Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00395

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00395

 

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05855 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Энхтайванд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172 606 245.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Нуржанат

Хариуцагч Л.Энхтайван

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн төлөөлөгч А.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Нуржанат, С.Бямбацэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхтайван нь Капитал банк ХХК-ийн Хөрөнгө удирдлагын газрын хөрөнгө зохицуулалтын албанд ахлах теллерээр ажиллаж байхдаа тус банктай 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ-г байгуулан 54 000 америк долларын ипотекийн зээлийг 25 жилийн хугацаатайгаар жилийн 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон зээлээр худалдан авсан орон сууцыг барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч Л.Энхтайван нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гарган ажлын байрны давуу байдлаа ашиглан Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд ашигладаг Фи Икс Си Эм оффис программаар дур мэдэн нэвтэрч блансын тохируулга-ын гүйлгээ хийх замаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн маржин арилжааны дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөсөн харилцагчийн маржин харилцаанд оролцох явцдаа хийсвэрээр өсгөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр алдагдал хүлээж, банкинд их хэмжээний хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчлийг гаргасан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот гэрээний 3.16-д заасны дагуу зээлийн хүүг тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү буюу 1,53 хувиар тооцож шилжүүлсэн. Л.Энхтайван нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 9 371.7, зээлийн хүүд 16 997.28, нийт 26 368.98 америк доллар төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2016 оны 5 дугаар сараас хойш төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 44 628.30 америк доллар, зээлийн хүү 26 364.16 америк доллар, нэмэгдүүлсэн хүү 4 470.42 америк доллар, нийт 75 462.88 америк доллар буюу 172 606 245.42 төгрөгийг Л.Энхтайванаас гаргуулж өгнө үү. Америк долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцсон болно гэжээ.

 

Хариуцагч Л.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Капитал банк ХХК-д 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс теллер , ахлах теллерээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 54 000 америк долларыг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 15 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 15 тоот, 52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 73,4 сая төгрөгөөр худалдаж авсан. Улмаар би 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаасаа гарсан ба 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш халагдах өдөр хүртэл үндсэн зээлд 9 371.7 америк доллар, зээлийн хүүд 16 997.28 америк доллар, нийт 26 368.98 америк доллар төлөөд байгаа юм. Гэтэл Капитал банк ХХК надаас 75 462.88 америк долларыг нэхэмжилж байгаа нь хууль бус, илт биелүүлэх боломжгүй зүйл гэж үзэж байна. Төлөөгүй шалтгаан нь банкны зээлийн эдийн засагч нь миний зээлийн хүүгийн төлбөрийг автоматаар 26 364.16 америк доллараар нэмэгдүүлнэ гэдгийг амаар хэлсэн. Өөрөөр хэлбэл миний зээлийн хүүг өөрчлөн зээл анх авсан өдрөөс дахин тооцож нэмж байгаа нь Банкны тухай болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж байна. Мөн Зээлийн гэрээ нь хэт нэг талыг баримталсан, талуудын эрх, үүрэгт зээлдэгчийн буюу ажилтны эрх ашгийг хэт боомилсон, хуульд нийцээгүй заалтуудтай байна. Тухайлбал Капитал банк ХХК-иас нэмэлтээр нэхэмжлээд буй 26 364.16 америк долларын хүүгийн хувьд гэрээний 3.16 дахь заалт нь Иргэний хуулийн 45.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй, илтэд биелүүлэх боломжгүй байгаа нь хүчин төгөлдөр бус гэдгийг харуулж байна. Би Капитал банк ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ-г хугацаагүй байгуулсан боловч зээлийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг тусгасан, мөн Иргэний хуулийн 48.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний 3.16 дахь заалтыг миний зүгээс биелүүлэх боломжтой байсан хэдий ч банкны зүгээс ажлаас халсны улмаас боломжгүй болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Энэ нь хүүгийн форвард хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн буюу нуугдвал деривативийн шинжтэй байна. Хүүгийн форвард гэдэг нь ирээдүйд тухайн хүү нь өсөх, буурах эсэх нь тодорхойгүй боловч өнөөдрийн хүүгийн түвшинд тулгуурлаж ирээдүйд хүү өсөх, буурахад аль нэг талдаа үүрэг, хариуцлага хүлээх хэлцлийг хэлдэг ба уг заалт нь энэхүү хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж үзэж байна.

Капитал банк ХХК-иас гаргасан нэхэмжлэлд тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү нь 1.53 хувь гэсэн байгаа нь сарын хүү гэж ойлговол жилийн 18.36 хувь болж байна. Энэ хүүг хаанаас гаргаж ирсэн, хэний тушаалаар баталсан, энэ хүү нь америк долларын орон сууцны зээлийн хүү мөн эсэх талаарх баталгаа хэргийн материалд тусгагдаагүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг зээлийн гэрээний 3.16 дахь заалт нь төгрөгийн зээлийн хувьд зориулсан заалт ба жилийн 8 хувийн хүүтэй америк долларын орон сууцны зээл нь угаасаа л зах зээлийн ердийн хүү байсан. Харин Капитал банк ХХК-ийн хувьд нэхэмжлэлдээ төгрөгийн зээлийн ердийн хүүгээр америк долларын зээлийг нэхэмжилсэн байна. Миний бие уг зээлээ өмнөх нөхцөлөөрөө үргэлжлүүлэн төлөх, ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй гэдгээ удаа дараа илэрхийлсэн боловч боломжгүй гэсэн хариуг банкнаас өгч байсан. Үндсэн зээлийн үлдэгдэл болох 44 628.30 төгрөгийг зөвшөөрч байгаа. Капитал банк ХХК-иас нэхэмжилж буй 75 462.88 ам.доллар буюу 29 051.30 америк долларын зөрүүтэй, нэмэгдэл хүү гэх 4 470.42 америк долларыг ямар тооцооллоор бодож гаргасан нь мөн тодорхойгүй байна. Би төгрөгийн ханшийн уналтаас үүдэн зээлийн хүү, үндсэн төлбөрийг хуваарьт заасны дагуу төлөхөд дээрх хугацаанд 9,2 сая төгрөгийг банкинд илүү төлсөн байна. Иймд Капитал банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн хүү 26 364.16 америк доллар, нэмэгдүүлсэн хүү гэх 4 470.42 америк долларыг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн үлдэгдэл 46 411.58 америк долларыг зээл авах үеийн Монгол банкны төгрөгийн америк доллартай харьцах албан ханш буюу 1370.92 төгрөгөөр тооцон, 63 599 180.42 төгрөгийг Капитал банк ХХК-д төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Энхтайванаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105 446 894 /нэг зуун таван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 67 159 350 /жаран долоон сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 020 981.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Энхтайванаас 685 184 төгрөг гаргуулан Капитал банк ХХК-д буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Л.Энхтайван нь 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №68 тоот зээлийн гэрээ байгуулж 54 000 америк долларыг 25 жилийн хугацаатай, жилийн 8% хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээний хавсралтанд заасан графикийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдэн авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэвч Л.Энхтайван нь ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ зөрчиж, мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж, ажлын байрны давуу байдлаа ашиглан Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд ашигладаг FXCM office програмаар дур мэдэн нэвтэрч "блансын хохируулга"-ын гүйлгээ хийх замаар өөрийн эхнэр Б.Амарбаясгалангийн маржин арилжааны дансны үлдэгдлийг хийсвэрээр өсгөсөн, харилцагчийн маржин арилжаанд оролцох явцдаа хийсвэрээр өсгөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр алдагдал хүлээж, банкинд их хэмжээний хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчлийг гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 442 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээ-г цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот "Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.16-д заасан "...ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцно ..." гэсэн заалтын дагуу зээлийн хүүг тухайн үеийн орон сууцны зээлийн ердийн хүү буюу 1,53 хувиар тооцож шилжүүлсэн. Зээлдэгч Л.Энхтайван нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2016 оны 5 дугаар сараас хойш төлөхгүй байх тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 67 159 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хариуцагч Л.Энхтайванаас 105 446 894 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ-нд "...ажилтан зээл авсан өдрөөс хойш банкинд 5-аас доош жил ажиллаад аливаа шалтгаанаар гарах бол зээлийн хүүг анх авсан өдрөөс эхлэн банкны тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны ердийн зээлийн хүүгээр тооцно..." гэж талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан байдлыг харгалзан үзээгүй.

 

Шүүх, нэхэмжлэгч банкийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзлээ. Шүүх Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Банкны зээлийг үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 102/ШШ2016/05855 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь хэсэгт дурдсан 67 159 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 172 606 245 24 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Л.Энхтайванаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172 606 245.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 102/Ш3201/24945 дугаар захирамжаар 172 606 245.42 төгрөг гаргуулах тухай шаардлагад нь иргэний хэрэг үүсгэсэн байна. / хэргийн 2, 27 дугаар тал/

 

Капитал банк нь нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан байхад нэг шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй гэж тайлбарладаг гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд Капитал банк ХХК нь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагаасаа татгалзсан, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, өөрчилсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагыг орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн Капитал банк ХХК-иас төлсөн 493 747 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА Ц.ИЧИНХОРЛОО