Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0594

 

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0594

Улаанбаатар хот

 

 

 

 

                                                    Б.А-ийн нэхэмжлэлтэй

                  захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, тус хорооны даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр: “...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3.3, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1, 47.1.5, 47.1.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуульч Тү.Э нарт холбогдох маргаан, сахилгын шинжээч Б.Э, Б.Эр, Л.Г, Н.Б нар мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй тухай гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “дээрх гомдлуудыг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай шийдвэрлэхийг даалгуулах, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Л.Г-ын мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй тухай гомдлыг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай шийдвэрлэхийг даалгуулах, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны даргын Б.А-ийн гомдлыг буцаасан үйл ажиллагаа, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/270, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/262, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/42 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдах гомдолдоо: “... 478 дугаар шийдвэрийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гардаж аваад, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

1. “Тү.Э нарт холбогдох маргааныг гомдлын дагуу шалгалтын ажиллагааг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай явуулахыг даалгуулах” шаардлагын тухайд.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан томилсон этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж тус тус заасан бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу татгалзсан үйлдэл, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс захиргааны акт гаргахыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн 20.5.7Хуульч гаргасан зөрчилдөө хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэх нь энэ дүрмийн дагуу шийтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг жишиг болгосон журмаар явагдах бөгөөд уг журмыг Зөвлөл батална, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан. Энэ нь хуульчийн гаргасан нэг зөрчилд хуульчийн мэргэжлийн дүрэм ба Эрүүгийн хуулийн аль нэгийг бус, давхар хэрэглэн хариуцлага хүлээлгэх нөхцөлтэй болохыг харуулж байна.

Шүүгч Тү.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т, өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц нар бүлэглэж, 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 жил 5 сар 19 хоногийн хугацаанд нэхэмжлэгч Б.А миний хууль ёсны эрх ашгийг хохироож, хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл, миний нэрийг ашиглаж, хариуцагчийг гуравдагч этгээдээр сольсон хуурамч хүсэлт бичиж, уг хүсэлтийг хэлэлцсэн мэтээр хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, шүүгчийн захирамж гаргаж, хуурч мэхэлж итгэмжлэл аваад, Л.А-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан хуурамч худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн.

Дээрх хуульч нар хуурамч нотлох баримтын утга агуулгыг мушгин гуйвуулсан худал тайлбарыг шүүхэд гаргасан, гарын үсгийг шинжлэх шинжээч томилсон атлаа шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан, эсхүл нуун дарагдуулсан эсэх нь тодорхойгүй, дээрх хуурамч хүсэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийг зориуд нуун дарагдуулж байгаад, 2016 оны 07 дугаар сарын дундуур Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүхийн архивд нэмж хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцуулахаар дээрх нэр бүхий хуульч нар бүлэглэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.7 дахь заалт, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн 4.2, 4.3, 4.4, 4.5 дугаар зүйлийн зарим заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, хуурамч нотлох баримт үйлдэж, “илт хууль бус” 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шийдвэр гаргасан, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан.

Дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2, 250 дугаар зүйлийн 250.2, Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 21.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2-т тус тус заасан хариуцлага тооцохоор хуульчилсан байхад хариуцагч нар үл тоож, эс үйлдэхүй гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцох асуудлын Монголын Хуульчдын холбооны хуулиар хүлээсэн үүрэг атал даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Монголын Хуульчдын холбоо нь цугларсан нотлох баримтыг захиргааны акт гарган, харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэг нь ямар хуульд харшилж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт алга байна.

2. “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Э, Б.Эр, Л.Г, Н.Б нар мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй тухай гомдлыг хууль дүрэмд заасны дагуу шуурхай шийдвэрлүүлэхийг даалгуулах” шаардлагын тухайд.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2.1, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн 20.5 дугаар зүйлийн 7, Хуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаас үзвэл хуульчийн гаргасан нэг зөрчилд Хуульчийн мэргэжлийн дүрэм ба Эрүүгийн хуулийн аль нэгийг бус, давхар хэрэглэн хариуцлага хүлээлгэх нөхцөлтэй болохыг харуулж байна.

“Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам”-ын 5.8-д “... сахилгын шинжээч нь “Хуульчийн мэргэжлийн дүрэм”-ийн 9.2-9.8, 10.1-10.2, 11.1-11.12, 12.2-12.6, 13.1-13.6, 14.1-14.3 дугаар зүйлд захирагдах үүрэгтэй. Эдгээр зүйлд заасан ““прокурор” гэдэгт сахилгын шинжээчийг ойлгоно” /Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүний 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаар тогтоолын 2 дугаар нүүрний доод доголд/ гэж журамласан.

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч /прокурор/ нар нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу Б.А миний гомдол гаргасан өдрөөс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулийн 5-д “Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн хуулийн заалт хэрэгжих хүртэл 4 жил 2 сар 19 хоногийн турш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журамд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2-т заасан хариуцлага, Зөрчлийн тухай хуульд зааснаар гэмт хэргийг нуун дарагдуулсан, гэмт хэргийг үл мэдээлсэн үйлдэлд нь хариуцлага тооцох асуудлыг Монголын Хуульчдын холбооны хуулиар хүлээсэн үүрэг атал даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Монголын Хуульчдын холбоо нь цугларсан нотлох баримтыг захиргааны акт гарган, харьяалах эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэг нь ямар хуульд харшилж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

3. Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 86 дугаар тогтоолоор Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.3, 63 дугаар зүйлийн 63.9, 64 дүгээр зүйлийн 64.4, Монголын Хуульчдын холбооны дүрэм”-ийн 4.13 дугаар зүйлийн 1.4, 1.24 дэх заалтыг тус тус үндэслэн “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам-ыг баталсан.

Шүүгч Тү.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3.Т, өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц нар нь бүлэглэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийг зөрчсөн маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан, Монголын Хуульчдын хорооны Мэргэжлийн хариуцлагын сахилгын шинжээч Б.Э, Б.Эр, Л.Г, Н.Б нар мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй тухай гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан, уг эс үйлдэхүй 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу Б.А миний гомдол гаргасан өдрөөс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 1 сарын 15 ны өдрийн хуулийн 5 дахь заалт хэрэгжих хүртэл 4 жил 2 сар 19 хоног үргэлжилсэн нь Монголын Хуульчдын холбооны Ажлын албаны дарга Т.Г-ын хууль дүрэм зөрчсөн үйлдлээс болсон.

Т.Г нь Монголын Хуульчдын холбооны “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх журам”-ын 10.5 дугаар зүйлд заасан зөрчил болон мэргэжил, ур чадварын түвшин хангалтгүй байдал, үйл ажиллагаанд хууль, дүрэм журмын биелэлтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх, шалгах ажиллагаа, шалгагч, сахилгын шинжээчийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаар гаргасан гомдлыг энэ журамд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, шалгах ажиллагааны үед хууль дүрэм зөрчсөн шалгагч, сахилгын шинжээчид хариуцлага тооцох бөгөөд тухайн шалгагч, сахилгын шинжээчээр уг маргааныг цаашид шалгуулахыг зогсоох бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй тухай гомдлыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч шийдвэрлээгүй.

Энэ үйлдэл нь гомдол гаргагч Б.А миний хуулиар хамгаалуулах эрхийг хязгаарлаж, хариуцагч нарт давуу эрх олгосон.

Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны даргын үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2-т заасан хариуцлага, Зөрчлийн тухай хуульд зааснаар гэмт хэргийг нуун дарагдуулсан, гэмт хэргийг үл мэдээлсэн үйлдэлд нь хариуцлага тооцох асуудал нь Монголын Хуульчдын холбооны хуулиар хүлээсэн үүрэг атал даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны даргын Б.А-ийн гомдлыг буцаасан үйл ажиллагаа, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/270, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/262, 2020 оны 02 дугаар сарын 13-ны 03/42 дугаар албан бичиг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд.

Өмгөөлөгч А.Б нь Б.А-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны сайдад тус тус холбогдох захиргааны хэрэгт, өмгөөлөгч Т.О нь Б.А-ийн нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны болон иргэний хэрэгт Б.А-ийн эрх ашгийг хамгаалж, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

Б.А би “... өмгөөлөгч А.Б, Т.О нар нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Хуульч энэ хууль, Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэх үүрэгтэй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “Үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах”, “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм”-ийн 4.3 дугаар зүйлийн 2-т “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгч эсхүл бусад этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж байгаа, эсхүл үйлдсэн тухай баттай мэдсэн бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг зогсоох талаар зөвлөх, зохих байгууллагад мэдэгдэх зэрэг шаардлагатай арга хэмжээ авна, 3-дӨмгөөлөгч нь энэ зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан үүргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл биелүүлэх бөгөөд энэ үүргийг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ дүрмийн 2.5 дугаар зүйлээр хориглосон эсэхээс үл хамааран мэдээллийг задруулна” гэснийг зөрчсөн гэсэн гомдол гаргасан.

Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга н.З, Ажлын албаны дарга Т.Г нар нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5.1-д “Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг үйлчлүүлэгчийн гомдлоор Мэргэжлийн хариуцлагын хороо хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчиж, маргааныг буцаасан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/270, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/262 дугаар “илт хууль бус захиргааны актуудыг гаргасан. 

Мөн Нийслэлийн Прокурорын газраас Тү.Э нарт холбогдох Эрүүгийн 190200192 дугаар хэрэгт холбогдох ажиллагааг хийхгүй удаашруулж байгаа сахилгын шинжээч Б.Э, Б.Эр нарт холбогдох маргааныг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлсэн.

Гэтэл Монголын Хуульчдын холбооны Ажлын албаны дарга Т.Г 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 03/42 дугаар “илт хууль бус” захиргааны акт гаргаж, гомдол гаргагч Б.А над руу шилжүүлсэн.

Уг “илт хууль бус” захиргааны актуудын улмаас гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 жил 11 сар 20 хоногоор удааширсан, гэмт хэргийг бүрэн шуурхай илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдийг олж тогтоох ажиллагаанд хүндрэл учруулсан, Б.А миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон дахин гэмт хэрэг гарах, гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөл болсон болох нь захиргааны хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 89 дугаартай шийтгэвэр, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар магадлал, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тогтоол зэргээр тогтоогдож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.5, 47.1.7-д заасан “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулсан болох нь батлагдаж байна.

Иймд Б.А-ийн гомдлыг буцаасан Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга болон Ажлын албаны даргын гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/270, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/262, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/42 дугаар албан бичгүүдийг тус тус “илт хууль бус” болохыг тогтоож өгнө үү.

5. “Монголын Хуульчдын холбоо, тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон хохирлын хэмжээг тогтоолгох /12 сая гаруй төгрөг гаргуулах/” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Б.А-ийн гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Монголын Хуульчдын холбоо, Монголын Хуульчдын Холбооны эс үйлдэхүй 4 жил 2 сар 19 хоног үргэлжилсэн.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг нуун дарагдуулсан, гэмт хэргийг үл мэдээлсэн зөрчлийн шинжтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэргийн шинжтэй байхад зөвхөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг үндэслэсэн шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хууль эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.А-ээс “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуульч Тү.Э нарт холбогдох маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гомдлын дагуу шалгалтын ажиллагааг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай явуулахыг даалгуулах, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо сахилгын шинжээч Б.Э, Б.Эр, Л.Г, Н.Б нар мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй тухай гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, гомдлыг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай шийдвэрлэхийг даалгуулах, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Ө хуульд заасан хугацаанд гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Л.Г-ын мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй тухай гомдлыг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай шийдвэрлэхийг даалгуулах, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны даргын Б.А-ийн гомдлыг буцаасан үйл ажиллагаа, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/270, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/262, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/42 дугаар албан бичиг бүхэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох, Монголын Хуульчдын холбоо, Монголын Хуульчдын  холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус ажиллагааны улмаас хохирсон хохирлын хэмжээг тогтоолгох, хохирол болох /12 сая төгрөг/ гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх түүний тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, гагцхүү мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй. Түүнчлэн шүүхийн шийдвэр биелэгдэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой байх ёстой.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч чухам ямар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эрх, ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бодит байдалд боломжтой эсэх, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой болохыг тодорхойлсны үндсэн дээр маргааныг эцэслэн шийдвэрлэхээр байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэж ойлгоно.

Хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасан боловч уг маргааны хувьд Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо татан буугдсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Өмгөөлөгчдийн холбоо руу гомдлуудыг зохих журмын дагуу шилжүүлж байгаа, таны гомдлыг шилжүүлэн шийдвэрлүүлэх боломжтой” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн “... гомдлын дагуу шалгалтын ажиллагааг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг зохих захиргааны байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулснаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх “.... 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо, түүний ажиллах журмыг хүчингүй болгосон, дээрх хуультай холбоотойгоор тухайн чиг үүргийн холбооны дэргэдэх /өмгөөлөгч, шүүгч, прокурор гэх мэт/ ёс зүйн болон сахилгын хороод байгуулагдаагүй байх тул тус шүүхээс эрх залгамжлагч томилох боломжгүй, нэгэнт журмыг хүчингүй болгосон тул “гомдлын дагуу шалгалтын ажиллагааг хууль, дүрэм, журамд заасны дагуу шуурхай явуулахыг даалгах” шаардлагыг хангах боломжгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй.

Учир нь хэрэв шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болохыг тогтоосон, тодруулбал, хуульч Тү.Э нарт холбогдох маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй, сахилгын шинжээч Б.Э, Б.Эр, Л.Г, Н.Б нар мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын түвшин хангалтгүй тухай гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Ө хуульд заасан хугацаанд гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тохиолдолд эдгээр гомдол, маргааныг цаашид хэн, хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор сэргэх боломжтой болно.

Иймд нэхэмжлэгчээс хуулиар олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, түүнд холбогдох хариуцагчийг зөв тодорхойлж, шүүх түүний тодорхойлсон хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны дараагаар маргааныг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн тодорхойлсон захиргааны байгууллага татан буугдсан тул хохирол гэх 12,000,000 төгрөгийг хэнээс, хэрхэн гаргуулах нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчаас “... захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол огт учраагүй, бид хохирлын үнийн дүнд бус захиргааны байгууллага хохирлыг гаргах үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

Анхан шатны шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, хохирол учирсан бол чухам ямар байгууллагын үйл ажиллагааны улмаас хохирол учирсан талаар огт дүгнээгүй атлаа “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хохирлын хэмжээ болон хохирлын талаар тухайлан маргаж байх тул уг нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнээд нэхэмжлэгчийн “Монголын Хуульчдын холбоо, Монголын Хуульчдын  холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хууль бус ажиллагааны улмаас хохирсон хохирлын хэмжээг тогтоолгох, хохирол болох /12 сая төгрөг/ гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгаагүй атлаа 2 дахь заалтаар хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт  ... нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.

4. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулах зэргээр удаа дараа хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “... шүүхэд уг хүсэлтүүдийг гаргасан боловч хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, хариуцагчаас шүүх хуралдаанд оролцохгүй, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөхгүй, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрэх гээд байсан тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гомдлыг шийдвэрлэхийг даалгах байгууллагуудыг тогтоолгох хүсэлтэй байсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрахаас зайлсхийж хүсэлтүүдээ дэмжээгүй, мөн хүсэлтүүдээсээ татгалзаагүй” гэж тайлбарласан. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эрхтэй, ийнхүү гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваад хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ биелүүлээгүй, дээрх байдлаар маргааны гол зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой талаар нягталж дүгнэлт хийгээгүй, төрийн албаны залгамж чанарт байдлыг харгалзан маргаанд холбогдох хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг явуулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН