Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 918

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нямцэцэг,

шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Г.Мт холбогдох 17110042700136 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн ............ын ............, 1995 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85 дугаар байрны 29 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............/,

Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 1-11 тоотод оршин суух иргэн М.Мийн амбаарын хаалгыг эвдэн орж, 32 инчийн “Панасоник” брендийн зурагт, эрэгтэй хүний хавар намрын гутал хулгайлан 221.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Мын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Монгол овогт ............ын ............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Мт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мын цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие өмнө нь хэрэг зөрчилд холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч М.Мэ тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Энд ахынх нь гэр байж байгаад нүүсэн гэдгийг мэдээгүй, өөрийнх нь зурагт хажуу талын ажлын байранд байсан болохоор андуурсан байж магадгүй, өөрөө буруугаа ухаарч ирсэн, гутлаа солиод өмсөөд гарсан болохоор хулгайлах зорилго агуулаагүй, төрсөн эцэг нь өргөдөл бичиж өг гээд шахаад байсны улмаас Г.Мыг ял шийтгэл авахад хүргэсэн. Энэ хүүхдэд миний зүгээс хорих ял хэт хүнд тусаж цаашид буруу зам руу түлхэж байгаа мэт санагдаж байгааг харгалзаж ял шийтгэлээс нь хэлтрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй өөрөөр хэлбэл мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гэсэн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж ялтны өмгөөлөгчийн хувьд үзсэн болно. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаартай яллах дүгнэлтийн удиртгал хэсэгт Монгол овогт Ганбатын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1711006500136 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулж 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн, тэмдэглэх хэсэгт тогтоох хэсэгт ... иймд яллагдагч Г.Мт холбогдох эрүүгийн 1711000210097 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон тогтоох нь гэж, яллагдагч Г.Мт холбогдох эрүүгийн 1711006500136 дугаартай хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй гэсэн дугаартай 2 хэрэг мөн яллах дүгнэлтийн хавсралтад Г.Мт холбогдох эрүүгийн 17110042700136 дугаартай хэргийг шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс яллах талын дараах нотлох баримтыг шинжлэн судлана. Яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай тэмдэглэл 2017 оны 10 дугаар сарын 3, Эрүүгийн 17110042700136 дугаартай хэргийн яллагдагч Г.Мт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 20 минутанд гардуулан өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн. Гэтэл яллах дүгнэлтийг 2017 оны 10 дугаар сарын 20-нд бичсэн байхад гардуулан өгсөн тэмдэглэлийн он, сар, өдөр зөрүүтэй.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 6/2526 дугаартай албан тоотоор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Мт холбогдох 17110042700136 дугаартай 1 хавтас 58 хуудастай хэргийг ахлах прокурор М.Чинбат шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 871 дугаартай захирамжаар Монгол овогт Ганбатын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1711006500136 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч ... шүүх хуралдаан даргалагчаар С.Батжаргалыг томилсон. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 985 дугаартай шүүгчийн захирамжаар эрүүгийн 1711006500136 дугаартай хэргийн яллагдагч Г.Мыг шүүхэд шилжүүлсэн захирамжид ... хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй тул хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хавтаст хэргийн эхний нүүрэнд 17110042700136 дугаартай Г.Мт холбогдох хэрэг байгаа. Эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ... 171100650 дугаартай хэрэгт яллагдагч Г.Маас гаргаж өгсөн бор өнгийн эрэгтэй хүний гутал 1 хосыг 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан он, сар, өдөр зөрүүтэй 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр прокурорын 239 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Г.Мт холбогдох эрүүгийн 1711004700136 дугаартай хэрэгт ... байцаалт авав. Сэжигтэнийг баривчилсан тухай тэмдэглэл 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр. ...баривчилсан тухай эхнэр Шүрд мэдэгдэв. Он, сар, өдөр, цаг, минут байхгүй.

