Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/00187

 

 

 

 

 

 

    2017 оны 01 сарын 12 өдөр           Дугаар101/ШШ2017/00187       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7 дугаар баг, 48 дугаар байр, 44 тоотод оршин суух, Дамидаа овогт Эрдэнэбатын Дорждэрэм /РД:ЛЮ91070439/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 41-2 тоотод оршин суух, Харваач овогт Бавуудоржийн Үүрийнтуяа /РД:ЦЗ74050708/-д холбогдох

10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Дорждэрэм, хариуцагч Б.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.         

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Дорждэрэм шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Дорждэрэм би Б.Үүрийнтуяатай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Үүрийнтуяа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцож 291 хоногийн алданги, үндсэн зээлийн 7,000,000 төгрөг, түүний хүү 280,000 төгрөгийн хамт нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Уугантуяа надаас 7 сая төгрөг зээлсэн ба Б.Үүрийнтуяа төлөх ёстой гээд надтай гэрээ байгуулсан юм. 7 сая төгрөгийг би Уугантуяад өгсөн. Хүчин төгөлдөр зээлийн гэрээ тул хариуцагч Б.Үүрийнтуяагаас зээлд 7,000,000 төгрөг, 1 сарын хүүнд 280,000 төгрөг, алдангид 3,220,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

Хариуцагч Б.Үүрийнтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Үүрийнтуяа би 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний танил болох Ч.Уугантуяа над руу яриад өөрийн танил болох хамт ажилладаг Дэрмээ гэдэг залуугаас 7,000,000 төгрөг зээлсэн юм. Би АНУ руу сурахаар болчлоо, та Дорждэрэмтэй очоод гэрээ хийчих гэсэн. Уг 7 сая төгрөгийг нилээн дээр үед зээлсэн юм шиг байсан. Ингээд би тэр хүнтэй очиж гэрээ хийсэн. Би Дорждэрэмээс 7,000,000 төгрөг бэлнээр аваагүй. Уугантуяагаас би 2015 оны 8 сард 18 сая төгрөг зээлсэн, тухайн үед 9 сая төгрөгийн өртэй байсан учраас би Дорждэрэмтэй байгуулсан 7 сая төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Уугантуяад би 5,230,000 төгрөг өгсөн, одоогоор өгөх ёстой 5,270,000 төгрөгийг Дорждэрэмд өгч болох юм. Уугантуяа Дорждэрэмд хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудлыг шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Дорждэрэм хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдуулан “зээл 7,000,000 төгрөг, хүү 280,000 төгрөг, алдангид 3,220,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Үүрийнтуяа “Э.Дорждэрэмээс 7,000,000 төгрөг аваагүй” гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Э.Дорждэрэм 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр хариуцагч Б.Үүрийнтуяад 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчидын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, зээлийн гэрээний 3.3-т “гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болно” заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр Э.Дорждэрэм Б.Үүрийнтуяад 7,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба мөнгийг хүлээлгэн өгөөгүй талаар талууд маргахгүй байна.

н.Уугантуяа гэгч Б.Үүрийнтуяагаас зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжлэх шаардах эрхээ Э.Дорждэрэмд шилжүүлээгүй байх тул Б.Үүрийнтуяагийн Уугантуяад төлөх төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.Дождэрэм 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Үүрийнтуяад 7,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдуулан гаргасан 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Үүрийнтуяад холбогдуулан гаргасан 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Дорждэрэмийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.БАТЦЭЦЭГ