Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

      Дугаар 181/ШШ2017/00460

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Хангайн 24-104 тоотод оршин суух, Боржигон овогт Үндэсийн Солонго /РД:ХК83011906/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Баянхангай сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 3 дугаар хороонд түр оршин суудаг гэх, Боржигон овогт Нэргүйгийн Хэрлэн /РД:НЫ79010277/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Хэрлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ү.Солонго би 2 хүүхэдтэйгээ орох оронгүй аймар амьдарч байна. Том хүү маань одоо 8 дугаар ангид сурдаг Н.Хэрлэнгийн хүүхэд биш. Би Н.Хэрлэнтэй 2012 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр танилцсан. 2012 оны 7 дугаар сарын 14-ны өдөр 1 гэрч орж амьдарч эхэлсэн. Хамт амьдраад 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Х.Золбаярыгаа төрүүлсэн. Хүү Х.Золбаяр маань одоо 2 нас 9 сартай.

Н.Хэрлэн шоронд олон удаа орж байсан байна. Н.Хэрлэнтэй амьдарснаас хойш тэрээр байнга архи ууж, хүн амьтан цуглуулж, хүүхдүүдийнхээ хажууд байнга шоронгийн амьдралаа яриад, шөнөжингөө хүн зодож тамлаад байдаг. Архиа боль гэхээр архинаас 1 мөсөн гарч чадахгүй гэдэг.

Н.Хэрлэнтэй гэрлэлтээ батлуулж байгаагүй. Н.Хэрлэн 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр салж яваад хүүгээ 1 ой 3 сартай байхад нь буцаж ирсэн. Эргэж ирэхдээ тэмбүү өвчин тусаад надад халдаасан. Би эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэсэн. Дараа нь би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажилд орох гээд шинжилгээ өгөхөд тэмбүү өвчтэй гэсэн хариу гарсан. Хоёулаа эмчилгээ хийлгэе гээд гуйхад би өвчингүй, зав болохгүй байна гээд эмчилгээ хийлгэхгүй байсан.

Н.Хэрлэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орцны жижүүр хийж байгаад архи уугаад хөөгдсөн. Энэ өдөр намайг зодоод цагдаад баригдаад 14 хоногийн баривчилгаанд явсан. Миний хөхөрч няцарсан байдал 3 сар арилаагүй, цагаан сараар айлаар ч явж чадахгүй эвгүй байсан. Мөн над руу тоосго шидээд хөлний махыг тасалж байсан. Цагдаад олон удаа дуудлага өгсөн, Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн н.Идэр гэдэг цагдаа Н.Хэрлэнг бүүр таньдаг болсон. Цагдаад 2016 он гэхэд л 4 дуудлага өгсөн. Сүүлдээ цагдаад дуудлага өгүүлэхгүй гэж намайг нүүр аманд хөх няц учруулахгүйгээр хоолой боож ухаан алдуулж унагадаг болсон.

2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Н.Хэрлэн 3 хүүхэн, 2 залуутай архи уугаад эхнэр болох эмэгтэй нь гар хөл рүү өшиглөж, үснээс зулгааж, энд тэндгүй үс халзан болгосон. Намайг цагдаа дуудаж барьж өгсөн.

Архи уухаараа миний том хүүд их хатуу ханддаг. Миний хүүг гэдэггүй, ингэ тэг гэж хүүхдийг айлгасаар гөлөн царайтай болгосон. Чиний хүүхэд гэж миний хүүхдийг ялгадаг. Өөрийнхөө дагавар охинийг ирэхээр миний хүүхдийг орноосоо босгодог.

Бага хүүг уйлахаар муу ёрын шээс өдөр шөнөгүй уйлдаг гэж шанагаар цохидог. Мөн дуугай бол гэж ээртэл нь цохиж зоддог. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж тусдаа амьдарч байгаа тул хүү Х.Золбаярт эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Нэхэмжлэлд дурдсан зарим зүйл худлаа, хэтрүүлэгтэй бичсэн байна. Х.Золбаяр нь миний хүүхэд мөн.

Бидний хооронд хардалтаас болж байнга хэрүүл болдог. Би хүүхдүүдээ ялгаварлаж ханддаггүй. Би өөрийн боломж бололцоогоороо эхнэр, хүүхдээ харж ханддаг. Бид саяхан болтол 1 гэрт амьдардаг байсан. Бид хоёр 2015 оны 7 дугаар сард муудалцсанаас хойш тусдаа амьдарч байгаа. Гэхдээ түүнээс хойш харилцаатай байгаа. Хамгийн сүүлд 2017 оны 1 дүгээр сард 2 хоног цуг амьдарсан. Ажлаасаа нэг удаа ирэхэд Ү.Солонго гэртээ байхгүй байсан. Түүнээс хойш сураггүй байгаа. Би төрсөн хүүхдээ тэжээн тэтгэхэд татгалзах зүйл юу байхав дээ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Солонго нь хариуцагч Н.Хэрлэнд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн байна.

 

Шүүх тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Ү.Солонгод 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн ба Ү.Солонгын нэхэмжлэлтэй Н.Хэрлэнд холбогдох шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон байхад үүнээс 1 хоногийн дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох үүднээс хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэх хүсэлт ирүүлснийг хүндэтгэх шалтгаан гэж үзэхгүй тул шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нийцнэ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигч Ү.Солонго, Н.Хэрлэн нарын дундаас 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Х.Золбаяр төрсөн нь тэдгээрийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 8296 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тухайгаа тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн тэдний дундаас төрсөн хүү Х.Золбаярыг эхийнх нь асрамжид хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Н.Хэрлэн нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Х.Золбаярыг сар бүр эцэг Н.Хэрлэнгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Х.Золбаярыг эх Ү.Солонгынх нь асрамжид хэвээр үлдээж, хүү Х.Золбаярыг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Хэрлэнгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг Ү.Солонго, Н.Хэрлэн нарт тайлбарласугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 31,003 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА