Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0587

 

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0587

Улаанбаатар хот

 

 

 

                                                               Р.Б-ы гомдолтой              

                                                   захиргааны хэргийн тухай

                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 579 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Р.Б-ы гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 579 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Б-ы гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005665 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож”,

2 дахь заалтаар: “ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нараас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч Р.Б-д олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө давж заалдах гомдолдоо: Р.Б-ы гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 579 дугаартай шийдвэрийг хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн “ ... иргэн Р.Б-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоор тогтоогоогүй атлаа холбогдогчоор мэдүүлэг авч торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийн тухайд.

Анх *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн. Тус тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь Г.Б боловч өөрийн тээврийн хэрэгслийг  Р.Б-д худалдсан нэр нь шилжээгүй талаар мэдүүлсэн. Улмаар тээвэр гүйцэтгэсэн нь иргэн Р.Б болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу иргэн Р.Б-ыг холбогдогч гэж үзэн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн.

Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын баталсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварт холбогдогчоор тогтоох тогтоол байдаггүй. Иймд дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхээс “ ... 15,000,000 төгрөгийн орлого Р.Б-ы дансанд орсон нь тогтоогдсон боловч 10,000,000 төгрөг хэн, хэзээ, хэний дансанд шилжүүлсэн болохыг холбогдох баримтаар тогтоогоогүй байна. *** дугаар данс нь хэний нэр дээр бүртгэлтэй, иргэн Р.Б ямар үндэслэлээр 25,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн, зардлыг яагаад хүний дансаар хүлээж авсан зэрэг нөхцөл байдлыг асууж тодруулж шалгаагүй” гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн.

Учир нь холбогдогч Р.Б өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2020 оны 12 дугаар сард тус тээврийн хэрэгслийг н.Б-аас худалдаж авсан, би 25,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн ...” гэж дурдсан. Мөн 25,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн талаараа талууд маргаагүй байхад шүүх дүгнэлт хийж хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 579 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “... жолооч Р.Б миний бие Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил гаргаагүй, мөн үнэ өсгөх асуудал нь надаас шалтгаалаагүй, надад огт хамааралгүй, жолооч нар тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй” гэж тайлбарлан маргаж, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005665 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан.

Маргаан бүхий 0005665 дугаартай шийтгэлийн хуудсаар Р.Б-д “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг зөрчсөн буюу бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, *** ДГО дугаартай тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 25,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулжээ. 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудыг нягталж харьцуулалгүйгээр “...зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүнийг холбогдогч гэх бөгөөд холбогдогч зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулахаар байхад *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Р.Б-ыг хуульд заасан ямар үндэслэлээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь тодорхойгүй, түүнийг холбогдогчоор тогтоогоогүй атлаа холбогдогчоор мэдүүлэгч авч торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг хийж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. 

Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн ** УНД, *** УАС, *** ДГО, *** ДГС, *** УАК, *** УНН, *** СББ, *** СЭҮ, *** УНИ, *** ДГА  улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна.

Улсын *** ДГО дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Б-ы нэр дээр бүртгэлтэй болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар, уг тээврийн хэрэгслийг гомдол гаргагч Р.Б нь Г.Б-аас худалдаж авсан боловч өөрийн нэр дээр шилжүүлээгүй, уг тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэсэн болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тус тус  нотлогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэж ойлгох бөгөөд дээрхээс үзвэл *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 25,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн” гэх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Р.Б-ыг холбогдогчоор тогтоож, мэдүүлэг аван шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-дАж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 4.7-д “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан. 

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг ойлгоно” гэж зааснаас үзвэл уг маргааны хувьд гомдол гаргагч Р.Б-ы тээвэрлэсэн нарийн ногоо, жимс жимсгэнийг түүний тээвэрлэлтийн өртөг шингэсэн өндөр үнээр худалдан авч үйлчлүүлэхээр хандсан хувь хүн бүр хэрэглэгч гэж ойлгохоор байна.

Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл Р.Б нь бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 15,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх, мөн хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах зарчимд нийцүүлэн шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч гомдол гаргагчаас “... 25,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн талаар” мэдүүлсэн, мөн “... *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд *** дансанд 15,000,000 төгрөгийг *** данснаас, 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 25,000,000 төгрөгөөр ачаа ачуулсан талаар мэдэгдсэн” гэснийг үндэслээд гомдол гаргагчаас 25,000,000 төгрөгийг хурааж шийдвэрлэсэн нь буруу.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар Р.Б нь *** ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 25,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн болох нь тогтоогдохгүй, харин 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгад “... Р.Б-ы *** дугаартай дансны мэдээллийг гаргуулан авсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр уг дансанд 15,000,000 төгрөгийг “барс соёогоос” гэсэн гүйлгээний утгатай орлогын гүйлгээ хийгдсэн” гэсэн , Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50/4067 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн лавлагаанд “... *** тоот данснаас 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “барс соёогоос” гэх гүйлгээний утгаар 15,000,000 төгрөг орж ирсэн” гэснээс үзвэл түүнийг уг зөрчлийг гаргахдаа 15,000,000 төгрөгийн орлого олсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Р.Б нь Коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан, тээвэрлүүлэгчийн өрсөлдөх чадвар байхгүй үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг хэт өсгөн 15,000,000 төгрөгөөр тогтоон тээвэр хийсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч уг зөрчлийг гаргасан нь тогтоогдож байх тул зөрчил гаргасан үнийн дүн буюу бодитоор нотлогдож буй олсон орлогын дүн болох 15,000,000 төгрөгийг хууль бусаар олсон орлого гэж үзэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэх болно.  

Нөгөөтээгүүр, Р.Б-ы 25,000,000 төгрөгөөр тээвэр хийж, түүний эзэмшлийн Хаан банкан дахь *** дансанд 15,000,000 төгрөгийг *** данснаас шилжүүлж үлдэх 10,000,000 төгрөгийг өөр хүний эзэмшлийн --- дугаар дансанд тус тус шилжүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчаас уг зөрчлийн хэргийг тухайн тээврийг хийсэн Р.Б-д холбогдуулан нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул анхан шатны шүүхийн “... 10,000,000 төгрөг нь хэн хэзээ, хэний дансанд шилжүүлсэн болохыг холбогдох баримтаар тогтоогоогүй ...” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангах боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 579 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005665 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 2,000,000 төгрөгийн шийтгэлийг хэвээр үлдээж, хууль бусаар олсон орлогод хураахаар шийдвэрлэсэн 25,000,000 төгрөгийг 15,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                             А.САРАНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                                                                            Н.ДОЛГОРСҮРЭН