Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0401/З |
Дугаар | 221/МА2021/0600 |
Огноо | 2021-11-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2021/0600
“Ас” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Д.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 812 дугаар шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 32 дугаар зүйлийн 32.3.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ас ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “Ас” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ....” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:
1. Шүүх хуралдаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож багаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
2. Учир нь энэхүү эрх зүйн маргааны маргалдагч тал нь нэхэмжлэгч болон хариуцагч нар байсан. Иймд хариуцагч өөрийн гаргасан шийдвэр, үйлдлийг буруу болохыг зөвшөөрч байхад шүүх хөндлөнгийн байх зарчмаа зөрчин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байсан.
3. “Ас” ХХК-ийг газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж байгаагүй” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан хашаа бүхий орчны газраа баталгаажуулж эзэмших хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Т” ХХК-иар эзэмшихийг хүссэн хилийн заагийг тогтоосон кадастрын зураглал хийлгэн дүүргийн Газрын албанд өгөхөд хариуцсан мэргэжилтэн нь зарим хэсгийг хасахыг уг зураг дээр гараар тэмдэглэж өгсний дагуу дахин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр багасган 7788,61 метр квадрат газрын хэмжээтэй кадастрын зураглал хийлгэн өгсөн юм.
Энэ нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
4. Шүүх баримт бичгийн үзлэг хийсэн гэжээ. Уг үзлэгийг явуулахад нэхэмжлэгч тал оролцоогүй, хаана ямар үзлэг хийсэн, юуг хэзээ үзсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчид мэдэгдээгүй үзлэг явуулж, цуглуулсан баримтыг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байна.
5. Анхан шатны шүүх нь маргаан бүхий газарт үзлэг хийж, фото зургаар манай барилгын бохирын ус зайлуулах шугамын худгийн зургийг фотогоор баримтжуулж авсан атлаа Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын "манай байгууллагын эзэмшлийн цэвэр, бохир усны шугам байхгүй" бичгийг үндэслэн "уг газар цэвэр бохир усны шугам байхгүй" гэж дүгнэсэн нь илт зөрчил болно.
Учир нь тус байгууллага манай эзэмшлийн шугам байхгүй гэснийг шугам байхгүй мэтээр ойлгож дүгнэсэн нь хууль бусаас гадна шүүх өөрөө бодитоор шугам байгааг худгаар нь үзлэг хийж баримтжуулсан нь Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын албан бичгүүд хоорондоо зөрчилдөж байгаа бол уг баримтыг шалгаж мухарлах ёстой байсан.
6. Гуравдагч этгээд Ундармаа нь нийтийн байрны хананаас 4-6 метрийн зайд, олон зуун хүн орж гардаг орцноос 15-20 орчим метрын зайд, нийтийн байрны автомашины зогсоол дээр газар эзэмшүүлсэн нь галын аюулгүй байдлын норм дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа ба шүүх энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай.
Учир нь Б.Ундармаа уг газарт хашаа, байшин барьснаар уг нийтийн байранд гал түймэр гарвал галын унтраах машин орж зогсох, шилжих хөдөлгөөн хийх, барилгаас хүнийг аварч гаргах орон зайгүй болох аюулыг үүсгэж байгаа юм.
7. Анхан шатны шүүх шийдвэртээ “Нэхэмжлэгчийн эзэмших 7000 м.кв газрын байршил хаана гэдгийг хэн аль нь гаргаж ирүүлээгүй” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч нь анх уг газрыг баталгаажуулж авах хүсэлтийнхээ хамтаар “Т” ХХК-иар хийлгэсэн зургаа багасан дахин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 7788,61 м.кв газрын хэмжээтэй кадастрын зураглал хийлгэсэн нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа.
Нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ 7788,61 метр квадрат байхаар кадастрын зураг үйлдүүлж, гарсан байхад хариуцагч нийтийн эзэмшлийн зам талбай гэх хэсгийг хасч 7000,00 м.кв-аар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж шүүхэд олон удаа тайлбарласан байгаа.
Ийм энгийн тайлбарыг хүлээж авахгүй байх үндэслэл, хууль зүйн зохицуулалт байхгүй байхад дээрх дүгнэлтийг гаргасан нь хууль бус байна.
8. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “Ас” ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдсөн баримтгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илт хууль бус байна.
Хоёр. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй , хуулийг буруу тайлбарласан тухайд:
9. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ хуулийн заалт маргаанд ямар холбогдолтойг тайлбарлаж хэрэглээгүй атлаа ийнхүү баримталсан нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
10. Шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримталж газар ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэжээ.
Шүүх ийнхүү хууль хэрэглэхдээ манай барилгын хашаан дотор нөгөө талаасаа өмнө хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа талаар огт дүгнэлт өгөөгүй, энэхүү үйл баримт хуультай хэрхэн нийцэж байгаа талаар дүгнэлт өгөөгүй хуулийг зохих ёсоор тайлбарлаж хэрэглээгүй байна.
11. Анхан шатны шүүх 7000,00 метр квадрат газар ертөнцийн зүгээр аль хэсэгт байрших ёстой нь тодорхойгүй дахин дахин дүгнэлт гаргажээ.
Нэхэмжлэгчийн 2010 онд кадастрын зураглалаар хийлгэсэн 7788,61 метр квадрат газрын хилийн зааг дотор багтаан 7000,00 метр квадрат газар эзэмших ёстой юм, уг газартай гуравдагч этгээдэд 2017 эзэмшүүлсэн газар давхацсан гэх маргааныг Газрын тухай хуультай, түрүүлж гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх эрхэд хэрхэн нийцсэн талаар дүгнэлт хийгээгүй.” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмч бүхий барилгын орчин тойрны газрыг эзэмших өргөдөл гаргахдаа “Т” ХХК-иар 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 9237,87 м.кв, 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 7788,61 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг үйлдүүлэн Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлжээ.
Үүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “Ас” ХХК-д өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орчны газар болох 7000 м.кв газрыг эзэмшүүлж, мөн Засаг даргаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаатай сунгаж, улмаар “Ас” ХХК нь нийт 7000 м.кв талбайн хэмжээгээр 317001 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, Баянзүрх дүүргийн Газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан байна.
Гэтэл бодит байдалд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/2567 албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч “Ас” ХХК-ийн эзэмших эрх бүхий нэгж талбарын 18646311848720 дугаар талбай нь 6171 м.кв хэмжээтэй байгаагаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь нотлогдож байна.
Харин гуравдагч этгээд Б.У-ийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлгий 31-523а тоот хаягт нэгж талбарын 18646311804729 дугаар бүхий 500 м.кв газрыг ахуйн зориулалтаар эзэмшүүлж, 508693 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт олгосон газруудыг кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар үзвэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/1553 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар аливаа давхцалгүй байх боловч нэхэмжлэгчээс анх Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж зааснаар газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийлгэсэн 7788,61 м.кв талбай бүхий газартай гуравдагч этгээдийн эзэмшил бүхий газар нь 322,4 м.кв хэмжээгээр давхацсан болохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/1581 дугаар лавлагаагаар тодорхойлсон байна.
Ийнхүү нэхэмжлэгч “Ас” ХХК-иас “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.У-д холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар “Ас” ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргаан бүхий гуравдагч этгээд Б.У-д холбогдох 322,4 м.кв газрын эзэмших эрхийг өөрт авч 7000 м.кв газрыг кадастрын зургийг мэдээллийн санд оруулснаар эрх ашиг сэргэнэ хэмээн маргаж байна.
Гэвч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс хэргийн үйл баримтыг бүрэн тодруулах, хангалттай баримт авагдаагүй гэж үзлээ.
Хэдийгээр энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ” гэж тус тус заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талбайн хэмжээгээр кадастрын зургийг үйлдэж, нэгж талбарын дугаар олгож, газрын улсын бүртгэлд бүртгэх үүргээ биелүүлээгүй байх боловч тухайн олгох нь зүйтэй 7000 м.кв газарт гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газар хамаарч байгаа эсэхийг тодруулалгүйгээр шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид гэрчилгээгээр эзэмшүүлсэн 7000 м.кв газар нь байршлын хувьд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр хэрхэн байрлаж байгаа нь тодорхой бус байхад гуравдагч этгээдэд олгосон 500 м.кв газрыг ямар хэмжээгээр давхцалтай болохыг яаж тогтоосон нь тодорхойгүй, өмнөх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар магадлалд дурдагдсан шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхээргүй байна.
Тодруулбал шинжээчийн дүгнэлтээр зөвхөн одоогоор хэргийн оролцогч нар бодит байдалд хэдэн м.кв газар эзэмшиж байгааг тодруулсан боловч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжид дурдсан 7000 м.кв газартай гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар давхцаж буй эсэхийг тодруулаагүй тул маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй.
Учир нь анхан шатны шүүх “...7000 м.кв газар байршлын хувьд хаана вэ гэдэг нотлох баримтыг хэн аль нь гаргаж ирүүлээгүй ба энэ тохиолдолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0195 дугаар магадлалд заасан зарим ажиллагааг бүрэн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэсэн ч энэ тохиолдолд дээрх нотлох баримтуудыг бүрэн цуглуулах нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар маргаан бүхий газрыг хэн нь эзэмших эрхтэй болохыг тогтооход ач холбогдолтой, зайлшгүй баримтууд юм.
Иймд хариуцагчаас анх нэхэмжлэгч “Ас” ХХК-д газар олгохдоо 7000 м.кв талбайг ямар хэмжээс, зураглалд үндэслэн тогтоосон талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна.” гэж заасан ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах шаардлагатай.
Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг хасаж 7000 м.кв талбай эзэмшүүлсэн гэж, гуравдагч этгээдийн зүгээс 2014 онд тухайн газрыг эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаснаар хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй болсон, газар эзэмших хүсэлтээ гаргах үед бусдын газартай давхцахгүй байсан, эзэмших эрхтэй болсон газарт цэвэр бохир усны шугам байхгүй хэмээн маргаж байхад маргаан бүхий газар нь нийтийн эзэмшил, зам талбайг дайруулан олгосон эсэх, худаг, суурьшлын бүс, газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан эсэх болон нэхэмжлэгч нь 2010 оноос хойш тус газарт хашаа барьж ашиглаж байсан талаар тодруулж, гуравдагч этгээдэд олгосон газрыг иргэн, аж ахуй нэгжид олгох хууль зүйн үндэслэлд тусгайлан дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг зөрчиж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгдөөгүй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн талаар хэргийн оролцогчид маргаж байх боловч анхан шатны шүүх зөвхөн хэргийн оролцогч нарын газрын давхцлын хүрээнд голчилж нотлох баримт цуглуулсан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА