Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00435

 

       С.Б-ын нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ОНӨААТҮ газарт холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “С” ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан, захиргааны албаны дарга, Захиргаа санхүү хариуцсан тасгийн менежер, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан болно. “С” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлснийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01040 дүгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу “С” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон байдаг. Уг тушаал гарсны дараа 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очиход “С” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.А ажилд томилох тушаалыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба ажлын байр гаргаж өгөөгүй нь хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т заасан ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах ажлын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөдөлмөрийн нөхцөлөөр хангах ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн тухайн өдрөө хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсны дараа шууд ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулсан болно. Уг мэдэгдэлд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллах эсхүл энэ хугацааны цалингаа авч, ажлын байраа орхих, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн төлбөр байхаар шийдвэрлэсэн бөгөөд мэдэгдэлд хүний нөөцийн мэргэжилтэн Б.А гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулаагүй. Миний бие 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа очиж цагаа бүртгүүлсэн бөгөөд 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өвчний улмаас ажилдаа явах боломжгүй болсон тул Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд үзүүлж, эмийн болон физик эмчилгээ хийлгэх 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагаа авсан. Энэхүү магадлагааны хугацаанд өвчин хүндэрсэн тул 5 дугаар сарын 29-ний өдөр дахин эмчдээ очиж өөр эмчилгээний зөвлөгөө аван 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал эмнэлгийн лист авч гэрээр эмчлүүлж байсан ба энэ тухай “С” ОНӨААТҮГ-ын захиргаа, санхүү хариуцсан менежер Н.Б-т утсаар мэдэгдэж зохих журмын дагуу өвчтэй хугацааны листээ хүргүүлсэн.

Түүнчлэн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр буюу листний хугацаа дууссан өдөр нурууны өвчний зовиурын улмаас эмнэлэгт очиж чадалгүй 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагаа авч, эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай тухай менежер Н.Б-т утсаар мэдэгдсэн. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/77 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Уг тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан болно. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01040 дугаар шүүхийн шийдвэрийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч эрх зүйн мэргэжилтэн С.Б-д 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин хөлсийг олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлсөн. Тус газрын эрх зүйн мэргэжилтэн С.Б 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/52 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилогдсон өдрөөс эхлэн буюу 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 203 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журамтай танилцаж гарын үсэг зурсан байдаг. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилдаа ирж, тухайн хугацааны цалингаа авсан. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар түр олгох хуудсыг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн биеэр ажил дээр ирж засварын хэсгийн засварчин Г.Г гэдэг ажилтнаар хүний нөөцийн мэргэжилтэнд өгүүлсэн байдаг. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирэхдээ биеийн байдлын талаар болон цаашид ирэх боломжгүй, хүндэтгэн үзэх нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтантай уулзахгүй, мэдэгдэхгүй явсан нь дотоод журмын 8.1.7-д заасныг зөрчсөн байна.

Тус байгууллагын дотоод журмын 9.1.8-д заасны дагуу сар бүрийн 15, 30-ны өдрийн ажилчдын цагийн бүртгэлийг үндэслэн цалин олгодог. Нэхэмжлэгч С.Б 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажлын 10 өдрийн 2 өдөр өвчилсөн нь баримтаар нотлогдож үлдсэн 8 өдрийн тухайд ямар нэгэн эмнэлгийн магадлагаа байхгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй гэх баримт хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлээгүй учраас 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн цагийн бүртгэлийн баримтад 8 өдөр ажил тасалснаар бүртгэгдсэн байна. Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.5.2, 8 дугаар зүйлийн 8.1.6, 8.1.7-д тус тус заасныг зөрчсөн. Манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Б.А 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш С.Б-ын нөхцөл байдлыг тодруулах үүднээс утас руу нь залгахад аваагүй бөгөөд мессэж бичихэд нөхцөл байдлаа хэлээгүй. Мөн тухайн үеийн захиргаа, санхүү хариуцсан менежерт эхний удаа буюу өвчтэй байх хугацаандаа утсаар мэдэгдсэн бөгөөд листээ авч очин ажилдаа орох тухайгаа хэлсэн байдаг. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эмнэлгийн магадлагааг хүргүүлээгүй, ажилдаа ирэхгүй байх шалтгаанаа нэн даруй мэдэгдээгүй, утсаа авахгүй сураггүй ажлын 8 хоног дараалан алга болсон.

Захирлын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тушаалыг танилцуулах гэсэн боловч утсаа авахгүй байсан. Иймд ажил олгогчоос Хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ыг “С” ОНӨААТҮГ-ын Захиргаа санхүү хариуцсан тасагт эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 811 564 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-д олгож, нэхэмжлэлээс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б-ын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “С” ОНӨААТҮГ-т даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Б нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 24 027 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад цалингийн нөхөн олговрын дүн ажилгүй байх хугацааны цалинг тооцоогүй. Иймд 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд тооцогдоогүй 2 216 194 төгрөгийн цалинг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Тус газар нь байгууллагын дотоод журам болон С.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу "3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан тохиолдолд" ноцтой зөрчил гэж тооцон ажлаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. С.Б эмчилгээний хугацаагаа сунгасан тухай баримтаа ажил олгогчид өгөөгүй, мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлогдсон бөгөөд эмчийн магадлагааг шүүх хуралдааны өдөр өгсөн. Ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ноцтой зөрчил гэсэн хэсгийг зөрчсөн үйлдэл гаргасан байхад хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан байна.

Ажилтантай тус байгууллага эрх зүйн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/010400 дугаар шүүхийн шийдвэрээр нотлогдох бөгөөд ажилд эгүүлэн томилохдоо хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулж, хугацааг гэрээний 8.2-д заасны дагуу аль нэг талын санаачилгаар дуусгавар болгохоор заасан байхад шүүх хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан гэж үзсэн.

Хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй ажилтантай шинээр гэрээ байгуулах харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд  шийдвэрийн  зарим  хэсгийг  хүчингүй  болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

  Нэхэмжлэгч С.Б хариуцагч “С” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

         Хариуцагч “С” ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/77 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.5.2-4, Хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш өдрөөр ажил тасалсан үндэслэлээр захиргаа санхүү хариуцсан тасгийн эрх зүйн мэргэжилтэн С.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Нэхэмжлэгч С.Б 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд өвчний учир эмчлүүлж, эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан үйл баримт хэрэгт авагдсан амбулаториар эмчлүүлэгсдийн карт, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаа зэрэг баримтаар /хх 10-13, 17/ тогтоогджээ.

Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийг амбулатороор эмчлүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин  2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсныг хариуцагч үгүйсгэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж маргасан байна.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлж буй тушаалд дурдсан үндэслэл нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын тушаалд дурдсанаар байгууллагын дотоод журмын 7.3.5.2-4, хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Учир нь: нэхэмжлэгч С.Б 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд өвчний учир эмчлүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэдгийг хариуцагч нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Харин шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгохдоо тооцооллын алдаа гаргасныг залруулах боломжтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 811 564 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцоогүй нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин болох 31 214 төгрөгийг ажилгүй байсан 95 хоногоор тооцоход 2 965 330 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацааны цалин олговрыг олгохдоо “тооцогдоогүй үлдсэн 2 216 194 төгрөгийн цалин нэмж гаргуулна” гэх давж гомдлын хүрээнд хангаж, хариуцагч байгууллагаас нийт 3 027 758 /811 564+2 216 194/ төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт харшлахгүй. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч С.Б-ыг "С” ОНӨААТҮГ-ын Захиргаа санхүү хариуцсан тасагт эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 027 758 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзэв.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийн талаар шүүх зөв дүгнэлт хийсэн бөгөөд ажилтныг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбар татгалзлаа хариуцагч байгууллага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаархи давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02744 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “811 564” гэснийг “3 027 758” гэж, 3 дахь заалтад “2017 оны 6 дугаар сарын 19-ний” гэснийг “2017 оны 11 дүгээр сарын 03-ны” гэж, 4 дэх заалтад “24 027” гэснийг “63 394” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 409 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА