Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/05855

 

2016 оны 11 сарын 24 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05855

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байр Капитал банкны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоотод оршин суух, Омбо овогт Лхагвасүрэнгийн Энхтайван /РД-РЮ86020314/-д холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172,606,245.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Нуржанат, С.Бямбацэцэг, хариуцагч Л.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Нуржанат, С.Бямбацэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхтайван нь Капитал банкны Хөрөнгө удирдлагын газрын хөрөнгө зохицуулалтын албанд ахлах дилерээр ажиллаж байхдаа тус банктай 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ-г байгуулан 54,000 ам.долларын ипотекийн зээлийг 25 жилийн хугацаатайгаар жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон зээлээр худалдан авсан орон сууцыг барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Гэвч Л.Энхтайван нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гарган ажлын байрны давуу байдлаа ашиглан Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд ашигладаг Фи Икс Си Эм оффис программаар дур мэдэн нэвтэрч блансын тохируулга-ын гүйлгээ хийх замаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн маржин арилжааны дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөсөн, харилцагчийн маржин харилцаанд оролцох явцдаа хийсвэрээр өсгөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр алдагдал хүлээж, банкинд их хэмжээний хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчлийг гаргасан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот гэрээний 3.16-д заасны дагуу зээлийн хүүг тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү буюу 1,53 хувиар тооцож шилжүүлсэн. Л.Энхтайван нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 9,371.7, зээлийн хүүд 16,997.28, нийт 26,368.98 ам.доллар төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2016 оны 5 дугаар сараас хойш төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 44,628.30 ам.доллар, зээлийн хүү 26,364.16 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,470.42 ам.доллар, нийт 75,462.88 ам.доллар буюу 172,606,245.42 төгрөгийг Л.Энхтайванаас гаргуулж өгнө үү. 1 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцсон болно гэв.

Хариуцагч Л.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Капитал банкинд 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс дилер, ахлах дилерээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 54,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 15 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот, 52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 73,4 сая төгрөгөөр худалдаж авсан.

Улмаар би 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа гарсан ба 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш халагдах өдөр хүртэл үндсэн зээлд 9,371.7 ам.доллар, зээлийн хүүд 16,997.28 ам.доллар, нийт 26,368.98 ам.доллар төлөөд байгаа юм.

Гэтэл Капитал банк надаас 75,462.88 ам.долларыг нэхэмжилж байгаа нь хууль бус, илт биелүүлэх боломжгүй зүйл гэж үзэж байна.

Би тус банкнаас авсан орон сууцны зээлээ ажлаас гарсан өдрөөс хойш төлөөгүй ба ажиллаж байх хугацаандаа хэвийн төлж байсан. Төлөөгүй шалтгаан нь банкны зээлийн эдийн засагч нь миний зээлийн хүүгийн төлбөрийг автоматаар 26,364.16 ам.доллараар нэмэгдүүлнэ гэдгийг амаар хэлсэн. Би тухайн үед гэрээгээ уншаагүй байсан, гэрээгээ гаргаад уншсан чинь тийм заалт байсан бөгөөд миний хувьд хуваарийн дагуу төлөөд нэмэргүй нөхцөл байдал үүссэн учир зээл төлөлтөө зогсоосон юм.

Өөрөөр хэлбэл миний зээлийн хүүг өөрчлөн зээл анх авсан өдрөөс дахин тооцож нэмж байгаа нь Банкны тухай болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж байна.

Мөн зээлийн гэрээ нь хэт нэг талыг баримталсан, талуудын эрх, үүрэгт зээлдэгчийн буюу ажилтны эрх ашгийг хэт боомилсон, хуульд нийцээгүй заалтуудтай байна. Тухайлбал Капитал банкнаас нэмэлтээр нэхэмжлээд буй 26,364.16 ам.долларын хүүгийн хувьд гэрээний 3.16 дахь заалт нь Иргэний хуулийн 45.1-д заасан хуулийн шаардлагад нийцээгүй, илтэд биелүүлэх боломжгүй байгаа нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна.

Би Капитал банктай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан боловч зээлийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг тусгасан, мөн Иргэний хуулийн 48.1-д зааснаар уг гэрээний 3.16 дахь заалтыг миний зүгээс биелүүлэх боломжтой байсан хэдий ч банкны зүгээс ажлаас халсны улмаас боломжгүй болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Энэ нь хүүгийн форвард хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн буюу нуугдвал деривативийн шинжтэй байна. Хүүгийн форвард гэдэг нь ирээдүйд тухайн хүү нь өсөх, буурах эсэх нь тодорхойгүй боловч өнөөдрийн хүүгийн түвшинд тулгуурлаж ирээдүйд хүү өсөх, буурахад аль нэг талдаа үүрэг, хариуцлага хүлээх хэлцлийг хэлдэг ба уг заалт нь энэхүү хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж үзэж байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.1-д Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх заалтыг тайлбарлахдаа банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд уг гэрээнд зээлийн хүү, түүний хэмжээг тодорхой тусгахыг хэлнэ. Харин уг гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосон гэж үзнэ гэсэн байдаг. Тэгэхээр уг заалтад тодорхой хүү заагаагүй байна.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйл ажиллагааны журам нь хууль зөрчөөгүй, зээл хүсэгчдийг хэт хясан боогдуулаагүй, эрсдэлд оруулахгүй байхаар хяналт тавьж байхыг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хуульчилсан байдаг. Тухайлбал зээлийн үйл ажиллагааны журмыг боловсруулах үлгэрчилсэн журмыг тогтоож, мөн заавал дээрх байгуулагад хүргүүлж хянуулдаг. Энэхүү гэрээг хянуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлд тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү нь 1.53 хувь гэсэн байгаа нь сарын хүү гэж ойлговол жилийн 18.36 хувь болж байна. Энэ хүүг хаанаас гаргаж ирсэн, хэний тушаалаар баталсан, энэ хүү нь ам.долларын орон сууцны зээлийн хүү мөн эсэх талаарх баталгаа хэргийн материалд тусгагдаагүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг зээлийн гэрээний 3.16 дахь заалт нь төгрөгийн зээлийн хувьд зориулсан заалт ба жилийн 8 хувийн хүүтэй ам.долларын орон сууцны зээл нь угаасаа л зах зээлийн ердийн хүү байсан. Харин Капитал банкны хувьд нэхэмжлэлдээ төгрөгийн зээлийн ердийн хүүгээр ам.долларын зээлийг нэхэмжилсэн байна.

Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд буй Капитал банкны гүйцэтгэх захирлын 446 дугаар тушаалд зөвхөн төгрөгийн зээлийн нөхцлийг өөрчилсөн байх ба ам.долларын орон сууцны зээлийн нөхцлийг өөрчилсөн тушаал байхгүй байна.

Түүнчлэн миний бие уг зээлээ өмнөх нөхцлөөрөө үргэлжлүүлэн төлөх, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй гэдгээ удаа дараа илэрхийлсэн боловч боломжгүй гэсэн хариуг банкнаас өгч байсан.

Үндсэн зээлийн үлдэгдэл болох 44,628.30 төгрөгийг зөвшөөрч байгаа.

Капитал банкнаас нэхэмжилж буй 75,462.88 ам.доллар буюу 29,051.30 ам.долларын зөрүүтэй, нэмэгдэл хүү гэх 4,470.42 ам.долларыг ямар тооцооллоор бодож гаргасан нь мөн тодорхойгүй байна. Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2.3-т нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэж заасан.

Гэрээний хуваарийн дагуу сард 519.66 ам.доллар төлдөг ба ямар тооцоолол хийж нэмэгдүүлсэн хүүг 4,470.42 гаргасан нь ойлгомжгүй байна.

2012 онд орон сууцны м.кв-ын үнэ 1,3-1,4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан ба Сити Палас ХХК-ийн орон сууцыг 74 сая төгрөгөөр тооцон авсан бөгөөд тухайн үеийн ханшаар 54,000 ам.доллар болсон. Монгол банкны 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1 ам.доллар нь 1370.92 төгрөгтэй тэнцэж байсан ба би хамгийн сүүлд зээлийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хийхэд 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь 2021.40 болж төгрөгийн ханш унасан байсан. Би төгрөгийн ханшийн уналтаас үүдэн зээлийн хүү, үндсэн төлбөрийг хуваарьт заасны дагуу төлөхөд дээрх хугацаанд 9,2 сая төгрөгийг банкинд илүү төлсөн байна.

