Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00913

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00435 дүгээр магадлалтай,

С.Б-ын нэхэмжлэлтэй,

“С” ОНӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Р.Оюун-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн С Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан, захиргааны албаны дарга, Захиргаа санхүү хариуцсан тасгийн менежер, эрх зүйн мэргэжилтнээр тус тус ажиллаж ирсэн. Тус үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 тоот тушаалаар намайг илтэд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01040 дугаартай шийдвэрээр тогтоосон бөгөөд 2017 оны 05 сарын 11-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба надад хүлээлцүүлж өгөх ажил байна уу гэхэд одоогоор ажил байхгүй хэмээн ажлын байр ч гаргаж өгөөгүй. Тухайн өдрөө хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсны дараа шууд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл гардуулсан болно. Би 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа очиж цагаа бүртгүүлж байсан, 05 сарын 23-наас эхлэн өвчний улмаас ажилдаа явах боломжгүй болсон тул Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд үзүүлж, эмийн болон физик эмчилгээ хийлгэж 2017 оны 05 сарын 23-наас 30-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаа авсан. Энэ хугацаанд өвчин хүндэрсэн тул 05 сарын 29-нөөс 06 сарын 05-ны өдрийг дуустал эмнэлгийн лист авч гэрээр эмчлүүлж байсан ба энэ тухайгаа захиргаа, санхүү хариуцсан менежер Н.Баттөмөрт утсаар мэдэгдэж зохих журмын дагуу өвчтэй хугацааны листээ хүргүүлсэн. Түүнчлэн 2017 оны 06 сарын 05-ны өдөр буюу листний хугацаа дууссан өдөр нурууны өвчний зовиурын улмаас эмнэлэгт очиж чадалгүй 2017 оны 06 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт дахин очиж үзүүлэн 2017 оны 06 сарын 08-наас 16-ныг хүртэл эмнэлгийн магадлагаа авч, эмчилгээг дахин үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэсэн. Энэ тухайгаа мөн захиргаа санхүү хариуцсан менежер Н.Баттөмөрт утсаар мэдэгдсэн байдаг. Гэтэл 2017 оны 06 сарын 19-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус байгууллага нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01040 дугаартай шүүхийн шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч эрх зүйн мэргэжилтэн С.Б-ад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг олгож, энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлсөн. Тус газрын эрх зүйн мэргэжилтэн С.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс эхлэн буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 203 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журамтай танилцаж гарын үсэг зурсан. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй. 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирэхдээ биеийн байдлын талаар болон цаашид ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтантай уулзахгүйгээр, мэдэгдэхгүйгээр явсан нь дотоод журмын 8.1.7 дахь заалтыг илтэд зөрчсөн байна. Нэхэмжлэгч С.Б- нь 2017 оны 06 сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт ажлын 10 өдрийн 2 өдөр нь өвчилсөн тухай баримтаар нотлогдож үлдсэн 8 өдрийн тухайд ямар нэгэн эмнэлгийн магадалгаа байхгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй гэх баримт хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлээгүй учраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн цагийн бүртгэлийн баримтад 8 өдөр ажил тасалснаар бүртгэгдсэн байна. Мөн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/77 дугаар тушаал гарсантай холбогдуулан уг тушаалыг танилцуулах гэсэн боловч мөн утсаа авахгүй байсан. Иймд ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ыг С ОНӨААТҮГ-ын Захиргаа санхүү хариуцсан тасагт эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч С ОНӨААТҮГ-аас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 811.564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-ад олгож, нэхэмжлэлээс 2017 оны 04 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан С.Б-ын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг С ОНӨААТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Б- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,хариуцагч С ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 24.027 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00435 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “811.564” гэснийг “3.027.758” гэж, 3 дахь заалтад “2017 оны 6 дугаар сарын 19-ний гэснийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны гэж, 4 дэх заалтад 24.027” гэснийг “63.394” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.409 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Оюун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.03-ны өдрийн 181/ШШ2017/02744 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00435 тоот магадлалыг хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатны гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэтэл нэхэмжлэгч С.Б- нь ажлаа 9 хоногоор тасалж энэхүү хууль болон дотоод журманд заасан ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шууд заасан үндэслэл байхад хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг нэг талд үнэлэн шийдсэн нь үндэслэлгүй. Жишээ нь хариуцагч талаас С.Б-ыг 9 хоног ажил тасалсан талаарх ажлын цагийн бүртгэлийг гаргаж өгсөөр байхад анхан шатны шүүх үнэлээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх мөн уг баримтын талаар ямар нэг дүгнэлтийг хийгээгүй болно. С.Б- нь байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.5.2-т заасан 3 буюу түүнээс дээш хоног хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй бол дээд шатны удирдлагадаа заавал мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл С.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр зүгээр эмнэлгийн акт олж ирснийг шүүх шууд шүүрэн авч шийдсэн нь үндэсгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.03-ны өдрийн 181/ШШ2017/02744 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00435 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Б-ын “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч “С” ОНӨААТҮГ  эс зөвшөөрчээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 1040 дүгээр шийдвэрээр С.Б-ыг “С” ОНӨААТҮГ-ын захиргаа санхүү хариуцсан тасагт эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон, ажил олгогч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б/52 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. 

Хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б/77 дугаар тушаал гаргаж, С.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш өдрөөр  ажил тасалсан гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 19 дүгээр тал/.   

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй хэдий ч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх шаардлагатай.

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл өвчтэй байсан нь эмнэлгийн магадлагаа, амбулаториор эмчлүүлэгчдийн картаар тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.   

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нотлогдоогүй гэж үзэж, түүнийг ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч ажилгүй байсан хугацааны олговрыг дутуу тооцжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөр тодорхойлж, хэмжээг давж заалдах гомдолд заасан 2.216.194 төгрөгөөр хязгаарлаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00435 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Р.Оюун-Эрдэнийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