Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 480

 

    “Тайгын булаг авто” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06728 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Балданд холбогдох          

Зээлийн гэрээний үүрэгт 13 387 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Батаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага иргэн Д.Балдантай 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийг сарын 5,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэн, Д.Балдангийн өмчлөлийн 99-62 УНП улсын дугаартай, Тоёото Камри маркийн автомашиныг барьцаалсан. Уг барьцааны эд хөрөнгийг зээлдэгч унаж явахаар тохиролцсон бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн гэрээг сунгасан боловч зээлдэгч Д.Балдан гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд 13 387 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2 310 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11 077 500 төгрөгийг хариуцагч Д.Балдангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Балдангаас 11 077 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Тайгын булаг авто" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 225 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Балдангаас 192 190 төгрөг, улсын орлогоос 32 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Тайгын булаг авто" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан. 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд "Тайгын булаг авто" ХХК-ийн тамга, тэмдэг дарагдаагүй мөн төлөөлөн хэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй. Иймд гэрээнд гарын үсэг зурсан этгээд өөрийн нэрийн өмнөөс эрхээ зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна.

2. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 тоот тушаалын хавсралтаар Нотариатын үйлдэл хийх зааврыг баталсан бөгөөд зааврын 2.5-д "балласан, засварласан, харандаагаар бичсэн болон үг үсэг дарсан баримт бичгийг нотариат ч гэрчлэхийг хориглоно" гэж хуульчилсан. Гэтэл зээлийн гэрээнд гараар засвар оруулан 2013 гэснийг 2014 он болгож өөрчилсөн, тус засварласан гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч хууль зөрчин баталсан. Хариуцагч Д.Балдан тус гэрээнд оруулсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаар өөрчлөлтөнд тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зураагүй байхад дур мэдэн нэг талын санаачлагаар нотариатч үйлдлийг баталсанд гомдолтой байна. Гэрээ байгуулсан огноо нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан заалтад нийцсэн эсэх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг 30 минутанд болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх оройн цагаар шүүх хуралдааныг явуулсан. Мөн хариуцагч Д.Балданд 2016 оны хэдний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь тодорхойгүй. Улмаар шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК нь хариуцагч Д.Балданд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 387 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Тайгын булаг авто” ХХК, Д.Балдан нар 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, сарын 5,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч Д.Балдан нь зээлийн барьцаанд 99-62 УНП улсын дугаартай, Тоёото Камри маркийн автомашиныг барьцаалсан үйл баримтын талаар талууд маргаагүй /хх-4-5/.  

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан зээлийн хүүг тохирсон бол бичгээр байгуулах шаардлагыг хангажээ. Дээрхи гэрээний дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг Д.Балданд шилжүүлэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг, зээлийн хүүгийн хамт шаардах эрхтэй, мөн гэрээгээр талууд алданги тооцохоор тохиролцсон ба алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хариуцагчийн үндсэн үүргийн 7 000 000 төгрөг, зээлийн үүргийн 385 000 төгрөг, алдангийн үүргийн 3 692 500 төгрөг нийт 11 077 500 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Зээлийн гэрээний огноог зөрүүтэй буюу 2013 он гэснийг 2014 гэж гараар засварласан нь зээлийн гэрээний үүрэг шардах хөөн хэлэлцэх хугацаа тоолоход ач холбогдолтой гэж хариуцагчийн өмгөөлөгч маргасан боловч зээлийн гэрээ 2014 онд биш 2013 онд байгуулагдсан гэдэг тайлбараа нотлоогүй бөгөөд зээлийн гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдэл хийсэн огноотой харьцуулан үзэхэд уг гэрээг 2014 онд байгуулагдсан гэж дүгнэхээр байна. 

Хариуцагч Д.Балданд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй гэх хариуцагч талын гомдол нь баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, гэрээг нотариатаар баталгаажуулсан, нотариатчийг үйлдэл хийх заавар зөрчсөн гэх боловч энэ нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатын шүүх оройн цагаар буюу 19.30 цагт шүүх хуралдаан явуулсан гэх гомдол нь хэргийг баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/31675 дугаар “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14.30 цагт хийхээр тогтоосон, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан 14.30 цагт эхэлсэн баримт хэрэгт авагдсан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчааc давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЗОЛЗАЯА

                                                                    ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                                               Д.БАЙГАЛМАА