, майк зэргийг ач холбогдолтой эсэхийг тогтоогоогүй, Д.Жын удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй.

Шүүгч хувийн ашиг сонирхолтой талаар:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг санаатайгаар гуйвуулж Д.Жыг хорих ялтай, ял нь хүндэрсэн мэтээр ойлгуулж байцаалтыг ор мөр явуулж, яллах дүгнэлт ирэнгүүт 7 хоногт хурал зарлаж, өмгөөлөгч шинээр авах боломж өгөлгүй хурал зарлаж, цагдан хорих захирамж гаргасан.

2. Батлан даалтад өгөөгүй байж эрэн сурвалжлуулсан захирамж гаргаж хууль бус шийдвэр гаргасан.

3. Хууль бус захирамжаар 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон энэ мэт үйлдлээ мэдсээр байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах үүргээ биелүүлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгоно уу.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8, 16.11 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчгүй байцаагдсан, өмгөөлөх эрхээр хангаагүй, 16.11.2 санал хүсэлтүүдийг шийдвэрлээгүй гэх мэт үйлдэл байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу.

5. Тогтоолд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ гэж хууль бус захирамж 2 гаргаж хорьсоныг өөрчилсөн захирамж мэтийн талаар зургаан ширхэг хуулбар хавсаргав. Жич: 20 хоногийн дараа гарын үсэггүй гомдлоор хэрэг үүссэнийг анхаарна уу. Иймд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү, эсвэл хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хохирлын хэмжээг тогтоож өгнө үү гэв.” гэв.

Шүүгдэгч Д.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр манай ангийнхан цугларч шинэ байранд орсон гээд бага хэмжээний цайллаг болоод өнгөрсөн. Гэтэл намайг гал тогооны хэрэгсэл хийж өг гээд үлдээсэн. Би хийж өгсөн. Тэр өдрөө салаад явсны дараа 4, 5 удаа араас утасдаж ангийн дарга ирсэн гэсэн болохоор орой 7 цагт очсон. Гэтэл архи задалсан байсан. Нилээд орой болж бид нар нэлээд халсан байсан учраас маргалдсан. Тэгээд гарах гээд гадуур хувцасаа авсан. Цамцаа авч чадаагүй. Гэтэл охин нь намайг гадуур хувцасаа өмсч байхад миний өмдний тэлээг суг татаад авсан. Тэгээд тэлээгээр намайг ороолгоод би шатны уруу руу толгойгоо хамгаалаад тонгойсон. Дахиад балбаад байсан учраас “яаж байна аа” гээд 2 хүн 2 гараараа дайраад байсан учраас би зогсоосон. Ингээд гэрэлд хараад харсан чинь Л.С, Ц.А нар байсан.” гэв.

Прокурор П.Нархажид тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн гаргасан гомдолд гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг гарсан газар, түүний цаг хугацааг тогтоогоогүй. Мөн гэм буруугийн хэлбэр нь болгоомжгүй, хохирогчид учирсан хохирлыг бодитоор тооцоогүй гэсэн утгаар гомдол гаргажээ. Ингээд  шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцаах, эсхүл цагаатгах, эсхүл шинэ хуульд зааснаар танхайрах гэмт хэрэг хүчингүй болгосон гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан гэж ойлголоо. Уг хэрэг хяналт тавьж ажилласан прокурорын зүгээс шүүгдэгч Д.Жад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш шүүхийг үл хүндэтгэж, алга болсон. Хэрэг түдгэлзүүлсэн үндэслэл, захирамж гаргасан талаар хэлээд байна. Эдгээр шүүхийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журам процессийн дагуу хийгдсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд өмгөөлөгч хүсэлт гаргаж хохирогчийн 3 шүдийг хийлгэхэд үнийн хувьд зөрүүтэй талаар эмнэлгээс үнийн талаарх судалгааг гаргаж ирлээ гэсэн баримттай танилцлаа. Хохирогч Сарантуяагийн 3 шүд цохилтын улмаас унасан. Уг шүднүүдийг буйланд имплант шүд суулгаж хийдэг. 1 имплант шүдийг суулгахад 2.000.000 төгрөгийн зардалтай болох талаар эмнэлгийн баримт хавтаст хэрэгт авагдсан. Давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Даваасүрэнгийн шинээр гаргаж өгсөн баримт нь тагнайтай уян шүд хийлгэсэн үнийн талаар судалгаа байна гэж харлаа. Тэгэхээр хохирогчид учирсан хохирол нь эрүүл мэндийн хохирлоос гадна гоо сайхны хохирол учирсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч үүдний 3 шүд нь унасан учраас маск зүүж ирсэн. Энэ нь хохирогчийн биед учирсан хохирлын үр дагавар нь хохиролтой байгаа нь үндэслэлтэй. Одоо шүдийг хийлгэхэд ийм төгрөгийн хохирол гарна гэдгийг баримтаар тооцож ирүүлсэн. 6.900.000 төгрөгийг нэхэмжлэл нь шүд хийлгэх зардал, бусад зардал нь удаа дараа цагдаагийн байгууллагад дуудагдах ирсэн явсан зардлыг тооцож, хавсаргасан баримтууд хэрэгт авагдсан. Хохирогч нэгэнт Д.Жын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ хохирч цагдаагийн байгууллагад дуудагдаж, гарсан зардал учраас уг зардлыг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзсэн учраас хохирол бодитой тооцсон гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэлтийн хувьд 3 хүүхэн мөнгө салгах гэсний улмаас Д.Жыг зодож, цохисон гэж хэлээд байх шиг байна. Хэргийн бодит байдал нь Д.Ж айлд хувцасаа тайчиж, бүжиглэх гээд нүцэглээд байхаар нь болиоч ээ айлыг хүндэтгээч гэсний улмаас уг танхайн гэмт хэрэг үүссэн. Ингээд 2 эмэгтэйг дарж унасан. Нэг нь салгах гэтэл түлхсэн байдаг. Ингээд гэрээс нь харахдаа бичлэг хийж байна гэж сүрдүүлж байгаад гарсан. Тэрнээс шүүгдэгчийн хөөж гаргасан зүйл байхгүй. Гадаа гараад 2 эмэгтэйн нэгийг нь цохиж унагаад нөгөөдхийг нь шүд ам руу нь цохиж, түлхсэн 2 хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхээс хэрэг хэлэлцэгдсний дараа давж заалдах шатны шүүх уг гэмт хэрэгт танхайрсан үйлдэл байгаа эсэхийг шалга гэсэн учраас гудамж талбайд танхайрсан үйлдэл байгаа эсэхийг шалгасан. Уг танхайрсан үйлдлээр нь хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгдэгч шүүхийг үл хүндэтгэж, оргон зайлсан. Ингээд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулснаар шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Иймд шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн хэлж байгаа шиг 3 хүүхэнд зодуулсан үйлдэл мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтоогдоогүй. Шүүхийн шатанд өмгөөлөгч Даваасүрэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Ж нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хороолол 108 дугаар байрны 05 тоотод архидан согтуурсан үедээ иргэн Ц.Аг “найз нөхдөө хүндлээч” гэсэн зүй ёсны шаардлага тавихад нь түүнийг түлхэн унагаж, хамт байсан иргэн Л.Сгийн нүүр лүү нь гараараа цохиж зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүдийг унагасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл үүсгэсэн, мөн иргэн Ц.Агийн баруун нүд рүү цохиж тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун гарын бугалганы гадна доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүсгэж хоёр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Д.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би 19 цаг өнгөрч байхад очсон. Ингээд гэрт очиход Нэргүй болон Ц.А нар байсан ба 1 шил 0.75 литрийн архи хуваан ууж сууж байгаад би ихэд согтсон байсан ба юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрсэн чинь айлийн гэрийн гадна талд өөрийн тэлээгээ татуулсанаа санаж байна. Ц.Агийн байрны гадна талд харанхуйд толгойгоо дарсан байдалтай сэрсэн өөдөөс хүн орилоод сүйтэгнээд гүйгээд ирэхээр нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Дахин нэг хүн хүрээд ирэхээр нь гараа сул атгаж байгаад цохисон миний гаран дээр шүдний мөр үлдсэн байсан. Тэгээд цагдаа дээр сэрсэн. Би болсон явдлын талаар санахгүй байгаач дуулж бүжиглээгүй, би дуулж бүжиглэдэггүй.” гэх мэдүүлэг /хх1 х37-40, х55/,

хохирогч Л.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Төмөрсүх гэнэт босч ирээд бүжиглээд, хувцасаа тайлаад нүцэглэх гээд байсан. Тэгсэн Ц.А Төмөрсүхэд хандаж чи манай гэрт тайчих үзүүлбэр үзүүлэх гээд байгаа юм уу гэж хэлээд унтлагын өрөө рүү Төмөрсүхийг дагуулаад орсон. Тэгээд 5 орчим минутын дараа Ц.А орилхоор нь унтлагын өрөө рүү ороход Төмөрсүх Ц.Агийн хоолойг нь зүүн гараараа боочихсон, баруун гартаа өмдний тэлээ далайчихсан байж байсан. Тэгээд болиулах гэсэн чинь миний шилэн хүзүүн дээрээс бариад хана руу түлхсэн. Тэгээд агсам тавьж байгаад Төмөрсүх Ц.Агийн гэрээс өөрөө гараад явсан. Төмөрсүхийг гараад явахаар нь бүгд гэрээс нь гараад явсан. Би гараад харсан чинь Төмөрсүх байрны хажуу талын жижиг мухлагын тэнд явж байхаар нь Ц.А, манай охин С.У бид гурав гэр рүү нь явах гээд явж байсан. Төмөрсүх ардаас гүйж ирээд манай охин С.Уянгыг өшиглөж унагаахаар нь Ц.А боль гээд салгасан гэсэн. Би урд явж байсан тэрийг хараагүй. Тэгээд Төмөрсүх миний араас гүйж ирээд миний толгойны ар хэсэг рүү гараараа цохиод би газар хажуу тийш хараад унасан. Тэгээд босох гэтэл миний зүүн талын нүд рүү гараараа цохисон. Тэгээд Ц.А бид хоёрыг салгах гэж байгаад нүд рүүгээ цохиулсан. Миний хамар амнаас цус гарч байхад Төмөрсүх гүйгээд яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 1978 онд манай барилгын техникумд элсэж орохдоо Д.Ж гэх хүнийг Төмөрсүх гэдэг байсан, сүүлд нэрээ сольсон байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх1, х15-18/,

хохирогч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Ж согтсон юм уу, хайшаа юм, дуу дуулаад орилоод байсан. Д.Ж гэнэт хувцасаа тайлаад байсан тэгээд би унтлагын өрөө рүү дагуулж ороод чи битий ингээд бай, манай найз нөхдөө хүндлээч” гэж хэлэхэд “би яагаачгүй” гээд намайг ор руу түлхсэн. Тэгээд би ор руу унаад байж байсан чинь Л.Сгын охин орж ирсэн тэгээд Л.Сгын охин Д.Жад хандаж “та өөрөө хувцасаа тайлах гээд байсан биз дээ” гэсэн чинь Д.Ж барьж аваад хана мөргүүлсэн. Тухайн үед Л.С “чи миний охиныг зоддог хэн бэ” гээд маргалдсан. Тэгээд Д.Ж гараад явсан бөгөөд тэгээд би араас нь гарсан чинь Сарантуяагын охин газар уначихсан, Д.Жыг Л.С татчихсан зууралдчихсан байхаар нь салгасан, тэгээд Д.Ж гүйгээд явсан. Тэгээд би Л.Сг “манай гэрт орьё” гэсэн чинь Д.Ж ардаас гүйж ирээд Л.Сгын нүүр рүү гараараа цохьсон. Тэгээд Жамуух гүйгээд явсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх1, х19-22/,

хохирогч С.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Д.Жад зодуулснаас болж миний “Самсунг Галакси Эс 5” загварын гар утас эвдэрсэн. Би дараа нь гар утасаа янзлуулах гэтэл янзлагдахгүй гэсэн тэгээд би “Самсунг Галакси Эс 7” загварын гар утасыг “Теди” төвөөс 1.350.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Д.Жаас өмнө нь эвдэрсэн болон одоо худалдаж авсан гар утасныхаа мөнгийг нэхэмжилж байна. Д.Ж миний хойд талаас өгзөг рүү өшиглөхөд гар утас зүүн талын хойд халааснаас унаж хэдэн хэсэг болж эвдэрсэн. Би өөрийнхөө эвдэрсэн утасыг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 530.000 төгрөгөөр худалдаж авсан. Би эвдэрсэн гар утсаа 250.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх1, х67-69/,

“...Төмөрсүх ах ганцаараа бүжиглэж байх явцдаа дээгүүрээ өмсөж байсан богино цамц, өмдний тэлээ зэргээ тайлаад байсан. Тэгсэн чинь Ц.А эгч Төмөрсүх ахад хандаж “чи яагаад хүний гэрт тайчих гээд байгаа юм бэ” гэж хэлээд Төмөрсүх ахыг унтлагын өрөө рүү дагуулаад орсон. Хэсэг хугацааны дараа Ц.А эгч өрөөндөө орилох шиг болохоор нь ээж араас нь орсон. Би бие засчихаад ээжийн хойноос унтлагын өрөө рүү орсон чинь Ц.А эгч орон дээр суучихсан, ээж Төмөрсүх ахыг “болохгүй шүү дээ” гэх зүйл ярьчихсан зогсож байсан бөгөөд би Төмөрөө ахын хажуу талд нь очоод “та ингэж болохгүй шүү дээ” гэж хэлсэн чинь Төмөрсүх ах эргэж хараад намайг түлхээд “чам шиг п.....-д хамаа байхгүй” гэж хэлээд миний өгзөг рүү өшиглөсөн. Гэнэт Төмөрсүх ах гараад гүйсэн бөгөөд ээж, Ц.А эгч нар дагаад араас нь гүйгээд гэрээс гарсан. Би яасан юм бол гэж бодоод араас нь гарч харсан чинь Төмөрсүх ах цаашаа алхаад явж байсан бөгөөд ээж Ц.А эгч хоёр миний урдаас алхаад ирж байсан. Хэсэг хугацааны дараа Ц.А эгчийн баруун нүд нь улайчихсан, ээжийн урд талын хоёр шүд нь доошоогоо санжиганачихсан, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Цагдаагийн ажилтан ирээд гадаа байсан Төмөрсүх ахыг оруулж ирээд иргэний үнэмлэх дээрх нэрийг нь Д.Ж гэж бичсэн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х23-24, х70-71/,

гэрч Ч.Үржинхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Ж Сараагын охиноор дуу тавиулаад бүжиглээд дээгүүрх хувцасаа тайлаад байхаар нь Ц.А “чи манай ангийн хүүхдийн дэргэд эвгүй байдал гаргалаа” гээд унтлагын өрөө рүү аваад орсон. Д.Ж Ц.Аг орон дээр дарчихсан байсан. Ингээд би “боль” гээд уурлачихаад гэдэс өвдөөд нойл ороод удаагүй байсан. Пир пар гээд гурвуулаа гараад явчихсан. Тэгээд би араас нь гарах гэсэн боловч хаалга үүд нь онгорхой гарч чадаагүй. Ингээд төд удалгүй Сараагын охин орж ирчихээд Нэргүй рүү уурлаад байсан. Сараагын амнаас цус гарсан орж ирэхээр нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх1, х73-74/,

гэрч Ч.Үржинхандын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Төмөрсүх “би бүжиглэмээр байна” гэхэд Л.Сгийн охин нь утас дээрээ хөгжим тавьж өгсөн. Тэгээд Төмөрсүх бүжиглэж байснаа эхлээд майкаа тайлхаар нь Ц.А чи миний найз нөхдийн хажууд хувцасаа тайллаа гээд уурласан. Тэгээд Төмөрсүхийг бариад цаад өрөө рүү орсон. Тэр өрөөндөө маргаад байх шиг байсан. Би тухайн үед 00 руу орох гэхэд Төмөрсүх Ц.Аг орон дээр нь дараад байж байхаар нь боль гээд би Төмөрсүхийг татаад Ц.А, шүүгдэгч нар маргасан. Уг нь тэнд зодоон болохоор зүйл болоогүй. Тэгээд шүүгдэгч Л.Сгийн охин руу “чи хүмүүжилгүй гээд п....” гэж хэлсэн, би 00-ын өрөө рүү орсон. Тэгээд намайг 00-д байж байхад пижигнэлдээд, хүмүүс гүйлдээд байсан. Би биеэ засаад гараад ирэхэд Л.С, Ц.А, Л.Сгийн охин нар бүгдээрээ гүйлдээд гараад явсан, гэрийнх нь хаалга нь онгорхой байсан. Тэгээд би Нэргүйг бос гээд босгоод гарах гэхэд босч чадахгүй байсан. Нэргүй тухайн үед нилээд согтуу байсан. Тэгээд гарах гэж байхад Л.Сгийн охин нь гүйгээд ороод ирсэн. Араас нь Л.С ам, хамраа дараад, цус асгаруулаад ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад Төмөрсүх намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд Ц.Агийн хацар руу нь цохисон байсан. Тухайн үед Л.Сгийн шүд нь унасан гэж хэлж байсан. Би айгаад түргэн тусламж дуудах гэхэд Ц.Агийн хаягийг мэдэхгүй байсан. Тэгээд бид нар гараад цагдаа дээр очсон. Хэний өмдний тэлээг юм мэдэхгүй Л.Сгийн охин гаднаас гүйж орж ирэхдээ тэлээтэй байсан. Тэгээд гаднаас гүйж орж ирээд Нэргүйг ороолгоод байсан. Тэр үед тэлээгээр цохисон, зодсон зүйл болоогүй. Охин нь эрүүл байсан. Зодоон болсны дараа шүүгдэгч над руу яриад “гараад ир, чи намайг хүргээд өгөөч” гэхээр нь би “гарахгүй” гэсэн. Би тухайн үед пиво уусан байсан учир автомашинаар хүргэж өгч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх1, х233-243/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Ц.Агийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун хацрын шонтон хэсэг, баруун бугалганы гадна доод хэсэгт цус хуралт үүсчээ. ...хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 12935 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х28/,

“Л.Сгийн биед зүүн доод зовхинд цус хуралт, дээд үүдэн 3 шүд унасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал үүсчээ. ...хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээд үүдэн 3 шүд унасан нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө.” гэх 12936 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х30/,

Баянгол дүүргийн засаг даргын 2008 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 07 дугаар захирамжаар Дэмбэрэлийн Төмөрсүхийг Дэмбэрэлийн Жамуух гэж өөрчилсөн гэрчилгээний хуулбар /хх1, х43/,

Эд зүйлийн үнэлгээ /хх1, х72/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Д.Жын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохгүй болсон, Д.Ж нь аргагүй хамгаалалт хийсэн, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан зэрэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Жыг цагаатгаж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь анхан шатны шүүхээс “...Д.Ж нь бусдын орон байранд болон гадаа гудамж талбайд согтуугаар, шалтаг шалтгаангүйгээр олон эмэгтэйчүүдийг зодож, хоёр хүний биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан болох нь хангалттай нотлогдож байгаа боловч 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “нийтийн хэв журмыг зөвхөн бүлэглэн зөрчсөн” бол танхайрах гэмт хэрэг болохоор заасан мөн танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол хүндрүүлэхээр заасныг хассан байх тул 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Жад холбогдох үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй байна.” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, Д.Жыг уг хэргийн улмаас хохирсон гэж үзэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд түүнийг аргагүй хамгаалалт хийсэн, эсхүл түүний үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Жаас 7.046.050 төгрөг гаргуулж хохирогч Л.Сд олгохоор заасан нь үндэслэлтэй болсон төдийгүй нэг ширхэг имплант шүдний үнэ 2.300.000 төгрөг, гурван ширхэг имплант шүдний үнэ 6.900.000 төгрөг болох  талаар “Энх Смайл” шүдний эмнэлэгийн баримт /хх1, х112/ хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн уг имплант шүдний үнэ дээр Л.Сгийн худалдан авсан эмний үнэ болох 99.050 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн баримт 47.000 төгрөгийг хохирол төлбөрт тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэснийг “хоёр хүн зодож” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 591 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Харагчин овогт Дэмбэрэлийн Жамуухыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Харагчин овогт Дэмбэрэлийн Жамуухыг хоёр хүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 591 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ц.ОЧ