Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 47

 

“Үсхий улиас” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01576/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 123 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Балт овогтой О-ын Б-д холбогдох,

          “машины үнэ, хохиролд 23.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандахын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК:

Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр О.Б-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ хийж, “LEXUS LX 450” маркийн 93-32 ДАХ улсын дугаартай авто машиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг машиныг О.Б- жолоодож яваад эвдрэл гаргаж, 3.000.000 төгрөгөөр машинд ачуулж, авто засварын газар засуулж авч байсан. Гэтэл анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 дугаартай шийдвэрээр машин Ц.Халиун гэх хүнд буцаан очих болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас машиныг хурааж авсан. Ингээд манай компани машин ч үгүй мөнгө ч үгүй болж хохирсон. Иймд О.Б-аас машины үнэ 20.000.000 төгрөг, машиныг тээвэрлэж, эвдрэлийг засуулсны хөлс 3.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч О.Б-:

Миний бие өөрийн өмчлөлийн 93-32 ДАХ улсын дугаартай автомашиныг Ж.Наранхүүд худалдсан.

Гэтэл Ж.Наранхүү нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 дугаартай шүүхийн шийдвэрээр чиний зарсан машиныг хураагаад авчихлаа гэж хэлсэн. Машин гуравдагч этгээдэд худалдагдсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хүний өмчийг хурааж авах ёсгүй байсан. Учир нь уг шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Ц.Халиуныг би огт танихгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  миний хувьд өргүй байхад Ж.Наранхүү нь надаас худалдан авсан машинаа хураалгасан юм. Тухайн үед намайг хэлэхэд Ж.Наранхүү шүүхэд хандсан бол энэ хүн өнөөдөр машинтайгаа байх байсан. Иймд би энэ хэргийн хариуцагч нь биш юм. Ж.Наранхүү загасанд явж байгаад машинаа эвдсэн талаараа хэлсэн. Машины үнэ 20.000.000 төгрөгийн хувьд зөвшөөрөхгүй байна. Бид гэрээг 10.000.000 төгрөгөөр хийсэн бөгөөд гэрээнд заасан 10.000.000 төгрөгийг л надад өгсөн. Түүнээс 20.000.000 төгрөг би аваагүй нотлох баримт ч байхгүй. Иймээс би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Б-аас 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах:

Анхан шатны шүүх 10 сая төгрөгийг гаргаж бидэнд олгоод үлдэх 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. О.Б- биднээс 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 сая төгрөг, 2014 оны 5 дугаар сард үлдэх 10 сая төгрөгөө авсан. Шүүх ямар үндэслэлээр 10 сая төгрөг гаргаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар ямар нэг дүгнэлт гаргаагүй. Бид нотлох баримт болгож 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 дугаар шийдвэрийг хавсаргасан. Шүүх энэ шийдвэрийг нотлох баримт гэж үзээд Дэлгэрмаа, О.Б-, Ц.Халиун нарын талаар дүгнэлт хийсэн атлаа гуравдагч этгээдийн тайлбарт ямар нэг дүгнэлт хийгээгүй. Иймд үлдсэн 10 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж, эсвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө гэж давж заалдсан гомдол гаргасан байна.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК, хариуцагч Балт овогтой О-ын Б-д холбогдуулан машины үнэнд 20.000.000 төгрөг, хохиролд 3.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

            Ж.Наранхүү загасанд явж байгаад машинаа эвдсэн. Иймээс тэр зардлыг би төлөх үндэслэлгүй. Бид гэрээг 10.000.000 төгрөгөөр хийсэн бөгөөд гэрээнд заасан 10.000.000 төгрөгийг л надад өгсөн. Машины үнэ 20.000.000 төгрөгийн хувьд зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч тал уг машиныг О.Б- жолоодож яваад эвдрэл гаргаж, 3.000.000 төгрөгөөр машинд ачуулж, авто засварын газар засуулж авч байсан. Гэтэл анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 дугаартай шийдвэрээр машин Ц.Халиун гэх хүнд буцаан очих болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас машиныг хурааж авсан гэсэн үндэслэлээр 23.000.000 төгрөгийг шаардсан байна.

Анхан шатны шүүх  хариуцагч О.Б-аас 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянахад зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл, автомашин худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр хийж, хариуцагч О.Б- нь “LEXUS LX 450” маркийн 93-32 ДАХ улсын дугаартай автомашиныг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан гэж гарын үсэг зурсан гэж дүгнэснийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй уг машиныг нэхэмжлэгч 10.000.000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр хуудас/

Маргааны зүйл болсон “LEXUS LX 450” маркийн автомашиныг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 дугаар шийдвэрээр /хэргийн 56-57 дугаар хуудас/ иргэн Ц.Халиуны өмч болохыг тогтоож түүнд шилжүүлсэн байна.

Нэгэнт шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болох авто машин иргэн Ц.Халиунд шилсэн тул нэхэмжлэгч тал машины үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч О.Б- 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 сая төгрөг. 2014 оны 5 дугаар сард үлдэх 10 сая төгрөгөө нэхэмжлэгчид өгсөн гэж тайлбарладаг  боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд хариуцагч өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн огноотой нэхэмжлэлд “Үсхий улиас” ХХК-ийн захирал Ж.Наранхүү гэж гарын үсэг зурсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр компанийн захирлаар Н.Нармандах томилогдсон болох нь хэрэгт авагдсан тус компанийн  улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд шинээр томилогдсон захирал Н.Нармандах компанийг төлөөлөн оролцсон, мөн энэхүү өөрчлөдлтийн талаар талууд маргаагүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нь гэрээнээсээ татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар талууд гэрээний зүйлийн гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх, нэхэмжлэгч гэрээнээс тагалзсантай холбогдон учирсан хохирлыг  шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн энэ талаар гаргасан хууль хэрэглээний алдааг зөвтгөж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Хэрэгт цугларсан 23 дугаар хуудасны улсын бүртгэлийн гэрчилгээ  давхардсан,  31-32, 50 дугаар хуудсанд авагдсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянаөн шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтын:

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Б-аас 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож“ гэснийг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.Б-аас 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Үсхий улиас” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 13.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ 

                                          ШҮҮГЧИД                                                 Л.АМАРСАНАА

                                                                                                             С.ОЮУНЦЭЦЭГ