Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2021/0080/З |
Дугаар | 221/МА2021/0639 |
Огноо | 2021-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0639
З.Шагдарсүрэнгийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагч З.Ш, түүний өмгөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор З.Ш-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан иргэн З.Ш-ээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-т холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Т-ын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0177307 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тухайн үед нам, эвслүүд өөрийн нэр дэвшигчийнхээ дансны мэдээллүүдийг бүртгүүлэхээр нэгдсэн журмаар Үндэсний Аудитын газарт хандаж байсан, үүнийх нь дагуу Үндэсний Аудитын газар нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансны дугаарыг бүртгэж авсан нь Үндэсний Аудитын газраас ирүүлсэн баримт, шүүх хуралдааны үеэр Үндэсний Аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг тайлбарт тодорхой байна.
Гэтэл анхан шатны шүүх “сонгуулийн зардлын дансыг нэр дэвшсэн эвслээрээ /Та бидний эвсэл/ дамжуулан биелүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй, нэр дэвшигч өөрөө бүртгүүлэх үүрэгтэй байж” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ижил асуудалд адил зарчим баримтлах, тэгш эрх, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Шүүх Үндэсний Аудитын газрын бичиг хэрэгт үзлэг хийгээгүй бөгөөд Үндэсний Аудитын газраас “нам, эвслийн нэрээр ирсэн нэр дэвшигчдийн зардлын дансны жагсаалтыг агуулсан” гэх баримтуудыг гаргаж өгөөгүй, харин Улсын Их Хурлын 24 дүгээр тойрогт надаас өөр 2 нэр дэвшигч дансны мэдээллээ Үндэсний Аудитын газарт хүргүүлсэн гэх бичгийн хуулбарыг л хүргүүлсэн байдаг.
Нам эвслүүд нэр дэвшигчдийнхээ дансны мэдээллийг нэгдсэн журмаар Үндэсний Аудитын газарт хүргүүлж байсан, түүнийг нь Үндэсний Аудитын газар бүртгэж авсан үйл баримтууд тогтоогдсон, тэгвэл яагаад “Та Бидний эвсэл”-ээс нэр дэвшигчдийнхээ мэдээллийг нэгдсэн журмаар хүргүүлснийг Үндэсний Аудитын газар өөрөө хүлээн зөвшөөрсөн боловч гаргаж өгөхгүй байхад шүүгч өөрийн байр сууринаас ухарч “зөвхөн нэр дэвшигч өөрөө бүртгүүлэх ёстой” гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.
Үндэсний Аудитын газрын архив бичиг хэрэгт, ирсэн явсан бичгийн бүртгэлд үзлэг хийж, Монгол Ардын Хувьсгалт Намын “нэр дэвшигчийн дансны мэдээлэл бүртгүүлэх тухай” албан бичгийг хүлээн авсан эсэхийг шалгах нь зайлшгүй ач холбогдолтой байсан.
Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдийн нэг дээрх нөхцөл байдлыг хариуцагч татварын улсын байцаагч ч шалган тогтоогоогүй, шүүх ч мөрдөн шалгасангүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0177307 дугаар шийтгэлийн хуудсаар З.Ш нь “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Гомдол гаргагч З.Шагдарсүрэнгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... Та бидний эвсэлд өөрийн сонгуулийн зардлын дансны мэдээллээ хүргүүлсэн ... нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансыг бүртгэх, түүний орлого, зарлага, зарцуулалт, зардлын тайланд хөндлөнгийн хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Үндэсний аудитын газраас нэр дэвшигч З.Шагдарсүрэнгийн сонгуулийн зардлын данс, түүний тайланд хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байхад уг дансыг огт бүртгэгдээгүй данс гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Сонгуулийн хуулийг зөрчих”, 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх … талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгох”-оор хуульчлагджээ.
Гомдол гаргагч З.Ш нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн 24 дүгээр тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн, нэр дэвшигчийн зардлын дансыг ХААН банканд нээлгэсэн байх бөгөөд улмаар төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газарт хуульд заасан хугацааны дотор бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2875 дугаар албан бичгийн нэгдүгээр хавсралт, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/3287 дугаар албан бичиг болон Үндэсний аудитын газрын ирсэн бичгийн бүртгэлээр тогтоогдсон байна.
Хэдийгээр гомдол гаргагчаас “... “Та бидний эвсэл”-д өөрийн сонгуулийн зардлын дансны мэдээллээ хүргүүлсэн” хэмээн тайлбарлах боловч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны мэдээллээ “Та бидний эвсэл”-д өгснийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн Үндэсний аудитын газрын ирсэн бичгийн бүртгэлээс үзэхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг нам, эвслээс гадна нэр дэвшигч өөрөө бүртгүүлж байсан үйл баримт тогтоогдох бөгөөд гомдол гаргагчийн “... Үндэсний аудитын газраас мэдээлэл авахад “нэр дэвшигчийн дансны мэдээллийг намаас нэгдсэн журмаар ирүүлэх ёстой” гэсний дагуу эвсэлд өөрийн ... дансны мэдээллээ хүргүүлсэн” гэх гомдлын шаардлагын үндэслэл болон ... “шүүгч ... нэр дэвшигч өөрөө бүртгүүлэх ёстой” гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 7319 дүгээр захирамжаар “гэрч асуух мөн нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байх боловч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас “гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна уу” гэхэд гомдол гаргагчийн өмгөөлөгч “тийм”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай санал, хүсэлт хэргийн оролцогчид байхгүй” гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болох нь хурлын тэмдэглэлээс харагдаж байна.
Энэ тохиолдолд анхан шатны шүүхийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг “Үндэсний аудитын газрын архив, бичиг хэрэгт үзлэг хийх”-ээр хойшлуулсан атлаа үзлэг хийгээгүй гэж буруутгаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй байх бөгөөд Үндэсний аудитын газраас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ирсэн бичгийн бүртгэлийг ирүүлсэн байх тул Үндэсний аудитын газрын архив, бичиг хэрэгт үзлэг хийх зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэхээргүй байна.
Иймд гомдол гаргагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч З.Ш-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН