Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01068

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02937 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 652 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ажилгүйдлийн тэтгэмж, ажил хавсран гүйцэтгэсэн болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Отгонбаатар, хариуцагчийн өмгөөлөгч С.Батбаяр, Г.Цагаанбаяр, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие “Б” ХХК-д маркетингийн менежер, хүний нөөцийн менежерийн албан тушаалд 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Намайг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө ажилдаа ирэхэд ерөнхий захирал н.Отгонбаатар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалаар маркетинг, хүний нөөцийн менежерийн албан тушаалаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Компанийн хэмжээнд болон надаас ямар нэг байдлаар аттестатчиллын шалгалт авч байгаагүй, ямар нэгэн аттестатчилал болон мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулагдаж байгаагүй болно. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээ цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдээгүй. Миний бие 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр маркетингийн менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс маркетинг менежер, хүний нөөцийн менежерийн ажил үүргийг хавсран гүйцэтгэх болсон. Ажиллаж байх хугацаанд ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлсийг олгож байгаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажил хавсран гүйцэтгэсэн цалин хөлс, олговрыг нэхэмжилж байна. Ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн цалин хөлсийг надтай тохиролцоогүй тул үндсэн цалинг 100 хувиар буюу 1 200 000 төгрөгөөр тооцон 10 сарын нэмэгдэл хөлс, олговор болох 12 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. 

Манай компани жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажлын 6 өдөртэй, ажлын өдрүүдэд 08.00 цагаас 19.00 цаг хүртэл, бямба гаригт 09.00 цагаас 19.00 цаг хүртэл ажилладаг. Миний бие 2015 оны 10, 11 дүгээр сар, 2016 оны 4, 5, 6, 7, 8, 9 саруудад нийт 580 цаг илүү цагаар ажилласан бөгөөд ажил олгогчоос илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгож байгаагүй болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү цагаар ажилласны нэмэгдлийг нэхэмжилж байна. Үүнд үндсэн цалин 1 200 000 төгрөг нэг цагт ногдох дундаж цалин 10 465 төгрөг байна. Хөдөлмөрийн тухай хуулиар илүү цагаар ажилласан хөлс 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нь тооцвол 110,465 төгрөг * 1,5 дахин) 15 697 төгрөг болж байна. Үүнийг 580 цагаар ажилласан цагаа тооцвол нийт 9 104 550 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт тооцуулан авч байгаагүй болно.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд заасны дагуу 1 сард ногдох ээлжийн амралтын хоног 1,25 бөгөөд үүнийг ажилласан хугацаанд ногдуулвал 13,75 өдрөөр тооцогдож байна. Ингээд 2005 оны дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэг хоногийн дундаж цалин хөлсийг тооцвол 84 906 төгрөг болж байгаа бөгөөд 13,75 хоногт тооцвол нийт 1 167 453 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани ажилтнуудын нийгмийн даатгалын хуульд заасан журмын дагуу тооцон бичилт хийгээгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтны нийгмийн даатгалыг цалин хөлснөөс тооцон суутгах ёстой бөгөөд миний бие үндсэн цалин 1 200 000 төгрөг, нэмэгдэл цалин 300 000 төгрөг, урамшуулалт цалин 300 000 төгрөг олгох ёстой цалин 1 800 000 төгрөгийн цалин хөлс авч байсан болно. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 сар туршилтын хугацааны гэрээ байгуулсан бөгөөд ажил олгогчоос туршилтын хугацаанд нийгмийн даатгалын бичилт хийгддэггүй гэсэн тайлбараар дээрх хугацааны нийгмийн даатгалын бичилтийг хийгээгүй болно. Нөгөө талаар 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын бичилтийг 1 сая төгрөгөөс тооцож бичилт хийж байсан.

