Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0579

 

2021 оны 09 сарын 10 Дугаар 128/ШШ2021/0579  Улаанбаатар хот

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Р.Б

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардалга бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Р.Б шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нар нь Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байна. Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20.000.000-30.000.000 төгрөгөөр тээвэрлэсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар 6 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан жолооч Р.Б-д зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хууль бус орлого 25.000.000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн хэрэг нээхдээ Бүгд найрамдах Хятад ард улсын талаас /Монгол улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөн хаасан улс хоорондын ачаа тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсэж, үнийн хөөрөгдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнэ өсөж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон эсэхэд гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн байх бөгөөд энэ хэрэг материалд гол нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т зааснаар аж ахуйн нэгжид хамааралтай байна.

Иймд жолооч Р.Б нь 6 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийж байсан бөгөөд Замын-Үүд боомтоор орж ирсэн бүртгэл байдаггүй харин 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр иргэн С нараас 25.000.000 төгрөг шилжин ирсэн байдаг. Энэ нь хувь хүмүүс ачааны /тээврийн/ зардлыг шилжүүлж авсан байх бөгөөд иргэд хооронд ачаа бараа тээвэрлэхээр харилцан тохиролцож хэлцэл хийж, хэлцлийн үндсэн дээр тээврийн хөлсийг тохиролцож дансаар шилжүүлэн авч ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ нь иргэний эрх зүйн иргэд хоорондын харилцаа үүссэн байхад Зөрчлийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

Мөн тухайн тээврийн хэрэгслээр хэдэн удаа, ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй, жолооч нарын дансанд мөнгө шилжсэн байна гэдгээр арга хэмжээ авсан нь хууль бус, Эрээн хотоос 1 тн ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хэдэн төгрөгөөр тээвэрлэдэг болох үнийн тарифыг нарийвчлан тогтоогоогүй, хэдэн төгрөгөөр ачдаг зах зээлийн судалгаа хийж тээврийн зардлыг хэн өсгөсөн болох талаар шалган тогтоогоогүй. Мөн тээврийн зардал өссөнөөр Монголын зах зээл Улаанбаатар хотод аль эсвэл аймаг, суманд нарийн ногооны хангалт муудаж, үнэ өссөн тухай баримт хэрэгт авагдаагүй, шалгаагүй. Мөн үнэ өссөнөөс болж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх аудитын дүгнэлт эсвэл гомдол санал ирсэн талаар баримт байхгүй.

Жолооч нар нь тээврийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмж тээвэрлэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд нэгэнт авто машиныг Хятадын хил рүү оруулахгүй цөөхөн тооны тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд хүнсний ногоо нь амархан мууддаг тул ногоо болон ачааны эзэд нь өөрсдөө үнээ хэлж бараагаа ачуулж тээврийн хэрэгслийн дугаарыг өгч ачуулдаг тул харилцан тохиролцож үнийг тогтоосон. Тээврийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэл улс хоорондын тээвэр хийж байгаа зэрэг онцгой нөхцөл шалтгаантай.

Мөн 1 машин нь хэдэн жин, тн ачаа тээвэрлэсэн тэр ачаа нь зах зээлийн ханшаар тээврийн зардал нь хэдэн төгрөг болсон үүнээс үнэ өсгөж тээвэрлэсэн нь хэдэн төгрөг болох түүний хууль бусаар олсон ашиг нь хэдэн төгрөг болсон гэдгийг шалган тогтоогоогүй ачааны зардалд шилжүүлсэн бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл олон улсын тээвэр гүйцэтгэхэд Шаргын овооноос Замын-Үүд, Замын-Үүдээс хилийн 0 цэг, хилийн 0 цэгээс гаалийн хашаа, гаалийн хашаанаас Эрээн хот хүртэл гэх 4 шат дамжлагыг дамждаг. Хилээр нэвтрэх дараалал, тээвэр гүйцэтгэх олон шат дамжлага зэргээс шалтгаалан нэг тээврийг дунджаар 22-23 хоногт гүйцэтгэдэг. Тээврийн үнэ хөлсний хувьд Шаргын овоонд 15 хоног тусгаарлалтанд байрлах байр, хоолны зардал, хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд нийт 2.900.000 төгрөг зарцуулж байна. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж тээврийн хэрэгсэл олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100 хувь жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна гэж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулагтаа 4 үндэслэлээр тээврийн үнэ өссөн талаар тогтоосон дүгнэлт гаргасан.

Иймд жолооч Р.Б миний бие нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан зөрчил гаргаагүй, мөн үнэ өсгөх асуудал нь надаас шалтгаалаагүй, надад огт хамааралгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-т зааснаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд хилийн Замын-Үүд боомтын улс хоорондын тээврийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: БНХАУ-ын талаас 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол улсаас өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн.

Замын-Үүд боомтын ачаа тээврийн үнийн хөөрөгдлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүссэн бөгөөд нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2 хувиар өссөн. Хяналт шалгалтад хамрагдсан нарийн ногоо, жимс жимсгэнэ импортолдог иргэн, аж ахуй эрхлэгчдээс тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд тээврийн төлбөрийг төлсөн баримтаас үзэхэд тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд нь өөрийн эзэмшлийн дансаар бус өөр өөр дансаар төлбөрөө авдаг болох нь тогтоогдсон.

Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад хувь хүн буюу тээвэр гүйцэтгэсэн жолоочид хамаарна.

Эрх бүхий албан тушаалтны 27 дугаар тогтоолоор Р.Б-ыг 6 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны төлөөлөгчөөр 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тогтоож, холбогдогчоос мэдүүлэг авсан. Холбогдогч Р.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлд ... 2020 оны 12 дугаар сард би Баттайванаас машин худалдаж авсан. Би 25.000.000 төгрөгөөр тээвэр хийсэн гэж дурдсан байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд Барс худалдааны төвд нарийн ногоо, жимс жимсгэний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэн Т.Б, Б.С нараас бараа бүтээгдэхүүний тээвэрлүүлсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд төлсөн тээврийн зардлын мэдээлэл, дансны мэдээллийг гаргуулан авсан бөгөөд 6 ДГО улсын тээврийн хэрэгсэлд 11 дансанд 15.000.000 төгрөгийг 76 данснаас, 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 25.000.000 төгрөгөөр ачаа ачуулсан талаар мэдэгдсэн. Хаан банкнаас зөрчлийн хэргийн холбогдогч Р.Б-ны 11 дугаартай дансны мэдээллийг гаргуулан авсан бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгийг гэсэн гүйлгээний утгатай орлогын гүйлгээ хийгдсэн.

Зөрчлийн хэргийн холбогдогч Р.Б нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т заасныг зөрчсөн болох нь оролцогч нараас авсан мэдүүлэг, тайлбар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 1/23 дугаартай удирдамжийн танилцуулга болон холбогдох баримтаар тогтоогдсон. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу Р.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Б-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарт холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Э.Э хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, товыг хариуцагч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарт мэдэгдсэн боловч хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/23 дугаар хяналт шалгалтын ажлын удирдамжийн дагуу улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нар Замын-Үүд боомтын улс хоорондын тээвэр гүйцэтгэж буй аж ахуй эрхлэгч, иргэдийг хамруулан тээврийн үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,  улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, 6 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Р.Б-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.

Хариуцагч нар иргэн Р.Б-ыг 6 ДГО дугаартай тээврийн хэрэгслээр нарийн ногоо, жимс жимсгэнийг 25,000,000 төгрөгөөр тээвэрлэсэн болох нь оролцогч нараас авсан мэдүүлэг, тайлбар, ХААН банкнаас гаргуулан авсан дансны мэдээлэл, удирдамжийн танилцуулга зэрэг баримтаар тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн: 4.7.хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг үндэслэн 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 12.1.10.хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх. 24 дүгээр зүйлийн 24.1-д Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 24.1.1.зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах; 27 дугаар зүйлийн 27.2-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.,  Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна: 1.1.торгох шийтгэл;, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 1.4.оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;, 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ., 3.5 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.1.арван найман насанд хүрээгүй холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг; 1.2.хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг., 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 3-д Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй. гэж тус тус заажээ.

Шүүх албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дугаартай зөрчлийн материалыг архивын нэгжээр нь шаардсаны дагуу тус газраас зөрчлийн хэргийн материалыг хуулбарлан ирүүлжээ. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нар тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн атлаа иргэн Р.Б-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож улмаар шийтгэл оногдуулсан нь Зөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасан холбогдогчид шийтгэл оногдуулах болон хууль ёсны төлөөлөгчийн талаарх хуулийн зохицуулалтай нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүнийг холбогдогч гэх бөгөөд холбогдогч зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд шийтгэл оногдуулахаар байхад 6 ДГО дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Р.Б-ыг хуульд заасан ямар үндэслэлээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь тодорхойгүй, түүнийг холбогдогчоор тогтоогоогүй атлаа холбогдогчоор мэдүүлэгч авч торгох шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн хариуцагч нар Р.Б-ны гаргасан зөрчлийг ...оролцогч нараас авсан мэдүүлэг, тайлбар, ХААН банкнаас гаргуулан авсан дансны мэдээлэл, удирдамжийн танилцуулга зэрэг баримтаар тогтоогдсон гэж шийтгэл оногдуулсан нь хуулийн дээрх заалтад заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох, оролцогчоос гаргаж өгсөн баримт бичгийг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол нотлох баримт болохгүй гэж заасантай зөрчжээ.

Зөрчлийн хэрэгт авагдсан материалаас үзвэл Р.Б 25,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн асуудлыг нотолсон гэх хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан гараар бичсэн тэмдэглэл, 50-51 дүгээр хуудсанд авагдсан [email protected] хаягнаас [email protected] хаягт ирүүлсэн цахим шуудангийн баримт, Хаан банкан дахь Р.Б-ны нэр дээрх 5 дугаарын дансны гүйлгээний хуулга зэрэг баримтуудаас үзвэл 15,000,000 төгрөгийн орлого Р.Б-ны дансанд орсон нь тогтоогдсон боловч 10,000,000 төгрөг нь хэн, хэзээ, хэний дансанд шилжүүлсэн болохыг холбогдох баримтаар тогтоогоогүй байна. 

Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгад ...тээвэр гүйцэтгэсэн иргэн, аж ахуй эрхлэгч нь өөрийн эзэмшлийн дансаар бус өөр өөр дансаар төлбөрөө авдаг болох нь тогтоогдсон гэсэн боловч 3 дугаарын данс нь хэний нэр дээр бүртгэлтэй, иргэн Р.Б-тай ямар хамааралтай болохыг тогтоосон баримт байхгүй бөгөөд Р.Б ямар үндэслэлээр 25,000,000 төгрөгөөр тээвэр хийсэн, зардлыг яагаад хүний дансаар хүлээж авсан зэрэг нөхцөл байдлыг асууж тодруулж шалгасан баримт хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалд авагдаагүй байна.

Мөн зөрчил шалган шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулгад ...Тээврийн үнэ хөлсийн хувьд Шаргын овоонд 15 хоног тусгаарлалтанд байрлах байр, хоолны зардал, хилийн 0 цэгээс машин хүлээн авч буй жолоочын хөлс, гаалийн хашаа хүртэл тээвэрлэж ачиж буулгаж буй Хятад жолоочийн хөлс гэх мэт зардлууд нэмэгдэж тээвэр гүйцэтгэхэд 2,900,000 төгрөг зарцуулж байна. Хятад талын зуучлагч нар өндөр үнэ хэлж автомашин олдог, энгийн үетэй харьцуулахад 3-5 дахин бага буюу нэг жолооч сард нэг удаа тээвэр гүйцэтгэж байгаа, тээврийн хэрэгсэл болон олон жолоочийн гар дамжиж буй учир эвдрэл гэмтэл их гардаг бөгөөд засварын зардлыг 100 хувь жолооч хариуцдаг зэрэг шалтгааны улмаас тээврийн үнэ нэмэгдсэн байна. гэж нөхцөл байдлыг бичжээ. 

Хэргийн оролцогч нар иргэн Р.Б тээвэр эсэх асуудалд маргаагүй бөгөөд харин тээвэр хийхдээ үнийн хөөрөгдөл үүгэсэн гэх асуудлыг шалган шийдвэрлэхдээ тээвэр гүйцэтгэсэн хөлс гэх 25,000,000 төгрөгийг яагаад бүхэлд хууль бус орлого гэж үзсэн, танилцуулгад дурдсан тээвэр гүйцэтгэхэд зарцуулж буй 2,900,000 төгрөг болон засварын зардал зэрэг нь тээврийн зардалд тооцогдох эсэх зэрэг нөхцөл байдал тодорхой бус байна. 

Иймд хариуцагч улсын байцаагч нар хуулиар хүлээсэн нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, Р.Б-ыг зөрчлийн хэрэгт холбогдогчоор тогтоогоогүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н, улсын байцаагч Э.Э нараас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч Р.Б-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН