Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 556

 

    “Гурван Өргөө -2” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/06048 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 813 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяа

Хариуцагч Д.Пүрэвсүрэн  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” СӨХ, түүний төлөөлөгч Ц.Батбаатар, Ч.Сарантуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь нийт 380 айл, өрхтэй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч байсан ба бид ярилцаж байхад төлбөр төлөхийг зөвшөөрч, төлбөрөө багасгах боломж байна уу гэж гуйсан. Гэтэл одоо шүүхийн танхимд өмнө нь ярьж байснаасаа эсрэг зүйл ярьж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд оршин суугч бүр сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан. “Тайван мандах өргөө” СӨХ нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ба хариуцагч өнгөрсөн хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 813 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 02 дугаар сард тус 23 дугаар байрны 19 тоотод орж, одоог хүртэл оршин сууж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар барилга ашиглалтад орсноос хойш 3 жилийн хугацаанд барилгыг гүйцэтгэсэн ”Ганбат өргөө” ХХК нь засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тайван мандах өргөө” СӨХ нь манай Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах байранд СӨХ-ны үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тус СӨХ нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа надтай нэг ч удаа уулзаж, хэдэн төгрөгийн төлбөр авдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг, төлбөрт ямар зардлууд багтсан талаар ярьж, танилцуулж байгаагүй. Иймээс энэ хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй. Би тухайн үед өөрийнхөө авч байсан үйлчилгээний мөнгийг төлөх гэхээр заавал бүтнээр нь авна гэж байсан учир төлөөгүй...Би 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлбөр төлөхгүй. Харин үүнээс хойшхи хугацааны төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 712 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гурван өргөө-2” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү болох 22 871 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс 21 638 гаргуулан нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” СӨХ-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Тайван мандах өргөө” СӨХ нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Хос Өргөө-2” хотхонд албан ёсоор байгуулагдаагүй. “Гурван Өргөө-2“ СӨХ нь “Хос Өргөө-2” хотхон 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн байгуулагдаж үйл аижллагаа явуулж байгаа. “Тайван мандах өргөө” СӨХ-ны хүсэлтээр “Гурван Өргөө-2” СӨХ тусгаарлан үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 24 062 төгрөг төлөхөөс 1191 төгрөг төлсөн байхад шүүх хянан хэлэлцэн нэг талыг барьж үйлчилсэнд миний бие гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Гурван Өргөө-2” СӨХ нь хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 813 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.   

 “Гурван Өргөө-2” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22, 23 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус “Хос Өргөө-2” хотхоны 23 дугаар байр уг Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргын 225 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна /хх-76/.

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос Өргөө-2” хотхоны 21, 22, 23 дугаар байрны оршин суугчдын хүсэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Хос Өргөө-1” хотхоны “Тайван мандах өргөө” СӨХ-д хамааран үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс “Хос Өргөө-2” хотхоны оршин суугчид, сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар нутаг дэвсгэрийн байрлалаас хамааран 21, 22, 23 дугаар байруудын шилжүүлэн авч “Гурван Өргөө-2” СӨХолбоог зохих ёсоор байгуулжээ /хх-73, 151/.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Хос Өргөө-2” хотхоны 23 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөгч болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүрэгтэй тул тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан “Гурван Өргөө-2” СӨХолбооны сар бүрийн төлбөрийг оршин суугчид тохиролцсон талаар талууд маргаагүй, энэ тогтоосон хэмжээ буюу 24 200*3 сар= 72 600 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нь “2016 оны 4 дүгээр сараас хойших сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлнө, түүнчлэн өөрийнхөө ашиглаж байсан хэсгийг төлнө” гэх тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар өөрөө нотлох баримт болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа агуулгыг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу боловч үүнийг давж заалдах шатны шүүх тодруулан,   хариуцагчийн “сар бүр 6500 төгрөгийн дундын өмчлөлтэй холбоотой ашиглалтын зардлын тодорхой хэсгийг төлнө” гэх тайлбарыг хэргийн баримттай харьцуулан сар бүрийн 6500 төгрөгийг 36 сарын хэмжээнд төлөх ёстой төлбөрт тооцож, нийт 306 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хариуцагчаас гаргасан “Гурван Өргөө-2” СӨХолбоо 2016 оны 4 дүгээр сараас өмнөх төлбөрийг авах эрхгүй гэсэн өөрийнхөө ашигласан хэмжээтэй дүйцүүлэн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ болон бусад нийтлэг үйлчилгээний зардлыг төлөх боломжтой гэх тайлбарын хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/06048 дугаар шийдвэрийн удирдлага болгосон заалтын “...115.2.1...” гэснийг “...115.2.2...” гэж,    тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...712 000...” гэснийг “...306 600...” гэж, “...101 000...” гэснийг “...506 400...” гэж,      2 дахь заалтын  “...21 638...” гэснийг “...9 848...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА