Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 15

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.М-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох

2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.М надад А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ захирамжийг эс зөвшөөрсөн шалтгаан нь миний бие 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ай аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээр ажлаасаа халагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар ажилдаа эгүүлэн томилогдсон. Би 2017 онд үндсэндээ 4 сар ажилласан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс намайг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй байж 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж миний ажлыг “F” үнэлгээтэй дүгнэж сахилгын арга хэмжээ авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар А.М-т сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь А.М 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээр ажлаас халагдаад ажлаа хийгээгүй байсан. Тийм учраас 2017 оны үр дүнгийн гэрээг бүтэн жилээр үнэлсэн нь хууль бус юм. Тухайн 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6 дугаар зүйлд заасан гэрээний биелэлтийг дүгнэж, баталгаажуулах, Төсвийн тухай хуулиудыг ноцтой зөрчсөн учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хангах нь үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.М-н аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Аймгийн Засаг даргын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/593 дугаар захирамжаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээг ирүүлэхийг Боловсрол, соёл, урлагийн газарт даалгаж шийдвэрлэсэн.

Уг захирамжийн дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ажлын хэсэг гарган холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр нэгдсэн үнэлгээг аймгийн Засаг даргад ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлж, 52.8 буюу “F” үнэлгээ авсан тул эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үнэлгээг үндэслэн аймгийн Засаг дарга хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-т 2018 оны 02 дугаар 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгч А.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.М-с А аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Маргааны үйл баримтаас дурдвал: Төсвийн ерөнхийлөн захирагч А аймгийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч болох Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрхи гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн аймгийн засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-т “сануулах” сахилгын шийтгэл ногдуулснаар уг маргаан үүсжээ. /х.х-н 4/

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрсөн шалтгаан нь А.М 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээр ажлаасаа халагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар ажилдаа эгүүлэн томилогдсон. 2017 онд үндсэндээ 4 сар ажилласан бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс намайг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй байж 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж миний ажлыг “F” үнэлгээтэй дүгнэж сахилгын арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй гэж;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч А.М нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлж, 52.8 буюу “F” үнэлгээ авсан тул эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үнэлгээг үндэслэн аймгийн Засаг дарга хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-т 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч А.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  

Нэхэмжлэгч А.М 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргын “А.М-г ажлаас халах тухай” Б/30 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халагдаж тус шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШШ2017/0023 дугаар шүүхийн шийдвэрээр маргаан бүхий Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.М-г А аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0488 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ийнхүү аймгийн засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “А.М-н ажлыг хүлээлцүүлэх тухай” Б/108 дугаар захирамжаар Эрдэнэбулган сумын хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-н ажлыг хүлээлцүүлж,  дүнг танилцуулахыг Боловсрол, соёл, урлагийн газар үүрэг болгожээ /1х.х-н 196/

Түүнчлэн А аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-н 2017 онд нийт ажилласан сар болон тооцсон цалингийн  хүснэгтэнд 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн ... 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс ажилд томилогдсон гэж, гэрч Д.Ц “ ... А.М 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ажиллаагүй. Зун эрхлэгч 7, 8 сард амардаг, энэ саруудыг хасаж үзвэл А.М 6 сар орчим ажиллаагүй гэж мэдүүлжээ./1х.х-н 164, 203/

Дээрх баримуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч А.М нь 2017 онд Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 4 сар 7 хоног ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч аймгийн Засаг дарга нь тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг үнэлж дүгнэхдээ Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ, 40.4. Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна: 40.4.1.төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах; 40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.2.-т “Энэхүү журмын зорилго нь Монгол  Улсын төрийн албаны хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай энэ журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд  нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан  хөтөлбөр,  арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр  байгууллагын үйл ажиллагааны зорилго,  зорилтуудыг хангахад чиглүүлэн, төсвийн шууд захирагч үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд оршино.”,

6.1.-д “Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ”, 6.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэхдээ дор дурдсан мэдээллийг үндэслэнэ:, 6.2.2.-т “гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл;” 6.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 6.4.1.  90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн”; 6.4.2.  80-90 хүртэл оноо авсан бол “В” буюу “Сайн”; 6.4.3.  70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “Хангалттай”; 6.4.4.  60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”; 6.4.5.  0-60 хүртэл оноо авсан бол “F” буюу “Хангалтгүй”, 6.5.-т “Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ.”, 6.7.-д “Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно.” гэж заасан журмын дагуу гэрээний биелэлтийг зохих ёсоор дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх журмын 2.3.-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй.” бөгөөд хариуцагч аймгийн засаг даргын тухайд дээрх үүргээ биелүүлээгүй байна.

Тодруулбал, А аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг дүгнэх үүргээ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар гүйцэтгүүлсэн, гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг төсвийн ерөнхийлөн захирагч бичих хуулийн зохицуулалттай байтал аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас үнэлгээтэй холбоотой санал гаргасан, гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийгээгүй зэргээр журмын дээрх заалтыг зөрчжээ.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад дурдсанаар А аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тус аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М хангалтгүй биелүүлсэн нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээр хангалтгүй биелүүлсэн нь нотлогдон тогтоогдсонгүй.

Эрдэнэбулган сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-н  2017 оны үр дүнгийн гэрээний тайланг үнэлж, дүгнэхдээ А.М-н тухайн онд ажилласан хугацааг харгалзаж үзээгүй, үр дүнгийн гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэх боломжит хугацаагаар хангаагүй, үр дүнгийн гэрээний тайланг хангалтгүй дүгнэгдсэн шалтгаан нөхцлийг тодруулаагүй, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар  захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй байна.

Иймд Эрдэнэбулган сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.М-н 2017 оны үр дүнгийн гэрээгээр үнэлсэн үнэлгээ нь хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Түүнчлэн үр дүнгийн гэрээ, түүнийг үнэлж дүгнэх зорилго нь төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх,тайлагнахад хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийнх түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоож мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн  хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго зорилтуудыг хангахад чиглүүлэх, төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд орших бөгөөд сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” санал дүгнэлт авсан А аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр цэцэрэгт Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Х 2018 онд итгэмжлэл олгосон болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Шүүх иргэн А.М-с гаргасан нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тогтоосон байна. Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй тул 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 90 дүгээр албан бичгээр хариу тайлбар ирүүлэхийг шаардаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хойшлуулсан, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулж, хэргийн оролцогч нарт хурлын товыг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 136 дугаар албан бичгээр хариуцагч аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаанд саад учруулахгүй байхыг анхаарч ажиллахыг мэдэгдсэн /шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр 2 удаа хойшилсон/ байхад хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс хүргүүлсэн мэдэгдлийг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ундармаа нь шүүх хуралдааныг 2 удаа хойшлогдсоны мэдсээр байж 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Өгийнуур суманд томилолтоор ажиллахаар болсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, түүний гаргасан хүсэлт шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбарууд, нэхэмжлэгч А.М-с хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Ц.Б-г шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзсан, шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б-д хэргийн материалттай танилцахыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч Ц.Б нь уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцохгүй, хариуцагчтай гэрээ байгуулаагүй тул хэргийн материалттай танилцах шаардлагагүй гэснийг тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүд тус тус  удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, А.М-н  2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “А.М-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /А аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М-т олгосугай.     

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА