Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01576/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Хариг төвд байрлах “Үсхий Улиас” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, Дархан номин худалдааны төвийн арийн 9 давхар байрны 14 тоотод оршин суух Балт овогт Осорын Баярсайхан /РД: ТД66031879/-д холбогдох,

 

"23,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нармандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагч О.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Үсхий Улиас” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн захирал Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2014 оны 09 сарын 17-ны өдөр О.Баярсайхантай автомашин худалдах, худалдан авах гэрээ хийж, “LEXUS LX 450” маркийн 9332 ДАХ улсын дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг О.Баярсайхан жолоодож яваад эвдрэл гаргаж, 3,000,000 төгрөгөөр машинд ачуулж, авто засварын газар засуулж авч байсан. Гэтэл 2015 оны 04 сарын 21-ний өдрийн 372 дугаартай шийдвэрээр машин Ц.Халиун гэх хүнд буцаагдаж очих болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас машиныг хурааж авсан. Ингээд манай компани машин ч үгүй мөнгө ч үгүй болж хохирсон. Иймд О.Баярсайханаас машины үнэ 20,000,000 төгрөг, машиныг тээвэрлэж, эвдрэлийг засуулсны хөлс 3,000,000 төгрөг нийт 23,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч О.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн өмчлөлийн 9332 ДАХ улсын дугаартай автомашиныг Ж.Наранхүүд худалдсан. Гэтэл Ж.Наранхүү нь 2015 оны 04 сарын 21-ний өдрийн 372 дугаартай шүүхийн шийдвэрээр чиний зарсан машиныг хураагаад авчихлаа гэж хэлсэн. Миний зүгээс машиныг хурааж авсан актыг нь харъя гэхэд тийм юм байхгүй гэсэн. Тэгвэл наад асуудлаа шүүхэд ханд гэсэн. Яагаад гэвэл гуравдагч этгээдэд худалдагдсан байхад ШШГА хүний өмчийг хурааж авах ёсгүй байсан. Учир нь уг шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Халиун гэгчийг би огт танихгүй, ШШГА-нд миний хувьд өргүй байхад Ж.Наранхүү нь надаас худалдан авсан машинаа хураалгасан юм. Тухайн үед намайг хэлэхэд Ж.Наранхүү шүүхэд хандсан бол хууль зүйн үндэслэлээр энэ хүн өнөөдөр машинтайгаа байх байсан. Иймд миний зүгээс нэхэмжлэлийн хариуцагч нь биш байна гэж үзэж байна.

Машиныг Ж.Наранхүү авсанаас хойш бид хамтдаа Эрдэнэт явж байхад машины дугуй нь салсан. Тэгээд машиныг үзэхэд дугуйны боолтыг дутуу буруу боосон байсан. Түүнийг нь хэлэхэд өмнө нь Ж.Наранхүү загасанд явж байгаад машинаа эвдсэн талаараа хэлсэн. Тэгээд өнгөрсөн. Иймээс тэр зардлыг би төлөх үндэслэлгүй.

Машины үнэ 20,000,000 төгрөгийн хувьд зөвшөөрөхгүй байна. Бид гэрээг 10,000,000 төгрөгөөр хийсэн бөгөөд гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг л надад өгсөн. Түүнээс 20,000,000 төгрөг би аваагүй. Үүнийг нотлох баримт ч байхгүй. Иймээс би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь худалдсан автомашины үнэ 20,000,000 төгрөг, автомашиныг засахад гарсан зардал 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг хариуцагч О.Баярсайханаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхэд гаргасан 2016 оны 11 сарын 08-ны өдрийн огноотой нэхэмжлэлд “Үсхий улиас” ХХК-ийн захирал Ж.Наранхүү гэж гарын үсэг зурсан байгаа боловч 2016 оны 11 сарын 09-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлаар Нямдоржийн Нармандах томилогдсон болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шинээр томилогдсон захирал Н.Нармандах компанийг төлөөлөн оролцсон, мөн энэхүү өөрчлөлтийн талаар талууд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Хариуцагч О.Баярсайхан нь нэхэмжлэлийн хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

2014 оны 09 сарын 17-ны өдөр “Үсхий улиас” ХХК болон О.Баярсайхан нарын хооронд LEXUS LX-450 маркын, 93-32 ДАХ улсын дугаартай автомашиныг  худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээнд автомашины үнийг 10,000,000 төгрөгөөр тохирсон болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл, автомашин худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний зүйл болох автомашин 2014 оны 09 сарын 17-ны өдөр О.Баярсайханы өмчлөлөөс “Үсхий улиас” ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн бүртгэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд: “автомашиныг 2014 оны 01 дүгээр сард О.Баярсайханаас хүлээн авсан бөгөөд үнэ болох 20,000,000 төгрөгийг 2014 оны 01 сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сард үлдсэн 10,000,000 төгрөгийг хуваан төлсөн.Нийт 20,000,000 төгрөг бэлнээр төлсөн” гэж, хариуцагч О.Баярсайхан шүүх хуралдаанд: “автомашиныг 2014 оны 01 сард “Үсхий улиас” ХХК-д хүлээлгэн өгсөн нь үнэн. Машины Үнэ 10,000,000 төгрөг л авсан. 20,000,000 төгрөг аваагүй” гэж тус тус тайлбарладаг болно.

 

Талуудын тайлбар болон гэрээний 5-д нэмэлт заалт гэсэн хэсэгт төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичигдсэнээс үзэхэд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдахаас өмнө автомашиныг О.Баярсайхан “Үсхий улиас” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн, автомашины үнийг “Үсхий улиас” ХХК нь О.Баярсайханд төлсөн байх бөгөөд гэрээ байгуулсан өдөр автомашины өмчлөгчөөр “Үсхий улиас” ХХК бүртгүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-ийн төлөөлөгч Н.Нармандах нь О.Баярсайханд машины үнэд 20,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд талуудын бичгээр байгуулсан гэрээнд автомашины үнийг 10,000,000 төгрөг гэж бичигдсэн, хариуцагч О.Баярсайхан нь гэрээнд тохирсны дагуу 10,000,000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа зэргээс үндэслэж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь О.Баярсайханд автомашины үнэд 10,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “О.Баярсайхан нь Б.Дэлгэрмаа гэх хүнээс тус автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг бөгөөд талууд ч мөн 20,000,000 төгрөгөөр тохирсон, татвар бага төлдөг учир үнийг багасган 10,000,000 төгрөг гэж гэрээнд бичсэн. Түүнээс бэлнээр 20,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн байдаг” гэж тайлбарладаг боловч О.Баярсайхан автомашиныг бусдаас 20,000,000 төгрөгөөр авсан гэх үндэслэлээр “Үсхий улиас” ХХК болон О.Баярсайхан нарын хооронд байгуулагдсан гэрээний үнийг 20,000,000 төгрөгөөр тохирсон гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг зохигчид өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь 20,000,000 төгрөгийг хариуцагч О.Баярсайханд хүлээлгэн өгсөн гэх тайлбараа энэхүү хуульд заасны дагуу нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу LEXUS LX-450 маркын, 93-32 ДАХ улсын дугаартай автомашиныг  хариуцагч О.Баярсайхан нь “Үсхий улиас” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь автомашины үнэ болох гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг О.Баярсайханд хүлээлгэн өгөх үүргээ тус тус биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн  бол үүрэг дуусгавар болохоор заасан бөгөөд энэхүү хуульд заасны дагуу талуудын автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байна гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь хариуцагч О.Баярсайханаас худалдан авсан автомашиныг тус шүүхийн 2015 оны 04 сарын 21-ний өдрийн 372 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Ц.Халиун гэх хүний өмчлөлд шилжсэнээс болж тус компани машины үнээр хохирч байна гэж тайлбарладаг болно.

 

Хэрэгт авагдсан Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 21-ний өдрийн 372 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Дэлгэрмаагаас Тоёота лексус-450 маркын автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Халиунд олгож, нэхэмжлэгч Ц.Халиунаас 2,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Дэлгэрмаад олгохоор шийдвэрлэжээ. /ХХ-56-57 дугаар хуудас/

 

Энэхүү шийдвэрийн дагуу дээрх автомашин Ц.Халиуны өмчлөлд 2015 оны 07 сарын 30-ны өдөр буцаан шилжсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн бүртгэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-38-40 дугаар хуудас/

 

Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 839 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар баг, Их сургуулийн гудамж, 2/22 тоот хаягт байрлах 315 мкв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-2003011281 дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг газрын хамт хариуцагч Б.Дэлгэрмаагийн өмчлөлөөс гаргуулан, О.Баярсайханд олгон, Б.Дэлгэрмаад олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000232100 тоот, газар өмчлөх эрхийн бүртгэлийн 000237725 тоот гэрчилгээг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээний зүйл болсон Б.Дэлгэрмаагаас О.Баярсайханд, О.Баярсайханаас “Үсхий улиас” ХХК-д хэлцлээр шилжсэн ДАХ 93-32 улсын дугаартай LEXUS-450 маркын автомашин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнөх өмчлөгч Ц.Халиунд шилжсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно гэж заажээ. /хх-ийн 43-45 дугаар хуудас/

Эдгээр шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн дээрх шийдвэрүүд болон автомашины өмчлөгчдийн жагсаалтаас үзэхэд тус автомашин нь 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ц.Халиунаас Б.Дэлгэрмаад, 2014 оны 01 сарын 08-ны өдөр Б.Дэлгэрмаагаас хариуцагч О.Баярсайханд шилжсэн байх бөгөөд дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу Ц.Халиун, Б.Дэлгэрмаа нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн зүйлүүд харилцан буцаагдсан,  мөн Б.Дэлгэрмаа, О.Баярсайхан нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр мөн өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахаар шийдвэрлэсэн байна.

Харин нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь худалдан авсан автомашинаа шүүхийн шийдвэрийн дагуу буцаан шилжүүлж, автомашины үнэ 10,000,000 төгрөгөөр хохирсон, нөгөө талаас хариуцагч О.Баярсайхан нь  тус автомашинаар арилжсан үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авахаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдлаас үзэхэд нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-иас автомашины үнэд авсан 10,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т: “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т: “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар заажээ.

 

“Үсхий улиас” ХХК болон О.Баярсайхан нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэг автомашиныг өмчлөлд шилжүүлснээр буюу 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд  шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 07 сарын 30-ны өдөр автомашин буцаагдсанаас автомашины үнэ болох 10,000,000 төгрөгөөр хариуцагч О.Баярсайханы хөрөнгө нэмэгдсэн байх тул энэхүү 10,000,000 төгрөгийг “Үсхий улиас” ХХК нь хөрөнгөжсөн этгээд болох О.Баярсайханаас нэхэмжилж буй шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь машинд учирсан эвдрэлийг засах, автомашиныг тээвэрлэхэд гарсан зардалд 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр энэхүү шаардлагыг тодруулахад худалдан авсан автомашин доголдолтой байснаас түүнийг засуулахад ийм хэмжээний зардал гарсан гэж тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

 

Зохигчдын тайлбараар “Үсхий улиас” ХХК нь 2014 оны 01 дүгээр сард автомашиныг О.Баярсайханаас хүлээн авсан байх бөгөөд машины доголдолтой гэдгийг 2014 оны 04 дүгээр сард мэдсэн байна.

Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК нь автомашины доголдлыг мэдсээр байж 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн бүртгүүлсэн байгаагаас үзэхэд дээрх хуульд заасан үндэслэлээр доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Иймд “Үсхий улиас” ХХК нь машины доголдлыг засуулахад гарсан зардал 3,000,000 төгрөгийг О.Баярсайханаас шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч О.Баярсайханаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч О.Баярсайхан нь шүүх хуралдаан дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас LEXUS 450 маркийн автомашиныг хэний өрөнд хураасан, ямар шүүхийн шийдвэрийн дагуу авсан зэргийг тодруулах үүднээс хурааж авсан тухай акт, тэмдэглэл зэргийг гаргуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнө нь гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 140 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 03/131 дугаартай албан бичгээр хариу ирсэн, мөн автомашин “Үсхий улиас” ХХК-ийн өмчлөлөөс Ц.Халиуны өмчлөлд шилжих үндэслэл болсон Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байх тул түүнийг дахин тодруулах шаардлагагүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хариуцагч О.Баярсайханы хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Баярсайханаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ОЮУНЦЭЦЭГ