Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 621

 

 

Н.Батсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00119 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Батсүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Наранхүүд холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 735 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Наранхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан,

Хариуцагч Д.Наранхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгx шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Батсүх нь Д.Наранхүүтэй 1993 оноос 2009 он хүртэл хамтран амьдарч байхдаа “Мобел” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Тэд гэр бүлээ цуцлуулахдаа Баянгол дүүргийн шүүхээр дундын эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1568 дугаар шийдвэрээр Д.Наранхүүгээс 169 135 800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 003 089 төгрөг, нийт 170 138 889 төгрөг гаргуулан Н.Батсүхэд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Д.Наранхүү сайн дураар биелүүлэхгүй байсны улмаас шүүхээр албадан биелүүлэх захирамж гарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн. Тухайн үед талууд харилцан тохиролцож Д.Наранхүү нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120 000 000 төгрөгийг бэлнээр Н.Батсүхэд өгсөн ба үлдэх төлбөрийн хувьд ярилцаад 28 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулан 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Мөн талууд гэрээндээ алданги төлөхөөр тохирсон учир 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 269 хоногоор 0,01 хувиар тооцоход 753 200 төгрөг болж байна. Иймд Д.Наранхүүгээс 28 000 000 төгрөг, алданги 753 200 төгрөг, нийт 28 753 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 1568 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Наранхүүгээс 169 135 800 төгрөгийг гаргуулж Н.Батсүхэд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид 120 000 000 төгрөг бэлнээр, өмнө нь 20 000 000 төгрөг өгсөн бөгөөд нийт шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар дамжуулан 140 000 000 төгрөг төлсөн. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд бусдаас зээл авч, уг өр төлбөрт өгснөөс шалтгаалан их хэмжээний өр төлбөртэй болсон, шийдвэрийн үлдэх хэсгийг төлөх боломж байгаагүй. Д.Наранхүүд хугацаа шаардлагатай байсан тул үлдэгдэл 28 000 000 төгрөгийг зээлдэж авсан мэтээр Д.Батсүхтэй 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан. Гэрээний дагуу 28 000 000 төгрөгийг өгч, авсан зүйл байхгүй бөгөөд үүнийг талуудын хэн аль нь зөвшөөрч байгаа тул Н.Батсүх нь мөнгийг шаардах эрхгүй, хариуцагч уг төлбөрийг төлөх үүрэггүй байна. Мөн уг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Наранхүүгээс 28 753 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Батсүхэд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранхүүгээс 301 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батсүхэд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Наранхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэртээ "...Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хамааралтай шаардлага байтал анхан шатны шүүх уг шаардлагад огт хамааралгүй зүйл буюу Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шийдвэрт гомдол гаргах үндэслэл болсон. Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй юм.

...Хариуцагч Д.Наранхүү би нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан тухайд огт маргаагүй бөгөөд харин хуульд зааснаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 зааснаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 28 000 000 төгрөгийг бодитой зээлж аваагүй, уг мөнгө нь миний өмчлөлд бодитой шилжиж ороогүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээг үндэслэн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргасан байтал шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг буюу маргааны зүйлээс гадуур хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шаардлага гаргаагүй зүйлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх шийдвэртээ "...Талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ. ...Алданги 753 200 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 заалтыг зөрчөөгүй байна..." гэжээ. Гэтэл талуудын хооронд үүргийн харилцаа бодитой үүсээгүй байхад шүүх алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Батсүх нь хариуцагч Д.Наранхүүд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 753 200 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1658 дугаар шийдвэрээр Д.Наранхүүгээс 169 135 800 төгрөгийг гаргуулж Н.Батсүхэд олгож шийдвэрлэсэн уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Д.Наранхүү нь 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120 000 000 төгрөгийг Н.Батхүүд хүлээлгэж өгч, төлөгдөөгүй үлдсэн төлбөр 28 000 000 төгрөгийн хэмжээгээр талууд харилцан тохиролцож 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.                                                                                                                /хэргийн 5-9 дүгээр тал/

 

Дээрх гэрээний дагуу Д.Наранхүү нь 28 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Н.Батсүхэд төлж дуусгах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож алданги төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзвэл талууд шүүхийн шийдвэрээс төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгийн хэмжээ болох 28 000 000 төгрөгийг төлөх хугацаа болон алдангийн талаар тохиролцож хэлцэл байгуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 28 000 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Шүүх алдангийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 269 хоногоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцон 753 200 төгрөгийг  гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч хууль буруу хэрэглэжээ.

 

Нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд нөгөө талдаа мөнгөн төлбөр төлүүлэхээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох алдангийн талаар талууд тохирсон байхад анхан шатны шүүх гэрээний үүрэг биелүүлэхгүйгээр учирсан хохирол шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан нь буруу юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00119 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “219 дүгээр зүйлийн 219.1” гэснийг хасч, “186 дугаар зүйлийн 186.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Наранхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