Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 604

 

Э.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/00187 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Дорждэрэмийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдох

 

10 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Дорждэрэм

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Дорждэрэм би Б.Үүрийнтуяатай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Үүрийнтуяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. н.Уугантуяа надаас 7 000 000 төгрөг зээлсэн ба Б.Үүрийнтуяа төлөх ёстой гээд надтай гэрээ байгуулсан юм. 7 000 000 төгрөгийг би н.Уугантуяад өгсөн. Хүчин төгөлдөр зээлийн гэрээ тул хариуцагч Б.Үүрийнтуяагаас зээлд 7 000 000 төгрөг, 1 сарын хүүнд 280 000 төгрөг, алдангид 3 220 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний танил болох Ч.Уугантуяа над руу яриад өөрийн танил болох хамт ажилладаг Дэрмээ гэдэг залуугаас 7 000 000 төгрөг зээлсэн юм. Би АНУ-руу сурахаар болчихлоо, та Э.Дорждэрэмтэй очоод гэрээ хийчих гэсэн. Уг 7 000 000 төгрөгийг нилээн дээр үед зээлсэн юм шиг байсан. Ингээд би тэр хүнтэй очиж гэрээ хийсэн. Би Э.Дорждэрэмээс 7 000 000 төгрөг бэлнээр аваагүй. н.Уугантуяагаас би 2015 оны 8 сард 18 000 000 төгрөг зээлсэн,. тухайн үед 9 000 000 төгрөгийн өртэй байсан учраас би Э.Дорждэрэмтэй байгуулсан 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. н.Уугантуяад би 5 230 000 төгрөг өгсөн, одоогоор өгөх ёстой 5 270 000 төгрөгийг Э.Дорждэрэмд өгч болох юм. н.Уугантуяа Э.Дорждэрэмд хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудлыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү  гэжээ.           

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдуулан гаргасан 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч Б.Үүрийнтуяагаас 10 500 000 төгрөгийг нэхэмжлэхдээ би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэж нэхэмжилсэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэлээр мөнгийг бэлнээр өгөөгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би үнэн болсон асуудлыг шүүхэд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл би Б.Үүрийнтуяад мөнгө өгөөгүй байж өгсөн гээд зүтгээд байвал зүтгээд байх байсан. Гэтэл би тэгээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж үнэнийг мэдүүлсэн. Гэтэл шүүх болсон асуудлыг зөв тогтоож чадалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Миний хувьд шүүгч хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Би шүүх хурал дээр Б.Үүрийнтуяад 7 000 000 төгрөг өгөөгүй гэдгээ хүлээн мэдүүлсэн. н.Уугантуяагийн надад төлөх ёстой өрийг Б.Үүрийнтуяа өөрөө төлөхийг зөвшөөрсөн учраас бид гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Үүнийг шүүх зөв талаас нь харж үнэлээгүй. Б.Үүрийнтуяа нь н.Уугантуяад 9 000 000 төгрөгийн өртэй байсан. Тэр өглөгийг надад өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр надтай 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсныг шүүх өр шилжсэн гэж яагаад ойлгоогүй үндэслэлээ надад тайлбарлаж өгөөгүй, шийдвэрт ч энэ талаар тайлбарлаж бичээгүй. Шүүх миний "мөнгө бэлнээр өгөөгүй” гэдгийг үнэлж ач холбогдол өгч дүгнэлт өгсөн атлаа хариуцагчийн "зөвшөөрөөд байгаа тайлбарыг яагаад үнэлж дүгнэлт өгөхгүй байгаа нь надад эргэлзээ төрүүлсэн. Эндээс хэргийг тэгш байдлаар шийдвэрлэсэнгүй гэж үзсэн.

Иймд миний гомдлыг "болсон асуудлыг зөв тогтоож, хуульд нийцүүлэн, үнэн зөв, шударга, тэгш байдлыг хангаж" мөнгийг минь Б.Үүрийнтуяагаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Дорждэрэм нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээл 7 000 000 төгрөг, хүү 280 000 төгрөг, алданги 3 220 000 төгрөг нийт 10 500.000 төгрөгийг хариуцагч Б.Үүрийнтуяагаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 7 000 000 төгрөгийг аваагүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Э.Дорждэрэм Б.Үүрийнтуяа нар нь 2015 оны 12 сарын 25-ны өдөр 7 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор болон гэрээнд заасан бусад нөхцлийг тохиролцэж гэрээ хийсэн нь зээлийн гэрээгээр /хх-4/, гэрээгээр тохирсон 7 000 000 төгрөгийг зээлдэгч зээлдүүлэгчид хүлээлгэн өгөөгүй  нь зохигчдын тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан. Талуудын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болохоор тохирчээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болно... гэжээ. Анхан шатны шүүхийн шаардах эрх шилжээгүй гэж дүгнэсэн  нь буруу биш бөгөөд  талууд шаардах эрх, өр шилжсэн тухайгаа хангалттай нотолж чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э.Дорждэрэм, Б.Үүрийнтуяа, н.Уугантуяа нарын хооронд хэд хичнээн төгрөгийн тооцоо байгаа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гомдлын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг бүрэн зөвшөөрсөн гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Тэдний хооронд хийсэн зээлийн гэрээг байгуулагдсан гэж тооцохгүй, хэн нэгний шаардах эрх шилжээгүй талаар дүгнэсэн нь зөв, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                            ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

 

                                                                                 Б.НАРМАНДАХ