| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2017/0492/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 8
Б.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ж.О /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б /онлайн/,
шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч З.Ш,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 8-ны өдрийн 688 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тус тус Б.Б-од холбогдох эрүүгийн 201725010940 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Б.Б, 1981 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:..../,
Б.Б нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч П.Б толгойн тус газарт сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн хохирогч Ш.З толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-од холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Б-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-од холбогдох үйлдлийг мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч З.Ш давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Ш.З-ийн толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг зөв гэж үзэж байна. Харин П.Б толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс буруу шийдвэрлэсэн гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс Б.Б-ын сүхээр цохиж П.Б-ын биед хүнд гэмт учруулсан үйлдлийг “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг, тусгай бэлтгэгдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн шинжтэй тохирч байх бөгөөд оногдуулах ялын хэмжээ хүндрэхээр байх тул Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн болно.
Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнд “зэвсэг, тусгайлан бэлтгэгдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” гэмт хэрэг хүндрэхээр заалт огт байгаагүй, энэ тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй гэж үзэж 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэдэг байсан, харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш “зэвсэг, тусгайлан бэлтгэгдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шинээр хүндрүүлж зүйлчлэхээр хуулинд тусгагдсан байна. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасны дагуу өмнөх хуулинд огт байгаагүй хүндрүүлэх заалтыг шинээр хуулинд хүндрүүлж зүйлчлэхээр хуульчилсан тохиолдолд уг хүндрүүлсэн заалтыг хэрэглэж болохгүй гэсэн зарчимтай байна. Дээрх зарчмын дагуу Б.Б-ын сүхээр цохиж П.Б-ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд 2015 оны хүндрүүлсэн заалт огт хамаарахгүй түүний үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар аль тохирохыг сонгон зүйлчлэх ёстой юм. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт уг гэмт хэрэгт 5-7 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр заасан, харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон тохиолдолд “ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” тул 2 жилээс бага ял оногдуулах бүрэн боломжтой юм. Б.Б-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүхээс надад олгосон 3 жил 7 сарын хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон өөрчилсөн нь хүнддэж байна. Миний бие нь хувиараа хөдөлмөр барилгын ажил хийж гэр бүлээ тэтгэдэг болно. Миний бие урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бусдад учруулсан гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болоогүй болно. Хохирогч Загдсүрэнгийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарах шалтгаан үүссэн. Хохирогч Загдсүрэнд учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан. Миний бие хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа тул ялыг минь хойшлуулж суллаж өгнө үү...” гэв.
Прокурор Ж.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуулийг буцаан хэрэглэх талаар заасан. Харин өмгөөлөгч хуулийн хэсэг заалтыг тухайн хүнд тохируулан буцаан хэрэглэх тухай асуудал гаргасан. Хуульд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хүндрүүлнэ гэсэн. Шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн нь хүндрээгүй учраас энэ 2 нь хамаарахгүй, нэг нь хамаарна гэсэн тусгайлан тайлбар, заалт гаргаж хуулийн заалт хэсгийг хэсэгчлэн хэрэглэх асуудал хөндөгдөж байна. Тийм учраас прокурорын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зүйл хэсгийн ялын хэмжээ 2-8 жилийн хорих ялтай болсон. Ийм учраас энэ хуулийг хөнгөрүүлэн шүүгдэгчид буцаан хэрэглэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Түүнд оногдуулсан ялын хэмжээ тохирсон. Тархины бүрхүүлийн цус харвалт, баруун зулай ясны хугарал, тархины хүнд гэмтэл, мөн нөгөө хүнд нь гавлын ясанд шарх үүссэн. Ийм гэмтэлтэй хүнд шүүхийн оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримталж хэргийг шийдвэрлэх боломжгүй. Шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилнэ гэвэл 2-8 жилийн хорих ялтай зүйл хэсэгт 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь хангалттай байна. Ийм учраас өмгөөлөгчийн гаргаж байгаа хүсэлт харьцангуй ойлголт юм. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Тухайн хуулиас шүүгдэгчид ашигтай хэсэг заалтыг хэсэгчлэн буцаан хэрэглэх тухай ойлголт байхгүй учраас хуулийг буцаан хэрэглэх тухай өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч П.Б-ын толгойн тус газарт сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн хохирогч Ш.З-ийн толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ш.З-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 237 000-238 000 төгрөгтэй түрүүвч тэр чигээрээ байхгүй байхаар нь хувцсандаа үзээд байж байсан чинь Б гаднаас орж ирсэн. Би мөнгөө олохгүй байна гэж хэлээд хайж байгаад цүнхний хажуу талын хармаанд түрүүвч байхаар нь Болдбаатар дээр очиж мөнгөө олчихлоо гэж хэлчихээд буцаад мөнгөө доор ил орхисноо санаад манаачийн байран дээр ирсэн чинь үүдэнд нэг залуу зогсож байсан. Нөгөө залууг манаачийн байр руу дагуулж ороод түрүүвчээ үзсэн чинь мөнгө нь байхгүй түрүүвч нь хоосон байсан. Ингээд Б араас орж ирээд нөгөө залууг барьж аваад чи мөнгө гаргаж өг гэсэн чинь би тийм мөнгө аваагүй гээд шууд гарах гээд байхаар нь цуг дагаад явсан. Тэр залуу нэг хашаа руу дагуулж ороод буцаж гарч ирэхдээ нэг залуутай хамт гарч ирсэн. Б тэр хашаанд ороод жоохон согтуу байсан болохоор энэ хөгшин хүнийг мөнгийг өг гээд тэр залуутай маргалдаад нэгэнтэй нь барьцалдаад авсан. Тэгээд нэг нь сүх барьчихсан байхаар нь би гүйж очоод салгах гэсэн бөгөөд Б толгой руу цохисон байх шиг байсан. Голоор нь ороод салгах гэхэд тэр сүх нь цээж рүү цохих шиг болсон ба надтай нэг нь барьцалдаад зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28/
хохирогч П.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...З нөгөө залууг бариад харанхуй хашаа руу ороод шууд байшингийн хаалгыг нь татсан чинь урдаас эмэгтэй, эрэгтэй хүн гарч ирсэн. Би шууд та нар настай хүний мөнгийг өгчихөөч яах гэж авсан юм гэж хэлсэн чинь цаанаас гарч ирсэн нэг залуу та нар нэг залуу та нар өөрсдөө авсан юм байгаа биз гэж хэлээд шууд намайг гараараа нүүр рүү цохиод авсан. Ингээд тэр залуутай барьцалдаж байхад араас нэг ирээд толгой руу цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34/,
шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр манай төрсөн эгч Н-ийн хүү А гэрт ирэхдээ 1 литрийн Нийслэл пиво 1 ширхэгийг барьж ирээд бид хувааж уусан. Эхнэрийг ирсний дараа 19 цагийн үед гэрт усгүй болчихоор нь ус авах гээд худаг руу А-тай хамт явж байсан чинь А та түрүүлээд орж бай гээд үлдсэн. Ингээд удалгүй араас А нэг шил 0.33 литрийн Улаанбаатар архи авч ирэхээр нь бид хувааж уусан. Архи уугаад дуусаж байхад А дэлгүүрээс ундаа аваад ирье гээд гарсан. Би гэрийн хаалганы хажууд байсан сүхийг авч гараад үүдний амбаарт байсан том нүүрсүүдийг сүхээр цохиод хагалж байсан чинь А гаднаас хоёр эрэгтэй хүнд хөөгдөөд орж ирэхээр нь би сүхээ барьчихсан “боль та нар, юу болоод байгаа юм” гэсэн чинь залуувтар хүн нь над дээр ирээд хажуунаас цохихоор нь айлгах санаатай далайсан чинь толгой руу нь сүхний иш хэсгээр хүчтэй цохичихсон. Ингээд маргалдаад зарим нэгнийх нь толгойноос цус гараад хашаанаас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68/,
насанд хүрээгүй гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би гэртээ аав Б, ах А нарын хамт байж байсан чинь ээж орой жаахан архи уучихсан ирсэн. Ингээд би унтаад сэрсэн чинь аав намайг миний охин даарч байна уу гээд хаалганы хажууд, буланд байсан сүхийг аваад гадаа гараад нүүрс хагалсан. Би хажууд нь зогсож байсан чинь аав миний охин ор ор даарчихна гэж хэлээд оруулсан. Гэр дотор байж байсан чинь хүмүүс гадаа хашгиралдаад байхаар нь айгаад хөнжилдөө ороод хэвтсэн чинь унтчихсан байсан...” /хх-ийн 36/ гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №3298 дүгнэлтэд “...Загдсүрэнгийн биед баруун зулай ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйханд шарх, цээжинд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... хүнд зэрэгт хамаарна.” гэжээ /хх-ийн 42/ гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №3428 дүгнэлтэд “...П.Б-н биед дагзны хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 45/ гэх,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №549 дүгнэлтэд “Б.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийгөө удирдан хянах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 51-53/ гэх,
Өвчний түүх /хх 78-91/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх Б.Б-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэн уг зүйл ангиар хэргийг шийдвэрлэсэн нь буруу, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх заалт нь 5-7 жил хүртэл хугацаагаар хорих ялтай бөгөөд уг хууль хүчин төгөлдөр байх үед “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг” хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчлэх хуулийн заалт байхгүй байна.
Иймээс прокурор хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх заалтаар зүйлчилсэн нь хууль зөрчөөгүй ажээ.
Гэхдээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ нь 2-8 жилийн хорих ялтай болж хорих ялын доод хэмжээ буурсан тул шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Б.Б-од холбогдох хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бий болжээ.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчийн Б.Б-ын өмгөөлөгч З.Ш-ы “ зүйлчлэл зөвтгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүгдэгч Б.Б-ын “ял шийтгэлийг тэнсэж” өгөхийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 688 дугаар шийтгэх тогтоолын
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Б овогт Б.Б-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг “...Б овогт Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Монгол Улсын 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 3 /гурав/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “Монгол Улсын 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ” гэж,
5 дахь заалтад “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
О.ЧУЛУУНЦЭЦЭГ