Иймд Капитал банкны нэхэмжилсэн зээлийн хүү 26,364.16 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү гэх 4,470.42 ам.долларыг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу зээлийн үлдэгдэл 46,411.58 ам.долларыг зээл авах үеийн Монгол банкны төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш буюу 1370.92 төгрөгөөр тооцон, 63,599,180.42 төгрөгийг Капитал банкинд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк, Л.Энхтайванаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172,606,245.42 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүсч шүүхэд хандсан байна.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас 172,606,245.42 төгрөг гаргуулахаар тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргаагүй гэж тайлбарладаг тул Капитал банкийг нэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзлээ. /хх-....

Хариуцагч Л.Энхтайван нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээлийг анх гэрээ байгуулах үеийн Монгол банкны 1 ам.доллартай харьцах төгрөгийн ханшаар тооцон төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... гэрээний 3.16 дахь заалт нь Иргэний хуулийн 45.1, 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл, ... ердийн хүү нь ам.долларын орон сууцны хүү мөн эсэх талаарх баримт хэрэгт тусгагдаагүй, ... зээлийн хүүгийн тооцоолол зөрүүтэй, нэмэгдүүлсэн хүүг яаж тооцсон нь тодорхойгүй ... гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Л.Энхтайван нь Капитал банкинд ажиллаж байхдаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ажиллагсдын орон сууцны зээлийн 68 тоот гэрээ байгуулан, орон сууц худалдан авах зориулалтаар сарын 0,66 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаагаар 54,000 ам.доллар зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны 18 дугаар байрны 15 тоот хаягт байрлалтай 52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, гэр ахуйн тавилга, цахилгаан барааны хамт барьцаалан 68-1 тоот барьцааны гэрээ байгуулсан байна. /хх-8-23 дугаар хуудас/

Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн байх ба зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Харин хариуцагч Л.Энхтайван нь гэрээний 3.16 дахь заалтын дагуу зээлийн хүүгийн хувийг нэмэгдүүлэн зээл авсан анхны өдрөөс тооцон нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг эс зөвшөөрч, уг заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргадаг.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэжээ.

Талуудын байгуулсан гэрээний 3.16-д Ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг зээл анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцон нөхөн төлүүлж, зээлийн гэрээг ердийн нөхцлөөр шинэчлэн байгуулна гэсэн урьдчилсан нөхцлийг гэрээндээ тусгасан байдаг. /хх-15 дугаар хуудасны ар тал/

Шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д зааснаар гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзлээ.

Учир нь хариуцагч Л.Энхтайван, хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөний улмаас Капитал банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хэдий ч хариуцагч нь ажлаас чөлөөлөх өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан байхад хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр Л.Энхтайваны өмнө нь төлсөн зээлийн хүүгийн хувийг нэмэгдүүлж, сард төлөх зээл, зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөн анх зээл авсан өдрөөс тооцон нөхөн төлүүлэх хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч буюу хариуцагчид хохиролтой байна.

Л.Энхтайваны хувьд ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд үндэслэлээ ...эдийн засагч нь миний зээлийн хүүгийн төлбөрийг автоматаар 26,364.16 ам.доллараар нэмэгдүүлнэ гэдгийг амаар хэлсэн тул зээл төлсөн ч нэмэргүй нөхцөл байдал үүссэн тул төлөхөө зогсоосон гэж тайлбарладаг.

Шүүх, нэхэмжлэгч банкийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзлээ. Нэмэгдүүлсэн хүү гэдэг бол зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр бөгөөд нэхэмжлэгч талыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэх учир уг хариуцлагыг тооцох үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн төлөөгүй хугацааны зээлийн хүүг гэрээний 3.2-т заасныг баримтлан сарын 0,66 хувь, жилийн 8 хувиар бодож, 2016 оны 5 дугаар сарын 27-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 44,628.30 ам.доллар х 0,66 % =294,546.78 х 5 сар=1,472.73 ам.доллар байх ба үүн дээр үндсэн зээлийн үлдэгдлийг нэмэхэд 44,628.30 ам.доллар+1,472.73 ам.доллар=46,101.03 ам.доллар болж байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцон нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх байна.

Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Энхтайванаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105,446,894 /нэг зуун таван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 67,159,350 /жаран долоон сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,020,981.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхтайванаас 685,184 төгрөг гаргуулан Капитал банкинд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Энхтайванаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105,446,894 /нэг зуун таван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 67,159,350 /жаран долоон сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,020,981.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхтайванаас 685,184 төгрөг гаргуулан Капитал банкинд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД