Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 55

 

МАГАДЛАЛ

 

2016.12.26                                                     Дугаар 55                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00867 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр магадлалаар 20 772 510 төгрөгийг гаргуулж, Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа юм. Б.Батбаярын Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, зүүн ард аюушийн 6-173 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 356 м.кв газар, түүн дээр баригдсан 64 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн сууцыг тус албанаас 41.245.724 төгрөгөөр үнэлэн анхны дуудлага худалдаад надад мэдэгдэлгүйгээр, 2 дах дуудлага худалдаа 50 хувиар 20.622.862 төгрөгөөр үнэлсэн дуудлага худалдаанд оруулан худалдахаар тогтоосонд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх алба миний гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг 20.622.862 төгрөгөөр үнэлж, миний өмч хөрөнгийг миний зөвшөөрөлгүй хямдхан үнэлэн дур мэдэн тогтоосонд гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 6-173 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 356 м.кв газар, түүн дээр баригдсан 64 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн сууцыг 20.622.862 төгрөгөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр магадлалаар Б.Батбаяраас 20.772.510 төгрөгийг гаргуулж Есөндэлбээ Хагадаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-2205026236 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард аюушийн 6 дугаар гудамж, 173 тоот хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2205001386 дугаарт бүртгэлтэй газрын хамт битүүмжилж, хурааж Албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон 41.245.724 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/10909 дүгээр мэдэгдлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Анхны болон хоёр дах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа, журмын дагуу явуулсан байна. Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаа, журмын дагуу гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Батбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 21307 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Гомдол гаргахдаа урьдчилан буюу шийдвэр гүйцэтгэгч буруутай ажиллагааг ахлах гүйцэтгэгчид буруутай ажиллагааг ахлах гүйцэтгэгчид нь гомдол гарган шийдвэр  гүйцэтгэх нь журмын давуу шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...шийдвэр гүйцэтгэх алба нь гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг 20 622 862 төгрөгөөр үнэлж, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр хямдхан үнэлсэн...” гэж үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 394 дүгээр шийдвэрээр Б.Батбаяраас 19 576 000 төгрөг гаргуулан “Есөн дэлбээ” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцааны зүйл болох, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн 6-173 тоотод байршилтай, 64 м.кв талбай бүхий хувийн сууц, 313 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн, хурааж авчээ.

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг өмчлөгч нар 85 000 000 төгрөг гэж санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хариуцагч байгууллагын томилсон шинжээч “Бэсгэ” ХХК нь уг хөрөнгийг 41 245 724 төгрөгөөр үнэлж, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлгээний 70 хувь болох 28 872 006 төгрөгөөр, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь болох 20 622 862 төгрөгөөр тус тус доод үнийг тогтоон оруулахаар болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Хариуцагч нь дээрх шинжээчийн үнэлгээ болон анхны дуудлага худалдаанд барьцааны зүйлийг оруулах үнийн доод хэмжээг нэхэмжлэгчид 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр баталгаат шуудангаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгорт 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус мэдэгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болох ба нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэхгүй, энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

 

                                  ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

 

                                                                              М.НАРАНЦЭЦЭГ