Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 922

 

                                                          Д.О-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч О.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.О-т холбогдох эрүүгийн 201725020890 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “архи уусангүй, мөнгө нэхэмжиллээ” гэсэн урьдын хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Д-г зодож, биед нь 2 хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.О-н үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.О-с 123.970 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Д-д олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.О-нь Б.Д-г зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хохирогч Б.Д- нь хэрэг гарснаас хойш 20 хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд мөн өдрөө “Хатанцэцэг” эмнэлэгт рентген зураг авахуулсан байдаг. Түүнд уг рентген зургаас өөр баримт байдаггүй. Хавирга хугарсан тохиолдолд ямар зовиур үүсэх талаар шинжээч эмч мэдүүлсэн. Гэтэл тухайн зовиурын шинж Б.Д-д илрээгүй ба тэрээр эмнэлэгт үзүүлээгүй байдаг. Үүнээс үзвэл 20 хоногийн хугацаанд хохирогч өөр байдлаар гэмтэл авсан байх магадлал өндөр байна. Иймд хэргийг хянаж үзээд Д.О-н үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.О-өмнө нь хохирогч Б.Д-г зодож, биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Тэрээр дээрх хэргийн улмаас хохирогч Б.Д-г “...мөнгө нэхэмжиллээ...” гэсэн шалтгаанаар дахин зодож, биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Харин хохирогч Б.Д- нь Д.О-т зодуулснаас хойш шүүх эмнэлэгт үзүүлэх хүртэл хугацаанд өөр бусад байдлаар биедээ гэмтэл авсан нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх Д.О-н үйлдсэн хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “архи уусангүй, мөнгө нэхэмжиллээ” гэсэн урьдын хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Д-г зодож, түүний эрүүл мэндэд нь 2 хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Б.Д-гийн “...байрныхаа гадаа сууж байхад О- нэг танихгүй эмэгтэйн хамт ирээд “Архи уух уу” гэхээр нь “Би уухгүй” гэж хэлэхэд “Чи хэзээ ийм болчихсон юм” гээд ... малгай авч шидээд нүүр лүү цохиход уруул хавдсан. О- миний цээж рүү гараараа 3 удаа цохисноос 2 хавирганы хугарал, цээжинд цус хуралт бүхий гэмтлүүд үүссэн..., цээж маань хөндүүрлээд байгаа. Миний биед өмнө нь ямар нэгэн гэмтэл байгаагүй...” /хх-ийн 9-11/,

- гэрч Б.Энхцэцэгийн “...урамшуулалт эргүүл Даваасүрэн ажил үүргээ биелүүлэх явцад 23 дугаар байрны урд хүмүүс маргалдаад, зодолдоод байна гэж мэдээлсний дагуу очиж шалгахад О- нь согтуугаар Д- гэгчтэй маргалдаж байсан. Тухайн үед Д-гийн хамар амнаас нь цус гарсан байсан...” /хх-ийн 13/,

- гэрч Б.Оюунбилэгийн “...манай дүү Д-гийн хамар амнаас нь цус гарчихсан ирэхээр нь юу болсон талаар асуухад “Намайг хөмсөг Отгоо ирээд зодчихлоо” гэж хэлсэн... Би “Юунаас болж зодсон юм” гэж асуухад “Архи уух уу гэхээр нь уухгүй гэсэн, дараа нь өмнөх хэрэгтээ шүүхэд нэхэмжлэл гаргаж мөнгө нэхлээ гэж зодсон” гэж хэлж байсан... Амьсгаа авч болохгүй бөглөрөх гээд байна гээд байсан...” /хх-ийн 14/,

- гэрч Д.Мөнхцэцэгийн “...О- бид хоёр айл руу явж байтал тэр цонхны доор сууж байсан хүн дээр очоод “Чи надаас мөнгө нэхээд байхдаа яадаг юм, би ажилтай болтол хүлээж бай, би өгөхгүй гээгүй өгнө” гээд орилоод байсан. Тэгээд хоорондоо маргалдаад О- тэр залуугийн толгойг цохиход малгай нь газар унах шиг болсон. Тэр залуу малгайгаа авах гээд тонгойх шиг болсон. Хоорондоо маргалдахаар нь би дундуур нь орж салгах гэхэд дийлээгүй... О- архи уусан байсан, өөрийн хийж байгаа үйлдлийг удирдах чадвар муу байсан...” /хх-ийн 66-68/,

- шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...2 хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ... Энэ үед идэвхитэй хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Хугарал үүссэн даруйд хугарлын түвшинд өвдөх, амьсгал гүйцэд авч чадахгүй болох шинж тэмдэг илэрнэ...” /хх-ийн 15/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5112 тоот “...Д-гийн биед 2 хавирганы хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 18/ гэх дүгнэлт,

шүүгдэгч Д.О-нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Д-г зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40/, нэхэмжлэгч Б.Д- нь Д.О-т холбогдуулан гэм хорын хохиролд 1.187.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.О-хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай мөн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2653 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 70/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Шүүгдэгч Д.О-нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогчийн малгай руу нь цохисноос өөрөөр гар хүрээгүй...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нь гаргасан давж заалдах гомдолдоо “...Д.О-н үйлдлээс болж хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдэгт эргэлзээ төрж байна...” гэж тус бүр гэм буруугийн талаар маргах боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5112 тоот дүгнэлт, шинжээч эмч Т.Номинцэцэгийн өгсөн тайлбар, хохирогч Б.Д- болон гэрч нарын өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч Б.Д-гийн биед учирсан “2 хавирганы хугарал, цээжинд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.О-н цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэйн гадна, өөр хэн нэгэн хохирогч Б.Д-г зодсон, цохисон, хүч хэрэглэсэн байдал, мөн өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн Д.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Б.Д-гийн эрүүл мэндэд учирсан хохирлын баримтуудыг үндэслэлтэй зөв дүгнэн, нотлогдсон хэмжээнд нь хохирлыг тооцсон бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал буюу тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч О.Баяраагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.