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тооцоогоор
хохирогчийн үнэ 2015 онд ломбарднаас 200.000 төгрөгөөр “Панасоник” загварын
зурагтыг, хохирогч темберланд загварын гутлыг эрээнээс 70.000 төгрөгөөр тус тус
худалдаж авсан гэж үнээ тодорхойлж байхад компани зурагтыг 329.000 төгрөгөөр,
гутлыг 120.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. /Үнэлгээ бодитой биш/ Мөрдөгчийн тогтоол 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гарын мөрөнд шинжилгээ хийлгэхийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн кримналистикийн шинжээчид даалгасан. Тогтоолыг Мөнхбаярт яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэн нь танилцсан тодорхойгүй танилцсан. Шинжээчийн дүгнэлт 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр дугаар 06/557 Шүүхийн шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн кримналистикийн шинжилгээний тасгийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Г.Гантулга гаргасан. Шинжээч томилсон тогтоолыг мөрдөгч д/х Г.Наранбаатарын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр томилсон дүгнэлтийн он, сар, өдөр зөрүүтэй. Шинжээч томилсон тогтоолыг Г.Мөнх-Эрдэнэд 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр танилцуулсан.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай. Монгол овогт Ганбатын Мөнхбаярт холбогдох хэрэгт 17110042700136 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Усан сангийн 1-11 тоотод оршин суух М.Мийд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22 цагт эхлүүлж, цэлмэг цаг агаартай, шөнийн чийдэнгийн гэрэлд хийв. ...хаалга цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байлаа. Байшингийн гадна талын хаалганы цүүнд гогцоо бүхий цагаан цоож байсан байхгүй байна гэв. Байшинд үзлэг хийхэд баруун талын орны бүтээлэг байхгүй, “Хаан” чипсний уут, цэнхэр өнгийн дарлага бүхий хар өнгийн тавчик 1 хос шинээр нэмэгдсэн байна гэж М.Мийн хэлсэний дагуу “Хаан” чипсний уутан дээр гарын мөр хайж гарын мөр 3 ширхэгийг илрүүлэн бэхжүүлж авав. Чипсний  уут хар  өнгийн  табчикийг эд  мөрийн  баримтаар  хураагаагүй. Мөн эвдэрсэн цоож, юугаар хөшсөн гэх мэт байхгүй мөртлөө шинжилгээ хийсэн. Хэргийн 33 дугаар тал мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол Эрүүгийн 17110042700136 дугаартай хэрэгт, 52 дугаар тал Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр, хохирогч М.Мэд эрүүгийн 17110042700136 дугаартай хэргийг, 53 дугаар тал яллагдагч Г.Мт эрүүгийн 17110042700136 дугаартай хэргийг танилцуулсан тэмдэглэлүүд хэрэгт байгаа бөгөөд шүүхэд шилжүүлсэн гэх 1711006500136 дугаартай хэрэгтэй танилцуулаагүй байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Нямцэцэг нь хэрэг бүртгэлийн ажиллагаанаас хэрэгт хяналт тавьсан бөгөөд миний үйлчлүүлэгч Г.Мт холбогдуулан эрүүгийн 1711006500136, 1711000210097, 17110042700136, 1711004700136 дугаартай хэргүүдэд процесс ажиллагаа хийгдсэн байх бөгөөд шүүхэд шилжүүлсэн 1711006500036 дугаартай хэргээс бусад хэргийг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрх хэргүүдэд одоо ч, дараа нь шалгаж эрх зүйн байдал нь илт дордохоор байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Дээрх дугаартай хэргүүдийг болон дээрх процесс ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй ба дээрх хэргийг шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн дээрхи хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан тогтоол байхгүй байгаа учраас Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3, 32.4 дүгээр зүйлийн мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар хянавал зохих асуудлууд, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийг зөрчин хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх заалтуудыг зөрчсөн тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Мт холбогдох хэрэгт 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 1-11 тоотод оршин суух иргэн М.Мийн амбаарын хаалгыг эвдэн орж, тус айлаас 32 инчийн “Панасоник” брендийн зурагт, эрэгтэй хүний хавар намрын гутал хулгайлан 221.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллах  дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Г.Мыг тус хулгайн гэмт хэрэгт яллах болсон нотлох баримт нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн болон хохирогчийн хууль ёсны дагуу өгсөн мэдүүлэг, үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан, бусад нотлох баримтаар нотлогддог учраас өөрийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог учраас тухайн хэрэгт ялласан. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд хэргийн дугаарыг 3 өөрөөр бичсэн асуудалд прокурорын зүгээс уг алдаа нь техникийн алдаа гэж үзэж хүлээн зөвшөөрнө. Хэдийгээр тухайн хэрэгт процесс зөрчлийн алдааг хараад яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах боломж байсан хэдий ч давж заалдах гомдол гаргах хугацаанд хэргийн дугаар сүүлийн орнуудыг зассан. Өмнөх хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэрэг бүртгэлийн дугаарын огноог нь засаагүй зөрчил гарсныг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийвэл яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах боломжийг хараагүйгээс 3 өөр дугаартай болсон. Гэхдээ оролцсон мөрдөгч, прокурор, шүүхээс гаргаж байгаа эрх зүйн актад Г.М нь яллах дүгнэлтэд дурдагдсан үйлдэлд ял сонсгосон, яллах дүгнэлт үйлдсэн, шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийтгэх тогтоол гарсан процесс явагдсан. Тухайн Эрүүгийн хэргийн дугаарыг магадлалдаа зөвтгөөд шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал, нотлох баримт үнэлэх, хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Г.Мт холбогдуулаад хэд хэдэн гэмт хэргийг яриаагүй учраас хэргийг нэгтгэх, тусгаарлах шаардлага байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Г.М нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усан сангийн 1-11 тоотод оршин суух иргэн М.Мийн байшингийн хаалгыг эвдэн орж, 32 инчийн “Панасоник” загварын зурагт, эрэгтэй хүний хавар намрын гутал зэргийг хулгайлан 221.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн шалгах ажиллагааны үед болсон бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /х73-77/,

“...хааяа орцоор хоноглоод явсан, энэ үедээ мөнгө байхгүй байсан учир Баянбүрдийн ард байдаг ахынхаа хашаанд очсон, очиход ах байхгүй байсан учир хашаанд байсан байшингийн цонхоор харсан зурагт эд зүйлс байхаар нь хашаан дотроос нь 50-60 см урттай армартурын төмөр олоод түүгээр мөнгөлөг саарал өнгийн зүүдэг цоожийг нь хөшиж хаалгыг нь нээгээд орсон, гэр дотор зарж борлуулчихаар зүйл хайгаад олдохгүй болохоор зурагтыг нь орны бүтээлгээр ороогоод авсан, мөн үүдний гутлын тавиур дээр байсан бор өнгийн хагас түрийтэй гутлыг нь сольж өмсөөд гарч явсан.” гэх мэдүүлэг /х37/,

хохирогч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай эхнэр Отгоо 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усан сангийн 1-11 тоот гэрээсээ 16 цагийн үед гараад манай ажил дээр ирээд бид хоёр хамт байж байгаад 20 цагийн үед гэртээ ирсэн манай гэрийн цоож болон хажуу талд байдаг амбаарын цоож эвдэрсэн байдалтай байсан учир гэртээ орж эд зүйлээ шалгасан нүдэнд ил харагдах 32 инчийн “Панасоник” зурагт байхгүй болсон байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагын ажилчид үзлэг хийж дууссаны дараа эд зүйлээ шалгаж үзэхэд миний бор өнгийн, хагас түрүүтэй “Тимберланд” загварын гутал алга болсон байсан бөгөөд хөх өнгийн тавчик нэмэгдсэн байсан” гэх мэдүүлэг /х16/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /х8-11/,

эд зүйлийн үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /х25/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /х31-33/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Г.Мын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь Г.Мын үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин шалгах нь ач холбогдолгүй гэж дүгнэлээ. Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зүйлгүй, хэрэг бүрдүүлэлтийн явцад техникийн шинжтэй буюу хэргийн дугаарыг буруу бичсэн зөрчил гаргасан байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 13-т “Иргэний ... орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан төдийгүй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д орон байранд нэвтэрч үйлдэгдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хохирлын хэмжээ шаардахгүйгээр гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй салшгүй холбоотой юм.

Энэ ч учраас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр шүүгдэгч Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.  

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

 

                                                                                    Ц.ОЧ