Иймд дээрх хугацааны нийгмийн даатгалын суутгалыг 1 800 000 төгрөгөөр тооцон нөхөн бичилт хийж өгнө үү. Ажил олгогч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн боловч тушаалтай танилцах хүсэлт гаргахад удаа дараа ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүй, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулалтыг хийгээгүй, ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас тэтгэмж аваагүй тул ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжилж байна. Миний бие 76 хоногоор, 45 хувиар ажилгүйдлийн тэтгэмж бодогдож олгох ёстой байсан. Дээрх тэтгэмжийн хэмжээ нь 2 827 370 төгрөг болж байгаа тул ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжилж байна. Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэн ажилласан бөгөөд түүнд ногдох цалинг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан харилцан тохиролцоогүй цалингаар бодон цалинг олгосон. 2016 оны 09 дүгээр сар нь ажлын 2 хоногтой ба нэг хоногийн цалин хөлс нь 81 818 төгрөг болж байгаа ба миний бие 22-ны өдөр хүртэл ажилласан нь 16 хоног ажилласан болно. Иймд 81 818 төгрөг * 16 хоног = 1 309 091 төгрөг болно. Миний цалин гэж 488 540 төгрөг энэ цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг 1 000 000 төгрөгөөр тооцон суутган авсныг олгосон.

Иймд өөрийн зөрүү цалин болох 820 551 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 26 371 800 төгрөг нийт 52 291 724 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Б.Г- нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажиллах хугацаанд 1 000 000 төгрөгийн үндсэн цалин, ажлын тайлан, төлөвлөгөө, биелэлтээс хамааран 800 000 төгрөгийн цалинг нэмж авч байсан ба нийгмийн даатгалын шимтгэлийг 1 000 000 төгрөгөөс төлж байсан. Б.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.9-д ажилтан ажлаа жил, сараар төлөвлөн ажиллах бөгөөд төлөвлөгөө тайланг тогтоосон цаг хугацаанд зөв чанартай гаргаж, түүний гүйцэтгэх үр дүнг ерөнхий нягтлан бодогч, ерөнхий захирлын өмнө тайлагнах үүргийг ажилтанд хүлээлгэсэн байдаг. Б.Г- нь ажиллах хугацаандаа энэхүү үүргээ нэг ч удаа биелүүлээгүйн улмаас түүний ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх боломжгүй болсон. Мөн Б.Г- нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн дээрх төлөвлөгөө, тайлан гаргаж өгөх үүргээ ажлаас чөлөөлөгдөх хүртлээ биелүүлж байгаагүй. Тус хэргийг шийдвэрлэх явцад төлөвлөгөө, тайланг өгч байгаагүй үеийн цалинг илүү олгосон болохыг нягтлан бодогчийн цалингийн хүснэгтээр нотлогдоно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Г- нь ажлын төлөвлөгөө тайланг өгч байгаагүй үеийн цалинг илүү олгосон болохыг нягтлан бодогчийн цалингийн хүснэгтээр тогтоогдож байгаа тул 10 сарын урамшуулал цалинд илүү олгосон 8 000 000 төгрөгийг гаргуулна. Мөн Б.Г- нь хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллах явцдаа дур мэдэн өөртөө “Б” ХХК-ийн маркетинг, хүний нөөцийн газрын захирал гэсэн нэрийн хуудсыг хийлгэж, гадуур бусдад тарааж байсан компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байдал үүсгэж байсан. Түүнчлэн Б.Г- нь өөрийн эрхэлж буй албан тушаалаа ашиглан өөрийн найз гэх Б.Эрдэнэчимэг гэгчтэй 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр оффисын байр түрээслэх 16/К/04 тоот гэрээг байгуулсан байдаг. 16/К/04 тоот түрээсийн гэрээний 4.3 дахь заалт болон 6.3 дахь заалтуудад түрээслэгч барьцаа мөнгө авахаар харилцан тохирсон байдаг. Гэтэл Б.Г- түрээслэгч иргэн Б.Эрдэнэчимэгээс нэг сарын барьцааны төлбөрийг бэлэн гаргуулан авч компанид тушаагаагүй болох нь 2016 оны 09 сард тогтоогдсон. “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Отгонбаатарт Б.Эрдэнэчимэг түрээсийн гэрээний барьцаа мөнгөө бүрэн төлсөн гэж төөрөгдүүлэн гэрээ батлуулсан байдаг. Мөн 16/К/06 тоот түрээсийн гэрээ Н.Энхцэцэгтэй 420 000 төгрөгийг гэрээ байгуулж 300 000 төгрөг авч, компанид 480 000 төгрөгийн хохирол учруулсан. “Б” ХХК нь Б.Г-ын дээрх итгэл эвдсэн үйлдлүүдийг болон худал мэдээллээр төөрөгдүүлэн байгуулсан гэрээний улмаас компанид 7 059 950 төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Уг хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч уг шаардлагаасаа татгалзаж байна. Иймд илүү олгогдсон цалин 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

Б.Г-ын нэг сарын үндсэн цалин нь 1 200 000 төгрөг, урамшуулалт цалин нь 300 000 төгрөг, зардлын нэмэгдэл цалин нь 300 000 төгрөг нийт 1 800 000 төгрөгийн цалин урамшуулалтай ажиллаж байсан. Үнэлгээ муу байсан юм бол яагаад 300 000 төгрөгийн нэмэгдэл олгоод байгаа юм. Б.Г- өөртөө цалин олгоогүй. Захирал нь шийдсэн байгаа. Хууль зүйн үндэслэл байхгүй. Б.Г- өөрийн ногдсон ажил үүргээ гүйцэтгэсний дагуу авсан цалин байгаа. Өөрсдөө 1 800 000 төгрөгийн цалинтай хүний нийгмийн даатгалын шимтгэлийг 1 000 000 төгрөгөөр тооцож төлсөн атлаа одоо болохоор гэрээнд заасны дагуу ажлаа гүйцэтгээгүй гэж урамшуулалт цалинг нь 10 сараар тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Ажил олгогч компани нь өөрөө хууль бусаар ажилтны шимтгэлийг 1 000 000 төгрөгөөс нийгмийн даатгал төлж байсан. Үүнээс харахад Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчдөг гэдэг нь харагдаж байгаа. Гэрээгээр ажиллаж байгаа ажилтан өөрөө өөрийнхөө цалинг тодорхойлоно гэсэн ойлголт байхгүй. Ажилтныхаа гуйснаар ажил олгогч компани нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхойлж төлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй байгаа. Өөрсдөө цалинг нь тодорхойлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн 1 800 000 төгрөгийн цалин олгосон атлаа буцааж нэхэмжилнэ гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй гээд байгаа юм бол гэрээг нь дүгнэсэн хурлын тэмдэглэл нь хаана байна. Зөрчлийн акт үйлдээд гарын үсэг зуруулахгүй яасан юм бэ. Хурлын тэмдэглэл үйлдэхгүй яасан бэ. Хариуцагчийн дан ганц тайлбар нотлох баримт болохгүй. Тушаалд ямар зөрчил гаргасанг бичээгүй. Гаргасан үйлдэл болгоныг тушаалдаа бичих ёстой. Зөрчил илрүүлснээс хойш 1 сар гэдэг чинь 6 сардаа ордог. Ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй байгаа. Ийм учраас илүү олгогдсон 10 сарын урамшуулал цалин болох 8 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот ажлаас өөрчлөх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар гаргасан болохыг тогтоолгоно гэсэн байна. Тийм л байсан юм бол тухайн үедээ тушаалаа гаргахдаа 40.1.4 гэсэн заалтаа барихгүй яасан юм. Улсын Дээд шүүхийн 33-р тогтоолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлахад давхар зөрчил, ноцтой зөрчил гэдгийг тодорхойлсон байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 3.9 баримтлаагүй, 3.5.1-г баримталсан. Энэхүү тушаал нь тэр чигтээ агуулгын хувьд ч, хууль зүйн хууль хэрэглээний хувьд ч тэр, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан үндэслэл нь ч тэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар чөлөөлсөн байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахад албан тушаал бууруулах гэсэн ойлголт байхгүй учир ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа. Нэгэнт ажлаас халагдсан үйл баримтыг одоо энд тогтоохгүй. Энэхүү шүүх хурал нь ажлаас халах үйл явц, тушаалыг өөрчлөх шүүх хурал биш юм. Энэ 110 тоот тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна уу үгүй байна уу, энэхүү 110 тоот тушаал нь нэхэмжлэгч Б.Г-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна уу үгүй юу гэдгийг шийдвэрлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх шүүх хурал байгаа. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар нь энэхүү тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй. Хариуцагч тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болгоё гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохгүй. Зохигчид шүүх хуралдаанд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Тэгэхээр тушаал бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-оор гарсан байгаа. Хариуцагчийн амаар болон бичгээр өгч байгаа энэхүү тайлбар нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалтай бодит үнэнтэй нийцэхгүй байгаа тул 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот албан тушаал өөрчлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар гаргасан болохыг тогтоолгоно гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч Б.Г-ыг ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж компанид хохирол учруулсан гэж 7 059 950 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул үүнд тайлбар байхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02937 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баттулгын Ганбаатарыг /РД:ХК87012411/ Б ХХК-ийн маркетинг, хүний нөөц хариуцсан албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г-ын ажилгүй байсан хугацааны цалин 26 671 800 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 2 817 370 төгрөг, ээлжийн амралтийн олговор 1 167 453 төгрөг, үлдэгдэл цалин 820 551 төгрөг нийт 30 478 174 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Б.Г-ын нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс 1 800 000 төгрөгнөөс бодогдоогүй үлдсэн 800 000 төгрөгөөр тооцож, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК нь хохирол 7 059 950 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч “Б” ХХК-ийн илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот албан тушаал өөрчлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын ажил хавсран гүйцэтгэсний цалин хөлс 12 000 000 төгрөг, илүү цагаар ажилласаны нэмэгдэл цалин хөлс 9 104 550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 730 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 127 909 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 652 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/02937 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3, 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрт 1 дэх заалт нэмж “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26 371 800 төгрөг болон нэмэгдэл хөлс 12 000 000 төгрөг, илүү цагийн хөлс 9 104 550 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 167 453 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 2 827 370 төгрөг, үлдэгдэл цалин 820 551 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК-иас 613 636 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгосугай” гэж, 4 дэх заалтыг “2”, 5 дахь заалтыг “3” гэж дугаарлан “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот албан тушаал өөрчлөх тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн гаргасан болохыг тогтоолгох тухай хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулж, 7 дахь заалтыг “4”, 8 дахь заалтыг “5”, 9 дэх заалтыг “6”, 10 дахь заалтыг “7” болгон дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 310 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Г- нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Б” ХХК-тай маркетингийн менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128 тоот тушаалаар нотлогддог. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Б” ХХК-ийн захирлын 34 тоот тушаалаар маркетинг хүний нөөцийн менежер албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Маркетинг, Хүний нөөцийн албаны дарга болон тушаал дэвшин ажилласан. Өөрөөр хэлбэл, шүүхээс зөвхөн албан тушаалын нэршил өөрчлөгдсөн өөр албан тушаал биш байсан тул цалин хөлс бууруулсан гэж үзсэн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Б.Г- эхлээд маркетингийн менежерийн албан тушаал эрхэлж байгаад хүний нөөцийн менежерийн албан тушаалыг давхар хаших болсон. Улмаар маркетинг, хүний нөөцийн албыг даргалж, алба, хэлтэс удирдан ажиллах болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Гэтэл шүүхээс нэг албан тушаал байсан мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тyxaй хуулийн 21 дүгээр зүйлд албан тушаалын нэр, ажил үүргийн хуваарь, үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөл нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл бөгөөд эдгээр гол нөхцлүүд бүгд өөрчлөгдсөн атал шүүхээс албан тушаалын нэршил өөрчлөгдсөн хэмээн дүгнэж, энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажил үүргийн хувьд Хүний нөөцийн менежерийн ажил үүрэг гүйцэтгэхгүй, цалин хөлс буурсныг шүүхээс үнэлж дүгнээгүй байна. Нөгөө талаар “Б” ХХК нь Б.Г-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.З-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалыг сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн болгох хэмээн нэхэмжлэлийн шаардлага гарган, ажлаас чөлөөлөөгүй гэх үйл баримттай маргадаггүй, харин ч ажлаас чөлөөлсөн талаарх тайлбарлан нотлох баримт болон сөрөг нэхэмжлэл гаргасаар атал шүүхээс хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, нотлох баримтуудыг үл харгалзан албан тушаалын нэршил өөрчлөгдсөн, цалин хөлс буурсан талаар нэхэмжлэх эрхтэй байсан мэтээр тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн зохих агуулгыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч Б.Г-ын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өргөдлийг тал бүрээс нь дүгнээгүй, өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдөл мэтээр авч үзсэн байна. Нэхэмжлэгч Б.Г-ын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өргөдөлд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нэг ч утга агуулга байхгүй, өөрөөр хэлбэл, албан тушаал бууруулсан, цалин хөлсийг бууруулсан, сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг ажил олгогчийн зүй бус, хууль бус дарамт шахалтуудыг шүүх үнэлээгүй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл өгсөн мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй болно.

...Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Ажил олгогч “Б” ХХК-ийн хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай компани Засгийн газрын 1999 оны 122 тоот тогтоол буюу ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэдэг. Тиймээс Б.Г-ыг илүү цагаар ажиллуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гагцхүү ажлын цагийг нэгтгэн бодох журмыг буруу тайлбарлан ажил олгогч уртасгасан цагаар илүү цагаар ажиллуулах эрхтэй мэтээр тайлбарласан байдаг. Засгийн газрын 1999 оны 122 тоот тогтоол буюу ажлын цагийг нэгтгэн бодох журмын 7, 8 9 дүгээр зүйлд ...тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ажлын цагийн нэгтгэн бодох журмаар ажлаас чөлөөлөгдөх үед, тухайн ажлын жилдээ багтаан тооцоогоо хийгээгүй бол илүү цагийн хөлсийг шаардах эрхтэй бөгөөд ажил хүлээлцсэн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр илүү цагийн хөлс олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан болно. Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон гэж үзэх үндэслэлтэй байна. Илүү цагийн хөлс олгож байгаагүй баримтыг “Б” ХХК-ийн зүгээс ирүүлсэн Б.Г-т олгосон цалин хөлсний баримтаар нотлогддог.

...Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаал буюу “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15 дугаар зүйлд “Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ.” гэж заасан бөгөөд “Б” ХХК-иас ирүүлсэн цалин хөлс олгосон баримтанд ээлжийн амралт олгосон баримт байхгүй байгаа нь олгоогүйг нотлох баримт болно. Нөгөө талаар ажлаас халагдах үед ээлжийн амралтын олговрын тооцоо хийгээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа мөн л 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоологдоно. Иймд шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ажил хавсран гүйцэтгэх нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн гэрээнд 300 000 төгрөг гэж тохиролцсон, түүнийгээ өгөөгүй тул нэхэмжилж байгаа мэтээр шүүхээс үзжээ. Нэхэмжлэгчийн хавсран гүйцэтгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 184/ШШ2017/02937 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, үүнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй атал шүүх гомдол гаргасан мэтээр хууль хэрэглэсэн нь хууль нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.” гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шийтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.” гэж заасны дагуу Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй болсон. Өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй юм. Тиймээс ажил олгогчийн буруугаас даатгуулагчид хохирол учирвал нийгмийн даатгал бус ажил олгогчоос нэхэмжлэх, шаардах эрхийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу бий болж байгаа болно.

...Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.” гэж заасан бөгөөд хариуцагч “Б” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хууль зөрчин үндэслэлгүйгээр 1 800 000 төгрөгний цалинтай ажилтныг 1 000 000 төгрөгөөс тооцож, нийгмийн даатгал төлж байсан нь нотлох баримт болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог.

Иймд давж заалдах шатны шүүхийн 652  тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт ...ажилд эгүүлэн томилуулж,  ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, илүү цагийн хөлс 9 104 550 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын олговор 1 167 453 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй үндсэн цалин хөлсөнд ногдох нөхөн бичилт хийлгэх өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маркетингийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, ажилгүйдлийн тэтгэмж, ажил хавсран гүйцэтгэсэн болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахаар хариуцагч “Б” ХХК-иас шаарджээ.

Хариуцагч “Б” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгчид илүү олгосон цалин 8 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Г- нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хариуцагч “Б” ХХК-ийн маркетингийн менежерийн ажилд түр томилогдон ажиллаж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс маркетинг, хүний нөөцийн менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс маркетинг, хүний нөөц хариуцсан албаны даргаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Ажил олгогч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг маркетинг, хүний нөөцийн менежерийн албан тушаалаас чөлөөлж, хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилсон ба Б.Г- нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д зааснаар ажилтныг захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзэх, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Харин ажил олгогч ажилтантай харилцан тохиролцолгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар тушаалаар ажилтны цалин хөлсийг бууруулсныг шүүх буруу гэж үзэж, 15 хоногийн цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь ажил хавсран гүйцэтгэсэн болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд гаргаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан шаардлагад нийцжээ.  Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.

Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгчид цалин илүү олгосон гэх байдлыг баримтаар нотлоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 652 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 160 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН