Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 130/2017/00625/И |
Дугаар | 001/ХТ2018/01073 |
Огноо | 2018-06-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/01073
Х.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00020 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С.А-д холбогдох,
2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч С.А-ын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Х.А- би С.А-ыг урьд нь сайн таньдаг, бид дотно харьцаж, эд зүйл, мөнгө төгрөг, бараа материал авч өгөлцөн харьцаж байсан. Бид хоёр одоо ч гэмгүй сайн харилцаатай. Гэвч түүнээс 2 400 000 төгрөг авах авлага одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. С.А- бид хоёрын дунд барааны тооцооноос үлдсэн түүний надад төлөх 6 780 000 төгрөг байсан. Энэ мөнгийг ойрын хэдэн сард төлж өгнө гэж 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.А- казах хэлээр бичсэн ба утга нь “Би С.А- 6 780 000 төгрөг авлаа” гэж гарын үсэг зурсан. Одоо 2 400 000 төгрөг үлдсэн. Энэ тухай С.А- ч өөрөө сайн мэдэж байгаа боловч төлөх боломжгүй байна гэж тайлбарлаад удаж байна.
Иймд С.А-оос зээлдүүлсэн 6 780 000 төгрөгөөс үлдсэн 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.А-оос 46 ширхэг чонын арьсыг 80 000 төгрөгөөр тооцоход 3 680 000 төгрөг, бэлэн авсан 1 000 000 төгрөг, нийт 4 680 000 төгрөгийг 6 780 000 төгрөгөөс хасахад үлдэгдэл 2 100 000 төгрөг болж байна. Бид тооцоход алдаа гаргасан байх тул 2 400 000 төгрөг биш 2 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
2013 оны 06 дугаар сараас миний бие Х.А-ээс чонын арьс зээлээр авч Улаанбаатар хотын арьсны ченжүүдэд зарж мөнгийг нь өгдөг байсан. Тухайн үед 1 ширхэг чонын арьсыг 120 000 төгрөгөөр бодож авч байсан. 2015 оны 07 дугаар сард Х.А- бид хоёр БНХАУ-ын хил дээр тааралдсан. Тэнд Х.А- 450 ширхэг чонын шагайг хил гаалийнханд хураалгасан. Миний бие тэнд найз нөхдөөрөө яриулж Х.А-ийн хураалгасан 450 ширхэг шагайг буцааж авч өгсөн. Тэнд БНХАУ-ын иргэн Сержан гэгч дээрх 450 ширхэг шагайг зарж өгнө гээд авч үлдсэн. Нэг жилийн дараа Сержан үлдэгдэл 200-гаад шагайг буцаасан. Одоо хүртэл манай гэрт байна. 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Х.А- надаас 46 ширхэг чонын арьс, 1 000 000 төгрөг авсан. Нэг ширхэг чонын арьсыг 120 000 төгрөгөөр авсан. Тэр ханшаар үнэлж өөрт нь өгсөн. Х.А-ийн надаас авсан чонын арьс, бэлэн өгсөн мөнгө нь нийлээд 6 520 000 төгрөг болж байна. Үлдэгдэл 260 000 төгрөгт шагайг нэг бүрийг 10 000 төгрөгөөр тооцож буцааж өгнө. Бид хоёрын хооронд өөр тооцоо байхгүй болно гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн хариуцагч С.А-оос 2 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00020 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.А-оос 2 100 000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.А-эд олгосугай” гэж, 2 дахь заалтад “...үлдээж, С.А-оос 48 550 төгрөг гаргуулан Х.А-эд...” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгожээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “давж заалдах шатанд хэрэг хянан шийдвэрлэхэд ...анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтална” гэж заасан. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хариуцагч С.А- миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох, хуульд заасан бусад эрхийг эдлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчтэй мэтгэлцэх эрхтэй байдаг билээ. Хариуцагч С.А- миний бие давж заалдах шатны шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхэд товлосон цагт хүрэлцэн очсон юм. Гэтэл нэхэмжлэгч X.Асетийн давж заалдах гомдлоор хэлэлцэх гэж байсан хариуцагч С.А- намайг оролцох давж заалдах шатны хурлын товлосон цагт давж заалдах шатны шүүх дээр өөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байсан юм. Миний бие давж заалдах шатны шүүхийн туслахад хандаж, өөрийгөө танилцуулж, давж заалдах шүүх хуралдаанд ирсэн болохыг танилцуулсан. Шүүхийн туслах нь “өөр шүүх хурал болж байна, шүүх хуралдаан эхлэхийн өмнө танд өөрөө мэдэгдэнэ” гэж хэлэхээр би шүүхийн танхимын гадаа хүлээж суусан. Нилээн хугацаа өнгөрсөний дараа нөгөө шүүхийн туслах хүнд очтол “шүүх хуралдаан эхэлсэн байгаа, та одоо орох боломжгүй” гэж оруулаагүй юм. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоор товлосон цагт бэлэн ирээд байхад тухайн цагт өөр шүүх хуралдааныг оруулж хийсэн, мөн “шүүхийн гадаа хүлээж бай, хуралдаан эхлэх үед мэдэгдэнэ” гэж хэлчихээд намайг оролцуулалгүй шүүх хуралдаан хийж, миний эрхийг ноцтой зөрчсөн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 107 дугаар зүйлийн 107.3-т заасан эрхийг зөрчсөн, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүгч Өмирбек нь өөрийн төрсөн хүргэн ах болох өмгөөлөгч С.Алтай өмгөөлж буй хэргийн шүүх хуралдааныг даргалж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов. Өмгөөлөгч С.Алтайн өмгөөлж буй хэрэгт түүний хадам дүү Өмирбек шүүх хуралдааныг даргалж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж байгаа явдал нь хэрэг шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Шүүгч Өмирбек нь өмгөөлөгч С. Алтайн эхнэрийн төрсөн дүү болохыг нутгийн зон олон бүгд мэдэж байна. Шүүгч Өмирбек өөрөө татгалзах эрх, үүрэгтэй байсан юм. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 776 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Өлгий сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, МАХЦЧХ-ын улсын байцаагч X.Баршагүлийн нэхэмжлэгч, хариуцагч нарт хоёр өөр байдлаар зөрүүтэй үнэлгээ тогтоосныг шүүгчийн дотоод итгэлээр үнэлээгүй орхисон нь үндэслэлтэй байна. Учир нь үнэлгээ тогтоосон Өлгий сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, улсын байцаагч X.Баршагүл нь төрийн жинхэнэ албан хаагч хүн бөгөөд “үнэлгээ тогтоох” явдал мал, ариун цэвэр, хорио цээрийн хяналт (МАХЦХ)-ын улсын байцаагчийн чиг үүрэгт огт хамаагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авсан байх, мөн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар “тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр авах” гэсэн заалтууд зөрчигдөж байна.
Мэргэжилтэн X.Баршагүл нь үнэлгээ тогтоохдоо чухам юуг үндэслэж, ямар аргаар тогтоосон болох нь тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх түүний тогтоосон “2016-2017 оны элдээгүй чонын арьс 80 000 төгрөг байна” гэснийг баримталсан нь “магадлал хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзаж тогтооно” гэж заасан. Уг заалтаар үнэлгээ тогтоох гэж буй 46 ширхэг чонын арьсыг нэг бүрчлэн үзэж, чанар, арьсны том жижиг, үсний cop, бусад онцлог байдал, ямар зориулалтаар ашиглаж болох эсэхийг үзэж байж тогтоох ёстой байсныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл үнэлгээ тогтоох зүйлийг нэг бүрчлэн үзэж тогтоох байсан.
Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч X.Асетээс хариуцагч С. Аманжол намайг 6 780 000 төгрөг бэлнээр авсан гэж үзэж шийдвэр гаргасан. С.А- миний бие X.Асетээс 6 780 000 төгрөгийн бэлэн мөнгөний зээл авч байгаагүй. Нэхэмжлэгч X.Асет ч гэсэн 6 780 000 төгрөг зээл өгдөг мөнгөтэй хүн биш. Энэ талаар байгаа нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлж чадаагүй юм. С.А- намайг X.Асетээс “мөнгө зээлж авсан” гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр хариуцлага тооцох нь буруу. Бидний гэрээ хэлцэл бол “чонын арьсыг зээлээр худалдах-худалдан авах хэлцэл” учир Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж үзэж байна. Хуулийг буруу хэрэглэсэн байна гэж гомдол гаргаж байна.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй тул Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Х.А- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 400 000 төгрөг гаргуулахаар хариуцагч С.А-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2 100 000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч С.А- шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн төлбөрөө барагдуулсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч Х.А-ын хариуцагчаас авах авлага, хариуцагч С.А-ын өрөө төлсөн тооцоог гаргасан байх ба бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн уг дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Зээлийн гэрээний харилцаанд зөвхөн мөнгө гэрээний зүйл болдоггүй, талууд эд хөрөнгийг зээлдүүлэх-зээлэх боломжтой болно.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 212/МА2018/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН