Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/00119

 

   2017 оны 01 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00119

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 42а байрны 51 тоотод оршин суух, Боржигон овогт Нямын Батсүх /РД-ЧК51022063/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэр ачлал ХХК-ийн байр, хашаа тоотод оршин суух, Боржигон овогт Дамбын Наранхүү /РД-ХЖ59032777/-д холбогдуулан гаргасан,

Үүргийн гүйцэтгэлд 28,735,200 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун, түүний өмгөөлөгч М.Хувцагаан /шүүхэд төлөөлөх эрх-0480/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Батсүх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ээжийг Н.Батсүх гэдэг. Ээж маань Д.Наранхүүтэй 1993 оноос 2009 он хүртэл хамтран амьдарч байхдаа “Мобел” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тэд салахаар болж Баянгол дүүргийн шүүхээр дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлсэн бөгөөд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1568 дугаар шийдвэрээр Д.Наранхүүгээс 169,135,800 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 1,003,089 төгрөг, нийт 170,138,889 төгрөг гаргуулан Н.Батсүхэд олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Д.Наранхүү сайн дураар биелүүлэхгүй байсны улмаас шүүхээр албадан биелүүлэх захирамж гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн. Тухайн үед манай ээж харвалт өгсний улмаас мөнгө хэрэгтэй болсон байсан ба хариуцагч Д.Наранхүү ч мөн төлбөрийн чадваргүй гэж байсан тул талууд харилцан тохиролцоод Д.Наранхүү нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120,000,000 төгрөг ээжид бэлнээр өгсөн ба үлдэх төлбөрийн хувьд ярилцаад 28 сая төгрөг дээр нь зээлийн гэрээ байгуулан 2015 оны 12 дугаар сарын 20-нд өгөхөөр тохиролцсон боловч төлөөгүй.

Зээлийн гэрээ гэдэг нэртэй гэрээ байгуулсан боловч агуулга нь тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Мөн талууд гэрээндээ алданги төлөхөөр тохирсон учир 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 269 хоногоор 0,01 хувиар тооцоход 753,200 төгрөг болж байна.

 Иймд Д.Наранхүүгээс 28 сая төгрөг, алданги 753,200 төгрөг, нийт 28,753,200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Наранхүү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 1568 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Наранхүүгээс Д.Батсүхэд 169,135,800 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжийг оруулсан 170 сая гэж хэлээд байх шиг байна. Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид 120 сая төгрөг бэлнээр, өмнө нь 20 сая төгрөг өгсөн байсан, ингээд нийт шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар дамжуулан 140,000,000 төгрөг төлсөн.

Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд бусдаас зээл авч, уг өр төлбөрт өгснөөс шалтгаалан их хэмжээний өр төлбөртэй болсон, шийдвэрийн үлдэх хэсгийг төлөх боломж байгаагүй, хугацаа шаардлагатай байсан тул үлдэгдэл 28 сая төгрөгийг зээлдэж авсан мэтээр Д.Батсүхтэй 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан. Гэрээний дагуу 28 сая төгрөгийг өгч, авсан зүйл байхгүй бөгөөд үүнийг талуудын хэн аль нь зөвшөөрч байгаа тул Н.Батсүх нь мөнгийг шаардах эрхгүй, хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэггүй байна.

Мөн уг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талууд шүүхийн шийдвэрийн дагуу төлөөгүй байсан 28 сая төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар төлбөр төлөгдөж дууссан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсан байсан.

Нэхэмжлэгч тал тооцоо нийлсэн гэрээ байгуулсан гэж байна. Гэтэл гэрээнд зээлийн гэрээ гэж тодорхой бичсэн ба тусдаа тооцоо нийлсэн гэрээ байгуулаагүй гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч Н.Батсүх нь Д.Наранхүүгээс үүргийн гүйцэтгэлд 28,753,200 шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... зээлийн гэрээний дагуу шаардах эрхгүй, ... уг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ...” гэж тайлбарладаг. /хх-46-47 дугаар хуудас/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангав. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас харахад Баянгол дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Д.Наранхүүгээс 169,135,800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн ногдох хэсэг болох 1,003,089 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч Н.Батсүхэд олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх ажиллагаа явагдах хугацаанд талууд харилцан тохиролцоод хариуцагч Д.Наранхүү нэхэмжлэгчид 120 сая төгрөг бэлнээр хүлээлгэн өгч, урамшууллын гэрээний үнийн дүнг 100,000,000 төгрөг болгон өөрчлөн, улмаар “төлбөрийг бүрэн барагдуулсан” гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна. /хх-6, 8-9, 85-86 дугаар тал/

Мөн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдлээ тохиролцон, Д.Наранхүү нь Н.Батсүхэд 28 сая төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгөхөөр, заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги тооцож төлөхөөр “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулжээ. /хх-5 дугаар тал/

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа тэдгээрийн хооронд үүсээгүй, 28 сая төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй гэх үйл баримтын хувьд маргаагүй, хариуцагчийн хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрөөс 28 сая төгрөгийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. /хх-47 дугаар хуудас/

Дээрхээс дүгнэхэд шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2011 оны шүүхийн шийдвэрийн биелэгдээгүй хэсэг болох 28 сая төгрөгийг ямар хугацаанд төлөх талаар тохиролцож, өөрсдийн хүсэл, зоригоо илэрхийлэн “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ байгуулж, Д.Наранхүү нь үлдэгдэл төлбөрөө 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр, уг хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч Д.Наранхүү нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасан буюу “үүргийг тогтоосон хугацаанд, шударгаар гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагчаас үүргээ биелүүлэх, хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролд гэрээгээр тохирсон алданги шаардах эрх үүсчээ.

Түүнчлэн зохигчдын, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийг хэрхэн төлөх талаар тохиролцон, үүрэг хүлээж баталгаажуулсан дээрх гэрээг өмнө нь шийдвэрлэсэн үйл баримт гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгч тал, хариуцагчаас алданги шаардахдаа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 269 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,01 хувиар тооцон 753,200 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Наранхүүгээс 28,753,200 /хорин найман сая долоон зуун тавин гурван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан Н.Батсүхэд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Наранхүүгээс 28,753,200 /хорин найман сая долоон зуун тавин гурван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Батсүхэд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранхүүгээс 301,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Батсүхэд буцаан олгосугай.

               3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д зааснаар хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

               

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД