Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 16

 

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Засаг даргад холбогдох
    2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Өмнө нь өөрийнх хүсэлтээр гэж намайг аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б/98 дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүй халсан. Тухайн захирамжийг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргээ шийдвэрлүүлээд ажилдаа эгүүлэн тогтоолгож 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа орсон. Гэтэл А аймгийн Засаг даргын зүгээс дахин намайг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаартай захирамжаар ажлаас халсан. Уг захирамжид 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдийг дурдсан байдаг. Би дээрх захирамжид гомдолтой байна. Би 2017 онд хагас жил л ажилласан байдаг. Мөн надад үр дүнгийн гэрээний үнэлгээг ч танилцуулаагүй, би шүүх хуралд оролцох гээд хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа 2017 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн байгаа. Гэтэл Б.О хагас жил л ажилласан, 2017 оны үр дүнгийн гэрээг бүхэлд нь тайлагнаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Үүнтэй холбоотой хариуцагч талаас 2017 оны хагас жилийн үнэлгээг үнэлж ажлаас халсан гэсэн тайлбар ирүүлдэг. Гэтэл Б.О-д хагас жилээр гэрээгээ яаж үнэлүүлсэн талаар танилцуулаагүй. Өмнө нь Б.О-г  2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б/98 дугаартай захирамжаар ажлаас халсан байдаг. Хагас жилийн үр дүнгийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд ажлын хэсэг томилогдож үнэлсэн байдаг. Б.О-г ажлаас халахдаа хагас жилийн үнэлгээг огт танилцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль журмандаа заасан ярилцлага хийгээгүй.
Дараагийн нэг асуудал нь маргаан бүхий актад дурдсан зөрчлийг удаа дараа гаргасан гэдэгт Б.О-н хувьд удаа дараа гаргасан зөрчил байхгүй. Өмнө нь үр дүнгийн гэрээг дүгнээд арга хэмжээ авсан байдаг. Үүн дээр маргаан байхгүй, гэхдээ Б.О-г давтан сахилгын зөрчил гаргасан гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5, 6 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн байдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна, 40.3-т Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэхээр заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаас ажлын хэсэг байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн байдаг.
Тус аймгийн Х сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-н аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хангалтгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул түүнийг үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн төдийгүй үүн дээр маргаагүй. Мөн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн нь баримтаар тогтоогддог.
Түүнчлэн хамт олны зүгээс нэхэмжлэгч Б.О-тэй ажиллах сонирхолгүй байгаа болон нийт ажилтан, цэцэрлэгийн хүүхдийн эрх ашиг сонирхлыг хохироож байгаа талаарх өргөдлийг удаа дараа ирүүлсэн тул үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу үүрэгт ажлаас нь халах хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамж нь хууль, журамд нийцсэн захиргааны акт гарсан байна. Захирамжийн үндэслэл нь 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлүүдээр ажлаас халсан. 2017 оны хагас жилийн үнэлгээг дүгнээд аймгийн Засаг даргад танилцуулагдсанаар Б.О-н гаргасан зөрчил нь илэрч байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хяналт, шалгалтаа хийгээд зөрчлөө илрүүлээд 1 сарын дотор арга хэмжээ авч байгааг хэн ч ойлгож байгаа. Энэ нь 2018 оны 1 сард илэрсэн зөрчил юм байна гэдэг нь Буяннэмэхийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэхэд Буяннэмэх, Билэгт нар оролцоогүй, Боловсрол, соёл, урлагийн газраас ажилтан оролцож дүгнэлцсэн. Тийм учраас Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц.Мөнхбат аймгийн Засаг даргад үр дүнгийн гэрээний үнэлгээг танилцуулсан. Хариуцагч аймгийн Засаг даргын тайлбарт 2017 оны хагас жилээр хангалтгүй үнэлүүлсэн гэж байгаа шүү дээ. Гэтэл үр дүнгийн гэрээний үнэлгээг огт мэдээгүй байсан, шүүх дээр ирээд мэдсэн гэдэг ойлголт байж болохгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан байгаа үр дүнгийн гэрээний үнэлгээтэй 3 сард танилцсан байх боломжтой. Тийм учраас үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргах хугацаа нь дуусчихсан байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.О-с А аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, А аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Маргааны үйл баримтаас дурдвал: Төсвийн ерөнхийлөн захирагч А аймгийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч болох Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нар Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулж, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Дээрхи гэрээний 2017 оны эхний хагас жилийн биелэлтийн дүгнэсэн үнэлгээг үндэслэн 2018 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2 дахь хэсэгт заасныг үндэслэн аймгийн засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-г 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцалснаар уг маргаан үүсжээ. /1х.х-н 5/
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс аймгийн Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б/98 дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүй халсан. Тухайн захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргээ шийдвэрлүүлээд ажилдаа эгүүлэн тогтоолгож 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа орсон. Маргаан бүхий захирамжид 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдийг дурдсан байдаг. Би 2017 онд хагас жил л ажилласан байдаг. Мөн надад үр дүнгийн гэрээний үнэлгээг ч танилцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, төсвийн ерөнхийлөн захирагч холбогдох хууль журмандаа заасан ярилцлага хийгээгүй. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 5, 6 дугаар зүйлүүдийг бүхэлд нь зөрчсөн гэж;
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-н аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хангалтгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул түүнийг үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн төдийгүй үүн дээр маргаагүй. Мөн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн нь баримтаар тогтоогддог. Түүнчлэн хамт олны зүгээс нэхэмжлэгч Б.О-тэй ажиллах сонирхолгүй байгаа болон нийт ажилтан, цэцэрлэгийн хүүхдийн эрх ашиг сонирхлыг хохироож байгаа талаарх өргөдлийг удаа дараа ирүүлсэн тул үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу үүрэгт ажлаас нь халах хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгч Б.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.  
1.Аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Б.О нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар А аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Б.О-г жинхлэн томилох тухай” Б/105 дугаар захирамжаар 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр жинхлэн томилогджээ. /1.х.х-н 158/

Улмаар 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Б.О-г ажлаас чөлөөлж, Д.Б-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/98 дугаар захирамжаар Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-г өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн байна. /1х.х-н 159/
Иргэн Б.О дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/98 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-г А аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /1х.х.-н 8-13/
Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр А аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаа хүлээн авсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлэгээр тогтоогдсон, уг ажлаа 2018 оны 01 дүгээр сарын 26-нд хүлээн авсан талаар маргаангүй болно.
А аймгийн Засаг дарга 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай” А/255 дугаар захирамжаар аймгийн засаг даргын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний эхний хагас жилийн тайланг дүгнэх ажлын хэсгийг хавсралтаар баталж, захирал, эрхлэгч нарын гэрээг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу гэрээнд заасан хугацаанд дүгнэж танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Б.Буяннэмэхэд үүрэг болгожээ. /1х.х-н 30-31/
Дээрх захирамжийн дагуу цэцэрлэгийн эрхлэгч нарын гэрээний дүн /2017 оны эхний хагас/-гээр /21 дүгээр жагсаалтанд/ Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О манлайллын зорилт 20.5, тусгай захиалгат арга хэмжээ 19.3, нийт захиалгат арга хэмжээ 19, нийт 58.8 оноогоор үнэлэгдсэн байна. /1 х.х-н 32/
Гэрч Б.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “ ... 2017 оны хагас жилийн гэрээний биелэлтийг дүгнэхэд илтгэх хуудас бичигдээгүй. Хагас жилийн үр дүнгийн гэрээтэй холбоотой илтгэх хуудас гарч байгаагүй ... аймгийн засаг даргад бүх цэцэрлэгийн нэгдсэн дүнг танилцуулдаг  гэж, гэрч Б.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “ ... бид 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн үнэлгээтэй холбоотой илтгэх хуудас гаргаагүй ... Б.О-г ажлаас халах талаар санал гаргаж зөвлөлийн хуралд оруулаагүй, зөвхөн ийм байна гэж мэдээлэл танилцуулсан ... 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлын хэсэг байгуулагдаад, 7 дугаар сарын 8, 9-ний үеэр эцсийн үнэлгээ гарсан байх ... Б.О-н 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн үнэлгээтэй холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй” гэж мэдүүлжээ. /2 х.х-н 10-12, 29-33/
Төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга 2017 оны үр дүнгийн гэрээний хагас жилийн тайланг үнэлж дүгнэхдээ Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн  түвшинг үнэлж дүгнэх журмын 1.5.Гэрээг төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт  заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө байгуулна. Гэрээний хугацаа нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж,  мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно,
Зургаа. Гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах, гэрээний биелэлтийг дүгнэх 6.1.Гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийнэ., 6.2.2. гэрээний биелэлтийн талаар тухайн төсвийн шууд захирагчийн хагас, бүтэн жилээр ирүүлсэн тайлан, гэрээний биелэлтийн явц, үр дүнг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээлэл; 40 дүгээр зүйлийн  40.4.1-д  заасны дагуу төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчид өгсөн үүргийн биелэлт; 6.5.Төсвийн шууд захирагч төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ. Хэрэв төсвийн ерөнхийлөн захирагч үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн "Илтгэх хуудас"-нд тайлбарыг хавсарган төсвийн шууд захирагчийн Хувийн хэрэгт хадгалах  бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно, 6.7. Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчсөн байна.
Иймд төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн засаг дарга нь төсвийн шууд захирагч Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны /хагас жил/ үр дүнгийн гэрээг дүгнэхдээ Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул, нэхэмжлэгч Б.О-г аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллахаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
2. Аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлснээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлийн тухайд:
А аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Б.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/27 дугаар захирамжаар аймгийн засаг дарга, сумын Засаг дарга, Боловсрол, соёлын газрын дарга нартай 2016 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Хайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгч Б.О-д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ./1х.х-н 58/
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс өмнө нь үр дүнгийн гэрээг дүгнээд арга хэмжээ авсан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Б.О-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/27 дугаар захирамжтай маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно. Б.О нь А аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 1 удаа “Сануулах” сахилгын арга хэмжээ авагдаж байсан байна.
Харин нэхэмжлэгч Б.О дахин сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдсонгүй. Учир нь “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай.
Маргаан бүхий захиргааны акт болох Б/06 дугаар захирамжид дурдсан 2017 онд /хагас жилээр/ хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээг хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдоогүй тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
    Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2. Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчжээ.
    Тухайлбал, хариуцагч аймгийн Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  “Б.О-г үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжаар гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. 25 дугаар зүйлийн 25.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага .. цуглуулна. 26 дугаар зүйл.Оролцогчийг сонсох 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.5. Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж заасан хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мөн ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзах шаардлагатай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.
Уг хэргийн маргаан бүхий үйл баримтын тухайд аймгийн засаг дарга Хайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд байгуулсан 2017 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор дүгнэж, үнэлгээг өгөх, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийхээр журмаар зохицуулсан байхад 2017 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимтай нийцээгүй байна.
Түүнчлэн хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас ажлын хэсэг байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн байдаг. Тус аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-н аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хангалтгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул түүнийг үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэх тайлбар ирүүлсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч аймгийн засаг дарга нь нэхэмжлэгч Б.О-н 2017 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний үнэлгээг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж тайлбарласан болно.
3. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А аймгийн засаг дарга, Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй “Хөдөлмөрийн гэрээ” байгуулжээ. /1.х.х-н 129-132/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актад дурдсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэдэгт дээрх хөдөлмөрийн гэрээний Найм. Гэрээг дуусгавар болгох буюу цуцлах 8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл болон байгууллагын дотоод журамд заасан холбогдох заалт, дараах ноцтой зөрчлийг гаргах нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Үүнд: –Хамт олны нэг хэсгийг ялгаварлан гадуурхах байдал гаргасан, уг асуудлыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас шалгасан гэж тайлбарласан болно.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үндэслэлтэй холбогдуулан Боловсрол, соёл, урлагийн газарт үзлэг хийсэн бөгөөд Боловсрол, соёл, урлагийн газарт А аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн албан хаагчдаас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өргөдөл, Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Б-с хүсэлтийг ирүүлснийг хэрэгт хавсаргасан болно. /1 х.х-н 248-250/
Уг өргөдөл, хүсэлтийн дагуу Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргасан гэх боловч уг дүгнэлтэнд дээрх асуудлыг шалгасан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгагдаагүй байна. /2х.х-н 1-3/
Маргаан бүхий захиргааны актад дурдсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэл нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.О нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн / Хамт олны нэг хэсгийг ялгаварлан гадуурхах байдал гаргасан / болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлгээр тогтоогдсонгүй.
Түүнчлэн өмнө нь нэхэмжлэгч Б.О-г А аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг А аймгийн Засаг дарга  2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр биелүүлсэн боловч дахин  2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгч Б.О-н 5 хоног ажиллаж байхад нь 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээр хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж ажлаас нь халж байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Б.О-н эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин, хөлс авах ..эрхтэй” гэсэн Монгол Улсын иргэний үндсэн эрхийг зөрчжээ.
 Иймд Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б.О-н 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-г А аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У нь  шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв. /2-р х.х-59/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүд тус тус  удирдлага болгон                                                   
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх  заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд хангаж, Б.О-н 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг 58.8 үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, А аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн “Б.О-г үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.О-г урьд эрхэлж байсан ажил болох А аймгийн Хайрхан сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /А аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.      
             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 


                                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Б.ОДОНТУЯА